Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95  

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,  

улсын яллагч: Э.Чанцалням,

хохирогч: С.О,

шүүгдэгч: О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т-нд холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт О-гийн Т /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, ***********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, ************ худалдааны төвд лангуу ажиллуулдаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ****************тоотод оршин суух хаягтай, урьд:

- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 650 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Т нь 2022 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц  төв гэх нэртэй караокед сүүлийн дууг дуулуулсангүй гэх шалтгаанаар зөөгч С.О-тай маргалдаж, улмаар үснээс нь татан зулгааж зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч О.Т нь 2022 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****  төв гэх нэртэй караокед тус газарт ажилладаг С.О-тай маргалдаж, найзыгаа өмөөрч, улмаар үснээс нь татан зулгааж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               - Дуудлагын лавлагааны хуудас / хавтаст хэргийн 5-р хуудас/,

               - Хохирогч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төв гэх газрын караокег нь түрээслэн ажиллуулдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гаднаас 2 танихгүй эмэгтэй орж ирээд 6 жижиг пиво захиалаад мөн дуу захиалаад суусан. Манай караоке хаах цаг дөхөж байсан чинь З, Т нар дахин 3 дуу захиалахаар нь би одоо манайх хаах болж байна шүү гэж хэлсэн чинь 3 дуу захиалсан. Би З Т нарыг захиалсан дуунаас 2 дууг нь тавьж өгөөд хаах цаг болсон байсан учир сүүлийн дууг нь тавьж өгөөгүй. Т над дээр ирээд захиалсан дуугаа дуулмаар байна гээд надруу дайраад байхаар нь би хаах цаг болсон учир сүүлийн дууг явуулах боломжгүй гэж хэлсэн чинь заавал дуулж байж гарна чи яаж үйлчлээд байгаа юм гээд хэрүүл хийгээд намайг янхан, гичий минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь З, Т нарыг манай караоке хааж байна одоо гар гэж хэлсэн чинь гарахгүй байхаар нь гаргах зорилгоор түлхсэн чинь З  гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад авахаар нь би зөрүүлээд З  гэх эмэгтэйг үснээс нь зулгаагаад бид 2 газар унасан. Газар унасан байхад З  гэх эмэгтэй намайг заамдаад доош татаад цээж хэсгээс самардаад байсан. Тэр үед манай караоке дотор байсан 4-5 хүн салгах гэсэн чинь Т гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад татсан. Тэр үед хажууд байсан хүмүүс дахин салгасан чинь**** миний үснээс зулгаагаад угзарч татаад байсан. Тэгээд хажууд байсан хүмүүс дахин салгасан...3аяа гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад тавихаар нь би зөрүүлээд үсдээд бид 2 газар унасан чинь З  миний цээж, хүзүү хэсэгт гараараа самардаад цамцны захаас доош татаад байсан. Миний хүзүү цээж хэсэгт учирсан гэмтлийг З  учруулсан. Харин Т гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад угзарч татаад байхад хажууд байсан хүмүүс салгасан чинь дахин дайрч ирээд миний үснээс угзарч татаад шалан дээр чирээд баруун хацар хэсэгт гараараа самардсан... ....Тархи доргилт гэх гэмтлийг түүний найз гэх эмэгтэй Т нь миний үснээс угзраад чангаар татаад тавихгүй байсан тэр үед үүссэн гэмтэл байна. З  миний үснээс чангаар зулгаагаагүй, хальт татаад өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 31-32, 35-р хуудас,

               -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 22-26-р  хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.С-гийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000000 дугаартай:

               1. “...С.О-ын биед тархи доргилт, баруун хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

               3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

               5. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45-р хуудас/,,

               -Шинжээч эмч Б.С-гийн “...тархи доргилт гэмтэл нь үснээс зулгаах, чангаах, дарах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч О.Т-ы яллагдагчаар өгсөн: “...С.О гэх хүний биед учирсан тархи доргилт гэх гэмтлийг би үснээс нь 2 удаа хүчтэй угзарч татаж учруулсан юм. Баруун хацар, хүзүү цээжинд зулгаралт гэх гэмтлийг манай найз З  учруулсан. С.О гэх хүн манай найз З г үснээс нь зулгаагаад доош дараад байсан, тэр үед З  болиулах гэж гараараа цээж, хүзүү хэсэгт нь самардаад байсан...” гэж /хавтаст хэргийн 59-р хуудас/ мэдүүлж байсан.

Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа / хавтаст хэргийн 70-р хуудас/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 71-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 73-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хавтаст хэргийн 74-р хуудас/, 2021.10.05-ны өдөр төрсөн хүү Г.Г, 2009.01.10-ны өдөр төрсөн Т.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар / хавтаст хэргийн 75-76-р хуудас/, Түрээсийн гэрээний хуулбар / хавтаст хэргийн 77-79-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар / хавтаст хэргийн 82-85-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 69-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед найзтайгаа караокед сууж байхад энэ зөөгч эмэгтэй манай найзтай маргалдаад байсан юм. Маргалдаад байхаар нь 2-3 удаа болиулсан. Манай найз жоохон уусан байсан болохоор тухайн үед жоохон маргасан. Сүүлийн дуунаас болж муудалцсан гэдэг нь үнэн, гэхдээ өмнө хэрэлдсэн байсан болохоор түүнээсээ болж энэ хоёр барилцаж аваад зодолдсон. Би салгах санаатай энэ хүний үснээс татсан. Тэнд байсан хүмүүс манай найзыг зодуулаад, намайг салгаад аваад явсан. Салгах санаатай очиж үснээс татсан нь миний буруу болоод өнөөдөр ингээд зогсож байна. Хохирлын эмчилгээний төлбөр их эргэлзээтэй байгаа. Үснээс нь татсаны төлөө 1.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Толгойгоо бариулсан гэдэг нь хүртэл эргэлзээтэй байна. Тамга дарсан байсан, гэхдээ манайх ч гэсэн хувийн үйл ажиллагаа явуулдаг, надад ч тамга байдаг. Тэр тамгыг хэн ч дарж болно. Тухайн үед хавсаргах байсан бол данснаас гарсан гэх мэдээллийн хамт хавсаргах байсан. Хохирогчийн баримтуудыг эргэлзээтэй гэж үзэж байгаа. Би хүн зодолдож байхад л салгасан юм. Өөр ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Камерын бичлэгт бүх зүйл байгаа. Би угаасаа босож чадахгүй чирэгдээд байсан. н.З  гэж хүнтэй маргасан зүйл байхгүй, н.З нь дэлгэц мөргөх гээд байхаар нь уначих байх гээд наашаа бол гэж татсан. О.Т угаасаа орж ирсэн цагаасаа хэрүүл хийгээд байсан. Энэ хүмүүсийг ямар нэгэн байдлаар гаргахгүй бол болохгүй байсан. Хажуу талын ширээний хүмүүстэй балмад харьцаад байсан. Би тэнд байгаа учраас бүх хүмүүсийг зохицуулах ёстой. Бүгд л уусан хүмүүс. Би энэ хүмүүст шаардлага л тавьсан. Салгах зорилготой гэж байна, хоёулаа нийлээд бараг зодсон. Өөр ярих зүйл байхгүй гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  О.Т нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.С-гийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр хохирогч С.О-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч О.Т нь хохирогч С.О-ын эрүүл мэндэд халдаж үснээс нь татан зулгааж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Т-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.О нь 998,000 төгрөг төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч С.О-ын тархи доргилт гэмтлийн улмаас бус, сээр нурууны оношын улмаас бариа хийлгэсэн баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэж, хохирлын тооцооноос хасаж, үс халцарсны улмаас эмчилгээ хийлгэсэн болон эмнэлэгт үзүүлсэн баримт нийт 448,000 төгрөгийн баримтыг бодитой гэж үнэлж тооцлоо.

Шүүгдэгч О.Т-ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар хохирогч С.О-ыг хохирлын бодит зардал болох 448,000 төгрөгийг шүүгдэгч О.Т-аас гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс яагаад ийм санал гаргаж байна гэхээр хэдийгээр шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч хохирол төлбөр төлөөгүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Мөн бага насны буюу ой гаран насны хүүхэдтэй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна.  Иймээс тохирох ял болох зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна. Цар хүрээний хувьд яагаад Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэсэн бэ гэхээр бага насны хүүхэдтэй тул эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, сургуулийн насны хүүхдийн сурах боломж зэргийг харгалзан, өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг зөрчихгүйн тулд дээрх ялын саналыг гаргасан. Иймд дээрх ялын саналаа дэмжиж байна. Мөн яагаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан хориглосон арга хэмжээ авахуулах санал гаргасан гэхээр шүүгдэгч О.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргасан тул мөн хугацаагаар энэ хязгаарлалтын тогтоох саналыг гаргасан. Шүүгдэгч нь бусдад 448.000 төгрөгийн төлөх төлбөртэй. Хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг сиди хураагдсан. Тухайн сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хавсарган хадгалах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч: Надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.Т-ныг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч О.Т-ныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар түүний ажил хөдөлмөр /******* худалдааны төвд лангуу ажиллуулдаг/, ам бүл /2 хүүхдийн хамт амьдардаг/ -ийг тус тус харгалзан үзлээ.

 Харин шүүгдэгчийн, өмнө нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч зан байдлаараа засарч хүмүүжиж, өөртөө дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа болон хохирол төлбөртэй байгаа нөхцөл байдлыг нь дүгнэн түүнд зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь шүүгдэгчийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-нд 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

Харин улсын яллагчаас согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох давхар албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн суддлагдсан баримтаар шүүгдэгч О.Т нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг гэсэн

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт О-гийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-нд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар О.Т-наас 448,000 төгрөг гаргуулж, хохирогч *******т олгосугай.

         

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА