Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 188

 

.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын 4-р багт оршин суух, Боржигон овогт О. Б /ЗК........../-ын нэхэмжлэлтэй малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, 57 нас хүрч байна. Улсад 23 жил ажилласан. 1994 оны 1 сарын 1-ний өдрөөс 1999 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл С суманд мал аж ахуй эрхэлж байсан боловч малын А данс үрэгдсэн олдохгүй байгаа. Хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, 1997 оны А данс, мал тооллогын маршрут зураглалыг үндэслэн 1994 оны 1 сарын 1-ний өдрөөс 1999 оны 1 сарын 1 өдрийг хүртэл малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч О.Б-гийн Дундговь аймгийн С суманд 1994.01.01-1999.01.01-ний  өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох С сумын малын А данс устсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Б  Дундговь аймгийн С суманд 1994 оны 1 сарын 1-ний өдрөөс 1999 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан нь хэргийн 4-5-р хуудсанд авагдсан 1997 оны А данс, 1998 оны мал тооллогын явах маршрут, хэргийн 6-р хуудсанд авагдсан С сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт, хэргийн 14-р хуудсанд авагдсан Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 03 сарын 23-ний өдрийн 08/270 дугаартай бичиг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болох нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт О-тын Б-г   Дундговь аймгийн С суманд 1994 оны 1 сарын 1-ний өдрөөс 1999 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х