Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч К.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт К-ы Ж-т холбогдох эрүүгийн 2213003060257 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М.х овогт К-ы Ж-, регистрийн дугаар:БЮ.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч К.Ж- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр болон 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ш-, цагдаагийн ахлагч А.Ж- нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хохирогч буюу хууль сахиулагч А.Ж-ийн гэдэс тус хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, гутлаараа толгой тус газарт нь цохисон, хууль сахиулагч Б.Ш-ын энгэрийн камерыг эвдэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

2. Шүүгдэгч К.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч К.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213003060257 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч А.Ж-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

5. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,

6. Энгэрийн камерт хадгалагдсан дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

7. Эд хариуцагчийн картын хуулбар /хавтаст хэргийн 18 дахь тал/,

8. Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан материал /хавтаст хэргийн 23-26, 27-33 дахь тал/,

9. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 38 дахь тал/,

10. Хохирогч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 43 дахь тал/.

11. Хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47, 49 дэх тал/,

12. Гэрч Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

13. Гэрч К.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

14. Гэрч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

15. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

16. Шүүгдэгч К.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэргийг,

 

17. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс: Хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан шийтгэлийн хуудас, хавтаст хэргийн 41-43 дэх талд авагдсан хохирогч Б.Ш-ын мэдүүлэг, хавтаст хэргийн 46-49 дэх талд авагдсан хохирогч А.Ж-ийн мэдүүлэг, хавтаст хэргийн 67-68 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 104 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ХААН банктай байгуулсан зээлийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

18. Шүүгдэгч К.Ж-ээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

19.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

20. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.Ж-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Хэргийн үйл баримт:

21. Шүүгдэгч К.Ж- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр болон 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ш-, цагдаагийн ахлагч А.Ж- нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хохирогч буюу хууль сахиулагч А.Ж-ийн гэдэс тус хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, гутлаараа толгой тус газарт нь цохисон, хууль сахиулагч Б.Ш-ын энгэрийн камерыг эвдэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

22. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч А.Ж-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

23. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,

24. Энгэрийн камерт хадгалагдсан дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

25. Эд хариуцагчийн картын хуулбар /хавтаст хэргийн 18 дахь тал/,

26. Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан материал /хавтаст хэргийн 23-26, 27-33 дахь тал/,

27. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 38 дахь тал/,

28. Хохирогч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нар К.Ж-т хуулийн дагуу шаардлага тавьж “та бид нартай хамт цагдаагийн газарт очиж шалгуулах шаардлагатай, одоо бид нартай хамт явах ёстой” гэж удаа дараа учирлаж хэлээд шаардлага тавьсан боловч К.Ж- нь “би хаашаа ч очихгүй, та нар надаас юу олж долоох юм бэ, би машин огт жолоодоогүй” гэх мэтээр эсэргүүцээд зогсож байгаад хамт зогсож байсан А.Ж-ийн гэдэс тус газарт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд К.Ж-ийг А.Ж- бид хоёр хоёр талаас нь барьж машинд суулгах гэтэл машины хаалгатай зууралдаж машинд суухгүй эсэргүүцэж байгаад миний нэг мөрдсийг болон мөрдсөнд байсан энгэрийн камерыг хуулж аваад шидсэн. Тэгээд А.Ж- бид хоёр К.Ж-ийн гарыг нь мушгиж албаны ..... БӨН улсын дугаартай “Киа рино” загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулгасан. Түүнийг тээврийн хэрэгслийн хойд суудалд суулгаад би хажууд нь суугаад явсан. Харин А.Ж- машин жолоодоод явсан. Ингээд тухайн газраас хөдлөөд цагдаагийн газарт ирэх хүртэл К.Ж- нь зүгээр явахгүй бөөн юм болж машины шилийг хөлөөрөө өшиглөж хөлөө урд суудал, салон хүртэл жийж толгойгоороо хаалганы шил мөргөж янз бүрийг авир гаргаж догшин авирласан. Би түүний хөдөлгөөнийг хязгаарлаад хоёр гарнаас нь барьж тэврээд ирсэн. Тэгээд цагдаагийн газрын хашаанд орж зогсоод машинаас буулгах гэтэл машинаас буухгүйгээр эсэргүүцээд байсан тул А.Ж- бид хоёр түүнийг машинаас хүчээр буулгасан. Энэ үед К.Ж-ийн нэг гутал нь сугарсан байсан. А.Ж- бид хоёр К.Ж-ийг машинаас буулгаж аваад та гутлаа өмс гэсэн боловч миний гутлыг та нар өмсүүлээд өг гэж доромжлоод байсан тул түүний гутлыг нь бид нар өмсүүлээгүй. Тэгээд цагдаагийн газрын жижүүрийн өрөөнд дагуулж ороод К.Ж-ийг сандалд суулгаад драйгер үлээлгэж шалгах гэж байхад К.Ж- нь гутлаараа А.Ж-ийн толгой тус газарт хоёр удаа цохиод авсан. Улмаар байцаагч Н.Т- ирж К.Ж-ийг аргалсаар байгаад драйгер үлээлгэж шалгахад 1.53% гарч байсан. ...Яллагдагч К.Ж- нь миний энгэрийн камерын үнийг буюу учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...нийт 500,000 төгрөгийг дансанд шилжүүлж өгсөн. Тийм учраас миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 43 дахь тал/.

29. Хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нар иргэн К.Ж-т хууль ёсны дагуу шаардлага тавьж “та бид нартай хамт цагдаагийн газарт очиж шалгуулах шаардлагатай” гэж удаа дараа шаардлага тавьсан боловч “би очихгүй, та нар надаас олж долоо” гэх мэтээр эсэргүүцээд миний гэдэс тус газарт нэг удаа өшиглөсөн тул Б.Ш- бид хоёр иргэн К.Ж-ийг албаны ..... БӨН улсын дугаартай “Киа рино” загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулгасан. Энэ үед К.Ж- нь Б.Ш-ын нэг мөрдсийг болон энгэрийн камерыг хуулж татаж аваад газарт хаяахад нь би аваад Б.Ш-ын өөрт нь өгсөн. Улмаар К.Ж-ийг машины хойд суудалд суулгаж Б.Ш- хажууд нь суугаад би машиныг жолоодоод цагдаагийн газарт ирж байх замдаа хойд талд сууж явсан Б.Ш-ыг эсэргүүцэж толгойгоороо машины шилийг мөргөөд хөлөө урд суудал хүртэл жийж зүгээр суухгүйгээр явж байгаад тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгохыг оролдож бөөн юм болоод байхаар нь Б.Ш- түүний үйлдлийг хязгаарлаад тэврээд яваад байсан. Тэгээд цагдаагийн хашаанд орж ирээд машинаас буулгах гэтэл мөн л “би машинаас буухгүй” гээд машин дотор элгээрээ хэвтэж авсан тул түүнийг Б.Ш- бид хоёр машинаас бас л хүчээр буулгасан. Тэгэхэд түүний нэг гутал нь сугарсан байсан. Улмаар бид нар К.Ж-ийг машинаас буулгаад та гутлаа өмс гэхэд “миний гутлыг та нар тайлсан учраас та нар өмсүүлж өг” гэж хэл амаар доромжилсон тул К.Ж-ийг Б.Ш- бид хоёр хоёр талаас нь барьж цагдаагийн газрын жижүүрийн өрөөнд оруулж ирээд согтолтын хэмжээг нь шалгах гэж байхад К.Ж- нь гартаа барьж байсан гутлаараа миний толгой тус газарт нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгээд би К.Ж-ийг аргалаад сандалд суулгаад драйгер үлээхийг шаардаж байхад миний толгой тус газарт хоёр дахь удаагаа гутлаараа цохисон. Тэгээд би байцаагч Н.Т-д танилцуулж “энэ хүн драйгер үлээхгүй, бид нарыг эсэргүүцээд байна” гэж хэлснээр Н.Т- ирж К.Ж-ийг аргалсаар байгаад драйгер үлээлгэж шалгахад 1.53% гарч байсан. Улмаар К.Ж-ийг ар гэрийн хүнийг нь дуудаад хүлээлгэж өгсөн. ...Энэ хэргийн улмаас надад учирсан ямар нэгэн хохирол байхгүй, тиймээс надад нэхэмжлэх зүйл байхгүй. К.Ж- нь хийсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйсан, тийм учраас миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47, 49 дэх тал/,

30. Гэрч Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тэгээд би цагдаа дуудсанаар байцаагч Н.Т- гэх хүн ирсэн. Н.Т- гэх байцаагч тухайн “провокс” загварын машиныг жолоодож ирсэн хүн болох К.Ж- гэх хүнд хандаад “сая юу болсон юм бэ, тээврийн хэрэгсэл шүргэлцсэн асуудал болсон ба та тухайн газарт зогсох ёстой биз дээ” гэх зүйл ярихад машины жолооч болох К.Ж- нь “Би машин жолоодоогүй, миний машиныг хүүхэд маань унадаг байсан, гэхдээ хүүхэд маань одоо Солонгос улсад байгаа, та нар миний хүүхдийг олж аваад асуугаарай” гэх мэт эсрэг тэсрэг зүйл ярьсан. Улмаар Н.Т- К.Ж-т хандаад “та надтай хамт цагдаагийн газарт очих хэрэгтэй байна” гэж хэлсэн боловч К.Ж- нь үл тоомсорлож “та нар надаас юм долоохгүй, би та нартай хамт явахгүй” гэх мэтээр хэл амаар доромжилж шаардлагыг нь биелүүлээгүй. Тэгээд Н.Т- бас нэг хоёр цагдаа дуудсан. Тэд нар А.Ж-, Б.Ш- гэх хоёр цагдаа байсан. Ингээд А.Ж-, Б.Ш- нар ч гэсэн К.Ж-т хандаад “...та бид нартай хамт цагдаагийн газарт очиж шалгуулах шаардлагатай, та бид нартай хамт яваарай” гэх шаардлага тавьсан боловч тэд нарыг ч гэсэн эсэргүүцэж “та нар хуцаад байлгүй миний хашаанаас зайлцгаа, би машин жолоодоогүй” гэх мэтээр орилж хашхираад өөрөө байшингийнхаа үүдний шатанд гараад зогсоод байсан. Тэр үед А.Ж- К.Ж-т хандаад та бид нартай хамт явах хэрэгтэй, наашаа буугаад ир гэж хэлээд зогсож байхад К.Ж- нь А.Ж-ийн гэдэс тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн Тэгэхэд А.Ж-, Б.Ш- нар К.Ж-ийг хүчээр машинд суулгах гэтэл К.Ж- өөрөө газарт хэвтэж аваад тэдний шаардлагыг эсэргүүцээд л байсан. Тэгээд Н.Т- гэх байцаагч К.Ж-ийг хүчээр машинд суулгаад авч яваарай, цагдаагийн газарт очоод үлээлгэж шалгана гэснээр Б.Ш-, А.Ж- хоёр машинд суулгах гэтэл машинд суухгүй эсэргүүцэж бөөн юм болоод байхаар нь К.Ж- бид хоёр ч гэсэн цагдаа нарт туслаад машинд нь суулгаж өгсөн. Машинд суухад цагдаагийн машиныг А.Ж- жолоодож явсан. Харин Б.Ш- К.Ж-тэй хамт машины арын суудалд суугаад явсан. Тухайн үед цагдаа нар надад хандаад “та ч гэсэн бид нартай хамт цагдаагийн газарт очоорой” гэсэн тул би өөрийн машинаа жолоодож К.Ж-тай хамт цагдаагийн газарт ирсэн. Тэгээд цагдаа нар цагдаагийн газрын хашаанд орж зогсоод К.Ж-ийг машинаас буулгах гэтэл машинаас буухгүйгээр бас л эсэргүүцээд байсан. Тэгэхэд цагдаа нар К.Ж-ийг машинаас хүчээр татаж буулгахад түүний нэг гутал нь машин дотор сугараад үлдсэн байсан. Энэ үед цагдаа нарын нэг нь К.Ж-ийн гутлыг машинаас авч гараад К.Ж-ийн өөрт нь өгөөд “та гутлаа өмсөөд цагдаагийн газарт өөрөө алхаад бид нартай хамт ор” гэх зүйл ярьсан боловч К.Ж- нь “миний гутлыг та нар өмсүүлж өг” гэх мэт үг хэлж хэл амаар доромжилсон. Тэгээд Б.Ш-, А.Ж- хоёр К.Ж-ийн хоёр гарыг нь мушгиж цагдаагийн газарт хүчээр авч орсон. Энэ үед К.Ж- бид хоёр ч гэсэн тэд нарын араас нь дагаад цагдаагийн газарт хамт орсон. Ингээд К.Ж-ийг цагдаагийн газрын жижүүрийн өрөөнд нь оруулаад сандалд суулгаад А.Ж-, Б.Ш- нар К.Ж- бид хоёрын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгах гэж байхад К.Ж- гартаа бариад сууж байсан гутлаараа А.Ж-ийн толгой тус газарт нь хоёр удаа цохиод авсан. Тэгээд намайг болон К.Ж-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасны дараа би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

31. Гэрч К.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улмаар цагдаагийн газраас Н.Т- гэх байцаагч ирээд тухайн хашаанд ороход машиныг жолоодож ирсэн хүн болох К.Ж- гэх хүн цагдаад болон бид нарт хандаад “та нар олон юм хуцалгүй миний хашаанаас гарцгаа, би машин жолоодоогүй, машинаа шүргүүлсэн юм бол шүргэсэн хүнээ олж аваарай, одоо миний хашаанаас гараад явцгаа” гэх тайлбар тавьж байцаагч Н.Т-ын шаардлагыг биелүүлээгүй болно. Тэгээд Н.Т- нь нэмэлт цагдаа нар дуудаж байсан бөгөөд удалгүй цагдаагийн газрын албаны машинаар хоёр цагдаа ирсэн. Тэдний нэг нь А.Ж-, нэг нь Б.Ш- гэх хоёр цагдаа байсан. Улмаар тухайн цагдаа нар ирээд К.Ж- гэх хүнд хандаад “та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол цагдаагийн газарт очиж шалгах шаардлагатай, та бид нартай хамт яваарай” гэх шаардлага тавьсан боловч тэд нарт ч гэсэн “та нар хуцаад байлгүй зайлцгаа, би машин жолоодоогүй, миний хашаанд та нар орох ёсгүй гараад зайлцгаа” гэж шаардлагыг нь биелүүлээгүй хашаандаа газарт хэвтээд авсан. Тэгээд Женист босоод хамт дагаж явах талаар шаардлага тавиад зогсож байсан А.Ж-ийн гэдэс тус газарт нь К.Ж- хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхэд Б.Ш- болон А.Ж- хоёр К.Ж-ийн хоёр талаас нь гарнаас нь барьж аваад машиндаа суулгах гэсэн боловч К.Ж- машины хаалганаас нь барьж аваад зууралдаад машинд суухгүй эсэргүүцэж байхад нь найз Т.Т- бид хоёр ч гэсэн цагдаа нарт туслаад К.Ж-ийг машинд суулгаж өгсөн. Тэгээд тухайн цагдаа нар К.Ж-ийг цагдаагийн газар луу авч явсан ба цагдаа нар Т.Т- бид хоёрт ч гэсэн хамт яваарай гэснээр цагдаагийн машины араас өөрсдийнхөө машинаар дагаад цагдаагийн газрын арын хашаанд нь ирж зогссон. Тэгээд К.Ж-ийг цагдаа нар машинаас буулгах гэтэл машинаас буухгүй зууралдаад байсан тул А.Ж-, Б.Ш- нар машинаас хүчээр буулгахад нэг гутал нь сугарсан байсан. Тэгээд цагдаа нар К.Ж-т хандаад та гутлаа өмсөөд цагдаагийн газарт бид нартай хамт ор гэх шаардлага тавихад К.Ж- бас л биелүүлэхгүйгээр “та нар миний гутлыг өмсүүлж өг, та нар бол боовнууд” гэх мэтээр хэл амаар доромжлоод орилоод байхаар нь Б.Ш-, А.Ж- хоёр К.Ж-ийн хоёр гарыг нь мушгиж цагдаагийн газарт хүчээр авч орсон. Энэ үед Т.Т- бид хоёр ч гэсэн араас нь дагаад хамт орсон. Тэгээд К.Ж-ийг цагдаагийн газрын жижүүрийн өрөөнд нь оруулаад сандалд суулгаад А.Ж-, Б.Ш- нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгах гэж байхад К.Ж- гартаа бариад сууж байсан гутлаараа А.Ж-ийн ар талаас нь дагз тус газарт нэг удаа цохиод авахад А.Ж- өөрөө эргэж хараад К.Ж-ийг барьж аваад тухайн сандалд дахиж суулгаад дахин цаашаа эргээд юм хийж байхад К.Ж- нөгөө гутлаа дахиад А.Ж- руу шидэж толгой тус газарт нь гутлаар цохиод ухас хийж дайрахад А.Ж-, Б.Ш- хоёр К.Ж-ийн хоёр талаас нь дахиад барьж авсан. Тэгээд К.Ж-ийн болон Т.Т-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгасны дараа би яваад өгсөн. Б.Ш-ад гар хүрсэн эсэхийг нь бол хараагүй, гэхдээ хэл амаараа доромжилж хараалын үгнүүд хэлж л байсан. Мөн тухайн үед бид нар цагдаагийн газрын хашаанд ирж зогсоод машинаас буухад Б.Ш-, А.Ж- нар ч гэсэн машинаас буусан. Тэр үед Б.Ш-ын нэг мөрдөс болон энгэрийн камераа гартаа бариад бууж ирээд өөрөө мөрдсөө зүүгээд энгэрийн камераа бас мөрдсөндөө зүүж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

32. Гэрч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цагдаагийн газрын 102 дугаарт “Холбооны 3 замын уулзварт ..... БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар, тээврийн хэрэгслийг шүргэж зугтаасан” талаар иргэн Т.Т-гаас дуудлага өгснийг жижүүрийн алба хаагч нар надад дамжуулж хэлсэн. Тэгээд би Т.Т-тай утсаар холбогдож болсон асуудлыг тодруулахад Т.Т-: “би өөрийн верна загварын тээврийн хэрэгслээр холбооны 3 замын уулзвар дээр явж байхад ..... БӨА дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийг шүргээд зогсолгүй яваад өгсөн тул би араас нь дагаад иртэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу байна, машинаа хашаандаа оруулж тавьчихаад бид нарыг оруулахгүй байна” гэсэн тул би тухайн иргэдийн хэлсэн газарт нь очиход Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух иргэн К.Ж-ийн хашааны гадна Т.Т- болон К.Ж- хоёр зогсож байсан. Би Женист “та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл шүргэсэн байна, энэ хүмүүс таны араас чинь дагаж ирсэн байна, та надтай хамт цагдаагийн газарт очиж шалгуулах шаардлагатай” гэж шаардлага тавьсан боловч надад салаавч гаргаж “би машин жолоодоогүй, та нар машин жолоодсон хүнээ олж аваарай” гэх мэт зүйл хэлээд шаардлагыг маань биелүүлээгүй тул би тухайн өдрийн эргүүлүүд болох Б.Ш-, А.Ж- нарыг дуудсан. Тэгээд А.Ж-, Б.Ш- нарт К.Ж-ийг цагдаагийн газарт авч очиж согтуурлын хэмжээг нь шалгуулах, тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хүргэх талаар үүрэг өгсөн. Тэгэхэд А.Ж-, Б.Ш- нар Женист цагдаагийн газарт хамт очиж согтуурлын хэмжээг нь шалгуулах талаар шаардлага тавьсан боловч К.Ж- нь тухайн шаардлагыг үл биелүүлж эсэргүүцсэн тул Б.Ш-, А.Ж- нар түүнийг арай гэж хүчээр машиндаа суулгаж аваад цагдаагийн газарт авч ирсэн. Тухайн үед Б.Ш-, А.Ж- нарын зүгээс К.Ж-т “цагдаагийн газарт очиж согтуурлын хэмжээг нь шалгуулах” тухай шаардлага тавьсан боловч К.Ж- биелүүлээгүй, биелүүлэхгүй гэдгээ үгээр болон үйлдлээр илэрхийлж салаавч гаргаж, та нар надаас олж долоохгүй гэх мэт үгсийг хэлсэн. Мөн тухайн үед К.Ж- нь байшингийнхаа үүдний шатан дээр гарч хэвтэж аваад босохгүй байхад Б.Ш-, А.Ж- нар өргөөд буулгаж цагдаагийн байгууллагын албаны тээврийн хэрэгсэлд хүчээр суулгаж аваад хөдөлсөн. Тухайн үед К.Ж- нь машинд суухгүйгээр эсэргүүцэж байх явцад Б.Ш-ын энгэрийн камер болон нэг мөрдсийг нь авч газарт хаясан байхад нь А.Ж- аваад машиндаа суусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

33. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Ш-ын энгэрийн камер нь хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж үзэхэд дэлгэц нь хагарч харласан, бичлэг хийх боломжгүй байсан. Тухайн энгэрийн камерын дэлгэцийн камерыг дангаар нь сольж болохгүй, шинээр худалдаж авах шаардлагатай” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

34. Шүүгдэгч К.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

35. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан.

37. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид... халдаж үйлдсэн гэж цагдаагийн... байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд нь зориулж олгосон эд зүйлд халдаж, эвдэж гэмтээснийг ойлгоно.

38. Цагдаагийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтад “хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах” бүрэн эрхтэй байна.

39. Шүүгдэгч К.Ж-ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

40. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч К.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

41. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.Ж-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

42. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

43. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч К.Ж-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ш-ын энгэрийн камерыг эвдэлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч Б.Ш-ын “...яллагдагч К.Ж- нь миний энгэрийн камерын үнийг буюу учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...нийт 500,000 төгрөгийг дансанд шилжүүлж өгсөн. Тийм учраас миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 43 дахь тал/-ээр түүнийг хохирогч Б.Ш-ад төлөх төлбөргүй гэж үзлээ.

44. Харин хохирогч А.Ж-т ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд хохирогч А.Ж-ийн “...К.Ж- нь хийсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйсан, тийм учраас миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47, 49 дэх тал/-ээр түүнийг хохирогч А.Ж-т төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

45. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

46.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс “Шүүгдэгч К.Ж-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагыг талаар мэтгэлцэв.

47. Шүүгдэгч К.Ж- нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

49. Шүүгдэгч К.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

50. Шүүгдэгч К.Ж- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөлд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилжээ.

52. Шүүгдэгч К.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон байна.  

53. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч К.Ж-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Ж-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1  жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

54. Шүүгдэгч К.Ж- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.  

55. Энэ хэрэгт шүүгдэгч К.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД бичлэгийг эрүүгийн 2213003060257 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

56. Шүүгдэгч К.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.х овогт К-ы Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж, хүч хэрэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Ж-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Ж-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч К.Ж- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч К.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД бичлэгийг эрүүгийн 2213003060257 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК