| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.Эрхэмбаяр
Шүүгдэгч Б.Бямбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бямбадоржид холбогдох 2223001040196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 25-нд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Алтангын хэсэг 3 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Баттөмөрийн Бямбадорж, /регистрийн дугаар: ИН75102531/
Шүүгдэгч Б.Бямбадорж нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 8 шуудай 136.8 килограмм нойтон арцыг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “Хатавчийн ам” гэх газраас түүж бэлтгэн, “Верна” маркийн 12-18 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 13.474.800 төгрөгний хохирол учруулсан буюу “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Дэлгэрнасанг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.Бямбадорж нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “Хатавчийн ам” гэх газраас 136.8 килограмм нойтон арцыг түүж бэлтгэн, өөрийн эзэмшлийн “Верна” маркийн 12-18 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж түүсэн арцаа Завхан аймгийн Улиастай сум хүртэл тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Тухайлбал:
Иргэний нэхэмжлэгч Ю.Дэлгэрнасангийн “...зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал түүж бэлтгэн тээвэрлэсэн гэх үйлдэлд нь тухайн буруутай этгээдүүдээр байгаль орчинд учруулсан хохирлыг нь хуулийн дагуу барагдуулахыг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр,
Б.Бямбадоржийг 8 шуудай арц түүсэн талаараа мэдүүлсэн гэрч Ц.Амгаланбаатарын “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр “Хатавч” гэх газраас өөрийн 05-50 ЗАА улсын дугаартай “Тоёота ками” маркийн авто машинаар ганцаараа явж 4 шуудай хонин арц түүсэн. ...хадам ах Б.Уламбаяр, Бямбадорж нартай хамт явсан. Уламбаяр өөрийнхөө 10-08 “Тоёота витз” маркийн авто машинаар явсан, Бямбадорж шар өнгийн “аксент” маркийн авто машинаараа явсан. Гэхдээ бид гурав хамт нийлж арц түүгээгүй тус тусдаа арц түүсэн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.Уламбаярын “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө аймгийн төвөөс Б.Бямбадорж ах эхнэр Ш.Отгонхүүгийн хамт өөрсдийнхөө 12-18 ЗАН улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ...Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Хатавчийн ам гэдэг газарт очсон бид нар урьд өмнө нь арц түүж байгаагүй бөгөөд хүнээс дам яриагаар арц түүж худалдвал амархан мөнгө олдог гэж сонссон байсан тул арц түүхээр тухайн газарт очсон. ...Бямбадорж ах, Амгаланбаатар бид гурав арц түүхээр уулын орой руу шуудай хайчаа аваад алхаж гараад арцыг хайчаараа хайчилж шуудайндаа хийж түүсэн гэхдээ бид гурав хамт яваагүй тус тусдаа түүцгээсэн. ...арцаа түүж дуусаад 18 цагийн орчимд шуудайтай арцнуудаа үүрч, уулын уруу өнхрүүлж машин дээрээ авч ирсэн ...түүсэн арцнуудаа өөр өөрсдийн машиндаа хийгээд аймаг орох гэж явж байгаад цагдаа, байгаль хамгаалагч нартай тааралдсан юм. Тухайн арцыг гар хайчаар хайчилж шуудайндаа хийж түүсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ш.Отгонхүүгийн “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө нөхөр Б.Бямбадоржийн хамт өөрсдийн эзэмшлийн 12-18 ЗАН улсын дугаартай “Верна аксент” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг “Хатавчийн ам” гэдэг газарт очсон миний нөхөр Б.Бямбадорж, Б.Уламбаяр, Ц.Амгаланбаатар гурав арц түүхээр уулын орой руу алхаж явцгаасан. Бямбаа бид хоёр машинуудын хажуу тэр хавиас аргал түүгээд байж байсан юм. ...Улиастай сум орох гэж явж байгаад цагдаа, байгаль хамгаалагч нартай тааралдсан юм...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Б.Бямбадоржийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хатавчийн ам гэх газар очоод бид гурав тус тусдаа арц түүхээр салаад явцгаасан. ...манай охин Улаанбаатар хотод оюутан хэрэглээний мөнгө, байрны төлбөр, сургалтын төлбөр зэрэг асуудлаас болоод арц түүх болсон. Би тухайн үед өглөө аймгийн төвөөс хөдлөхдөө өөрийн эзэмшлийн “Верна” маркийн 12-18 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр арцыг тээвэрлэсэн. Би 8 шуудай хонин арц түүсэн. Аймгийн төвд ирээд тухайн арцыг хураалгах үед 136.8 килограмм арц байсан. Би тухайн арцыг гар хайчаар хайчилж бэлтгэсэн...” гэсэн мэдүүлгээр,
Б.Бямбадоржийн үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулж түүний түүсэн 136.8 килограмм хонин арц нь ховор ургамал болох нь Завхан аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.Мягмаржавын гаргасан 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай “...1. 8 шуудай 136.8 кг арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хуурамч хонин арц (Juniperus pseudosabina Fisch. Et Mey), 2. 8 шуудай 136.8 кг арц нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон. 3. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана. 4.Тухайн хураагдсан 8 шуудай 136.8 килограмм нойтон арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 98.500, 136.8 кг, нийт 13.474.800 төгрөг. 5. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө...” гэсэн дүгнэлтээр болон түүсэн арцыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бямбадоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бямбадорж нь ховор ургамал болох хуурамч хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн бэлтгэж тээвэрлэх нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгож түүнийг хүсэж үйлдсэн хор уршгийг зориуд учруулсан.
Шүүгдэгч Б.Бямбадорж Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуурамч хонин арц түүж бэлтгэн тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор ховор ургамлыг түүсэн бэлтгэсэн тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Иймд шүүгдэгч Б.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүж бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Бямбадоржийг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг түүж бэлтгэж, тээвэрлэн ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Б.Бямбадорж нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 136.8кг х 98.500=13.474.800 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчээс 13.474.800х5=67.347.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 67.347.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бямбадоржоос гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бямбадорж нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Б.Бямбадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Б.Бямбадорж нь хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь “учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 01 жил 02 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бямбадорж нь хонин арц түүж бэлтгэж, тээвэрлэхдээ ашигласан “Верна” маркийн 12-18 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өөрийн өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Түүний “Верна” маркийн 12-18 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн нь 2022 оны 06 дүгээр сарын 14-ны өдрийн 136 дугаартай үнэлгээний комиссын үнэлгээгээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Бямбадорж өөрийн өмчлөлийн “Верна” маркийн 12-18 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр түүсэн арцаа тээвэрлэсэн ба уг тээврийн хэрэгсэл эвдэрсэн ашиглах боломжгүй болсон нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа учир шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж орлогыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайчийг дахин ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бямбадорж нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баттөмөрийн Бямбадоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбадоржид хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 сар /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б.Бямбадоржийн дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Бямбадоржид хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 сар /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Бямбадоржид 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайчийг устгаж, 8 уут хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгож, Б.Бямбадоржийн эзэмшлийн “Верна” маркийн 12-18 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.400.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Б.Бямбадоржийн эзэмшлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр битүүмжилсэн “Верна” маркийн 12-18 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгчээс 67.347.000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
10. Шүүгдэгч Б.Бямбадорж нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА