Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2019/00397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00310/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............ хот, ..............  дүүрэг, ..............  хороо, ..............  гудамж, ...........  тоотод оршин суух *******- /РД: ............. , утас: ............. /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............  аймаг, ............ сум, ...........  баг, ......  хороолол, ....  байр, .... тоотод оршин суух ........ овгийн *******- /РД: .....  утас: ............. /-д холбогдох

 

"18,731,200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...*******- миний бие “М-” ХХК-ийн борлуулагч ажилтай бөгөөд “У-” ХХК-ийн захирал *******-д 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулан бараа материал нийлүүлж эхэлсэн байдаг. Барааны нэр төрөл нь ихэвчлэн 1 болон 5 литрийн ургамлын тос, 20 кг-ийн савлагаатай масло, сингапур шар тос зэрэг бөгөөд, одоогийн байдлаар зээлээр худалдан авсан бараа материалын үнэ 18,731,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Үүнээс үүдэн байгууллага борлуулагч надаас авлага шаардаж байгаа ба төлбөрийг төлж барагдуулаагүй тул ажлаас чөлөөлсөн байгаа. Дээрх байдлаас шалтгаалан миний бие ажил, орлогогүй хүнд байдалд байна. Хариуцагч *******-тэй өнөөдрийг хүртэл холбоотой байгаа бөгөөд удахгүй төлж барагдуулна гэж хэлдэг боловч төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...2018 оны 7 сарын 1 өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээг хуульд заасны дагуу бичгээр үйлдсэн байдаг. Ингээд 3 удаагийн нийлүүлэлтээр 21.067.000 төгрөг болсон байдаг. Бараа материалын үнийг сардаа багтааж өгөх ёстой байсан. Тэгээд Мягмарсүрэн нь төлбөрөө хугацаа хоцроодог болсон учир бараа нийлүүлэхээ болсон байгаа. Мягмарсүрэнгийн төлсөн үнийн дүнг хасаад л үлдэгдэл 18.380.200 төгрөг төлбөрийг шаардаж байгаа, хугацаа хэтэрсэн ч нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцоогүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан 2018 оны 07 сарын 01-ний өдрийн гэрээний дагуу бараа материалын үнэ 18,731,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Нэхэмжлэгч *******- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 07 сарын 01-ний өдрийн гэрээний дагуу бараа материалын үнэ 18,731,200 төгрөг гаргуулах, М-ХХК гэрээт борлуулагч надаас авлага шаардаж байгаа, уг төлбөрийг барагдуулаагүй тул ажлаас чөлөөлсөн гэж тодорхойлон, үлдэгдэл төлбөрийг М-ХХК-д олгож өгнө үү гэж, шүүх  хуралдаанд М-ХХК-ийг төлөөлөх итгэмжлэл, 2018 оны 07 сарын 01-ний өдрийн М-ХХК, *******- нарын хооронд байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ХГ2018/03 тоот Хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.

Нэхэмжлэгч *******- 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ХГ2018/03тоот Хөдөлмөрийн гэрээгээр М-ХХК-ийн борлуулалтын албанд борлуулагч ажилтайг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй боловч хөдөлмөрийн гэрээний 2.4.9-д зааснаар борлуулагч нь борлуулалтын авлагыг хянаж, хариуцаж ажиллана. Хэрэв борлуулалтын авлага барагдуулаагүй тохиолдолд борлуулагч ажил олгогчид төлж барагдуулна гэснээр хариуцагч *******-д зээлээр худалдан борлуулсан, өөрөө хянаж, хариуцах борлуултын авлага болох 18,731,200 төгрөгийн төлбөрийг барагдуулсан тохиолдолд шаардах эрх үүсэх байна.

Мөн М-ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19/04/27 итгэмжлэлээр төлөөлөгчийн эрхтэй гэвэл итгэмжлэлийн 2 дахь хэсэгт дурьдсан анхан шатны шүүхэд манай компанийн нэрийн өмнөөс  шүүхэд төлөөлөн оролцох эрх үүргийг хэрэгжүүлэх боломжгүй.

Уг итгэмжлэлийг шүүхэд олгож буй М-ХХК тус шүүхэд *******-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗБГ 18/98 тоот Зээлээр худалдан худалдах авах гэрээний үлдэгдэл тооцоо 18,731,200 төгрөгийг шаардаж нэхэмжлэл  гаргаагүй буюу нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох 135/2019/00198/и индекс бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөн оролцож итгэмжлэлд дурьдсанаар  нэхэмжлэлийн шаардсан дүнг ихэсгэх, багасгах зэрэг эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч *******- 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд иргэний хувиар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад, итгэмжлэл 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр олгогджээ.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэснээр М-ХХК иргэн *******-тэй Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний зүйлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн эрхийг эдлэх учиртай.

Нөгөө талаар нэхэмжлэгч *******- нь М-ХХК, иргэн *******- нарын хооронд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний зүйлийг шаардах эрхгүй болно.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах- худалдан авах гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй тул худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх буюу үүргийг зохих ёсоор хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэг үүсэхгүй, нэхэмжлэгч *******- шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульчилсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 251,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1042 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч *******- /РД: ХН70021709/-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний үйлчлэл дуусгавар болсныг дурдаж, хариуцагч *******- /РД: ХН70021709/-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээг зогсоохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******-гээс 18,731,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 251,700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1042 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний үйлчлэлийг дуусгавар болгохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ