| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/20230017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч З.Алтансолонго
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2,2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Хорхон ургийн овогт *******д холбогдох эрүүгийн 2236001180278 дугаартай, 178/2023/0006/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хорхон ургийн овогт *******, 1998 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр Улаан богочийн рашаан явах замд согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ******* ******* улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Toyoto Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 7-р хуудас/
2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-18-р хуудас/
3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 19-24-р хуудас/
4.Замын бүдүүвч зураг / хэргийн 25-р хуудас/
5.зам тээврийн осол дээр тогтоосон акт // хэргийн 26-р хуудас/
6.2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07/01 дугаартай Мөрдөгчийн лавлагаа / хэргийн 27-29-р хуудас/
7.Жолоочийн лавлагаа мэдээлэл / хэргийн 31-р хуудас/
8.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* над руу залгаад “ миний утасны блок гаргаадах гээд хэлээдэх” гэхээр нь би руу залгаж хэлсэн. Намайг Их буян зээх дээр байхад ******* машинтайгаа ирж аваад бид хоёр Дөргөн дэлгүүрийн хажууд очиход машинтайгаа согтуу зогсож байсан. Тэндээс машинтайгаа, ******* машинтайгаа яваад 60 айлын байрны гадна очоод ******* машинаа тавьчихаад ******* машиныг бариад явсан. гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч “ гэртээ очихгүй гол дээр очиж сууж байгаад харья” гээд гол руу явах замдаа ******* Анар гэх дэлгүүрээс Сэнгүр пиво авсан. Гол дээр очиж гурвуулаа пивоо ууж дуусгаад гэр лүүгээ явж байтал “ гэрийн ар талын дэлгүүр дээр зогсоодох би тамхи авъя” гээд дэлгүүр лүү ороод 3 ширхэг зайрмаг, 1 том пиво авч гарч ирээд “ гурвуулаа рашаан ороод уучихаад харья” гэсэн. Тэгээд рашааны чиглэлд явж байтал урд чиргүүлтэй том машин явж байсан чинь арын суудалд сууж явснаа “ чи чаддаг юм бол наад машинаа гүйцээд түрүүлчих” гэж хэлсэн. ******* хурдаа нэмж машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад огцом дарж замын хажуу руу машинаа унагасан... гэх мэдүүлэг / хэргийн 43-45-р хуудас/
9.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гараад өөрийн 53-35 ОРХ улсын дугаартай Кайно маркийн тээврийн хэрэгслээр Мянгад сум руу тоосгоны үйлдвэрээс тоосго ачихаар улаан богочийн чиглэлд явж байтал гэнэт юм дуугарах шиг болохоор нь толиндоо харсан чинь засмал замаас шороон далан хэсэг рүү ногоон өнгийн машин агаар дээр нисээд газарт унаж тас нис болоод явсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод буугаад цагдаа руу дуудлага өгсөн.Би зам голлоогүй, 30-40 км/цагийн хурдтай явсан.Би машинаасаа буугаад очиход нэг эмэгтэй хүн машины зүүн талд шороон дээр шидэгдсэн байдалтай, нэг эрэгтэй нь машины баруун хойт талд шидэгдсэн байдалтай байсан...гэх мэдүүлэг / хэргийн 47-48-р хуудас/
10.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаартай химийн шинжилгээний...*******гийн биенээс авсан гэх цусанд 1.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын “ дунд” зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт / хэргийн 78-79-р хуудас/
11.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаартай химийн шинжилгээний...******* биенээс авсан гэх цусанд 3.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын “ хүнд” зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт / хэргийн 86-87-р хуудас/
12.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн...*******гийн умдаг ясны баруун талын сүүжний тогоо орчмоор зөрөөгүй,зүүн талд хоёрлосон зөрөөтэй хугарал,хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал,зүүн салтаа, зүүн гуяны дотор хэсэгт цус хуралт, духанд зулгаралт, баруун мөрний үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт / хэргийн 93-95-р хуудас/
13.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн...******* биед тархины хүнд гэмтэл баруун талд шанаа болон суурь ясны хугарал,баруун эгэмний зөрөөтэй далд хугарал, хамар ясны хугарал, баруун чихэнд шарх, баруун эгэм, ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт / хэргийн 115-116-р хуудас/
14.Хохирогч ******* өвчний түүхийн хуулбар / хэргийн 119-153-р хуудас/
15.Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...надад *******гаас нэхэмжлэх зүйлгүй, гаргаж өгөх хохирлын баримгүй,гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 59-60-р хуудас/
16.2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаартай шүүх сэтгэцийн ... нь тархины гэмтлийн үлдэц энцефалопатия, зан төрхийн өөрчлөлтй гэх оноштой, осолд орсноос хойш тархины гэмтлийн үлдэц, зан төрхийн өөрчлөлт гэх оноштой, нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, сэтгэцийн өвчин нь хэдий хугацаанд үргэлжлэхийг нь дүгнэх боломжгүй... дүгнэлт / хэргийн 163-167-р хуудас/
17.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай дүү нь осолд орсноос хойш 1 сар ухаангүй байж байгаад 2 дахь сараас ухаан орж тархины хагалгаанд орсон. болсон үйл явдлыг санахгүй,ой тогтоолтгүй болсон. Одоо хүртэл эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа.Дүүгийнхээ эмчилгээний зардал, машины үнийг төлүүлж авмаар байна.2-9 насны 3 хүүхэдтэй. Шүүгдэгчийн зүгээс 2 сая төгрөг өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 177-178-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр Улаан богочийн рашаан явах засмал замаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ******* ******* улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Тухайн зам тээврийн осол гарах үед ******* ******* улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан болох нь гэрч ******* өгсөн... рашааны чиглэлд явж байтал урд чиргүүлтэй том машин явж байсан чинь арын суудалд сууж явснаа “ чи чаддаг юм бол наад машинаа гүйцээд түрүүлчих” гэж хэлсэн. ******* хурдаа нэмж машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад огцом дарж замын хажуу руу машинаа унагасан...гэх мэдүүлгээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2021 оны 10 сарын 15-ны өдөр хасуулсан болох нь хэргийн 31 дүгээр хуудсан дахь Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь хэргийн 79 дүгээр хуудсан дахь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...*******гийн биенээс авсан гэх цусанд 1.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын “ дунд” зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шинжээчийн...******* биед тархины хүнд гэмтэл баруун талд шанаа болон суурь ясны хугарал,баруун эгэмний зөрөөтэй далд хугарал, хамар ясны хугарал, баруун чихэнд шарх, баруун эгэм, ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тухай гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон.
Мөн шүүгдэгч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,12.2,12.3-т “...зогсоох арга хэмжээ аваагүй”, 13.1-д” Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим,хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх,мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтуудыг зөрчсөн нь хэргийн 28-29 дүгээр хуудсан дахь Мөрдөгчийн лавлагаагаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэр харин тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид өмнө нь 2 сая төгрөг, шүүхийн шатанд 3610000 төгрөг,нийт 5610000 төгрөг төлсөн гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******: Манай дүү осолд орсноос хойш байнга эмчилгээнд байгаа. Ухаан санаа нь орж гараад байгаа. Эмчилгээний төлбөр 2 сая төгрөг өгсөн. Машины үнэ 3610000 төгрөгийг сая төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх мэдүүлгүүд тус тус өгснийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* хохирогчид 5610000 төгрөгний хохирол хор уршгийг нөхөн төлснийг дурдаж, шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 202-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар гэрч З. өгсөн...******* нь тогтуун томоотой,тайван дөлгөөн, даруухан,хүнд тусархуу хүн байгаа юм.эцэг эхээс дөрвүүлээ,айлын отгон хүүхэд.2016 онд Жаргалант сумын 3 дугаар сургуулийг төгссөн. Одоо эцэг эхийнхээ хамт амьдардаг ... гэх мэдүүлэг / хэргийн 195-196-р хуудас/, *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоох эрхгүй, согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 01 /нэг/ жил/ 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх аижллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал,дүгнэлт гаргав.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн эмчилгээний зардалд 2 сая төгрөг, тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний дүгнэлтийн дагуу тээврийн хэрэгслийн үнэ 3610000 төгрөг,нийт 5610000 төгрөгийг төлж барагдуулсан.Хохирогч ******* хувьд одоо байнгын эмчилгээтэй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн тухайд саналгүй байна гэх санал, тайлбар,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.2-т хохирол хор уршгаа нөхөн төлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх санал, тайлбар тус тус гаргасан болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс: Шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагч, өмгөөлөгч нарын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 -т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг язгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч *******г Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн цаашид гарах эмчилгээний хохирлыг баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хорхон ургийн овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Хорхон ургийн овогт *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч *******г эрх бүхий байгууллагын хяналтад Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцсугай.
5.Шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 5 610000 төгрөгний хохирол төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС