Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0586

 

        

“Б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

 

Нэхэмжлэгч: “Б г” ХХК /РД:/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06–ны өдрийн А/1289 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 30–ны өдрийн 128/ШШ2024/0380 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.П, Ц.С, Ц.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б, Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0106/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б г” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06–ны өдрийн А/1289 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0380 дугаар шийдвэрээр: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Б г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.5-д “... Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны газар өмчлөгч, эзэмшигчтэй газар чөлөөлөх, нөхөн төлбөр олгох,орон сууц захиалахтай холбоотой 2 талт гэрээг төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн хамаарал бүхий “Б л д” ХХК-тай хийснийг хариуцагч маргаан бүхий захирамжийн үндэслэл буюу төсөл хэрэгжүүлэгч эрхийг цуцалсан үндэслэл буюу төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан үндэслэлд хамааруулаагүй. Мөн ийнхүү хамааруулж төсөл хэрэгжүүлэгчийг буруутгах үндэслэл болохгүй” гэж буруу дүгнэсэн.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаас үзэхэд төсөл хэрэгжүүлэгч этгээд нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/604 дүгээр захирамжаар “Б г” ХХК боловч Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан гурван талт гэрээг байгуулаагүй. Өөрөөр хэлбэл Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд гурван талт гэрээ байгуулах үүрэгтэй гэж хуульчилсан байхад шүүх төсөл хэрэгжүүлэхээр батламжлагдсан хуулийн этгээдтэй хамаарал бүхий хуулийн этгээд 2 талт гэрээ байгуулсныг буруутгахгүй гэж тайлбарласан.

3.2. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4-т “Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамж тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай” 06/5399 дүгээр албан бичгийг Авлигын эсрэг хуулийн 6.6-д заасан чиг үүргийн хүрээнд гаргасан эрх зүйн акт гэж үзэх боломжгүй” гэж хариуцагчийг буруутгасан агуулгагатай дүгнэсэн нь маргаан бүхий акт гарах үеийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамж тушаал, гэрээг хүчингүй болгуулах тухай” 06/5399 дүгээр албан бичигт “Б г” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцны барилгыг хуурамчаар улсын бүртгэлд бүртгүүлж залилах аргаар зээлийн санхүүжилт авсан нөхцөл байдал тогтоогдсон тул тус төсөл хэрэгжүүлэх эрх, холбогдох гэрээг Авлигын эсрэг хуулийн 6.6-д заасны дагуу хэрэгжүүлж хариу ирүүлэхийг мэдэгдсэн.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хариуцагч Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дээрх хууль биелүүлж хариу ирүүлэх мэдэгдлийг хууль ёсны эсэх, Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгагдаж байгаа 1741000380228 дугаар хэргийн оролцогч биш тул “Б г” ХХК яллагдагчаар татагдсан эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд хариуцагч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан үүргээ биелүүлсэн.

3.3. Шүүх нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамж тушаал, гэрээг хүчингүй болгуулах тухай” 06/5399 дүгээр албан бичигт бичигдсэн нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэх хэсэгт ““Б г” ХХК яллагдагчаар татагдаагүй” гэж нөхцөл байдлыг дутуу тодруулж, буруу дүгнэсэн. Энэ албан бичгээр мэдэгдсэн нөхцөл байдлыг “Б г” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох ерөнхий захирал Б.М нь хууль бус аргаар “Б г” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслөөр дамжуулан улсад их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлыг тогтоох байсан боловч тогтоогоогүй.

Энэ нь төсөл хэрэгжүүлэгч эсвэл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь төслийн хүрээнд баригдсан орон сууцны барилгыг хуурамчаар улсын бүртгэлд бүртгүүлээд залилах аргаар зээл авч бусдыг хохироосон ч төсөл хэрэгжүүлэх эрхэд нөлөөлөхгүй гэсэн буруу хандлага, жишиг тогтоох эрсдэлтэй.

Иймд хэргийн нөхцөл байдлыг дутуу тодруулсан, нотлох баримтыг буруу үнэлж шүүх нотлох зарчмыг баримтлаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Тухайн маргааны хувьд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,

4.1. “Б г” ХХК нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 139-А/331 дүгээр тушаал, захирамж болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох тогтоолуудын дагуу Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “В, Й, К, Г, Ё”, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим ХЕТ-2013-2 багцын “В” хэсэгчилсэн талбайд тус тус Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд энэ хүрээнд гүйцэтгэсэн буюу бүтээн байгуулсан ажилтай хэргийн оролцогчид маргаагүй.

Харин энэ явцад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 06/5399 дүгээр албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхдээ: а/ төсөл хэрэгжүүлэгч “Б г” ХХК-ийн ерөнхий захирал Б.М нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж 50,903,733 ам.долларын хөрөнгийг завшиж, төрд их хэмжээний хохирол учруулсан, б/ орон сууцны 7 дугаар хороолол, орон сууцны Ё хэсгийн 5 дугар блокийн орон сууцны санхүүжилтийн зээл авахдаа барьцаа хөрөнгө болох 519-524 дүгээр байрнуудын гүйцэтгэлийг Хөгжлийн банкны хяналтын инженер 35 хувь гэж дүгнэсэн байхад 80 хувь болгон хуурамчаар үйлдэж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, залилах аргаар зээлийн санхүүжилтийг авсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дурдан, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6,“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 7, РТ хороололд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16.1-д заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдсэн.

4.2. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06–ны өдрийн А/1289 дүгээр захирамжаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 7, РТ хороололд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16.1 дэх хэсгийн (б) заалтыг тус тус үндэслэн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих үүрэг бүхий Хяналтын хорооны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/10 дугаар шийдвэрийн дагуу гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “В, Й, К, Г, Ё”, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим ХЕТ-2013-2 багцын “В” хэсэгчилсэн талбайд тус тус Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх “Б г” ХХК-ийн эрхийг хэсэгчлэн цуцалсан.

4.3. Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1289 дүгээр захирамжийг эс зөвшөөрч “... Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “В, Й, К, Г, Ё”, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим ХЕТ-2013-2 багцын “В” хэсэгчилсэн талбайд тус тус Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байхад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахад огт хамаарахгүй үндэслэлээр шийдвэр гаргаж, төсөл хэрэгжүүлэх эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, их хэмжээний хохирол учрах үр дагаварт хүргэсэн” гэх агуулгаар,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нэхэмжлэгчийн 2014 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай маргахгүй, Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан “Б г” ХХК 50 сая ам.долларын хөрөнгө завшиж, төрд их хэмжээний хохирол учруулсан нь орон сууцны 7 дугаар хороололд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай холбоотой; Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хуульд заасан Хяналтын хороо нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналаа ирүүлснийг үндэслэн нийслэлийн Засаг даргаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан” гэх агуулгаар тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

5. Тус үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх “… 1741000380228 дугаартай эрүүгийн хэрэгт “Б г” ХХК яллагдагчаар татагдаагүй, одоо тус компанийг яллагчаас татсан ажиллагааны хэрэг байхгүйг тодорхойлсон байх тул Авлигатай тэмцэх газрын 2022 оны 06/5399 дүгээр албан бичгийг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан чиг үүргийн хүрээнд гаргасан эрх зүйн акт гэж үзэхгүй” хэмээн дүгнэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цуглуулсан нотлох баримтаар энэ нөхцөл байдал эргэлзээгүй буюу бүрэн тодорхойлогдохгүй байна.

5.1. Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03/3133 дугаар албан бичгээр “... “Б г” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3-д зааснаар холбогдох этгээдийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн” гэж, харин 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06/3064 дүгээр албан бичигт (дээрх 03/3133 албан бичигт заасан үйл баримтыг дурдаад) “... өнөөдрийн байдлаар “Б г” ХХК-ийг яллагдагчаар татсан ажиллагааны хэрэг байхгүй” гэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 309 дүгээр албан бичигт “... Хөгжлийн банкны гэх тодотголтой 1741000380228 дугаартай эрүүгийн хэрэгт “Б г” ХХК яллагдагчаар татагдаагүй, Нийслэлийн Прокурорын газраас тус хуулийн этгээдийн ерөнхий захирал Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, гүйцэтгэх захирал М.Цэлмэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн” гэж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/2661 дүгээр албан бичигт “... Хөгжлийн банкинд хамаарах хэрэг нь нийслэлийн Прокурорын газрын хяналтад байгаа тул тодруулга, яллах дүгнэлтийн холбогдох хэсгийг /тийшээ/ хандаж авна уу” гэж тус тус дурджээ.

Маргаан бүхий актын хүрээнд, Хяналтын хорооны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/10 дугаар шийдвэрийн үндэслэл болсон гэх Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 06/5399 дүгээр албан бичигтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэх, түүний эх үүсвэрийг зээлээр санхүүжүүлэх, гүйцэтгэл буюу барьцаа хөрөнгийг баталгаажуулах хүрээнд “Б г” ХХК, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын ямар үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг хэрхэн шалгаж тогтоосон, энэ хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа аль хэмжээнд явагдаж байгаа үйл баримтыг шалгаж тодруулаагүй нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан бичиг, Авлигатай тэмцэх газрын албан бичгийг агуулгаар нь харьцуулан үзэхэд,  “Б г” ХХК гэдэг хуулийн этгээдэд холбогдох асуудлаар бус түүний гүйцэтгэх удирдлага Б.М-д холбогдох үйлдлийг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн журмаар шалгахдаа гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд цаашид гарч болзошгүй эрсдэлийг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор мэдэгдэл гаргасан ба Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах, 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн үйл баримт тогтоогдож байх боловч хэрхэн шийдвэрлэгдсэн болохыг шүүхээс тодруулаагүй. 

Нэгэнт маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосноос гадна, хариуцагчаас татгалзлын үндэслэлдээ тодорхойлж маргасан байх тул хариуцагчийн шийдвэр энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан хуульд үндэслэсэн буюу бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэх эсэхийг дүгнэхэд дээрх нөхцөл байдлыг тодруулж, нийслэлийн Прокурорын газрын яллах дүгнэлт, тухайн эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх лавлагааг холбогдох эрүүгийн хэргийн шүүхээс гаргуулан, дүгнэлт өгөх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 1741000380228 дугаар хэргийн оролцогч биш тул “Б г” ХХК яллагдагчаар татагдсан эсэхийг тогтоох боломжгүй, ерөнхий захирал Б.Мөнхтөр нь хууль бус аргаар “Б г” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслөөр дамжуулан улсад их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлыг шүүхээс тогтоох байсан боловч тогтоогоогүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

5.2. Мөн анхан шатны шүүх, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 7, РТ хороололд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг шаардсан боловч гэрээний талууд болон архивт шаардлага хангасан байдлаар байхгүй, хариуцагч шийдвэр гаргахдаа хуулбар хувийг ашигласан гэж дурдсан атлаа уг гэрээний хуулбар хувийг үнэлж, ... гэрээний нэг тал болох төрийн захиргааны төв байгууллагаас гэрээ дуусгавар болсон талаар илэрхийлсээр байтал гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэхийг эрхийг цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдсэн албан бичгийг үндэслэж шийдвэр гаргасан нь бодит нөхцөлд тохироогүй гэж дүгнэжээ.

Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй.”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” гэж шийдвэрийн үндэслэл болгох бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага, түүнийг шүүхээс цуглуулж, үнэлэхтэй холбоотой зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Уг гэрээг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн архивын газар, Барилга, хот байгуулалтын яам, Орон сууцны бодлогын газарт тус тус албан бичиг хүргүүлсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/4179 дүгээр албан бичгээр “… 2012 оны 7 сараас өмнөх баримт бичгүүд Зам тээврийн яам /хуучнаар/-нд шилжсэн, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 7, РТ хороололд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг гаргуулах асуудлаар тус яаманд хандана уу” гэж хариу өгсөн байхад анхан шатны шүүх уг гэрээг цуглуулах ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 05/767 дугаар албан бичгээс үзэхэд, анхан шатны шүүхээс дээрх гэрээг гаргуулахаар тухайн яаманд хандаагүй болох нь тогтоогдоно.

6. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИ