Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгч А.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт А-ий М-т холбогдох эрүүгийн 2213003220001 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 53 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, БВ........... регистрийн дугаартай, Ж овогт А-ий М-.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цэцэгт гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шөнө 03 цагийн орчимд хохирогч Х.Б-ийг цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

2. Шүүгдэгч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

 

3. Хохирогч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213003220001 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Иргэн Х.Б-ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 цаг 15 минутад гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

5. Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07, 15-17, 22-23 дахь тал/,

6. Гэрч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

7. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 846 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

9. Шүүгдэгч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

10. Шүүгдэгч А.М-, хохирогч Х.Б- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

11.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

12. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.М-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

13. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

Хэргийн үйл баримт:

14. Шүүгдэгч А.М- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цэцэгт гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шөнө 03 цагийн орчимд хохирогч Х.Б-ийг цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

15. Иргэн Х.Б-ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 цаг 15 минутад гаргасан “...Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөрш А.Мейрам миний эрх чөлөөнд халдаж зодсон...” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

16. Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цагийн үед Баяннуур сумын 1 дүгээр баг Цэцэгт гэх газарт гэртээ унтаж байхад манай худ А.М- манай нөхрийн 80439241 дугаар луу утсаар холбогдож манай дүү М- алга болчихлоо, та хоёр ирээч гэхээр нь би өөрийн нөхөр Ж.Д-ханы хамт Мустанг маркийн улаан өнгийн мотоциклоор М-гийн гэрийн гадаа очиход тухайн гэрийн гадна А.М- зогсож байсан. Тэгээд нөхөр Ж.Д-хан шууд гэр лүү ороод миний дотор муухайраад гэрийн гадна бөөлжис хүрээд сууж байсан чинь манай худ А.М- чи яагаад маяглаад байгаа юм бэ гэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд А.М-ийн гэр лүү орох гэж явж байхад миний гэдэс рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд хувцаснаас нь бариад авсан чинь миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гараад би болиочээ гээд чанга орилоход А.М-ийн гэрээс манай нөхөр Ж.Д-, А.М-ийн эхнэр Т-, М-гийн эхнэр Б- 3 гарч ирээд бид хоёрыг салгаж авсан..., ...Миний зүүн нүд, баруун гуя, гэдэс хөхөрсөн байгаа тул аймгийн Шүүх шинжилгээний албанд учирсан гэмтлийн зэргээ тогтоолгохоор үзүүлэх болно...”, “...Надад хэргийн улмаас нийтдээ 2,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэр үеэр би ямар нэгэн баримт цуглуулж яваагүй болохоор гаргаж өгөх баримт байхгүй. А.М- нь надад 2,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Одоо надад ямар нэгэн нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07, 15-17, 22-23 дахь тал/,

17. Гэрч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би А.М-ийн эхнэр Т-, М-гийн эхнэр Т.Б- нартай юм ярьж сууж байхад гаднаас эмэгтэй хүний чанга орилсон чимээ гараад гэрээсээ гараад харсан чинь манай эхнэр Х.Б- хамарнаас цус гарсан байдалтай худ А.М-ийн хувцаснаас бариад зогсож байхаар нь очиж салгаж авсан. Тэр үед энхэр Х.Б-ээс юу болсон талаар асуухад А.М- намайг цохиж зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

18. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай гэрт худ Ж.Д-хан орж ирээд сууж байхад гаднаас эмэгтэй хүний чанга орилсон чимээ гараад бид худ Ж.Д-хан, хадам ах А.М-ийн эхнэр Т- бид 3 гэрээсээ гарахад Х.Б-ийн хамарнаас цус гарсан байдалтай зогсож байсан. Юу болсон талаар асуухад А.М- намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

19. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 846 дугаартай “...Х.Б-ийн биед тархины доргилттой, хэвлийн битүү гэмтэл, баруун нүдний доод, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний доод, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, шалбарсан, баруун хацарт хавантай, зүүн хацарт хавдартай^хэвлий хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гуяны урд дунд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногт үүссэн гэмтлүүд, ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Х.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

20. Шүүгдэгч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолттой холбоотой гомдол санал байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...манай бэр Т.Б- нь манай гэрт ирж манай нөхөр болох М- нь агсам тавьж, намайг зодоод хөөгөөд гаргачихлаа, тэгээд үхнэ гээд байна гэж хэлэхээр нь би эхнэрээ дагуулаад М-гийн гэрт нь очиход М- унтаж байсан ба бид гурвыг гэрт ороход М- босож ирээд эхнэр лүүгээ дайрч, үснээс нь зууралдаж, зулгаагаад байхаар нь би арай гэж салгасан ба энэ үед М- нь гэрээсээ гараад яваад өгсөн юм. Энэ үед эхнэр, бэр бид гурав хамт М-г хайгаад олдоогүй, тэгэхээр нь би бэр Б-д хэлж хамт архи уусан юм бол Ж.Д-хан болон түүний эхнэр Х.Б- нарыг дуудуулсан бөгөөд удалгүй Ж.Д-хан түүний эхнэр Х.Б- нар ирсэн. Энэ үед би Ж.Д-хан, Х.Б- нарыг яах гэж архи ууж байгаа юм, түүнээс чинь болж энэ авгай нөхөр хоёр хэрэлдэж нэгийгээ зодож алах нь байна шүү дээ гэж хэлэхэд Х.Б- нь над руу чамд ямар хамаатай юм, бид нар мэднэ гэж хэлхэхээр нь миний уур хүрээд Х.Б-ийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа алгадсан юм..., ...Х.Б-ийн гэдэс тус газарт нэг удаа өшиглөсөн асуудал байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

21. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

22. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     23. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

24. Шүүгдэгч А.М- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

24. Шүүгдэгч А.М-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

25. Шүүгдэгч А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

26. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

27. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

28. Шүүгдэгч А.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь “А.М- нь надад 2,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Одоо надад ямар нэгэн нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэж мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

29. Шүүгдэгч А.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

31. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

32. Шүүгдэгч А.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

33. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг А.М-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

 

35. Шүүгдэгч А.М-ийн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

37. Шүүгдэгч А.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

38. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

39. Шүүгдэгч А.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт А-ий М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.М-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч А.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК