Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 382

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02440 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн,

Хариуцагч Банд холбогдох

 

2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр АТӨҮГ болон “Г” ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч О.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК нь АТӨҮГ-тай 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр санамж бичиг үйлдсэн. Уг санамж бичгээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд аялал жуулчлалын цогцолбор барилгыг барьж байгуулах, түүнийг ашиглах талаар тохиролцоонд хүрч санамж бичиг үйлдсэн. Уг санамж бичгийн хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Санамж бичиг болон гэрээнд талуудын тохиролцсоноор тухайн барилгыг барихад шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг “Г” ХХК гаргах, АТӨҮГ нь энэхүү барилгыг барихад шаардлагатай зөвшөөрөл, техник хэрэгсэл, газрын эрх зүйн асуудлыг шийдвэрлэх зэрэг үүргийг хүлээсэн. Гэрээ байгуулсанаар “Г” ХХК нь яаралтай ажилдаа орж тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Тухайн барилгын холбогдох техник хэрэгсэл, зураг төслийг боловсруулах, уг барилгыг барихтай холбоотой зардлуудыг гаргаж, барилгыг барихад чиглүүлэх зэрэг зардал гаргасан. Гэвч 2015 онд АТӨҮГ нь татан буугдсан. 2015 оны Засгийн газрын 310 дугаар тогтоолоор АТӨҮГ-ын чиг үүрэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамд шилжсэн. Хэдийгээр татан буугдсан хэдий ч эрх үүрэг нэгэнт шилжсэн учраас “Г” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, өөрсдийн зүгээс хийх эхний ээлжийн ажлуудаа хийж гүйцэтгэсний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний сайдад олон удаа хандсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хариу ирүүлэхдээ АТӨҮГ нь татан буугдсан тул танай ажлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт эрх залгамжлагч нь тодорхой тогтоогдсон байхад уг үүргээс татгалзах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: АТӨҮГ нь “Г” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болохоос манай яам гэрээ байгуулаагүй. Хэдийгээр манай яам АТӨҮГ-ын чиг, үүргийг шилжүүлэн авсан. Үүнд маргахгүй. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон зарчмыг зөрчсөн тохиолдолд зохигч этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн гэрээ хэлцэл, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэрээ хэлцэл байгаа. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Тусгай хамгаалалтын газар нутгийг түр ашиглах журмын 3 дугаар зүйлийн 3.4, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-208 дугаартай тушаалд заасны дагуу газар ашигласан. Мөн барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эрх бүхий байгууллага олгосон газрын зөвшөөрөл, норм норматив, баримт бичиг стандарт технологи, төлбөрийн даалгавар, тоног төхөөөрмж, паспорт, техникийн дэвтэр, инженерийн хайгуулын судалгааны үндэслэл нь тодруулагдсан байх ёстой гэсэн энэ зураг төсөл газрын гэрчилгээ нь Аялал жуучлалын хөгжлийн төв ТӨҮГ-т байгаагүй. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас бүрдүүлдэг материал гэж байгаа бөгөөд барилга байгууламжийн зураг, төсөл, техникийн нөхцлийг баталгаажуулахын тулд газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан, нотариатаар баталгаажуулж өгөх ёстой, мөн байгаль орчны үнэлгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд энэ бүх шаардлагуудыг зөрчсөн. АТӨҮГ-т газар эзэмших гэрчилгээ байхгү. Мөн Бны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаанд тус “Г” ХХК-ийн төлөөлөл болон АТӨҮГ-ын захирал н.Цоодол бас оролцсон. Энэ шуурхай хуралдаанд энэхүү гэрээ нь анхнаасаа хууль бус гэрээ гэдгийг хэлсэн байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Жаргалсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Хариуцагчийн зүгээс хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан АТӨҮГ нь татан буугдаж, эрх залгамжлал нь тус яаманд шилжсэн талаар маргаагүй. Мөн талууын хооронд 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсантай маргадаггүй. Тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэтэл шүүх хариуцагчийн зүгээс шүүхэд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д зааснаар 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байна хэмээн дүгнэж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул энэхүү гэрээний үүргийг биелүүлэхгүй хэмээн тайлбарладаг ч энэ талаар шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагч Б нь нэгэнт эрх залгамжлагчийн хувьд гэрээний эрх, үүргийг үргэлжлүүлэх ёстой. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хувьд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд анх энэ гэрээг байгуулсан. АТӨҮГ-тай ямар ч ялгаагүй, нэг субьект буюу гэрээний нөгөө тал гэж тооцогдоно. Эрх залгамжлан авсан гэрээний нөгөө талын хувьд гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэхээс зайлсхийх боломжгүй. Анхан шатны шүүхээс талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, эрх залгамжлалын хувьд маргаангүй гэж зөв дүгнэсэн атлаа тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар буюу талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь анхнаасаа хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёснцы бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “Г” ХХК тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх үнэлээгүй. “Г” ХХК-ийн зүгээс байгуулсан АТӨҮГ татан буугдсантай холбоотой гэрээний харилцааг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудад бичгээр хандаж байсан бөгөөд үүний дагуу Төрийн өмчийн хорооноос Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлсэн. Тус саналд АТӨҮГ-ын одоогийн байгаа өр төлбөрийг “Г” ХХК-иар бүрэн төлүүлэх, газар эзэмших эрхийг Богд хан уулын дархан цаазат газрыг “Г” ХХК-ийн хамтарсан эзэмшилд шилжүүлэх, “Г” ХХК-ийн барих барилгаас төрд авах талбайн хэмжээг харилцан тохиролцох, нэхэмжлэгч компаниас үнэ төлбөргүй төрд авсан талбайг Богд хан уулын дархан цаазат газрын оффис болгон ашиглах боломжтой талаар дурдаж саналыг судалж үзэхийг хүссэн. Энэхүү нөхцөл байдал нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний харилцаа үргэлжилж байсан гэдгийг тодорхой харуулсан баримт юм. Гэтэл шүүхээс энэхүү үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Банд холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр АТӨҮГ болон “Г” ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... татан буугдсан А ТӨҮГазрын чиг үүргийг яаманд шилжүүлсэн учир гэрээний үүргийг биелүүлэх ёстой” гэж тайлбарлаж байна. Хариуцагч тал тус газрын чиг үүргийг шилжүүлэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... гэрээний тал биш, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хууль бус хэлцэл” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

“Г” ХХК нь А ТӨҮГазартай 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг нэртэй хэлцэл хийсэн байх бөгөөд уг хэлцлийг үндэслэн мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр “хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээ байгуулсан байна. /хх 9-10 дахь тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь гэрээний нэг тал үүрэг шаардаж, нөгөө тал гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж буй тохиолдолд тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх ёстой.

            Хэрэгт авагдсан баримтаар талуудын барилга барих гэж буй обьект болох Хан-Уул дүүргийн нутагт орших Б- нутгийн Зайсангийн ам нэртэй 1.9 га талбай бүхий газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зорилгоор 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газарт олгожээ. /хх 88/ Уг газрыг ашиглахтай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулдаг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасны дагуу газар ашиглагч нь газар ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах үүрэгтэй байна.

Гэтэл гэрээний талууд буюу “Г” ХХК, А ТӨҮГазар нь 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хэлцлийн гол нөхцлөө А тал буюу А ТӨҮГазар нь барилга барихтай холбоотой зайлшгүй шаардлагатай бүхий л техникийн нөхцлийг бүрдүүлэх, барилга барьж дууссаны дараа барилгад хамаарах газрыг Б талын нэр дээр шилжүүлэн өгөх болон газрын ямар эрх шилжүүлж байгаагаас үл хамааран барилгын насжилттай холбогдуулан газрын эрхийг байнга өөрчлөгдөх нөхцөлгүйгээр эрх зүйн орчинг бүрдүүлэн шилжүүлэх, Б тал болох “Г” ХХК нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцон, улмаар хамтран ажиллах гэрээний 2-т дээрх нөхцлийг “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” төвийг байгуулахтай холбоотой талуудын гүйцэтгэх эрх, үүрэг болгон заажээ. /хх 9-11 дэх тал/

Дээрхээс дүгнэхэд талуудын байгуулсан хэлцлүүд нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлд заасан зөвшөөрлөөр хийх хэлцэлд хамаарах ба “Г” ХХК болон  А ТӨҮГазар нь бусдын ашиглалтын газар дээр барилга барих гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй, мөн өөрийн байгууллагын дүрмэнд заасан үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй асуудлаар “Г” ХХК-тай хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх 65-71, 128-132 дахь тал/

Иймээс талуудын хооронд байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД