| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-01-04 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт
Шүүгдэгч Д.Бямбаноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бямбаноровт холбогдох 2223001400211 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн инженерчлэл мэргэжилтэй, Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газарт шинжээч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Баатарчуудын 309 тоотод оршин суудаг, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Харчин овогт Дашдоржийн Бямбаноров, регистрийн дугаар ИУ95040113.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Бямбаноров нь 2022 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын гадна талбайд түүний найз Э.Базарсадын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгаж байсан Завхан аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай хууль сахиулагч М.Сэр-Одын албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн түүнийг хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж мөргөх, өшиглөх зэргээр зодож эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Д.Бямбаноровын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
- Шүүгдэгч Д.Бямбаноров нь 2022 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын гадна талбайд түүний найз Э.Базарсадын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгаж байсан Завхан аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай хууль сахиулагч М.Сэр-Одын албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүнийг мөргөх, өшиглөх зэрэг биед нь хүч хэрэглэн халдсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч М.Сэр-Одын “...Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны орой 20 цагаас шөнийн 02 цаг хүртэл оройн нэмэлтээр хуваарийн дагуу замын цагдаагийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 08 дугаар сарын 05-ны шөнийн 00 цагийн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн зохицуулагч дэд ахлагч Р.Амармэндийн хамт зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл саатуулах байранд хүргэж өгчхөөд ченжийн зах руу явж Петровис клонк дээр 23-15 ОРБ улсын дугаартай улаан өнгийн порестор маркийн тээврийн хэрэгслийг зогсоож иргэн Энх-Амгалангийн Базарсад нь эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлэн шалгах явцад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилсон. Тэгээд тээврийн хэрэгслийг саатуулах байранд хүргэхээр явах гэтэл иргэн Э.Базарсад нь дэд ахлагч Б.Сэр-Одтой муудалцаад чанга дугараад байсан. Тэгэхээр нь би дэд ахлагч Р.Амармэндийн хамт тухайн газар очиход иргэн Д.Бямбаноров нь чи намайг байнга торгодог, зогсоодог би чамтай тооцоотой чамайг амьдралгүй болгоно гээд дух руу мөргөсөн. Дараа нь нүүр эрүү хэсэг рүү өшиглөсөн дэд ахлагч Б.Сэр-Од, Р.Амармэнд, цагдаа жолооч Б.Эрдэнэбаатар нар бид хоёрыг салгасан. Дараа нь цагдаа жолооч Б.Эрдэнэбаатар, дэд ахлагч Р.Амармэнд нар иргэн Д.Бямбаноровыг шууд эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж өгсөн. Тухайн үед мөргөснөөс болж зүүн талын шанаа хавдсан, хоолой улайсан. Дээрх гэмтлийг иргэн Д.Бямбаноров нь хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэн үүсгэсэн. Э.Базарсад гэх иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.Сэр-Од тухайн иргэнийг машинаас бууж жолооны хүрднээс холд гэсэн шаардлага тавиад байж байхад иргэн Д.Бямбаноров нь хажуу талаас орж ирээд маргаан үүсгэх гээд байхаар нь түүнийг та хойшоо байж бай ажил битгий хүндрүүлээрэй танай найз согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан та хойшоо болоод түр хүлээж байна уу гэсэн шаардлага тавихад надтай маргалдаж намайг заналхийлж эхэлсэн ба дараа нь миний биед халдсан. Би тухайн үед Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу томилгоот үүрэг гүйцэтгэж байсан. Би үүрэг гүйцэтгэх үедээ албан дүрэмт хувцастай, гэрэл ойлгогч хантаазтай үүргээ гүйцэтгэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Эрдэнэбаатарын “...Тэгтэл Д.Бямбаноров ирээд улаан өнгийн порестор маркийн машины хойд хаалгыг онгойлгоод дараа нь дэд ахлагч М.Сэр-Одыг албаны машины урд зогсож байхад нь чи намайг өмнө нь зогсоож торгож байсан чам шиг юм намайг зогсоох эрх байхгүй гэх мэт элдэв янзын үгээр доромжлоод заналхийлж байснаа М.Сэр-Одыг мөргөх шиг болсон. Тэгтэл М.Сэр-Од доошоо тонгойсон байхад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь Б.Сэр-Од бид хоёр очиж салгаад миний машинд Бямбаноров гэх залууг суулгаад эрүүлжүүлэх, байранд хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
- Гэрч Р.Амармэндийн “...Энэ үед Д.Бямбаноров гэх согтуу залуу М.Сэр-Од руу чи намайг 2-3 удаа торгож байсан чамайг ална шүү, чамтай уулзаа байгаа шүү гэх мэт зүйл яриад заналхийлээд байхаар нь Б.Сэр-Од түүнийг чи яв гээд явуулсан. Э.Базарсадын машиныг Б.Сэр-Од жолоодоод хөдөлж байгаад гэнэт зогссон. Тэгтэл Бямбаноров ирээд Базарсадын машин дээр очоод буцаж ирээд дэд ахлагч М.Сэр-Одыг машины гадаа байхад нь нүүрэн тус газар руу нь гараараа цохиод доошоо тонгойсон байхад нь нэг удаа нүүр рүү нь өшиглөөд авахаар нь Б.Сэр-Од, дэд ахлагч Б.Эрдэнэбаатар бид гурав очиж салгаад Д.Бямбаноров гэх залууг дэд ахлагч Б.Эрдэнэбаатарын машинд суулгаад түүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Балжиннямын “...Бямбаноров, М.Сэр-Одыг заамдаж аваад цааш нь түлхээд нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Тэгтэл хамт байсан цагдаа нар нь очиж салгаж холдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас)
- Мөрдөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбатын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 4-19 дүгээр хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Т.Отгонбаярын 2022-08-10-ны өдрийн 000000415 дугаартай 1. Иргэн М.Сэр-Одын биед гэмтэл учирсан байна. Иргэн М.Сэр-Одын биед зүүн хацрын зөөлөн эдийн гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. М.Сэр-Одын зүүн хацрын зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлгийн агуулга өөр хоорондоо зөрүүгүй бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алан хаагч хуулиар тусгайлан эрх олгосон этгээд байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан бөгөөд хохирогч М.Сэр-Од нь Завхан аймаг дахь цагдаагийн газарт цагдаа зохицуулагч ажил эрхэлдэг байх тул хууль сахиулагчид хамаарч байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
Шүүгдэгч нь цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хууль сахиулагчид хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.
Хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, цохих зодох, заамдах, хоолой боох зэрэг аливаа хэлбэрээр биед нь халдаж байгаа үйлдэл юм. Иймд шүүгдэгч Д.Бямбаноровын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хууль болон, Эрүүгийн хуульд нийгэмд дэг журам тогтоох, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэхийг хориглосон ба хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болно.
Цагдаагийн албан хаагч нар нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны орой 20 цагаас шөнийн 02 цаг хүртэл оройн нэмэлтээр хуваарийн дагуу замын цагдаагийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа шүүгдэгчтэй хамт явсан Э.Базарсадын эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлэн уг зөрчлийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн газар руу тээврийн хэрэгслийг авч явах талаар шаардлага тавьсан нь албан үүргийн дагуу зайлшгүй хийх ёстой хууль ёсны шаардлага байна.
Шүүгдэгч Д.Бямбаноров нь цагдаа зохицуулагч М.Сэр-Одыг албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг шууд санаатай үйлдлээрээ эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, түүнийг заамдаж хоолойг нь боож, цохиж, өшиглөсөн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Бямбаноровыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Д.Бямбаноровын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч М.Сэр-Од хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Бямбаноровыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Бямбаноровт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Бямбаноровт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Бямбаноров урьд нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 85-99-р хуудас/
Шүүх шүүгдэгч Д.Бямбаноровын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 6 сарын хугацаанд түүнийг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч Д.Бямбаноровт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд түүний уг ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Харин шүүгдэгч Д.Бямбаноров нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Бямбаноров нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалж,
Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Дашдоржийн Бямбаноровыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбаноровыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбаноровыг 6 сарын хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбаноров нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбаноровт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд түүний уг ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбаноровт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ