Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

2022             12             26                                           2023/ШЦТ/07

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн                

улсын яллагч Д.Хонгорзул,

хохирогч ******************      

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *************,************** холбогдох эрүүгийн 2205000002507  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, халх, ******* оны ******** дугаар сарын *********-ны өдөр *********** аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ************дүүргийн ********* дүгээр хороо, ********** байр ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***********,****************

Холбогдсон хэргийн талаар

  

************ нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө ******** дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб хаус” гэх нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********** толгойг архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ:  “...тухайн шөнө манай ********* гэх хуурай эгчийн төрсөн өдөр байсан. “Чи илүү байна аа” гээд надад хэлээд байхаар нь би гараад явсан. Тэгээд тооцоогоо хийчихээд буцаж ортол “чи яваагүй байгаа юм уу, явахгүй юу хийгээд байгаа юм” гээд үг хаяад маргалдаад байсан. Айлгах гэж  архины шилийг хана руу авч шидлээ гэж бодтол толгой руу нь оночихсон. Түүнийг эмнэлэг явсны дараа би шууд гэртээ харьсан. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна...хохирогчоос уучлал гуйсан, цаашид гарах төлбөрийг төлж  барагдуулна...сард 10-15 сая төгрөг  олдог...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  *********** мэдүүлэхдээ: “...намайг 6 сараас 1 жилийн хугацаанд ажил хийж болохгүй гэж хэлсэн. Мөн 3 сарын дараагаас эмчилгээ хийлгэнэ. Тэр мөнгөө нэхэмжилж байна. Цаашид сэргээн засах эмчилгээ хийлгээрэй гэсэн. Би тархины хагалгаанд орсон. Цаашид ажилгүй байх үеийн орлогоо нэхэмжилмээр байна. ************* одоогоор эмчилгээний зардалд 11.443.830 төгрөг төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн:  “...2022 оны 10 дугаар сарын 12-нд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Сансар төвийн 6 давхарт байх Кпаб хаусын караокед төрсөн өдрийн баяр дээр очсон. ********** эгчийн хуурай дүү гэх ********** гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэнд байсан эмэгтэй хүмүүсийг хэл амаар тарган туранхайгаар нь хэлж доромжлоод байсан. ******** ах бид хоёр нэг ширээн дээр юм яриад сууж байхад ***********гэх эмэгтэй манай эхнэртэй  маргалдаад байхад нь одоо болиоч ээ, эв түнжинтэи сайхан юм яриад суумаар байна” гэж хэлсэн. Зарим нэг хүмүүс гарч явсан тэгтэл тэр эмэгтэй ширээн дээр байсан пиво энэ тэр юмнаас хэрэглэж байснаа караокеноос гарч явсан. Би тухайн үед сайн анзаарч хараагүй тэгж байхад буцаж орж ирээд гэнэт ширээн дээр байсан архийг авч шууд миний тархи руу цохисон. Би хөөе яаж байна аа гэж толгойгоо дарж хэлэх үед миний толгой хагарч цус гарч эхэлсэн. Хүмүүс орилоод үлдсэн. Би шууд эмнэлэг явсан. ********* гэх эмэгтэй ширээн дээр байсан Пинлианд нэртэй архийг намайг цохих гэж шууд над руу чиглүүлэн шидсэн. Хана оноогүй шилтэй архи намайг шууд онож толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн:  “...********* нэлээд согтуу байх шиг байсан. Архи пиво хольж уугаад байсан. ******** хандаж ******** нь танай гэр бүл аз жаргалгүй юм байна гэж хэлсэн. Тэгсэн манай гэр бүл аз жаргалтай байна уу үгүй байна уу чамд ямар хамаа байна гэж хэлсэн. ********* юу хуцаад байгаа юм гэж хэлээд ширээн дээр байсан архины шилийг авч ********* толгой руу шидэж хагалсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

 

мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн:  “...манай найз ******* миний үеэл дүү *********** маргалдаж хэл амаар доромжлоод байхаар нь би “та хоёр маргалдахаа болио, уур амьсгал эвдээд байна гэж ********* хандаж хэлсэн. Одоо яваа бид над бүгдээрээ чамтай хамт баймааргүй байна гэж хэлсэн. ******** уурлаад явж байгаа харагдсан. Гэтэл ариун цэврийн өрөө орсон байсан. Тэгээд буцаж бид нар дээр ирсэн. Тэгтэл энэ үед ******* чи яваагүй байгаа юм уу гэхэд **********архины шил авч шидэж дүүгийн нөхөр ********** толгойг цохиж хагалсан. ********* толгой хагарч цус гарсан *********** тэрийг хараад шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  19 дүгээр хуудас/,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14785 дугаартай

“1 .********** биед зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

З.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй’’ гэх шинжээч эмч Б.Сэргэлэнгийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-р хуудас/,

 

 

мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн:  “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* гэх хуурай эгчийн төрсөн өдөр болж Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах Клаб хаус караокед орж үйлчлүүлсэн. Үеэл дүү, түүний нөхөр, найзууд нь гэх хүмүүс байсан. Бид нарын дунд бие биедээ хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй, бид нар хамаатан садангуудаараа сууж байна чи илүү байна одоо явчих гэж хэлсэн. Текен дээр очиж би тооцоогоо хийгээд буцаж ороод тооцоо хийлээ гэж хэлэх гэсэн боловч “чи яваагүй юм уу, яах гэж буцаж орж ирж байгаа юм” гэж ********** гэх залуу хэлсэн. Би ширээн дээр байсан архины шилийг авч хана руу шидэх гэсэн боловч архины шил ******** сууж байсан ханан дээр ойж толгойг нь онож хагалсан. Би тэндээсээ гэртээ харьсан, хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахиж ийм зүйл хийхгүй, ...хохиролд 5,048,000 төгрөг төлсөн байгаа цаашид гарах зардал мөнгө төгрөгийг төлж хохирлыг барагдуулах болно...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

             -сурагчийн хувийн хэрэг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, баклаврын диплом /хавтаст хэргийн 50-60 дугаар хуудас/,

             -ажлын байр түрээслэх гэрээ /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/,

             -үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст  хэргийн 66 дугар хуудас/,

             -их сургуулийн анги удирдсан багшийн тодорхойлолт/хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

           -гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  69 дүгээр хуудас/,

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө ******* дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб хаус” гэх нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********* толгойг архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 9,197,840 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх ...” гэх  санал,

 

            шүүгдэгч ********* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч *********** нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб хаус” гэх нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********** толгойг архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

-Шүүгдэгч ******** нь  2022 оны  10 дугаар  сарын  12-ны өдрөөс 13-нд

шилжих шөнө ****** дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб хаус” гэх нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********* толгойг архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь  мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дүгээр хуудас/,мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ********** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 14785 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч ********** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2022  оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 283 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ********* танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,                 

Шүүгдэгч  ******** нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохиролд 9,197,840 төгрөгийг төлж барагдуулж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч ******** мөрдөн байцаалтын шатанд 472,900 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 9,197,840 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч ********* нь цаашид ажиллаж байсан хугацааны цалин гаргуулах болон эмчилгээний бусад баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж  шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч: Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрөө энэ нөхцөл байдал дээрээ дүгнэлт хийж байгаа. Хохирогчид учирсан эмнэлгийн болон бусад зардлыг шаардсан хэмжээгээр төлсөн. Цаашид гарах зардлыг мөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. 10 жилийн их сургууль төгссөн багш нараас нь тодорхойлолт ирсэн. Иймээс хялбаршуулах хүсэлтэй ирүүлсэн прокурорын ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Цаашид гарсан зардлыг төлж барагдуулна..” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргав. 

 

 Шүүгдэгч ********* холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ********* торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч *********,************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********** оногдуулсан 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч ********* нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ