| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Б.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Мягмардоржид холбогдох 2332000000002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг “Тэмээтийн хонхор” гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Балчиндоржийн Мягмардорж /РД:МИ87071431/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Мягмардорж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч А.Лхагвабаярын нүүрэн тус газарт хөлөөрөө 1 удаа өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мягмардорж мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.
Эрүүгийн 2332000000002 тоот хавтаст хэргээс:
Шүүгдэгч Б.Мягмардорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар 24-ний үдээс хойш найз А.Лхагвабаяртай 2 шил архи хувааж уусан. Тэгээд А.Лхагвабаяр намайг машин дотор суулгахгүй татаж чангаагаад байсан юм, тэгээд машинаас буугаад хойд талын хаалгаар А.Лхагвабаяр буух гээд хаалга онгойлгосон. Тэгэхээр нь татаж буулгаад нэг удаа зүүн хацарт нь цохичихсон юм. Тэгээд би машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Би А.Лхагвабаярыг тонгойход нь нэг удаа хацарт нь гараараа цохисон. Би А.Лхагвабаярыг цохисноос болж А.Лхагвабаярыг гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна...гэжээ.
Хохирогч А.Лхагвабаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найз Б.Мягмардоржтой хамт Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 17 цагаас 20 цагийн хооронд 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Намайг машины гадаа тонгойгоод бөөлжөөд сууж байхад Б.Мягмардорж хөлөөрөө нүүр хэсэгт өшиглөөд авсан, тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Б.Алтанзул машинд суулгасан байсан. Намайг бөөлжсөн гээд өшиглөсөн байж магадгүй гэж бодож байна. Ямар ч байсан намайг сүүлд гэрт хүргэж өгөхөөс өмнө нь Б.Мягмардорж машины гадаа суугаад бөөлжиж байхад хөлөөрөө нэг удаа нүүр хэсэгт өшиглөсөн гэдгийг санаж байна. Намайг Б.Мягмардорж нэг удаа өшиглөсөн, өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р тал/,
Хохирогч А.Лхагвабаяр 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ:...Б.Мягмардорж намайг татаж машинаас буулгаад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэж санаад байгаа юм. Би нэлээд согтчихсон байсан юм. Яг намайг хөлөөрөө өшиглөсөн, гараараа цохисон гэдгийг нь хараагүй, тонгойгоод байж байхдаа нүүр хэсэгтэй цохиулчихсан тэгээд цааш юу болсон гэдгийг санахгүй байгаа юм. Би бол өшиглүүлсэн гэж бодож байгаа гараараа цохисон ч байж магадгүй Би газарт тонгойгоод гараараа газарт тулчихсан бөөлжөөд байж байсан. Мөн гадаа харанхуй болчихсон байсан учраас намайг яаж цохисон гэдгийг хараагүй. Ямар ч байсан Б.Мягмардорж намайг нэг удаа цохиод авсан, тэгээд цааш юу болсон гэдгийг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
Гэрч Б.Алтанзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тэгээд тэр хоёр дэлгүүр ороод 1 шил архи аваад гарч ирсэн. Тэр архиа А.Лхагвабаяр, Б.Мягмардорж хоёр хувааж уусан. ...Машин дотор байхад Б.Мягмардорж, А.Лхагвабаярыг цохиж, зодсон зүйл байхгүй. Машинаас буусан үед юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Би тэр хоёрыг буухад нь араас нь буусан юм... гэх мэдүүлэг /хх- ийн 18-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай “1. А.Лхагвабаярын биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2. /Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тархи доргилт гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багт оршин суудаг тухай лавлагаа /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Мягмардоржийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 36-37 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Б.Мягмардоржийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.Мягмардорж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч А.Лхагвабаярын нүүрэн тус газарт хөлөөрөө 1 удаа өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч А.Лхагвабаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар тал/, Хохирогч А.Лхагвабаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/, Гэрч Б.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн №02 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.Мягмардорж нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мягмардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Мягмардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч А.Лхагвабаяр нь хохирол төлбөр, хор уршиг, эмчилгээний зардал зэргийг нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Б.Мягмардорж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч А.Лхагвабаярын нүүрэн тус газарт хөлөөрөө 1 удаа өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Мягмардорж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Мягмардоржид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Мягмардорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Балчиндоржийн Мягмардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмардоржийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мягмардорж нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт Б.Мягмардорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мягмардоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.