Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 383

 

СХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02512 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч СХХК, Д.Ээ нарын,

Хариуцагч Д.Бд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Ээ

Нэхэмжлэгч Д.Эийн өмгөөлөгч Э.С

Нэхэмжлэгч СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч

Хариуцагч Д.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч СХХК, Д.Ээ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, Д.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь СХХК-д 2014 оноос эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг ажиллах хугацаанд манай байгууллагаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/А байрны 45 тоот 2 өрөө орон сууцанд түр амьдруулсан. Тэрээр 8 хувийн зээлд хамрагдах, уг орон сууцыг худалдаж авах санал тавьсан бөгөөд банкинд урьдчилгаа төлсөн баримт бүрдүүлэх үүднээс СХХК-ийн үйл ажиллагааны орлогоос 18 000 000 төгрөг, Д.Эээс 18 800 000 төгрөг нийт 36 800 000 төгрөгийг зээлсэн. Бид зээлийн хүү тохиролцоогүй тул гэрээ бичгээр байгуулаагүй. Зээлийн эхний гүйлгээ 8 000 000 төгрөгийг тус компанийн ажилтан н.Оюунчимэг нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн нэрээр Д.Эийн дансанд Д.Бгийн байрны урьдчилгаа төлбөр гэж тушаасан. Мөн СХХК-ийн “С” ХХК-иас гэрээний дагуу авах ёстой 10 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Б бэлнээр нь авч, Д.Эийн данс руу байрны урьдчилгаа төлбөр гэж тушаасан. Энэ мэт компаниас болон Д.Эээс зээлж авсан мөнгөө төлөхгүй байх тул хариуцагчаас 36 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Эээс Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/А байрны 45 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу урьдчилгаа 36 800 000 төгрөгийг Д.Ээд шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч, мөн өөрийн цалингаас төлөхөөр тохиролцсон. Тухайн үед урьдчилгааг бүрэн төлсөн учраас байрандаа нүүж орсон. Гэтэл банкны зээл бүтэхгүй болсон тул Д.Ээд байрны урьдчилгаанд төлсөн 36 800 000 төгрөгийг шаардахад мөнгийг бэлнээр өгнө гэж байснаа дараа нь өгөхгүй гэсэн. Би нэхэмжлэгч нараас 36 800 000 төгрөгийг зээлээгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан СХХК, Д.Ээ нарын нэхэмжлэлтэй, Д.Бд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч СХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч СХХК, Д.Ээ нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: СХХК-ийн кассаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, Д.Эийн Хас банкны картын данснаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 18 800 000 төгрөгийг тус тус хариуцагч Д.Б нь зээлсэн. Гэвч тэрээр энэхүү зээлийн төлбөрийг буцаан төлөөгүй бөгөөд байр худалдан авах асуудал банкнаас түүнд зээл олгох боломжгүй, зээлийн урьдчилгаа төлбөрийн эх үүсвэр нь нотлогдохгүй байна гэсэн шалтгаанаар татгалзсанаар цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Д.Б нь зээлсэн 36 800 000 төгрөгийг Д.Эийн Хас банкны картын данс руу байрны урьдчилгаа төлбөр гэдэг утгатайгаар тухайн үедээ тушаасан. Түүнээс биш зээлийн төлбөрийг буцаан төлсөн гэсэн утгай төлбөр төлөлт хийгдээгүй. Шүүхэд нэхэмжлэгч нарын зүгээс хүсэлт гарган Н.Оюунчимэг болон Б.Пүрэвтуяа нарыг гэрчээр асуусан. Эдгээр гэрч нарт шүүхээс хууль сануулан авсан мэдүүлэгтээ Д.Б нь СХХК болон Д.Ээ нараас 36 800 000 төгрөгийг авсан болохыг хангалттай тодорхойлж, нотолсон. Гэтэл шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын хооронд үүссэн байр худалдах-худалдан авахтай холбоотой болон зээлийн харилцаатай холбоотой үүссэн тус тусдаа хуулиар зохицуулагдсан иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтад тулгуурласан хууль ёсны шийдвэрийг гаргаж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл Д.Бгийн СХХК болон Д.Ээ нараас зээлсэн мөнгөө байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн үйл баримтыг зээлээ төлсөн мэтээр дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл бөгөөд хууль болон хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт зээлсэн мөнгөө буцаан төлсөн талаарх баримт авагдаагүй бөгөөд зээлээ төлөөгүй учир хариуцагчийн зүгээс ийм баримт гаргаж өгөх боломжгүй, байхгүй болно. Иймд нэхэмжлэгч нар Д.Бд байрны урьдчилгаа төлбөрт зориулан зээлсэн зээлийн төлбөрөө буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шаардах эрхтэй этгээдүүд юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч СХХК, Д.Ээ нар нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч СХХК, Д.Ээ нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Бд орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд туслах зорилгоор СХХК-иас 18 000 000 төгрөг, Д.Эийн картын данснаас гүйлгээ хийх замаар 18 800 000 төгрөг нийт 36 800 000 төгрөг зээлсэн гэж, хариуцагч нь байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 36 800 000 төгрөгийг СХХК, Д.Ээ нараас зээлээгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд дуудагдан ирсэн гэрч Б.Пүрэвтуяа нь “Д.Б нь захирал Д.Эээс байр худалдан авахаар болж банкны 8 хувийн зээлд хамрагдахын тулд банкны урьдчилгаа төлсөн болохыг харуулах үүднээс СХХК-ийн орлого 5500 ам.долларыг төгрөгт шилжүүлж 8 000 000 төгрөгийг захирал Д.Эийн данс руу “байрны урьдчилгаа” гэж, мөн Д.Б нь “С” ХХК-иас бэлнээр 10 000 000 төгрөг очиж аваад өөрийн дансандаа хийсэн” гэж, гэрч Н.Оюунчимэг нь “Би 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр СХХК-ийн олгосон чекээр Худалдаа хөгжлийн банкны 409174207 тоот данснаас 5500 ам.доллар авч Найман шарга дээр очиж төгрөгөөр солиулж, 8 000 000 төгрөгийг Д.Ээ захирлын Хас банкны хувийн дансанд хийсэн” гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлгүүд нь нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн бичгийн баримтаар давхар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Эийн Хас банкны дансны хуулгад тэмдэглэгдсэн мөнгөн зарлагыг хариуцагч Д.Б хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн “С” ХХК-иас хариуцагч Д.Бд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримтыг нотолсон санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй тул “Булгат мөрөн” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/34 тоот албан бичгийг үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч СХХК нь чекээр Худалдаа хөгжлийн банкнаас 5500 ам.доллар авсан, Найман шарга дээр очиж солиулсан гэх үйл баримтыг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь 36 800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД