| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00403/И |
| Дугаар | 135/ШШ2019/00443 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2019/00443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00403/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, харилцах утас ......, *******-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...... тоотод оршин суух, ..... регистрийн дугаартай, харилцах утас ......, *******-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие анх *******-тай 2010 онд танилцаж, үерхэж байгаад 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр охин *******-г төрүүлсэн. Охиныг төрөөд 1 жилийн дараа бид хоёрыг ******* орхиод явсан. Үүнээс хойш буюу 2013 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд өөрийн охин *******-д эцэг хүний үүргээ гүйцэтгэж, тусламж дэмжлэг, анхаарал халамж гэх зүйл байхгүй байсаар ирсэн. Охин одоо Дархан сумд байрлах Дархан дээд сургуулийн лицей 1 дүгээр ангид суралцдаг. Нэг жилийн төлбөр нь 1 200 000 төгрөг, бид хоёрт санхүүгийн хүндрэлүүд гарч байна. Иймд хуулийн дагуу эцэг *******-с хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2010 онд *******-тэй танилцаж 2012 онд охинтой болсон, ******* миний охин мөн, одоо охиндоо тэтгэлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2010 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр охин *******-г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын Түвшин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанд 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин *******-н төрсөн эцэг болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул *******-н төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь ... Охиныг төрөөд 1 жилийн дараа бид хоёрыг ******* орхиод явсан. Үүнээс хойш буюу 2013 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд өөрийн охин *******-г эцэг хүний үүргээ гүйцэтгэж, тусламж дэмжлэг, анхаарал халамж гэх зүйл байхгүй байсаар ирсэн. Охин одоо Дархан сумд байрлах Дархан дээд сургуулийн лицей 1 дүгээр ангид суралцдаг. Нэг жилийн төлбөр нь 1 200 000 төгрөг, бид хоёрт санхүүгийн хүндрэлүүд гарч байна... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлийг эсэргүүцээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар *******-д сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******-р тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин *******-н төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин *******-г эх *******-н асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******-р тэжээн тэтгүүлсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруусугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА