Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2019/00450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00443/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух, .......... регистрийн дугаартай, харилцах утас .........., *******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух, ...............регистрийн дугаартай, харилцах утас .........., *******-д холбогдох

 

Хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оноос хариуцагч *******-тай хамтран амьдарч эхэлсэн. Улмаар 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бидний дундаас хүү ******* төрж, одоо 7 настай, Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид суралцаж байна. Хариуцагч ******* нь хүү *******-г төрсөн сараас эхлэн хамтран амьдрахаа больсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлж байсан зүйлгүй. Хүү *******-г төрсөн цагаас нь эхлэн эх ******* миний бие ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж хүүхдийнхээ эрүүл мэнд, сургалт хүмүүжилд зориулсаар ирлээ. Цаашид хүүхдийн ирээдүй, боловсролд эцэг эхийн зүгээс илүү их анхаарах зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд нэгэнт эцэг ******* бид хамтын амьдралын хүрээнд эцэг эхийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул хуульд заасан журмын дагуу эцэг *******-аас хүү *******-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгон сар бүр олгуулах шаардлагатай болоод байна. Иймд нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-д холбогдох дээрх асуудлыг хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэрлүүлэхийн тулд 2017 оноос хойш харьяалах дүүргийн шүүхэд хандаж явсан бөгөөд хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эцэстээ шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд хаяг тогтоогдсон тул харьяаллын дагуу тус шүүхэд хандаж байгаа болно гэв.

            Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие *******-тай хамтран амьдарч байсан нь үнэн бөгөөд энэ хугацаанд хүүтэй болсон. Хүү ******* нь эхнэр бид хоёрыг салсны дараа ээжтэйгээ амьдрах болсон. 2012-2019 оны хугацаанд миний бие мөнгөн тусламж үзүүлж байгаагүй билээ. 2012-2019 онд би тодорхой эрхэлсэн ажилгүй явж байсан бөгөөд ямар нэг тусламж үзүүлэх арга байгаагүй. Мөн хүндээр гэмтэж нэг хэсэг эмнэлэгт байсан болно. Миний бие ******* хуулийн дагуу үүргээ биелүүлэхэд бэлэн байна. Тиймээс *******-ийн шаардлага болох хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2011 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү *******-г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А өрх өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж хүү *******-г төрсөн эцэг *******-р овоглосон байна.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2011 оны 1 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн ... У.С-тай хамтран амьдарч байсан нь үнэн бөгөөд энэ хугацаанд хүүтэй болсон. Хүү ******* нь эхнэр бид хоёрыг салсны дараа ээжтэйгээ амьдрах болсон. 2012-2019 оны хугацаанд миний бие мөнгөн тусламж үзүүлж байгаагүй билээ. 2012-2019 онд би тодорхой эрхэлсэн ажилгүй явж байсан бөгөөд ямар нэг тусламж үзүүлэх арга байгаагүй. Мөн хүндээр гэмтэж нэг хэсэг эмнэлэгт байсан болно. Миний бие ******* хуулийн дагуу үүргээ биелүүлэхэд бэлэн байна. Тиймээс *******-н шаардлага болох хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул *******-г *******-тай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ******* нь ... хариуцагч ******* нь хүү *******-ыг төрсөн сараас эхлэн хамтран амьдрахаа больсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлж байсан зүйлгүй. Хүү *******-г төрсөн цагаас нь эхлэн эх ******* миний бие ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж хүүхдийнхээ эрүүл мэнд, сургалт хүмүүжилд зориулсаар ирлээ. Цаашид хүүхдийн ирээдүй, боловсролд эцэг эхийн зүгээс илүү их анхаарах зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд нэгэнт эцэг ******* бид хамтын амьдралын хүрээнд эцэг эхийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул хуульд заасан журмын дагуу эцэг *******-с хүү *******-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгон сар бүр олгуулах шаардлагатай болоод байна... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч үгүйсгээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар *******-д сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******-р тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т заасныг баримтлан *******, ******* нарыг 2011 оны 1 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү *******-г эх *******-н асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******-р тэжээн тэтгүүлсүгэй.

3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70200 төгрөг гаргуулах Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруусугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА