Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/1395/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1420 |
Огноо | 2022-11-17 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | М.Энхбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч А.Х.................р, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2202 0000 00331 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт А...............лийн Х.................р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “....................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х.................р нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй 366.4 гр хэмжээтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, мөн өдрөө өөрийн сууж явсан ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаажинд хадгалан авч явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт саатуулагдсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч А.Х.................р нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэх газар луу ББ.............э, түүний найз ...Г...........үүгийн дүү З.У...........г нарын хамт “Царгас” нэртэй ургамал түүхээр явсан байна. Ийнхүү явахдаа А.Х.................р нь тухайн газраас “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай 366.4 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бэлтгэж, “Nissan March” маркийн ............. улсын дугаартай өөрийн зорчиж явсан тээврийн хэрэгсэлд хадгалж байгаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газрыг орчим саатуулагдсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Гэрч Б.Б...........нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хөдөө аж ахуйн Их сургуулийн Газар тариалан эрдэм шинжилгээ судалгааны үндэсний төвд захирал ажилтай. Би “Царгас” гэх ургамлаар цус шингэлэх бүтээгдэхүүн гаргаж авах гээд дээж түүх хэрэгтэй болсон. Энэ ажлыг би өөрийн найз Г...........үүтэй хамт эхлүүлж байгаа тийм учраас 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Батсүмбэр сум луу дээж түүх ажил хийх гээд найз Г...........үүгийн дүү У...........г, Х.................р хоёрыг аваад явсан. Ер нь бол хүн олдохгүй Г...........үү хоёр дүүгээ аваад яв гэхээр нь би авч явсан. Тэгээд бид гурав Улаанбаатар хотоос гараад Үдлэг гэх газар очоод дээж хайтал олдоц муутай байсан. Тэгэхээр нь би Суурь гээд мод тарьдаг найзтайгаа яриад “Царгас тарьсан айл байна уу” гэж асуутал тэрээр “Нямхүү гэх олон жилийн өмнө царгас тариад тэр царгас тарьсан талбайдаа Чацаргана тарьсан айл байгаа” тэнд байж магадгүй гэж надад хэлсэн. ...Тэгэхээр нь тухайн газар хоол унд идчихээд буцаад явахаар болоод би хоол ундаа хийгээд У...........г, Х.................р хоёр Чацаргана түүхээр болоод ...явцгаасан. ...Тэгээд бид гурав хоолоо идчихээд ...явж байтал ...цагдаа нар зогсоогоод шалгалт хийтэл У...........гийн үүрч явсан саарал өнгийн цүнхнээс цагаан өнгийн гялгар ууттай ургамал гарч исэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)
- Гэрч З.У...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г...........үү гэх манай ах надтай уулзаад Б...........нэ гэх найзтайгаа хамт яваад ажилд нь туслаад өгөөрэй гэсэн. Тэрний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн үеэл ах Х.................рын хамт Б...........нэ ахтай уулзаад Батсүмбэр сум руу дээж авахаар явсан. Батсүмбэрт очоод дээж хайж үзтэл олдоц муутай байсан. Тэгтэл Б...........нэ ах бид хоёрыг дагуулаад Чацарганын талбай дээр очсон. ...Тэндээс дээж хайсан боловч олдоогүй... тэгээд Х.................р ах бид хоёр Чацаргана түүсэн. Тэгээд явж байтал ...Х.................р ах над дээр ирээд надад нэг өвс ургамал мэт зүйл өгөөд зажлаад үзтэл зүгээр өвс мэт зүйл байсан учраас хаясан. Тэгээд бид хоёр чацаргана түүж дуусаад хоолоо идээд Улаанбаатар хот руу явж байтад замд цагдаа нар зогсоож шалгаад миний цүнхнээс ууттай өвс ургамал мэт зүйл гарч ирсэн. Тухайн зүйлийг Х.................р ах миний цүнхэнд хийсэн байсан ба учир нь бид хоёр цүнхээ дундаа хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Батсүмбэрээс хот руу явах засмал зам дагуу байрлуулж тавьсан ............. улсын дугаартай Nissan March маркийн тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б...........нэд тээврийн хэрэгсэлд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэх талаар тодруулахад “тиймээ байгаа сая цагдаа нар намайг машинтай зогсоож шалгах үед миний машинаас гарч ирсэн зүйл” гэж тээврийн хэрэгслийн багажийн хэсгийг онгойлгож саарал өнгийн хоёр мөртэй цүнхийг нээж харуулахад цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл байсан ба тухай зүйлийг албаны цахилгаан жин дээр тавихад 395 грамм байх ба иргэн ББ.............э нь тухайн цүнхийг Зоригтын У...........г гэх тухайн машинд зорчиж явсан хүнийх гэх бөгөөд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тухайн тээрийн хэрэгслээс өөр ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4320 дугаартай дүгнэлтэд
“...Шинжилгээнд “Г-134 дугаартай гомдолд ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан №1 дугаартай гялгар ууттай” гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай нойтон ургамал мэд зүйлийг хийж ирүүлсэн байна.
Нойтон ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 381.6 гр, цэвэр жин нь 366.4 гр байна.
Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дээж авч органик уусгагчид уусган 7820А GC system 5977E MSD хийн хроматограф масс спектрометр багажаар шинжилгээ хийхэд “Г-134 дугаартай гомдолд ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан №1 дугаарын гялгар ууттай” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ илэрсэн...ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Нойтон ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 381.6 гр, цэвэр жин нь 366.4 гр байна.
3. Г.134 дугаартай гомдолд ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан №1 дугаарын гялгар ууттай гэж хаягласан ургамал мэд зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ илэрсэн.
Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106-107 дахь тал),
- Шүүгдэгч А.Х.................рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Чацарганын талбайгаас дүү У...........гийн хамт чацаргана түүж байгаад дүү У...........гт мэдэгдэлгүйгээр өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж цуг явсан Б...........нэ ахын машинд мэдэгдэлгүйгээр нууцаар аваачиж хийсэн ба бид гурвыг Улаанбаатар хот руу явж байхад цагдаа нар зогсоогоод миний нууж машинд оруулж цүнхэнд хийсэн өвсийг олсон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд цахим хэрэгсэл болон бусад зүйлээр өвс гэх зүйлийг олж мэдсэн ба тухайн зүйлийг хэрхэн яаж хэрэглэдэг талаар би сайн мэдэхгүй байна...Би тухайн зүйлийг... түүж аваад өөрөө зажилж үзсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дахь тал),
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд: “...А.Х.................рын Хар тамхитай тэмцэх газар 00 өрөөнд дагуулан орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /OPI TML COC KET THC LSD MOP MDMA MET AMP мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen Test Cup тест ашиглах талаар танилцуулж...шалгахад ...1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10 дугаар багана 2 улаан зураас тодорч “Сөрөг” гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглээгүй, 5 дугаар баганад 1 улаан зураас тодорч “Эерэг” гэж заасан байх тул шээсийг битүүмжилж мансууруулах сэтгэцэд нөлөөд бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4319 дугаартай дүгнэлтэд
“...Шинжилгээнд: Х.................р ............... 2022.9.04” гэж хаягласан 40 мл орчим шээсний дээж, “З.У...........г ............... 2022.09.04” гэж хаягласан 35 мл орчим шээсний дээж, “Бямбаа Б...........нэ ............... 2022.9.4” гэж хаягласан 100 мл орчим шээсний дээж тус бүрийг хуванцар саванд хийж ирүүлсэн байна...
Шинжилгээнд ирүүлсэн шээс тус бүрд арга, аргачлалын дагуу дээж бэлтгэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийхэд “Бямбаа Б...........нэ ............... 2022.9.4” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “Х.................р ............... 2022.9.4” гэж хаягласан шээс, З.У...........г ............... 2022.9.4” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Бямбаа Б...........нэ ............... 2022.9.4” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “Х.................р ............... 2022.9.4” гэж хаягласан шээс, “З.У...........г ............... 2022.9.4” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99-100 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х.................р нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл хэргийн үйл баримтад дурдагдсан гэмт хэргийн халдлагын зүйл болох “өвс” гэдэг нэршилтэй бодис нь өөртөө “Тетрагидроканнабинол /ТНС/” бодис агуулдаг болох нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “сэтгэцэд нөлөөт бодис”-д хамаарна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хортой хөнөөлтэй, нийгэм, хүн амын эрүүл мэндэд аюултай болохыг мэдсээр байж өөрсдийн сайн дураар хуульд заасан тодорхой үйлдлүүдийг хүсэж үйлдсэн байдаг тул шүүгдэгч А.Х.................рыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Тиймээс шүүгдэгч А.Х.................рыг шууд санаатай үйлдлээр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 366.4 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2008 оны 29 тогтоолд “...Бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан зэргийг хэлнэ. ..."Хадгалсан" гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ.” гэж тус тус тайлбарласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.5. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд шууд хохирол учирдаггүй боловч хүүхэд залуучууд, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн, ард түмний язгуур ашиг сонирхол ноцтой хохирлыг чимээгүй тахал хэлбэрээр учруулдаг онцлогтой.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
- Улсын яллагчаас шүүгдэгч А.Х.................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч А.Х.................р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 37, 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 43-50 дахь тал), ............... ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52-56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Тиймээс Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгааг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Х.................р нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгч өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгосон, тэрээр ам бүлийн хувьд эхээ тэжээн тэтгэдэг, тухайн гэмт хэргийг ухамсарлан сайн дураараа олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон зэргийг харгалзан түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул дээрх ял оногдуулсан болно.
Харин шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг оногдуулах ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 4 жилийн хугацааг тогтоосон бөгөөд ийнхүү тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэв.
Түүнчлэн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь шүүгдэгчийг нийгэмшүүлэх нөгөө талаас цээрлүүлэхэд үр нөлөөтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Х.................рт 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд оногдуулсан дээрх ялын хүрээ хязгаарыг түүний оршин суугаа болон ажил хөдөлмөр эрхэлдэг нутаг дэвсгэрийн хүрээ хязгаар буюу Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хориглохоор тогтоов.
Шүүгдэгч А.Х.................рт Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2202 0000 00331 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хатсан жин 366.4 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт А...............лийн Х.................рыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х.................рт 4 (дөрөв) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х.................рт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х.................рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.
5. Шүүгдэгч А.Х.................р нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх гарын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууттай жин 366,4 грамм өвсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар Тамхитай тэмцэх хэлтэст даалгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ