| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/93 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,
улсын яллагч: О.Пүрэвсүрэн,
хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б /ӨҮД-0000/,
шүүгдэгч: Э.З /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-т холбогдох эрүүгийн 000000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Э*-гийн З /РД:000000000/,
Монгол Улсын иргэн, ***********-ний өдөр ***********аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Зээлийн 0-0 тоот оршин суух хаягтай, урьд:
-2005 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн,
-2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.З нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” дэлгүүрийн гадна иргэн А.Б-нтай маргалдан архины шил шидэж биед “нүүрний зүүн талын мэдрэлийг гэмтээсэн шарх гэмтлийн дараах нүүрний зүүн талын мэдрэлийн саажил, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн чихний дэлбэнгийн шарх” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Э.З нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” дэлгүүрийн гадна иргэн А.Б-тай маргалдан архины хагархай шил нүүр рүү нь шидэж биед нь “нүүрний зүүн талын мэдрэлийг гэмтээсэн шарх гэмтлийн дараах нүүрний зүүн талын мэдрэлийн саажил, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн чихний дэлбэнгийн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 2- р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 3-4- р хуудас/,
-Хохирогч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо ******* дэлгүүрийн ойролцоо З, Г О, Б нарын хамт 4 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. З адтай ямар нэгэн шалтгаангүй маргалдаж бид хоёр заамдалцаад, би архи ууж байж ийм зүйл дэмий шүү гэж хэлэхэд, за тийм дээ гээд бид хоёр салсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би ****** дэлгүүр ороод архи аваад гарч ирээд тухайн архиа ууж байгаад нэг сэрэхэд түргэн болон цагдаа ирчихсэн намайг ГССҮТ-д хүргэсэн. Намайг хэн гэмтээсэн талаар би тодорхой мэдэхгүй байна. Би маш их согтсон байсан тул тухайн үед юу болсон талаар тодорхой санахгүй байна. Би архинд маш их согтож тасарчихсан байсан. Миний хүзүү болон чих зүсэгдэж олон тооны оёдол тавиулсан. Би гомдолтой байна Эмчилгээний бүх зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 8-11-р хуудас/.
-Гэрч М.Б-нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “***********” дэлгүүрийн орчимд зүс таних З Ц, Г, О гэх эмэгтэй нарын хамт байж байгаад дэлгүүрээс тамхи авах гээд орчихоод гараад ирсэн чинь Ц-гийн зүүн талын хацарнаас цус гарчихсан байсан. Хэн юу болов гэсэн чинь З би архины шилээр цохьсон юм гэж хэлсэн, цагдаа нар З-ыг аваад явсан. Би Ц-г гартаа заазуур барьчихсанг харсан гэхдээ хүн гэмтээгээгүй байх Ц, З нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, дэлгүүр ороод гараад ирсэн чинь тийм зүйл болсон байсан. Миний хажууд байхад маргаан болоогүй байсан, гараад ирэхэд маргаан болсон байсан, би дэлгүүрээс тамхи авах гээд гуйсан болохоор хэсэг удсан ойролцоогоор 10 минут болсон байх, дэлгүүрээс гараад ирсэн чинь Ц цусаа гоожуулаад хүрээд ирсэн, хамт байсан бусад хүмүүс байхгүй болсон байсан. Дараа нь цагдаа нар ирсэн хойно З над руу яриад би архины шилээр цохьсон гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14-15-р хуудас/,
-Гэрч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** хүнсний дэлгүүрийн ойролцоо найз З, О эгч, Бн бид 4, 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байтал Б тэр хавиар агсам тавиад бид нар луу дайраад байсан. Архи ууж дуусаад би гэрлүүгээ явсан. 3 цагийн дараа буцаад ирэхэд Б ахын хүзүүнээс цус гарчихсан сууж байсан, хажууд нь О З, Б нар байсан. Би юу болсон талаар тодруулахад, З руу заазуур бариад дайраад байхаар нь шил аваад шидчихсэн юм аа гэж хэлж байсан. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирээд Б, З, Б нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17-р хуудас/,
-Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд ******** дэлгүүрийн ойролцоо З, Б, Х бид нар 0.75 литрийн архи уугаад сууж байтал Ц гэх залуу ирээд хамт архи ууж байгаад гэрлүүгээ яваад хэсэг хугацааны дараа заазуур барьж ирээд ***********ална гээд дайраад байхаар нь З та болио гэж хэлэхэд З луу дайраад байсан. Би согтуу байсан учир тодорхой сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Ч-ын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай:
“...1 А.Б-ы биед нүүрний зүүн талын мэдрэлийг гэмтээсэн шарх гэмтлийн дараах нүүрний зүүн талын мэдрэлийн саажил, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл учирчээ.
2. Тухайн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 84-87-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хохирогч А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас 505.500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.З-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 00000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-р хуудас/,
-Шинжээч эмч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нэмэлтээр гарсан дүгнэлтэнд нүүрний мэдрэлийн оношлодог багжийн шинжилгээ хийлгэж, нүүрний зүүн талын мэдрэлийн гэмтэл учирсан байх тул тухайн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 115-116-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.З-ын яллагдагчаар өгсөн: “...“...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ****** дэлгүүрийн ард талд найз Х, Б, О, Б бид нар хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байтал Б гэх залуу согтчихоод агсам тавиад хун болгон руу үсчээд байхаар нь та гэрлүүгээ харь согтчихсон байна гэж хэлээд гэр лүү нь явуулсан. Удалгүй 5-10 минутын дараа маш том заазуур барьчихсан ирээд хүн болгон руу далайгаад та нарыг ална гээд байхаар нь та одоо боль хүн болгон руу дайраад байх юм гэж хэлээд, намайг заазуурны ишээр нэг удаа цохихоор нь би газарт байсан архины хагархай шилийг аваад шидчихсэн чинь хүзүү хэсэгт нь оноод цус гарч байсан. Тэгээд удалгүй цагдаагийн албан хаагчид ирсэн...” гэж / хавтаст хэргийн 134-136-р хуудас/ мэдүүлж байсан.
Хувийн байдлын талаарх: нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хавтаст хэргийн 53-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 54-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 55-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбар / хавтаст хэргийн 45-52-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З мэдүүлэхдээ “...Би хохирогчийг өмнө нь таньдаггүй байсан. Тэр өдөр ч хамт архи уугаагүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийг таньдаг байсан. О гээд хөгшин эгчийг мангастаж унагаагаад байхаар нь би харь гэж хэлээд явсан. Тэгээд 5-10 минутын дараа заазуур бариад ирсэн учир айсандаа шил шидсэн...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.З нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Ч-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Б-ны биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч Э.З-ын үйлдэл нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч А.Б руу архины шил шидэж нүүр хүзүүний хэсгийг гэмтээсэн нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Э.З нь хохирогч А.Б-ы эрүүл мэндэд халдаж архины шил шидэж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.З-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч А.Б нь “1,570,510 төгрөгийг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж баримтуудыг хэрэгт хавсаргасныг бодитой гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.З-ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар хохирогч А.Б-ны хохирогч А.Ба-нд учирсан хохирол буюу эрүүл мэндэд учирсан хохирлын бодит зардал болох 1,570,510 төгрөгийг шүүгдэгч Э.З-аас гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.
Шүүгдэгч Э.З нь иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын санд 505,500 төгрөгийг болон хохирогч А.Б-ны хохирлын 1,570,510 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.З-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч А.Б хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас төлж чадаагүй зээлийн төлөлт нийт 10,663,939 төгрөг нэхэмжилсэн нь хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа зэрэг баримтын бүрдүүлбэр дутуу байх тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Э.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Э.З нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.З-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдсан байх бөгөөд ажил эрхэлдэггүй байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-т 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдалтай нийцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-гийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.З-т сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Бгэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА