| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц. Ганцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Насанд хүрээгүй хохирогч А.Амин-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Гэрэлцэцэг,
шүүгдэгч И.М нарыг оролцуулан,
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөмөөдэй овогт Ичинхорлоогийн Мт холбогдох эрүүгийн 2203 00627 0600 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мөмөөдэй овогт Ичинхорлоогийн М, /РД: УС./,
Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, “ММ” архитектурт мэдээллийн технологийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 7 дугаар байр 116 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.М нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 100 мод, автобусны буудлын хойд замд өөрийн эзэмшлийн “Toyota Rav-4” загварын 92-18 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ... -ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 9 настай, эрэгтэй А.Амин-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 598 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд машин бариад 23 жил болж байна. Замаар явж байхад хүүхэд урдуур гүйж байсан зүйл болж байгаагүй. Анхаарал болгоомжгүй байдлаас болж ийм зүйл болсон. Зорчих эгнээгээрээ явж байсан чинь гэнэт хүүхэд гараад ирсэн гэж мэдүүлэн оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч И.М нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 100 мод, автобусны буудлын хойд замд өөрийн эзэмшлийн “Toyota Rav-4” загварын 92-18 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ... -ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 9 настай, эрэгтэй А.Амин-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7, 9-12-р тал/,
И.Мын жолооны үнэмлэхийн хүчинтэй төлөв олгосон огноо 2015/02/02, үнэмлэх хүчинтэй огноо 2025/02/02, зөрчлийн оноо ангилал В, ... гэх жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 65-р тал/,
Насанд хүрээгүй хохирогч А.Амин-Эрдэнийн “урдаас машин ирж байгаа нь харагдаагүй тэгээд би гарцтай хэсгээр зам руу алхаж ороход машин сигнал дарахаар нь харахад хойноос нэг машин ирж байсан тэр үед миний зүүн гар талаас нэг машин хүчтэй мөргөсөн. Би нэг сэрэхэд намайг жолооч ах нь машинд суулгасан миний зүүн гар хөдөлж болохгүй байсан, жолооч ахаас би гэртээ орчихъё гэхэд болохгүй гээд хэлсэн би ийм л зүйл мэдэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гэрэлцэцэгийн “...би хүүгийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг, цаашид гарах зардлыг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан дүгнэлтэд:
А.Амин-Эрдэнийн биед зүүн атгаал ясны ташуу зөрүүтэй, шаантагласан хугарал, зулай ар хэсэг болон зүүн тавхай нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13746 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Г.Цэндсүрэнгийн гаргасан “...тээврийн хэрэгслээс үүссэн зүүн дугуйн тоормосны мөр 26,2 метр, баруун дугуйнаас үүссэн тоормосны мөр 27,1 метр гэж осол хэргийн газарт авсан гэрэл зургийн үзүүлэлтээс хурд тодорхойлох шинжилгээ хийх боломжтой... тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн хамгийн их уртаар хурд 60,5 км/ цаг гарч байна... ” гэх 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3280 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 дугаар тал/,
Мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 72-73 дугаар тал/
шүүгдэгч И.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Машин бариад 23 жил болж байна. Замаар явж байхад хүүхэд урдуур гүйж байсан зүйл болж байгаагүй. Анхаарал болгоомжгүй байдлаас болж ийм зүйл болсон. Зорчих эгнээгээрээ явж байсан чинь гэнэт хүүхэд гараад ирсэн гэх, мөн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч И.Мыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч 9 настай, эрэгтэй А.Амин-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.
Шүүгдэгч И.Мт хууль ёсны, гэм буруу, шударга ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөв.
Хохирол хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хавтаст хэрэгт хохирол нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч И.М хохирогчийн эмчилгээний зардалд 1,265,000 төгрөг төлж барагдуулсан байх тул баримтаар гарсан хохирол төлснийг дурдав.
Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Амин-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мөмөөдэй овогт Ичинхорлоогийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч И.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлсүгэй.
4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД