| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Хохирогч Ч.П
Шүүгдэгч А.Д /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Дт холбогдох 2216001160186 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ...настай, эрэгтэй, Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...тоотод оршин суух хаягтай, урьд нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 360 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, одоо Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих ял эдэлж байгаа, ... регистрийн дугаартай, Ц гүн овогтой А.Д.
Шүүгдэгч А.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Кристал баарны үүдэнд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи Даланд айлын мал маллаад явж байсан хэзээ ийм болсон юм” гэх зүйлээр шалтаглан Ч.Пийн цээжин тус газар өшиглөж унагаан толгой, нүүр хэсэгт олон удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, дух, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт шарх, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Кристал баарны үүдэнд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи Даланд айлын мал маллаад явж байсан хэзээ ийм болсон юм” гэх зүйлээр шалтаглан Ч.Пийн цээжин тус газар өшиглөж унагаан толгой, нүүр хэсэгт олон удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, дух, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт шарх, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Д гэм буруутай болох нь:
Шүүгдэгч А.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж улсын яллагчийн асуултад хариулсан: “Би хийсэн үйлдлээ санахгүй байгаа. Тухайн үед согтуу байсан. Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би зодсон, хэргээ хүлээж байна. Хажууд зөндөө хүн байсан. Би өшиглөсөн. Бүлэглэж зодсон зүйл байхгүй. Би эхэлж элэг рүү нь өшиглөсөн, баахан залуучууд байсан. Бусад хүмүүсийг цохисон эсэхийг мэдэхгүй байна...Би хоригдож байгаа учраас эгчтэйгээ ярихад мөнгийг нь өгнө гэж байсан. Хохирогчид мөнгө төгрөг өгсөн эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ч.Пийн шүүх хуралдаанд өгсөн: “Халиун сумын Г.Ц гээд манай нэг дүү байдаг. Тэрийг би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манайд хүрээд ир гээд дуудсан. Бид хоёр 10 цаг 20, 30 минутын үед л орсон байх. Ороод нээх удаагүй. Бааранд ороод нэг далан тавтай хараа архи, нэг нэг пиво авсан. Тэр цуг явсан дүүд мөнгө байхгүй, би авсан юм. Архи, пивоо уугаад сууж байхад Ш, Шар эд нар ирээд ширээн дээр байсан архи булааж авах гээд байсан. Тэгэхээр нь би зөөгчид нь энэ хүмүүсээ зохицуулаад суулгаач гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гараад би Г.Цийг урдаас очоод такси аваад ир гэчхээд урагшаа гарах гээд байж байсан чинь араас А.Д дуудаад чи Даланд хүний мал маллаад байж байсан хэзээ ийм болчихсон юм гээд зогсож байсан чинь нэг хүн өшиглөсөн. А.Д намайг өшиглөөгүй хажуу талаас нэг хүн ирж өшиглөсөн. Тэгээд миний нүүр, нүдийг цохисон. А.Д намайг чи хэзээ ийм болчихсон юм, айлын мал маллаад явж байсан, одоо ийм болчихсон юм уу гээд миний нүүр рүү өшиглөөд байсан. Тэгээд нэг ухаан орсон эмнэлэг дээр байсан. А.Д хэзээ чи ийм болчихсон юм гээд нүүр рүү өшиглөсөн. Салхинд явахаар миний баруун нүднээс байнга нулимс гоождог. Тархи толгой, нуруу руу байнга хатгадаг болсон. Би уг нь хоёр хөгшний тэтгэврийн зээл аваад, дүүгээр малчны зээл авахуулаад найман сая гаран төгрөгтэй явсан. Хот руу нааш цааш явсан, хоол ундны мөнгө оруулаагүй, эмчилгээний зардал 2,500,000 төгрөг л нэхэмжилсэн. Би нэлээн согтсон байсан. А.Даас өөр хүн цохисон асуудлыг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
охирогч Ч.Пийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би нэлээн муудаад Мөст-Алтайгаас гараад доод талын Кристалын тийшээ уруудаад явж байсан чинь араас А.Д намайг дуудаад эргээд харсан чинь намайг шууд А.Д элэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөөд унагаасан. Би муужраад унасан. Миний нүүр лүү А.Д болон өөр хүмүүс өшиглөөд байх шиг байсан. А.Дыг тодорхой мэдээд байгаа...тэгээд би шууд эмнэлэг рүү яваад дух, хөмсөг дээрээ оёдол тавиулсан...А.Дтай би муудалцаагүй, А.Д намайг чи даланд айлын мал маллаад явж байсан хэзээ ийм болсон юм гээд хэл амаар доромжилсон. Тэгж хэлээд шууд намайг өшиглөөд унагаасан... Мөст-Алтайгаас гарч ирсэн залуучуудыг би А.Дын хамт бүлэглээд зодчихлоо гэж бодсон. А.Д намайг ганцаараа зодсон. Нүүр лүү хэд хэдэн удаа хурдан А.Д өшиглөсөн. Тэр үед нь би манараад толгой эргээд өөр хүмүүс бас зодоод байна гэж ойлгосон. Мягмарцэрэн, Ш нар Мөст-Алтай дотор бол байсан. Тэгээд намайг гарахаас өмнө түрүүлээд гараад явчихсан. Тэр 2 намайг зодож цохисон асуудал байхгүй. ...А.Д л над руу үг хаяад байсан. Өөр хүнтэй би ам мурийж маргалдаж, муудалцаагүй. Одоо гомдол санал байхгүй, хохирлын баримтаа гаргаж өгсөн байгаа. Эмчилгээний зардалд мөнгөө нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас/,
Гэрч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би такси олж ирэх гээд яваад нарийн гудам гараад явж байхад араас хүн дуудах шиг болохоор нь буцаад яваад очиход А.Д Ч.Пийг унагаачихсан зодож байсан. Тэгээд би А.Дыг татаж холдуулаад Ч.Пийг босгоод ирэхэд Ч.Пийн нүүр хэсэг нь бүхэлдээ цус нөж болсон байсан учраас Ч.Пийн ээж рүү нь залгаад шууд эмнэлэг авч яваад хүргэж өгсөн. Эмчлэгдэж байхад ээж нь ирсэн. А.Д эмнэлэг цуг явж байгаад замаасаа алга болсон өөр мэдэх зүйл байхгүй...Намайг харахад А.Д унагаасан өшиглөж байсан салгах гэсэн чинь дийлэхгүй байсан би арай гэж салгасан. ...Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55 дугаар хуудас/,Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаартай “...Ч.Пийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, дух, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт шарх, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Д нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд шүүгдэгч А.Д нь уг хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Хохирогч Ч.П нь “...А.Д намайг өшиглөөгүй. Хажуу талаас нэг хүн ирж өшиглөсөн...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа ч мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...А.Д намайг чи хэзээ ийм болчихсон юм, айлын мал маллаад явж байсан, одоо ийм болчихсон юм уу гээд миний нүүр рүү өшиглөөд байсан...”, мөрдөн байцаалтад “...А.Д намайг ганцаараа зодсон. Нүүр лүү хэд хэдэн удаа хурдан А.Д өшиглөсөн. Тэр үед нь би манараад толгой эргээд өөр хүмүүс бас зодоод байна гэж ойлгосон...” хэмээн тогтворгүй мэдүүлгүүдийг өгсөн бөгөөд энэ байдлаа тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан тул тухайн үйл явдлыг сайн санахгүй талаар тайлбарлаж байна.
Гэвч гэрч Г.Цийн “...А.Д Ч.Пийг унагаачихсан зодож байсан. Тэгээд би А.Дыг татаж холдуулаад Ч.Пийг босгоод ирэхэд Ч.Пийн нүүр хэсэг нь бүхэлдээ цус нөж болсон байсан...” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан “...баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, дух, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт шарх, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл нь хажуу талаас өшиглөснөөс биш, шүүгдэгч А.Дын нүүр хэсэгт цохиж, өшиглөсний улмаас үүссэн байна гэж дүгнэлээ.
Иймд хохирогчийг бүлэглэж зодсон гэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Пийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 2,558,882 төгрөг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч А.Даас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч Ц.Батзаяа “шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаар ял оногдуулах...” дүгнэлт гаргасан хэдий ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч А.Дт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны 5 сард үйлдсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг оногдуулсан ялаас энэ шийтгэх тогтоол гарах хүртэл 11 сар 22 хоногийн ялыг эдлээгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Дт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 22 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дт оногдуулсан 1 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэцэн гүн овогт А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Дт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 22 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дт оногдуулсан 1 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч А.Даас 2,558,882 төгрөгийг гаргаж хохирогч Ч.Пид олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА