| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Н.Баасанжав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл,
Шүүгдэгч М.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Сүхбаатарт холбогдох 2323000000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн Отгон сумын Соёл багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цагаан адуу овогт Мягмарбатын Сүхбаатар, /регистрийн дугаар: ИЙ94082511/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Сүхбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутаг дэвсгэр Майхны шил гэх газарт бэлчээрийн маргааны улмаас хохирогч Ц.Пүрэвсүрэнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, хамрын нуруунд зулгаралт, хамрын хянга ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М.Сүхбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутаг дэвсгэр Майхны шил гэх газарт бэлчээрийн маргааны улмаас хохирогч Ц.Пүрэвсүрэнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, хамрын нуруунд зулгаралт, хамрын хянга ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал:
2. Гэрч Д.Бааяагийн “...Би өөрийн хүү Сүхбаатартай Отгон сумын Соёл багийн нутаг Цагаан бургах гэх нэртэй газарт амьдардаг. Манай хүү Сүхбаатар өглөө хониндоо яваад л орой ирдэг. Би Сүхбаатарыг Пүрэвсүрэнг зодож, цохисон талаар мэдэхгүй. Тэгээд саяхан гэртээ байж байсан чинь сумын төвөөс цагдаа утсаар залгаад Сүхбаатарыг дуудаж байна гэхээр нь Сүхбаатараас юу болсон талаар асуухад “Пүрэвсүрэн манай бэлчээрт хонио хариулаад байхаар нь уур хүрээд Пүрэвсүрэнг 2-3 удаа цохисон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
3. Насанд хүрээгүй гэрч П.Батмэндийн “...Тухайн үйл явдал болохоос өмнө нь би хонио хариулаад явж байхад Сүхбаатар манай хонийг эргүүлж хөөж давхиад байхаар нь би очоод “битгий хонь эргүүлж хөөгөөд бай” гэж хэлсэн чинь “чи муу пизда над руу томрох болоогүй шүү” гээд морин дээрээсээ шилбүүрээр миний толгой руу 2-3 удаа ороолгохоор нь би газраас чулуу аваад урдаас нь шидсэн чинь надтай хэрэлдэж байгаад явсан. Тэгээд дараа нь 2-3 хоногийн дараа манай аав Пүрэвсүрэн хонио хариулаад гэртээ ирэхэд аавын нүүр ам нь хоёр, гурван газар шалбарчихсан, хамраас нь цус гоожоод мурийчихсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “Сүхбаатар бэлчээрийн маргаанаас болоод намайг зодчихлоо” гэж хэлсэн. Гэртээ 2-3 хоног хэвтээд толгойн өвчин нь зүгээр болохгүй байсан болохоор аймгийн төв рүү эмчид үзүүлэхээр явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
4. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Отгонбаярын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 000000011 дугаартай “...Ц.Пүрэвсүрэнгийн биед хамрын нуруунд зулгаралт, хамрын хянга ясны хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тус гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Ц.Пүрэвсүрэнгийн биед хамрын нуруунд зулгаралт, хамрын хянга ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.5-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,
5. Шүүгдэгч М.Сүхбаатарын “...Би Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Баасанжавын гаргасан яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсан. Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан. Би Ц.Пүрэвсүрэнг таних бөгөөд бид хоёр нэг нутгийн залуучууд байгаа юм. Өөрөөр ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би Ц.Пүрэвсүрэнг хавирч унагаад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид 415,000 төгрөгийн хохирол төлсөн. Мөн прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч М.Сүхбаатар нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч М.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, бие биенээ хүндлэх хүндлэл, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч М.Сүхбаатарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс эмчилгээтэй холбоотой гарсан зардал 415,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Сүхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч М.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Сүхбаатар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 41-р хуудас/
Прокуророос шүүгдэгч М.Сүхбаатарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.
Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Сүхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч М.Сүхбаатарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан адуу овогт Мягмарбатын Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сүхбаатарыг 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сүхбаатарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сүхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.Сүхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Сүхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ