Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2018/00166

Дундговь аймаг

 

. Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х би А.П-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 01 сарын 11-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б сумын Эрүүл мэндийн төвийн 2016.12.09-ний өдрийн 34 дугаартай ажлаас халах тухай тушаалаар тус эрүүл мэндийн төвийн жолоочийн ажлаас чөлөөлж миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж тус шүүхэд хандсанаар Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шат, Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн тогтоолоор намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан билээ. ...... Гэтэл Д.Д нь намайг 2017 оны 11 сарын 6-нд дуудсан ба очиж уулзахад ажилд томиллоо гэхдээ хамт олны саналаар жолоочоор биш няраваар авч ажиллуулахаар боллоо гэсэн. Тэгэхэд нь би шүүхийн шийдвэрээр жолоочийн ажилд эгүүлэн томилогдсон тул би жолоочоо хийнэ гэж хэлсэн намайг ажилд томилсон талаарх тушаалыг надад өгөөгүй дараа өгнө явж байгаад ир гээд намайг явуулсан. Би ажлаа хүлээж аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ямар ажил хийж байгаагаа мэдэхгүй байна тушаал гарсан бол авъя гэхэд тушаал чинь гарсан аваарай гэсэн боловч өгөөгүй. .....2017 оны 12 сарын 6-ны өдрийн 51 тоот тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн байна. Намайг ажлаас чөлөөлсөн болон ажилд  томилсон тушаалуудыг 2017 оны 12 сарын 26-нд өөрөө эмнэлэг дээр очиж авсан. Миний бие Д.Дг шүүхийн шийдвэр биелүүлсэн, ажилд эгүүлэн томилсон гэж үзэхгүй байх ба намайг ажиллуулахгүй гэсэн зорилгоор эдгээр тушаалуудыг гаргаж надад мэдэгдэлгүй ажилгүй болгож байгаад гомдолтой байна.  

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

             Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.П,

 

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн төлөөлөгч Д.Д нар

харилцан тохиролцож дараах нөхцлөөр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

  1. Хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь ажилгүй байсан хугацааны цалинд 500000 / таван зуун мянган/ төгрөг 2018 оны 4 сарын 10-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлөхийг мөн 2017 оны 11 сараас 2018 оны 3 сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт нөхөн бичилт хийж зохих шимтгэлийг төлөхийг зөвшөөрсөн.
  2. Нэхэмжлэгч А.П нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 11 сараас 2018 оны 3 сарын цалинд 500000 /таван зуун мянга/ төгрөгийг авахыг хүлээн зөвшөөрч байна.
  3. Ажилгүй байсан хугацааны цалинд 500000 төгрөг олгох ба уг мөнгөнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ямар нэгэн татвар, хураамж, шимтгэл суутгахгүй байхаар талууд тохиролцов. Иймд зохигчдийн эвлэрийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.П-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч А.П-д хариуцагчийн төлөөлөгч Д.Д  нь ажилгүй байсан хугацааны цалинд 500000 / таван зуун мянган/ төгрөгийг  2018 оны 4 сарын 10-ны өдрөөс өмнө төлөхийг мөн 2017 оны 11 сараас 2018 оны 3 сарыг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж зохих шимтгэлийг төлөхийг зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч А.П нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 11 сараас 2018 оны 3 сарын цалинд 500000 /таван зуун мянга/ төгрөгийг авахыг хүлээн зөвшөөрч байна. Ажилгүй байсан хугацааны цалинд олгож буй 500000 /таван зуун мянга/ төгрөгөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын ямар нэгэн татвар, хураамж, шимтгэл суутгахгүй байхаар талууд тохиролцсон байна. Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч А.П, хариуцагчийн төлөөлөгч Д.Д нар нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч А.П нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 11 сараас 2018 оны 3 сарын  цалинд 500000 /таван зуун мянга/ төгрөг  өгөхийг хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалинд олгож байгаа 500000 /таван зуун мянга/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгахгүйгээр 2017 оны 11 сараас 2018 оны 3 сарыг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх  15650 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагчаас 7825  төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Л.Х