Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 22

 

                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Гомдол гаргагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, .....-р хороо, ..... байр, ..... тоотод оршин суух, Г овгийн Ц.Ө,

      Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Н-д холбогдох,

      Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н-ийн 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 0176459 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч зөрчилд холбогдогч Ц.Ө /Улаанбаатар хотоос цахимаар/, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Гомдол гаргагч Ц.Ө шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н-ийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" №0176459 дугаар шийтгэлийн хуудсыг 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар, гэрийн хаягаар хүлээж авч нэхэмжлэлийг гаргаж байна. 

        ...Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н нь эхний удаад утсаар холбогдож Сонгуулийн үеэр ХААН банкинд нээлгэсэн Хандивын дансаа бүртгүүлээгүй, тайлагнаагүй талаар ярихад

      Би аль нь ч байсан 2020 оны 05 сард ХААН банкинд нээлгэсэн Хандивын дансныхаа талаар болон түүгээр хийгдсэн гүйлгээ, 2020 оны 07 сард Үндэсний Аудитын газарт хүргэсэн тайлан зэрэг мэдээллээ тайлбарын хамтаар хүргүүлье гэж хэлснийхээ дагуу Д.Н-ийн ....... мэйл хаягаар 2021 оны 02 дугаар сарын 04-нээр огноолсон мэдүүлэг, тайлбараа илгээсэн болно.

     Түүнээс хойш Д.Н гуай нэг удаа утсаар ярих үед нь Ц.Ө миний туслагчаар ажиллаж байсан Л.Байгалмаа нь 2020 оны 07 сарын 24-ний өдөр Үндэсний Аудитын газар луу миний ХААН банкинд нээлгэсэн дансаар хийгдсэн гүйлгээний талаархи Тайланг явуулчихсан юм байна лээ.

      Уг тайланг шаардлагад нийцэж буй эсэх талаар дахин Үндэсний Аудитын газраас эргэж холбогдож, тодруулсан ямар нэгэн асуудал гараагүй буюу эргэж ямар нэгэн харилцаа үүсгээгүй гэнэ лээ. Тиймээс Тайланг хүлээгээд авчихсан гэж нэр дэвшигч Ц.Ө би ойлгож байгаа.

     Тэр Үндэсний аудитын газар хүргүүлсэн Тайлан дээр чинь 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр ХААН банкинд нээлгэсэн миний хандивын дансны дугаар байгаа шүү дээ. Угаасаа тэр л дансаар хийгдсэн орлого, зарлагын тайлан шүү дээ гэдгийг тайлбарласан болно.

     Мөн нэр дэвшигч нарт банкинд хандивын данс нээхдээ банкны зүгээс “Нэр дэвшигчид тавьдаг бүх шаардлагуудыг хангаад, түүний дотроос хаа нэгэн газар, хэн нэгэнд ямар нэгэн өр, зээл, санхүүгийн холбогдолтой зөрчил байхгүй талаархи мэдээлэл болон биеийн байцаалттай холбоотой мэдээллүүдийг аваад, тусгай хуудас бөглүүлээд, гарын үсэг зуруулаад банк аваад үлдсэн бөгөөд Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 57.5-д  “Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасанчлан ХААН банк ч миний сонгуулийн хандивын дансны мэдээллийг Үндэсний аудитын газарт хүргүүлчих хуулийн зүйл, заалт байгаа юм байна лээ.

       Хугацааны хувьд наана, цаана хэд хоногийн зөрүү байх шиг байна лээ. Эцсийн дүндээ Үндэсний аудитын газар дансыг бүртгэж авч, хянах нь л чухал юм.

      Тэгэхээр заавал Нэр дэвшигч өөрөө өгөөгүй учраас гэж далимдуулаад торгоод, шийтгээд авъя гэдэг ийм сэтгэл, хуйвалдаанаар Та бүхэн ажиллаад яах вэ дээ?

      УИХ-ын сонгуультай холбоотой бүх асуудлыг нэг бүрчлэн судлахгүйгээр, нэр  дэвшихээс өмнөх нэр дэвшигчийн бүрдүүлэх шаардлагатай бүх мэдээллийн асуудлыг “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвсэл дээр төвлөрөөд, Нэр дэвшигч нараас шаардаад  төрийн холбогдох байгууллагууд руу явуулаад байсан учраас бүх хуулийг нэг бүрчлэн судлаагүй алдаа дутагдлаа хүлээж байна аа гэдгээ хэлж, би огт буруугүй гэж тас зөрүүдлэхгүй байгаа гэдгээ Д.Н гуайд илэрхийлсэн билээ.

      Би өмнө нь Хөдөө аж ахуйн их сургуульд дэд захирал буюу проректороор ажиллаж байхдаа Мониторинг, Дотоод Аудитын асуудал хариуцдаг байсан учраас Аудитын талаар бага зэрэг ойлголттой гэдгээ ч Д.Н гуайд утсаар хэлээд "аудитын байгууллага, мэргэжилтэн нар бол заавал хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийг торгож шийтгэх үүрэггүй бөгөөд зөвлөх, засах, запруулах үүрэгтэй" байдаг юм шүү?, тэр талаас нь бодож, анхаарахыг хүсэж буйгаа ч илэрхийлсэн.

      Аудитын байгууллагад нэр дэвшигч нар хандивын дансаа хуулинд заасан хугацаанд амжиж бүртгүүлээгүй, Хандивын дансныхаа явцын тайланг санал хураалтаас цөөхөн хоногийн өмнө үнэн зөвөөр хүргүүлээгүй гэх асуудап бол бүх нэр дэвшигчийн тухайд зөрчигдсөн болон үнэн зөвөөр хийгдээгүй гэдэг нь хэнд ч тодорхой байна.

      Учир нь цаг хугацаа маш хязгаарлагдмал байсныг хүн бүхэн мэдэж байгаа. Тиймээс энэ бүхнийг харгалзаж үзэж уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

      ...Би 2020 оны сонгуульд оролцохынхоо өмнө Монгол улсын Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газарт өөрт холбогдолтой өмч болон банкны картын үлдэгдэл, бэлэн мөнгөө бүгдийг нь бичгээр гаргаж өгөөд, өмнө нь хаана ч хэзээ ч ямар нэгэн хадгаламжийн данс нээлгэж нэг ч төгрөг хаа нэгтээ банкинд хадгалуулж байсан түүх байхгүй гэх мэт бүхнээ тодорхой гаргаад тайлагнаад хүргүүлээд, тэдгээр байгууллагууд ч бодвол миний үнэн тайлагнасныг хянаад, нягтлаад, ямар нэгэн мөнгө, хөрөнгийн асуудалгүй учраас сонгуульд нэр дэвших эрх олгосон гэдэгт эргэлзэхгүй байна.

     Өөрт байсан арав гаруй сая төгрөгөөрөө хэдэн мянган сонин, брошюр хэвлүүлээд Увс аймгийн айл өрхүүдийн олонход нь чадах ядахаараа хүргүүлсэн байгаа. Миний Увс аймагт нэр дэвшсэнтэй холбоотой санхүүгийн бодит байдал энэ болно.

       Аливаа гэмт хэрэг, зөрчил нь үйлдэгдсэн газар нутагтаа, үйлдсэн эзэн нь амьдардаг харьяаллын хууль хяналтын байгууллагад шалгагдаж, хянагддаг жишиг байх шиг байдаг юм. Энэ талаар Д.Н гуайд утсаар ярихдаа ч хэлж байв.

     Тиймээс нэр дэвшигч би Увс аймагт нэрээ л дэвшүүлсэн болохоос энэ “Зөрчил”- тэй болон надтай холбоотой бүх субъект, объектууд нь Улаанбаатарт байгаа юм.

      Гэтэл Яагаад Заавал Увсад Хэрэг захиалж үүсгүүлж буй нь ихээхэн хардлага төрүүлж байгаа юм.

    1.2020 оны УИХ-ын сонгуульд намайг нэр дэвшүүлсэн “Зөв хүн электорат" эвсэл нь Улаанбаатар хотод байгаа. Нэр дэвшигч нартаа ядаж ганц төгрөгний дэмжлэг үзүүлдэггүй юм аа гэхэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох мэдээллүүдээр хангаж, Сонгуулийн дараа ч тайлан болон бусад зүйлсийг нь шаардаж, нягтлах гэх мэтээр тодорхой хариуцлага хүлээх ёстой биз дээ?. Би уг нь "Зөв хүн электорат" гэдэг эвсэлд харьяалагдсан нэр дэвшигч шүү дээ. үүнийг ч Д.Н гуай огт харгалзахгүй байгаа нь хаанахын хэний захиалга юм бүү мэд?

         2.Нэр дэвшигч миний байнгын амьдардаг хаяг нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг,

        3.Сонгуулийн хандивын дансыг Улаанбаатар хот дахь ХААН банкны салбарт нээлгэсэн,

      4.Сонгуулийн тайлангаа Улаанбаатар хотоос гаргаж имэйлээр хүргүүлсэн,

        5.Намайг сонгуульд нэр дэвшиж болох эсэхийг хянасан Үндэсний аудитын газар нь Улаанбаатар хотод,

             6.Миний хөрөнгө орлогыг хянаж Зөвшөөрөл өгсөн Авлигатай тэмцэх газар нь Улаанбаатар хотод,

         7.Намайг УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэрээ дэвшүүлэх эрхийг олгосон Сонгуулийн ерөнхий хороо нь Улаанбаатар хотод байгаа гэх мэтээр энэхүү “зөрчлийн хэргийн харьяалал Увс аймагт бус, Улаанбаатар хотод л байгаа юм гэдгийг Д.Н-д утсаар хоёр удаа тайлбарлаж ойлгуулахыг оролдсон боловч тэрээр огтхон ч авч хэлэлцсэнгүй.

     Энэ бүхнээс харахаар энэ "зөрчлийн хэрэг" нь Улаанбаатар хотод л үүсгэгдэж, хянагдахаар байна гэж бодогдсоор байгаа юм.

      Д.Н нь "дээрээс" Ц.Ө-д өндөр мөнгөн дүнтэй шийтгэл оногдуулах үүрэг авсан нь ч ярианых нь өнгө, хандлагаас тодорхой байсан болно. асуудлын үнэн, зөвийг тодруулах, мөн чанарыг нь ойлгох, Монгол улсад болон хэн нэгэнд ямар нэгэн өчүүхэн төдий ч хохирол учруулаагүй иргэн хүний талд шийдвэрлэх талаар огтхон ч бодож эргэцүүлэхгүй байгаа нь тодорхой байсан болно.

       Ц.Ө миний тухайд ч, бусад нэр дэвшигчдийн тухайд ч Үндэсний аудитын газарт дансаа хожимдож бүртгүүлснээрээ би хэн нэгэнд болон Монгол улсад өчүүхэн төдий ч хохирол учруулсангүй, хэн нэгэн болон ямар нэгэн байгууллагад өчүүхэн төдий ч эрсдэл үүсгэсэнгүй, Ц.Ө миний хандивын дансаар нэг ч төгрөгний хууль бус гүйлгээ хийсэнгүй.

       Ц.Ө надтай холбоотойгоор 2020 оны Сонгуулийн үеэр нэг ч сонгогч болон иргэнээс ямар нэгэн гомдол ирсэнгүй.

        Үндэсний аудитын газар нь хэрэв хүсвэл бүх мэдээллийг Ц.Ө хүргэсэн ч, эс хүргэсэн ч өөрсдөө аваад, шалгаад үзчихдэг юм билээ.

      2020 оны Сонгуулийн өмнө Ц.Өтой холбоотой ямар нэгэн санхүү, татварын асуудал байгаа эсэхийг Үндэсний аудитын газар нь өөрсдөө шалгаад, 7500 (долоон мянга таван зуу) төгрөгийн утааны татвар төлөөгүй байна гэдэг худал дүгнэлт гаргасан бөгөөд тэгснийхээ дараа өөр татвар дээр илүү төлөлттэй байгаа учраас хооронд нь шилжүүлээд зохицууллаа гэдэг хариуг өгсөн болно.

      Ингээд бодохоор Ер нь Үндэсний аудитын газар, Монгол улсын Сангийн яам, 2020 оны УИХ-ын Сонгуулийн 15 дугаар тойрог -Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н, түүний гэр бүлийн хүрээллийнхэн хамтраад Ц.Ө намайг хорлож, хохироох зорилготой, ямар нэгэн холбоо бүхий өсөрхөл, хонзогнолын нэгдэл байгаа нь ч илэрхий юм. Энэ хандлагыг нь ч Д.Н гуайд тойруу замаар хэлсэн билээ.

      Уг нь холбогдох хуулийн дагуу Үндэсний аудитын газарт ХААН банкны зүгээс ч миний дансны мэдээллийг хүргүүлчихсэн байх ёстой бөгөөд миний менежерээр ажилласан Л.Байгалмаа ч хүргүүлсэнг амаар болон бичгээр илэрхийлсэн билээ.

     Хамгийн гол нь Би холбогдох хуулийн дагуу хэн нэгэн хүн, аль нэгэн байгууллагад өчүүхэн төдий ч хохирол, эрсдэл учруулаагүй байхад намайг яагаад ийм их дааж давшгүй өндөр мөнгөн дүн бүхий шийтгэлээр шийтгэж буй нь туйлын ойлгомжгүй.

      Монгол улс 600 гаруй хуультай гэдэг. Монгол улсын Үндсэн хуулиас эхлээд бүх хуулийн, бүх зүйл заалтыг бүх иргэн өдөр бүр цээжлээд, биелүүлээд явна гэх ойлголт байхгүй шүү дээ. Ийм байтал сонгуулийн хуулийн бүх заалтыг бүгдийг нь цээжлэж, олж харж биелүүлсэнгүй гэж намайг 10 сая төгрөгөөр торгож буй нь үнэхээр харгис хатуу байна.

       Монгол улс маань Үндсэн хуулиндаа "хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна" гэж тунхагласан улс орон шүү дээ.

      ...2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр миний менежерээр, надад туслаж ажилласан багийн гишүүн Лхагва овогтой Байгалмаа нь 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 16 цаг 04 минутад Үндэсний аудитын газарт Нэр дэвшигч миний сонгуулийн зардлын тайланг ................... гэдэг хаягаар хүргүүлсэн баримтыг Д.Н-д электрон шуудангаар хүргүүлсэн...

      Энэ дансыг Үндэсний аудит бүртгэхийн хамгийн гол агуулга, утга учир нь тухайн дансаар хууль бус гүйлгээ хийгдсэн эсэхийг л хянахад орших нь хэн бугайд ч туйлын ойлгомжтой асуудал шүү дээ.

      Иймд Ямар нэгэн гүйлгээний зөрчилгүй байхад өсөрхөл, хонзогнол, үзэн ядалтын үүднээс жирийн иргэн хүнийг 10 сая төгрөгөөр торгох нь огт байж боломгүй үйлдэл болно...

      Миний тухайд Увс аймгийн Тэс суманд 10 жилийн сургуулиа онц төгсөөд, Хөдөө аж ахуйн их сургуульд Урилгаар элсээд, Хөдөө аж ахуйн их сургуулиа дүүргээд Хүнс хөдөө аж ахуйн яамны томилолтоор Биокомбинатын Вакцины үйлдвэрт томилогдож очсоноос хойш Төрийн албанд тасралтгүй 20 гаруй жил амжилттай ажиллаж байгаад Монгол улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолтой холбоотойгоор ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөөд сүүлийн 2 жил гаруйн турш ямар нэгэн ажил эрхлээгүй байж байна.

       Манай эхнэр хүний их эмч мэргэжилтэй бөгөөд мөн л төрийн албан хаагч. Нэг хүүхэд оюутан, хоёр хүүхэд сурагч болно. Иймээс ганцхан эхнэрийнхээ цалингаар л амьдарч байгаа нь үнэн болно.

   ...Төрийн аудитын дээд байгууллага нь Увс аймгийн Татварын хэлтсийнхэнтэй хавсайдаж Зөрчлийн хэрэг үүсгүүлэн, нэр дэвшигчийг ийнхүү хорлож хохироохоор оролдож буй нь туйлын зохисгүй үйлдэл гэж үзэж байна.

     Ер нь сонгуульд оролцож нэр дэвшсэн эвсэл, нам, нэр дэвшигчийн санхүүгийн тайланг Аудитаар хянахын гол утга учир нь Сонгуульд оролцохдоо нээсэн дансаараа хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн Хандив, тусламж авч буй эсэхийг, түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооноос тогтоосон нэр дэвшигчдийн зарцуулах зардлын хэмжээнээс хэтэрсэн эсэхийг л хянахад орших байх гэж үзэж байна.

      ..Би уг сонгуулийн дансыг ашиглаж ямар нэгэн хэтэрсэн буюу хууль бус гүйлгээ хийгээгүй болно. Энэ талаарх мэдээллийг нь мэдээж ХААН банкнаас Аудитын байгууллагад илгээсэн баримт, дансны хуулгаас тодорхой харж болохоор байгаа нь ойлгомжтой бөгөөд Аудитын байгууллага ч аль хэдийн хяначихсан байгаа нь эргэлзээгүй гэж бодож байна.

     Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан 15 дугаар тойрогт нэр дэвшигчийн гаргаж болох зардлын хэм хэмжээнээс миний зарцуулалт огтхон ч хэтрээгүй болно. Увс аймагт 2020 оны УИХ-ын Сонгуулийн үеэр аль нам эвслийн хэн гэгч нэр дэвшигчид хэр их зардал мөнгөөр хэрхэн ажиллаж байсныг Увсын ард түмэн ч, Монгол даяараа ч харж мэдэрч байсан болно.

      Намайг гартаа цөөхөн сонин, номоос өөр юу ч үгүй, нэг ч хүнд нэг ч төгрөг, ганц шил архи ч өгөх чадваргүй этгээд юм байна гэдгийг уулзсан, харсан бүх хүн мэдэрч мэдсэн байх гэдэгт эргэлзэхгүй байна.

        Миний ажил, амьдралын байдал ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн орлогогүй, улс орон даяар Ковид 19 өвчний нөхцөл байдлын улмаас бараг бүх аж ахуйн нэгж, бүх айл өрх, бүх иргэн санхүүгийн хямралтай байгаа үед улс төр эргэсэн нэр бүхий хонзогногчдын нөлөөллийн улмаас Д.Н гуай ийнхүү хорлонтойгоор, бусдын өс хонзонг гүйцэлдүүлэхээр, тэд хамтдаа намайг үзэн ядаж, хэн нэгний захиалга гүйцэтгэгч болж ажиллаж буй нь миний тухайд үнэхээр харамсалтай байна.

     Тиймээс энэ бүх нөхцөл байдлыг харгалзан Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н-ийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" № 0176459 дугаар шийтгэлийн хуудсаар гаргасан 10,000,000 (арван сая) төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгож өгөхийг хүсэж энэхүү нэхэмжлэлээ үүгээр гаргаж байна” гэжээ.

         Гомдол гаргагч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны Улсын их хурлын сонгуулийн Увс аймгийн 15 дугаар тойрогт Зөв хүн электорат эвслээс нэр дэвшсэн. Үүнтэй холбоотойгоор аудитын газарт хандивын дансаа нээж бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын албаны дарга Д.Н нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 0176459 дугаартай шийтгэлийн хуудсаар надад 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Анх надад энэ тухай Д.Н утсаар танилцуулах үед нь “Энэ үйл ажиллагаа чинь Увс аймагт хийгддэг үйл ажиллагаа биш. Би Улаанбаатар хотод байдаг Зөв хүн электорат эвслээс нэр дэвшсэн. Харьяаллын хувьд Увс аймгаас надад шийтгэл оногдуулах ёсгүй” гэж хэлсэн. Ер нь бол миний дансыг бүртгүүлсэн үү үгүй юу? гэдгийг мэддэг газар нь Улаанбаатар хотод байдаг юм. Би бол бие даагч биш, харин Зөв хүн электорат эвслээс нэр дэвшсэн. Иймд миний сонгуулийн хандивын данс бүртгэх эсэхийг Зөв хүн электорат эвсэл хариуцаж, асуудал гарсан тохиолдолд Зөв хүн электорат эвсэл хариуцлага хүлээх ёстой гэж ойлгож байгаа. Сонгуулийн тухай хуулийн 57.5 “Сонгуулийн зардлын данс байршуулсан салбарын захирал эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл миний сонгуулийн хандивын данс нээсэн Хаан банк ХХК, түүний салбар нь уг дансыг Аудитын байгууллагад хүргүүлсэн байх ёстой гэж хуульчилсан байна. Би нэг төгрөгийн ч зөрчил гаргаагүй. Мөн намайг Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байх үед миний туслахаар ажиллаж байсан Байгалмаа Аудитын газарт миний тайланг явуулсан бөгөөд тухайн тайлан дээр миний хандивын данс бичигдсэн байгаа. Өмнө нь намайг бас тайлангаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр 30.000.000 төгрөгөөр торгосон. Энэ бүх зүйлийг миний эсрэг бүлэглэсэн үйлдэл гэж харж байгаа. Би өнөөдөр яагаад ажилгүй болсон бэ? гэвэл Засгийн газраас манай байгууллагын бүтэц орон тоог шинэчлээд 300 хүнээс 299 хүнийг орхиод ганцхан намайг ажлаас халсан. Сонгууль болохоос 3 хоногийн өмнө явцын тайлан өгөх ёстой байтал би ганцаараа өгөөгүй юм шиг зүйл яриад намайг торгосон. Гэтэл сонгууль болохоос 3 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгааны ажил ид явагдаж байсан. Надтай хамт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар мөнгө тараагаад л явж байсан. Энэ бүх үйл ажиллагааг бүх хууль хүчний байгууллагууд тагнуулын байгууллага нь мэдсэн хэрнээ нэг ч асуудал үүсээгүй. Гэтэл ганц данс явуулаагүй намайг ингэж их мөнгөөр торгосонд гомдолтой байгаа. Жишээ нь хариуцагч Д.Н-ийн нөхрийн дүү Чойжилсүрэнгийн мөнгийг тараагаад л явж байсан. Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу явуулна” гэж заасан байгаа. Миний хувьд Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н надад шийтгэл оногдуулсан нь харьяалал зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Би Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил бүх вакцин миний заавар зөвлөмжөөр явж байгаа. Аудитын газар гэж хүн хорлодог хохироодог газар биш, засдаг, зааварладаг газар байх ёстой. Надаас эрхэлдэг ажлыг минь хүртэл булааж авчхаад, цалин орлогогүй болгочхоод, дахин ийм өндөр дүнтэй торгууль оногдуулж байгаад гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Надад улс эх оронд хохирол учруулсан зүйл байхгүй. Энэ бол дэндүү харгис үйл ажиллагаа болж байна. Намайг 2024 онд дахин нэр дэвших вий гэж л ингэж шахаж дарамталж байгаа гэж бодож байна. Би дахин Увс аймгаас нэр дэвшихгүй гэдгээ сонинд ярилцлагаар ч өгч байсан. Би шүүхэд нэхэмжлэлээ дэлгэрэнгүй өгсөн байгаа. Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н-ийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0176459 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү

       Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Н би, Монгол улсын ерөнхий аудитор Д.Занданбатаас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51,4-д заасан "Нам, эвсэл, болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар. банкны нэрийг санал авах өдрөөс 20- оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн талаарх гомдол мэдээлэлтэй танилцаад Монгол Улсын их хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт Зөв хүн электорат эвсэлээс нэр дэвшигч Ц.Ө-той холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

       Ц.Ө /Улаанбаатар хот, ..... дүүрэг, .....-р хороо, ..... хороолол, нарны зам, ..... тоотод оршин суух хаягтай , .......... регистрийн дугаартай, утасны дугаар ........./-ыг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр, 3.6 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх, үүргийг утсаар тайлбарлан өгч, мөн Ц.Ө-ын өөрийн ............... хаяг цахим хаягруу илгээсэнийг хүлээн авч танилцан хариуг эрх бүхий албан тушаалтан ТУАБ Д.Н-ийн ............... цахим хаягруу ирүүлсэн . Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцоогүй болохыг тэмдэглэв.

      2020 оны 2-р сарын 03-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг анх хүлээн авч ажиллагааг эхлүүлсэн .Холбогдогч Ц.Ө-той ажиллагаа явуулах хугацаанд утсаар болон мейлээр харилцаж байсан болно. Холбогдогчтой цар тахал, хөл хорионы улмаас биечлэн уулзах боломжгүй байсан болно. Холбогдогч Ц.Ө-д Монгол улсын ерөнхий аудитор Д.Заас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан "Нам, эвсэл, болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн талаар мейл хаягаар нь болон утсаар ярьж тайлбарласан боловч * Би сонгуулийн зардлын дансыг нээлгэж улмаар аудитлагдсан тайланг хуулийн хугацаанд Аудитын ерөнхий газарт хүргүүлсэн байгаа * гэдэг тайлбарыг ажилбар хийж байх хугацаанд ирүүлсэн. Товчхондоо хэлэхэд нээсэн сонгуулийн зардлын дансыг миний бие болон миний зөвлөх бүртгүүлээгүй боловч, зардлын тайланг Аудитын ерөнхий газарт хүргүүлсэн байгаа нь би данс нээлгэсэн гэдгийг гэрчилж байгаа гэж яагаад үзэж болохгүй вэ? гэсэн тайлбарыг урд нь ч өгч байсан, одоо ч Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.

      Зөрчил шалган шийдвэрлэх энэ хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд холбогдогчийн хаяг, холбоо барих утас, ажил эрхлэлтийн талаар мэдээлэл авах хүсэлт гаргаж мэдээлэл авах, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн мэдээлэл хүргүүлсэн эсэх, зардлын тайлангаа хүргүүлж аудит хийлгэсэн эсэх талаар албан бичгээр хандаад холбогдогч нь тайлагнаагүй, дансаа бүртгүүлээгүй гэсэн хариуг авсан. Прокурорын зөвшөөрлөөр бүх банкнаас данс нээсэн эсэх талаар мэдээлэл авахад ХААН банкинд данс нээсэн нь нотлогдсон. ХААН банкинд ................. дугаартай данс 2020 оны 05-р сарын 28-ны өдөр нээсэн байх ба Үндэсний аудитын газарт данс нээлгэсэн тухай нэр дэвшигч мэдүүлээгүй нь холбогдогчтой хийсэн ярилцлага, холбогдогчий ирүүлсэн тайлбар, шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр бичсэн тайлбар, дээрхи байгууллагуудаас ирсэн нотлох баримтаар дансаа бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулав” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны Монгол Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшсэн Ц.Ө нь Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэр зэргийг бүртгүүлээгүй зөрчил гаргасан тул түүнд арга хэмжээ авах талаар албан бичиг манай Увс аймгийн Татварын хэлтэст ирсэн. Ийм зөрчил гаргасан 98 нэр дэвшигч байгаа. Манай энэ зөрчлийн шийтгэлийг оногдуулах асуудлыг би хариуцсан прокурортой ч зөвшилцсөн. Сонгуульд нэр дэвшиж буй хүн өөрийн сонгуулийн зардлын данс болон тайлангаа хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл Ц.Ө нь энэ үүргээ биелүүлээгүй тул энэ шийтгэлийг оногдуулахаас өөр аргагүй. Би Ц.Өтой утсаар ярьж үүссэн асуудлын талаар хэлж байсан. Мөн гомдол гаргагч нь энэ асуудлыг улс төрийн оролцоотой л гэж ярьж байна. Би өнөөдрийг хүртэл төрд нийт 30 гаруй жил ажиллаж байна. Надад ямар нэгэн улс төрийн оролцоо бол байхгүй гэв

      Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

      Гомдол гаргагч Ц.Ө нь Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Нгийн 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 0176459 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

     Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Н-ийн 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 0176459 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

     Гомдол гаргагчийн зүгээс “Зөрчлийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн, Үндэсний аудитын газар луу миний Хаан банкинд нээлгэсэн дансаар хийгдсэн гүйлгээний талаарх тайланг явуулсан байхад холбогдох хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх үндэслэлээр маргажээ.

     Хариуцагч улсын байцаагчаас “Ц.Ө нь хуульд заасан хугацаанд Үндэсний аудитын газар тайлангаа өгөөгүй, дансны дугаар, банкны нэр бүртгүүлээгүй, цар тахалтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

   Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Н-ийн үйлдсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 0176459 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Ө-ыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасан “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж зөрчил гаргасан нь холбогдогчтой утсаар ярьсан тэмдэглэл, холбогдогчийн ирүүлсэн тайлбар, банкнаас ирүүлсэн данс, дансны хуулга зэргээр тогтоогдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дахь хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

      Монгол Улсын Ерөнхий Аудитор 2020.10.02-ны өдөр Татварын Ерөнхий газарт “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй 91 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансанд өөрийн хөрөнгийг төвлөрүүлээгүй 1,287.1 сая төгрөг зарцуулсан 15 нэр дэвшигч, хуульд заасан шаардлага хангаагүй 407.2 сая төгрөгийн хандивын орлогыг буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй 1.9 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгоогүй зарцуулсан 78 нэр дэвшигч, иргэнээс хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн 38.5 сая, хуулийн этгээдээс 6.2 сая төгрөгийн хандив авсан 6 нэр дэвшигч, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 48.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн 2 нэр дэвшигч байгаа тул Зөрчлийн тухай хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэх тухай” 2879 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

       Монгол Улсын Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.Өаас Увс аймгийн Татварын хэлтэст “Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот албан бичгийн хавсралтад дурдсан нэр бүхий нэр дэвшигч нарт харьяа татварын албадаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж, явцын талаар тухай бүр, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн үр дүнг хариу мэдэгдэх тухай 2020.10.29-ны өдрийн 06/3212 дугаар албан бичгийг, хавсралтын хамт хүргүүлжээ.

     Үндэсний аудитын газрын 2021.03.11-ний өдрийн 01/772 дугаар албан бичгээр “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д заасны дагуу арилжааны банкнуудаас ирүүлсэн дансны хуулгаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрог буюу “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Ц.Ө нь сонгуулийн зардлын гүйлгээний хуулга ирүүлээгүй, мөн Ц.Ө нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт ирүүлээгүй байна” гэж хариу ирүүлсэн байна.

        Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж,

       Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  тус тус заажээ.

     Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

       Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг  эрх бүхий албан тушаалтанд хуулиар харьяалуулсан байхаас гадна нутаг дэвсгэрийн харьяаллыг анхаарч мөрдөхөөр байна.

         Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг хийсэн ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно” гэжээ.

        Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-дЗөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж заасан байна.

       Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн хувьд үйл баримт нь  нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар , банкны нэрийг  Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг хүргүүлээгүй эс үйлдлийн үр дагавар Үндэсний Аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн байна.

     Үндэсний Аудитын газар нь Улаанбаатар хот, ......... дүүрэгт байршиж , үйл ажиллагаа явуулдаг байхад Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан нь хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн харьяаллын журмыг зөрчсөн байна.

     Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх байжээ.

    Иймд Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Н-ийн 2021 оны 3 сарын 29-ны өдрийн 0176459 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүхээс Улсын байцаагчийн 2021 оны 03 сарын 29-ны өдрийн 0176459 дугаартай шийтгэлийн хуудсыг “нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Ц.Ө-ыг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Ц.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Ц.Ө-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч Ц.Ө-ын гомдлыг хангаж, Увс аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Н-ийн үйлдсэн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 0176459 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Ц.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Ц.Ө-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ОЮУНГЭРЭЛ