Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 02

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0019/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,  
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000584 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Цагаан-Уул СӨХ-д жижүүрээр ажилладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан сумын 15 дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Дархан сумын 9 дүгээр баг, *** 
-2002 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ****, 
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  *** тоот ***гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж Сони маркийн 40 инчийн LCD телевизор, DVD тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайлан авч иргэн *** 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч ***мөрдөн байцаалт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манайх 69 дүгээр брак байрнаас 15 цагийн үед нүүж хажуу талын 74 дүгээр брак байрны 9 тоотод орсон юм. Би гэрийнхээ эд хогшлыг нүүлгэж зөөж байхдаа архи уучихсан байсан. Би тэр өдөр 74 дүгээр брак байрны эзэн *** гэдэг эмэгтэй хүнтэй уулзаж нэг өрөө байрыг сарын 90000 төгрөгөөр түрээслэхээр болсон юм. Тэгээд тэр 74 дүгээр брак байранд гэрийнхээ эд хогшлыг нүүлгэж байхдаа үүдний хажуу айлын хаалга нь цагаан өнгийн хятад цоож зүүгээд цоожилсон эзэнгүй байхыг анзаарсан юм. Тэгээд би гэрийнхээ эд хогшлыг зөөж дуусаад тэр байранд коридорт хүнгүй байхаар нь байрныхаа түрээсийн мөнгийг нь олж өгөх гээд тэр айлын хаалгыг хүн харж байгаад хүнгүй үед түлхэж цоожийг нь мулталж гэрт нь орсон. Тэр айлын зурагтын тавиур дээр нь байсан хар өнгийн Сони маркийн 40 инчийн зурагтыг DVD төхөөрөмжийн хамт аваад тэгээд шууд тэднийхээс гараад явсан юм. Тэгээд би зурагтыг тэврээд DVD төхөөрөмжийг нь өвөртөө хийгээд явж байгаад бирж дээр очиж таксинд суугаад хуучин хороолол, Үйлчилгээний төв дээр очиж “Залуус” гэдэг ломбарданд 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавьсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40, 42 дугаар хуудас/,

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 сарын 23-ны өдөр бракаас гэрээ нүүлгэсэн. Тухайн үед нэг шил архи ганцаараа уучихсан байсан. Гэрийн эд зүйлээ ганцаараа зөөсөн. Байрны түрээс нэхэгдээд байсан учраас архиныхаа халуунд хулгай хийсэн байсан. Архинд буруу өгөхгүй, миний буруу. Хулгай хийсэн зурагтыг буцааж өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт хулгай орж гэрээс Сони маркийн 40 инчийн LCD зурагт, DVD төхөөрөмж хулгайд алдагдаж 820.000 төгрөгийн хохирол учирсан. Манайх тэр 74 дүгээр брак байранд өрөө түрээслээд 20-оод хонож байсан юм. Гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрт байсан зурагт, DVD төхөөрөмж хоёрыг хулгайлсан байсан. Би тэр өдөр өглөө 07 цагт ажилдаа яваад орой 20 цагийн үед ажил дээрээ байж байхад манай нөхөр ***  гэрт хулгай орсон байна гэхээр нь ажил дээрээсээ ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч***мөрдөн байцаалтад өгсөн: ”...намайг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед хуучин хороолол, Үйлчилгээний төвд байдаг “Залуус” нэртэй бэлэг дурсгалын болон үсчний газар байрладаг “***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг ажлын газраа сууж байхад нэг ах гаднаас хар өнгийн 40 инчийн LCD тэвэрчихсэн орж ирсэн. Тэр ах орж ирээд надад энэ зурагтыг барьцаанд тавих гэсэн юм, 150.000 төгрөгт тавих гэсэн юм. Манай эхнэр барьцаанд тавьчих гэсэн юм. Ах нь одоо самарт явах гэсэн юм. 7 хоногийн хугацаатай тавьчихмаар байна гэж хэлсэн. Тэгээд би тэр зурагтыг нь үзэж байгаад 150.000 төгрөг өгч барьцаанд нь авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,

Гэрч ***мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүүтэйгээ гэртээ байж байгаад 16 цагийн үед гэрээсээ хүүтэйгээ хамт Микрийн 8 дугаар байр луу эгч *** очиж усанд орох гээд явсан юм. Тэгээд эгчийнд хүү бид 2 очоод усанд орчихоод 20 цаг 40 минутын үед 74 дүгээр бракын 01 тоотод байх гэртээ ирсэн. Намайг 74 дүгээр брак байр луу орж ирэхэд тэр байрны манай хажуу айлын *** эгч надад хаалгаа онгорхой орхиод явсан юмуу гэж хэлсэн. Би тэгэхээр нь үгүй, цоожлоод явсан гэж хэлээд гэртээ ороод гэрлээ асаатал манай зурагтын тавиур дээр байсан Сони маркийн 40 инчийн LCD зурагт, хажууд нь байсан DVD төхөөрөмж алга болчихсон байсан. Би тэгээд цагдаа руу дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4 дүгээр хуудас/,

*** ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хэргийн 16 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 18 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт /хэргийн 28-29 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 50 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч  ***нь Дархан сумын 6 дугаар баг, 74 дүгээр брак байрны **  тоотод оршин суух ***/***нөхөр/-ы гэрийн хаалганы цоожийг эвдэн гэрт нь орж Сони маркийн 40 инчийн LCD телевизор, DVD тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайлан авч *** 820.000 төгрөгийн, “***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж иргэн *** 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь ***мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 39-40, 42 дугаар хуудас/, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** , гэрч ***нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 22-23, 25-26 дугаар хуудсуудад авагдсанаар/,   Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4 дүгээр хуудас/, *** ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хэргийн 16 дугаар хуудас/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 18 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт /хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Хохирогч *** хулгайд алдагдсан Сони маркийн 40 инчийн LCD зурагт, DVD төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгсөн ба иргэний нэхэмжлэгч  *** нь хохирлын мөнгө 162.000 төгрөгийг хүлээн авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул ***энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг харгалзан үзэж эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх үзэв. 

Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т “... гэм хорыг арилгасан” гэж зааснаар хамааруулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг  дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284 286, 290 дүгээр зүйлийн 290.3, ,295, 296, 297, 298, дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч *** орон байранд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
 
       3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***нарт оногдуулсан 2 /хоёр/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж  2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт, даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг ***сануулсугай.

       6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

       7 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаг ирсэн “***” барьцаалан зээлдүүлэх газрын 2016 оны 10 дугаар сарын 23-ны 157 дугаартай гэрээг хэргийн хадгалах хугацаа  дуустал хэрэгт үлдээсүгэй.

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

       10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                        

                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БАТТУЛГА