| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00392/И |
| Дугаар | 135/ШШ2019/00445 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2019/00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00392/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..... тоотод оршин суух, утас ....., ..... регистрийн дугаартай, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ....., Дархан-Уул аймгийн *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ....., Дархан сумын .... дүгээр цэцэрлэгт тус тус холбогдох
Боловсролын тухай хуульд зааснаар төсөвт тусгагдаж ирсэн тэтгэмжийн мөнгө
2 681 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Дархан-Уул аймгийн *******-н төлөөлөгч *******, хариуцагч Дархан сумын ..... дүгээр цэцэрлэгийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие 2014 онд ЭМШУИС-ийг Нийгмийн эрүүл мэндийн арга зүйч мэргэжлээр төгсч, 2014 оны 04 дүгээр сараас Дархан-Уул аймгийн .... дүгээр цэцэрлэгт эмчээр орж ажилласан юм. Тус цэцэрлэгт тасралтгүй 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд буюу 2018 оны 06 сараас миний эрүүл мэнд муудан тархины судасны цүлхэн буюу аневризм гэсэн онош тавигдаж, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон юм. Хагалгааны дараа эмчилгээ хийлгэх хяналтад байх зэргээр 90 хоног өвчний акттай байсан боловч биеийн байдал сайн эдгэхгүй, даралт ихсэж, толгой эргэх, тэнцвэр алдах зэрэг зовиуртай байсан учраас учир зовлонгоо байгууллагын даргадаа хэлж, Байгууллагын дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.2.1-д зааснаар 2018.12.13-ны өдрөөс 2019.03.15-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар захиргааны чөлөө авсан билээ. Намайг өвчтэй байх хугацаанд байгууллагаас маань утасдаж 5 жил тогтвортой ажилласны тэтгэмж олгогдох өргөдөл материалаа бүрдүүлээд аймгийн *******-т аваачиж өг гэсний дагуу би юмаа бүрдүүлээд аваачиж өгсөн. Ингэснээр надад олгогдох тэтгэмж бодогдож төсөвт суугдаж ирсэн. Гэвч *******-н дарга, нябо болон ..... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ******* нар нь ажилласан жил чинь тасарснаар тооцогдож байгаа тул тэтгэмж олгохгүй гээд миний нэр дээр төсөвт суугдаж ирсэн мөнгийг олгохгүй байна.
Би .... дүгээр цэцэрлэгт 2014.04.01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл бүтэн 5 жил гаруй хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх явцдаа хүнд өвчин тусаж, хагалгаанд орж, аргагүй эрхэнд 3 сарын хугацаатай цалингүй чөлөө авч, энэ 3 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлсөн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар миний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, би зөвхөн захиргааны чөлөө аваад эргээд ажилдаа ороод ажлаа хийж байна. Ийм байхад Нийгмийн даатгалаа сайн дураараа төлсөн байгаа учир ажилласан жил тасарна гээд тэтгэмжийг маань олгохгүй байгаа нь хууль бус гэж үзэж миний нэр дээр төсөвт суугдаж ирсэн 2 681 000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.
Шүүх хуралдаанд: ******* нь тус цэцэрлэгт тасралтгүй 5 жил ажиллаж байгаа ба энэ хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сараас эрүүл мэндийн байдал муудаж “тархины цүлхэн буюу аневризм” гэсэн онош тавигдаж, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон байдаг. Хагалгааны дараа эмчилгээ хийлгэх, хяналтад байх зэрэг зовиуртай байсан учраас энэ тухайгаа байгууллагын даргад хэлж Байгууллагын дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.2.1-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын чөлөө авсан байдаг. *******-г өвчтэй байх хугацаанд байгууллагаас нь холбогдож 5 жил тогтвортой ажилласны өргөдөл материалаа бүрдүүлээд аймгийн *******-т өг гэсний дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Ингэснээр *******-т олгогдох /2,681,000 төгрөг/ тэтгэмж бодогдож төсөвт суугдаж ирсэн. Гэвч *******-н дарга нягтлан бодогч, .... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О нар нь ажилласан жил чинь тасарснаар тооцогдож байгаа учраас тэтгэмж олгохгүй гэсэн шалтгаанаар төсөвт суугдсан мөнгийг олгоогүй. ******* нь уг цэцэрлэгт тасралтгүй 5 жил гаран ажилласан, ийн ажиллах хугацаандаа хүнд өвдөж аргагүйн эрхэнд цалингүй чөлөө авч эмчилгээ хийлгэн, нийгмийн даатгалаа өөрөө хуваариа төлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, буцаж ажилдаа ороод ажиллаж байгаа, чөлөөтэй байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ хуваариа төлсөн тул нийгмийн даатгалын шимтгэл тасраагүй, ийм шалтгаанаар тэтгэмж олгохгүй байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна, нэхэмжлэгч ******* удаа дараа өвчтэй эмчилгээтэй байсан учраас цалингүй чөлөө авсан энэ тухай баримт нь хэрэгт байгаа, чөлөө хүссэн өргөдөл нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цалингүй чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлт байдаг, энэ хүсэлт дээр тус цэцэрлэгийн эрхлэгч гарын үсэг зурж чөлөө олгосон байгаа, гэтэл цэцэрлэгийн зүгээс нийгмийн даатгал тасалдсан ажилласан жил чинь хүрэхгүй байна гээд тэтгэмж өгөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт би нэхэмжлэгчийг төлөөлж байгаа учраас ганц 2 зүйл хэлмээр байна. Энэ .... дүгээр цэцэрлэгийг гайхаж байгаа, ажлаас халагдаагүй, чөлөө авч өөрөө хуваариа нийгмийн даатгалаа төлсөн байгаа, гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд мөнгөө авъя гэж хандсанаас хойш ажлын байрны дарамт үзүүлж ажлаас халах мэдэгдэл өгч, эрүүл мэндийн хувьд доройтсон байхад улам дарамт өгч ажлаас хална гэж дарамталж байгаад гомдолтой байгаа, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж төсөвт суугдсан 2,681,000 төгрөгийг гаргуулж *******-т олгож өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн *******-ын төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан сумын .... дүгээр цэцэрлэгийн эмч ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс анх ажилд орсон ба 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар чөлөөлөгдөж нийт ажилласан жил нь 4 жил 7 сар 15 хоног болсон байна. Дээд шүүхийн 2007 оны 25 дугаар тогтоолын 11 дэх хэсэгт тасралтгүй ажилласан 5 жил гэж заасан байдаг. Иймд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасны дагуу 5 жил тутамд олгох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй байна гэв.
Хариуцагч Дархан сумын ..... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч *******, өмгөөлөгч ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь тус цэцэрлэгт анх 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эмчээр ажиллаж 2018 оны 8 сарын 16-аас тархины судасны хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараа эмчилгээ хийлгэн эмчийн хяналтад 11 сарын 15-ныг дуустал хугацаанд эмнэлгийн хуудсаар хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авсан байна. 2018.12.13-ны өдрөөс 2019.03.15-ны өдрийг хүртэл 3 сарын цалингүй чөлөө авсан юм. Энэ хугацаанд ******* нь сайн дурын даатгалд даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хуваариа төлж байсан байна. Эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон тул 3.18-ны өдрөөс эхлэн ажлаа гүйцэтгэж байгаа. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй, ажил тасалсан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх чөлөөтэй хугацааны эмчлэгдсэн байдал, эмчийн тодорхойлолт холбогдох баримтаа авч ирж үзүүлж, тайлагнахыг цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс удаа дараа хэлж сануулсан боловч одоог хүртэл нотлох баримтаа авч ирэхгүй байгаа болно. Цэцэрлэгийн захиргаанаас чөлөөлөгдсөн хугацаанд бие, эрүүл мэндийн байдлаар эмчилгээ хяналтад байсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019.04.08-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтэд энэ талаар тэмдэглэж, удирдлагын зүгээс шийдвэрлээгүй ажилласныг анхааруулж хэлсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар 2019.04.08-ны өдөр Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд өгсөн өргөдлөөр улсын байцаагч Б.Л хяналт, шалгалт хийж, ******* нь .... дүгээр цэцэрлэгт эмчээр тасралтгүй 4 жил 7 сар 15 хоног ажилласан байна. Иймд *******-т Болосвролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтын дагуу 5 жил тутамд олгох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэсэн Санхүүгийн хяналт, аудитын албаны тэмдэглэлийг цэцэрлэгийн захиргаанд хүлээлгэн өгсөн юм.
2019 оны төсвийн төслийг 6 сард боловсруулахад энэ хүний эрүүл мэнд, өвчлөлийн байдал тодроогүй, ээлжийн амралтаа эдэлж байсан тул тэтгэмжийг 2019 онд төлөвлөсөн, 2019 оны 1 сард албан хаагчдад олгох, мөнгөн тэтгэмж авах эрх үүсэж буй ажиллагсдын судалгааг гарган аймгийн *******-т хүргүүлсэн бөгөөд 2019 оноос тэтгэмжийг ажил олгогч бус Дархан-Уул аймгийн *******-аас олгодог болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн *******, Дархан сумын .... дүгээр цэцэрлэгт тус тус холбогдуулан 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 2 681 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн ******* болон Дархан сумын .... дүгээр цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгч ******* нь Дархан сумын ..... дүгээр цэцэрлэгт эмчээр 2014.04.01-ний өдрөөс анх ажилд орсон ба 2018.12.13-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар чөлөөлөгдөж нийт ажилласан жил нь 4 жил 7 сар 15 хоног байгаа тул 5 жил тутамд олгох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох үндэслэлгүй байна гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* нь Дархан сумын ..... дүгээр цэцэрлэгт эмчээр 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаар тушаалаар томилогдон, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 9 сард Улаанбаатар хотын 3-р эмнэлэгт тархины судасны мэс засалд орж эмчийн хяналтанд байгаа үндэслэлээр Дархан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар цалингүй чөлөө авч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдон ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 48-82 дахь тал/
Нэхэмжлэгч нь цалингүй чөлөөтэй байх хугацаандаа 2018 оны 12, 2019 оны 1, 2 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн байх бөгөөд энэ хугацааг хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан 5 жил тасралтгүй ажилласан байх нөхцлийг хангахгүй хугацаа тасарсан гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ажилтан болон ажил олгогч нарын хэн аль нь санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, 35 дугаар зүйлийн 35.1.3-д эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасны дагуу ажил, үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаад ажилдаа томилогдон ажиллаж байгаа болох нь тогтоогдож байх тул дээрх хугацааг тасарсан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. /хх-ийн 83-84 дэх тал/
Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, хариуцагч Дархан-Уул аймгийн .... дүгээр цэцэрлэг нь санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар *******-г .... дүгээр цэцэрлэгт эмчээр тасралтгүй 4 жил 7 сар 15 хоног ажилласан, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтын дагуу 5 жил тутамд олгох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан гэж нотлох баримтаар Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 19/02-04 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр цэцэрлэгийн 2014-2018 оны санхүүгийн баримтад хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын тэмдэглэл, санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалтын удирдамжийг ирүүлсэн байх боловч Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Аудитын баг, эсхүл аудитор нь санхүүгийн тайлангийн аудитын явцад шалгалт, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт, давтан тооцоолол, шинжилгээний горимыг гүйцэтгэх замаар нотлох зүйлс болох ажлын баримтыг цуглуулж, тэдгээрт судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэж зааснаар аудитын дүгнэлт гаргаагүй, гомдол гаргах эрх олгогдоогүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хариуцагч Дархан-Уул аймгийн ******* нь 2019 оноос тэтгэмжийг ажил олгогч бус аймгийн *******-с олгодог болсон *******-н хүсэлтийн дагуу төсөвт тусгагдаж тус газрын дансанд ирсэн гэж тайлбар гаргаж байх тул хариуцагч Дархан-Уул аймгийн *******-с Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, 43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч гэж зааснаар тэтгэмж авах эрх үүснэ гэж зааснаар 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 2 681 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгож, хариуцагч Дархан сумын .... дүгээр цэцэрлэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7а-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн *******-аас 2 681 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, хариуцагч Дархан сумын ..... дүгээр цэцэрлэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 57 846 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА