Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2021/0066

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: Т.А гомдолтой,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчид холбогдох,

Гомдлын шаардлага: “Улсын байцаагчийн 2021 он 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0117204 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдлын шаардлагатай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Т.А-гын өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч  аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Т.А шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Т.А 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Цэнгэл сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “ТТБТХХ” журмын 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгосон байна.

Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд гагцхүү хуулийн этгээд албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр байна.

2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг” гэж, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий , тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 25.2 дахь хэсэгт “Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн”, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь хуулийн этгээд биш харин захиргааны байгууллага, албан тушаалтан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа хэлбэр нөхцөл хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан байна.

Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Д шийтгэл оногдуулах тухай шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдрийг бичээгүйгээс гадна шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах болсон үндэслэл нь бодит байдалд нийцээгүй байсан.

Учир нь, миний бие Цэнгэл сумын Засаг даргын хувьд Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 2.1, 2.1.12, 4.9, 6.6-д зааснаар Засаг даргын хувьд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа тамга хэрэглэх эрхтэй гэж үзэж  байна.

Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн 0117204 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Серикжанаас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавраар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл бүх шатны Засаг дарга тамгыг өөрсдөө түшиж байсан нөхцөл байдлыг зохицуулсан журамтай. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гарсан шинэ журмаар тамга тэмдгийг Засаг даргын Тамгын газрын дарга, эсвэл шийдвэртээ заасан захиргааны ажилтан түших ёстой.

Ингэхдээ эрх бүхий албан тушаалтан Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6.6-д зааснаар шийдвэр гаргаж, энэ асуудлыг шийдэх ёстой. Гэтэл Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга өөрөө эрх бүхий албан тушаалтны хувьд үүргээ биелүүлээгүй. Тамга тэмдгийг хэн түших ёстой вэ гэдэг шийдвэрийг гаргахгүйгээр шууд гомдол гаргасан. Гомдлын агуулгаас үзэхэд, Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга хоёр хоорондоо ямар харилцаатай вэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Засаг дарга болон Тамгын газрын дарга хоорондоо таарамжгүй харилцаатай гэдэг нь Б.Еын гомдлын агуулгаас шууд харагдаж байна.

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хэрэв архив, албан хэрэг хөтлөлтийн журмыг зөрчсөн тохиолдолд хуулийн этгээдийг торгох ёстой. Хуулийн этгээд гэдэг нь Засаг даргын Тамгын газар. Б.Е өөрөө зөрчил гаргасан. Эрх бүхий албан тушаалтны хувьд шийдвэр гаргаагүй, зөрчил гаргасан нь тогтоогдсон, тамга тэмдгийг хүлээлцэж аваагүй нь тогтоогдсон байхад хяналтын объектыг буруу тодорхойлж, Засаг даргыг торгосон нь буруу, хуулийг ноцтой зөрчсөн асуудал үүссэн.

Эрх бүхий албан тушаалтны хувьд Засаг даргын Тамгын газрын дарга шаардлагаа тавьж тамгыг захиргааны ажилтан түших ёстой гэдгийг зөвлөж хэлэх ёстой байтал Тамгын газрын дарга  энэ үүргээ биелүүлээгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Тамгын газрын чиг үүрэг гэж байгаа.  33.1.2-д “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах” гэж заасан.

Эрх зүйн талаасаа Засаг дарга мэдлэггүй байж болно. Тамгын газрын дарга нэлээн олон шалгуурыг давсан эрх бүхий албан тушаалтан. Засаг даргад шинэ журам гарсан гэдгийг танилцуулж, Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6.6-д заасныг тайлбарлаад тамга, тэмдгийг зохих журмын дагуу авах ёстой байтал ёс бусаар тамгыг хүчээр авах гэж байгаа нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан буруу танилцуулсан. 

Хариуцагч Тамгын газрын даргад нөхцөл байдлыг ойлгуулж, та өөрөө энэ нөхцөл байдлыг зохицуулах ёстой, таных буруу гэж хэлэх ёстой байтал шууд Засаг даргыг торгосон нь буруу гэж үзэж байна. Сумын Засаг дарга хуулийн этгээд биш. Засаг даргын Тамгын газрын дарга эрх бүхий албан тушаалтны хувьд шийдвэрээ гаргаж, тамга авах асуудлыг шийддэг учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Хариуцагчийн хэлж байгаа тайлбар бүхэлдээ үндэслэлгүй учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Даас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Д би Монгол улсын хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах явцад Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам” зөрчсөн зөрчил илрүүлэв.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/761 дугаар захирамж, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Санхүү хяналтын албаны даргын хамтран баталсан удирдамжийг хүрээнд Цэнгэл сумын Засаг дарга Т.А, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е, архив, бичиг хэргийн ажилтан Б.Л болон бусад холбогдох албан хаагчдыг байлцуулан 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулав.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Еаас аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн 2021 он 7 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт тавих тухай” 03/51 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлын хүрээнд явуулсан ба тус гомдлын 5 дугаар заалтад “Төрийн албаны ёс жаяг, хууль, дүрэм, журмыг уландаа гишгэж төрийн тамгыг Засаг даргын Тамгын газрын нууц сейфенд хийж хадгалж тавих байтал өөрөө дур мэдэн, хармаалж, цүнхэлж авч явж байна.

Тамга тэмдэг хадгалах ёстой газар хадгалагдаж, түших ёстой хүнд түшигдэж, ашиглагдах ёстой гэдгийг үл тоож хууль зөрчиж байна тусгасан асуудлыг шалгаж үзэхэд Цэнгэл сумын Засаг дарга Т.Ад холбогдох дараах зөрчлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11:30 цагт илрүүлсэн болно. Үүнд,

Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх үйл ажиллагааны зохион байгуулалтыг шалгахад, Цэнгэл сумын Засаг дарга Т.А нь Засаг даргын тамгыг Засаг даргын албан өрөөндөө хадгалж, улмаар тамгыг өөрөө түшиж байгаа нь “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан “Тамга тэмдгийг Тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэснийг зөрчсөн талаар хяналт шалгалтын явцад тогтоогдов.

Иймд Цэнгэл сумын Засаг дарга албан тушаалтан Т.Ад холбогдох зөрчил нь холбогдогчийн өөрийн өгсөн мэдүүлэг, гомдол гаргагчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр бүрэн тогтоогдож байгаа тул зөрчилд нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж үзээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж ажилласан болно.

Цэнгэл сумын Засаг дарга Т.Аы Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.

Холбогдогч Цэнгэл сумын Засаг дарга Т.Ад 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Холбогдогчид шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг танилцуулсан тухай тэмдэглэл” үйлдэж, холбогдогч Цэнгэл сумын Засаг дарга Т.Ад огноо, цаг, минутад танилцуулан, гарын үсэг зуруулан шийтгэлийн хуудсыг гардуулж өгсөн бөгөөд энэ шийтгэлийн хуудсанд огноо бичээгүйгээс болж торгууль төлөхгүй байх, аль эсвэл  гарсан зөрчлийг улсын байцаагчийн албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтын даалгаварт заасан хугацаанд нь арилгахгүй байх шалтгаан нөхцөл болохгүй гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухай зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул хуулийн этгээдийн нэрийн өмнөөс зөрчил үйлдсэн хүн буюу албан тушаалтан Цэнгэл сумын Засаг дарга Т.Аыг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Засаг дарга нь захирамжилсан шийдвэр гаргадаг тул захиргааны байгууллага мөн. Захиргааны байгууллага нь хуулиар тодорхой эрх үүрэг хүлээсэн хуулийн этгээд юм. Үүнээс гадна Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн заалтад зааснаар Засаг дарга нь дотоод, гадаадад тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг итгэмжлэн төлөөлөх бүрэн эрхтэй этгээд юм.

Бүх шатны Засаг дарга нар “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 2.1, 2.1.12, 4.9-д тус тус зааснаар албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа тамга хэрэглэх эрхтэй боловч тус журмын 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу тамга тэмдэг түших эрх нь Тамгын газрын даргад байхаар зохицуулагдсан болно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаа Засаг дарга Т.Ад хүргүүлсэн боловч хугацаандаа хариу ирүүлээгүй. Энэ зөрчил гараад сарын хугацаа болсон ч зөрчлөө арилгаагүй, зөрчил хэвээрээ байгаа.  Энэ зөрчлийг арилгуулахын тулд цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсээд байна.

 Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад,  нэхэмжлэгч Цэнгэл сумын Засаг дарга Т.Ааас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Дд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Ды үйлдсэн огноогүй 0117204 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/51 дугаартай “Хүсэлт уламжлах тухай”  албан бичгийн хавсралтад[1] тусгагдсан  Цэнгэл сумын Засаг даргын гаргасан гэх зөрчлүүдийг шалгах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/761 дүгээр захирамжаар[2] ажлын хэсэг байгуулж, уг захирамжийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Санхүүгийн хяналт, аудитын албаны  даргын хамтран баталсан  2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/761 дүгээр захирамжийн дагуу Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай хамтарсан удирдамж”[3]-ийг баталжээ.

Дээрх удирдамжийн дагуу ажлын хэсэг нь  шалгалт хийж, улмаар  аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч нь   Цэнгэл сумын Засаг дарга Т.Аыг  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 226 дугаар “ Журам шинэчлэн батлах тухай “ тогтоолын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын Зургаагийн 6.6-д заасан “Тамга, тэмдгийг тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэснийг зөрчсөн  үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0117204 дугаартай шийтгэлийн хуудсаар[4] Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Хуулийн уг заалтаас үзэхэд,  албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг зөрчсөн  зөвхөн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх заалт байна.

 Хариуцагч талаас Засаг дарга нь захиргааны байгууллагын хувьд хуулийн этгээд мөн гэж түүний гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл,  заалтаар шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан боловч энэ нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь,

Сумын Засаг дарга нь  Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1-д тус тус зааснаар  нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг,төрийн гүйцэтгэх эрх мэдлийг тухайн орон нутагт хэрэгжүүлдэг  нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага  мөн  боловч  Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэсэн шинжийг агуулахгүй, харин  эрх зүйн байдлын хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т зааснаар төрийн  улс төрийн албан тушаалын ангилалд хамаарах төрийн улс төрийн албан хаагч юм.

Цэнгэл сумын  Засаг дарга Т.А нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар  тогтоолын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын Зургаагийн 6.6-д заасан “Тамга, тэмдгийг тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэснийг зөрчиж, тамгыг түших эрх бүхий этгээдээр түшүүлэхгүйгээр  өөрөө түшсэн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон боловч энэ зөрчлийг үйлдэхдээ хуулийн этгээдийг буюу Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн байх  тул  сумын Засаг даргад Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэл ногдуулсан хариуцагчийн үйлдэл   Зөрчлийн тухай 2.1 дүгээр зүйлийн 3-т заасан “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэснийг зөрчсөн гэж үзлээ.

Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж  заасан байх ба Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.26 дугаар зүйлийн 2-т  заасан хариуцлага хүлээлгэхээр тогтоосон  субъектийг  бус, өөр этгээдэд хариуцлага хүлээлгэсэн нь  Зөрчлийн тухай хуулийн зорилготой, хууль хэрэглэх явцад баримтлах хууль ёсны зарчимтай, шийтгэл оногдуулах үндэслэл, журамтай нь тус тус  нийцээгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Цэнгэл сумын Засаг даргад Зөрчлийн тухай хуулийн 15.26 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх үндэслэлүүдээр хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны 0117204 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй ба  нэхэмжлэлийн  шаардлага бүхэлд нь хангагдсан байх тул   хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1,  1.2 дугаар  зүйлийн  2, 2.1 дүгээр зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 2, 15.26 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т.Аы   гомдлыг бүхэлд нь  хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  архив, албан хэрэг  хөтлөлтийн улсын байцаагч Б.Д  үйлдсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0117204 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагч Цэнгэл сумын Засаг дарга Б.Айтуган нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                З.ГҮЛБАРША

 

 

[1] Хэргийн 21-23 дугаар хуудас

[2] Хэргийн 17 дугаар хуудас

[3] Хэргийн 18-20 дугаар хуудас

[4] Хэргийн 42 дугаар хуудас