Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0629

 

 

 

О.Цын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А,

Нэхэмжлэгч:О.Ц,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд “ЭэЖк” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Гв хотхон, *** байрны 2 дугаар орц *** тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Цыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бусад тооцуулах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0536 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал,

Хэргийн индекс: 128/2024/0054/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0536 дугаар шийдвэрээр:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан иргэн О.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Гв хотхон, *** байрны 2 дугаар орц *** тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Цыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

2.Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

“Компанийн санхүүгийн бүртгэлийн баримтуудад О.Ц 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ”-ээр тохиролцсон гэрээний төлбөр төлсөн тухай баримт байхгүй, төлбөрөө төлж барагдуулаагүй тул тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг эдлэхгүй. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт болох “Төлбөр тооцоо дууссан тухай” тодорхойлолт байхгүй тул улсын бүртгэлд бүртгээгүй нь хуульд нийцэж байгаа бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “ЭэЖк” хэвээр байгаа болно.

Манай компанийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай албан бичгээр зөвшөөрсөн гэж байгаа боловч тухайн үед компанийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн тохиолдолд  компанийн архив баримтад авагдсан байх ёстой ч ямар нэгэн баримт байхгүй, өмчлөх эрхтэй болохоо нэхэмжлэгч өөрөө хөтөлбөргүйгээр нотолж чадаагүй. Энэ тухай тайлбарыг гаргасаар байхад анхан шатны шүүхээс гуравдагч этгээд зөвшөөрсөн гэж өмчлөлийн маргаагүй мэтээр буруу дүгнэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0536 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч О.Цаас “Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Гв хотхон, *** байрны 2 дугаар орц *** тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Цыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бусад тооцуулах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.Анх нэхэмжлэгч О.Ц нь “ЭэЖк” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №П/05-15 дугаарЗоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ”[1] байгуулж, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Денверийн гудамжид байрлах Гв хотхон, *** байрны доор байрлах зоорийн давхарын нийт 81 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авчээ.

3.“ЭэЖк” ХХК нь  “...О.Ц нь гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр албан бичгийг[2] Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн байна.

4.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/376 тоот[3], 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4-179/763 тоот[4]  албан бичгээр тус тус нэхэмжлэгч О.Цт “ЭэЖк” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, Голден вилл хотхон ***-р байр, 2-р орц, *** тоот орон сууцны В1 зоорийн давхрын *** тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Эрхийн бүртгэлийн Ү-22040200**, Ү-22040829**, Ү-22040753** дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдэд тусгай тэмдэглэл бүртгэгдээгүй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээгүй болно” гэх хариу өгчээ.  

5.Мөн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг улсын бүртгэгчээс удаа дараа бүртгэхээс татгалзсан хариу мэдэгдэл[5] өгсөн байна.

6.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаах” зэрэгт хамаарах үндэслэл маргааны үйл баримтаас тогтоогдсонгүй.

7.Харин нэхэмжлэгч О.Ц нь гуравдагч этгээд “ЭэЖк” ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, гэрээний дагуу төлбөр тооцоогоо барагдуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар тусгай тэмдэглэл бүртгэгдээгүй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээгүй зэрэг нь тогтоогдож байна.

8.Гэтэл хариуцагчаас “...тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, Зоос болон Хана банкны барьцаалсан барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлсөн албан бичгийг авсан байх” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.” гэж заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

            9.Хэрэгт нэхэмжлэгч О.Ц нь гуравдагч этгээд “ЭэЖк” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №П/05-15 дугаарЗоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ”[6] байгуулж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Гуравдагч этгээд “ЭэЖк” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирлаас “...О.Ц нь гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр албан бичгийг[7] Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт хаяглан үйлдсэн, эдгээр баримтууд болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь тухайн үед  “ЭэЖк” ХХК-ийн захирал ИЖҮ байсан зэрэг баримтууд[8] хэрэгт авагдсан байна.

            9.Үүний учир гуравдагч этгээдийн “Компанийн санхүүгийн бүртгэлийн баримтуудад О.Ц 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ”-ээр тохиролцсон гэрээний төлбөр төлсөн тухай баримт байхгүй, төлбөрөө төлж барагдуулаагүй тул тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг эдлэхгүй. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт болох “Төлбөр тооцоо дууссан тухай” тодорхойлолт байхгүй тул улсын бүртгэлд бүртгээгүй нь хуульд нийцэж байгаа бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “ЭэЖк” хэвээр байгаа болно” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

            10.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “ЭэЖк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн **,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 6-7 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 8 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 20 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 21 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 27-30 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 6-7 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 8 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 76-77