| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0950/з |
| Дугаар | 221/МА2024/0585 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0585
Л.Д нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О
Нэхэмжлэгч: Л.Д /РД: /
Нэхэмжлэгч: Л.Д /РД:/
Нэхэмжлэгч. Д.Д /РД: /
Нэхэмжлэгч: Р.Н /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохиролд нэхэмжлэгч тус бүрд 17,331,600 төгрөг гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0429 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Д, Р.Н
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, М.О
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Г.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0950/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Д , Д.Д, Л.Д , Р.Н нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохиролд нэхэмжлэгч тус бүрд 17,331,600 төгрөг гаргуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0429 дүгээр шийдвэрээр: нэхэмжлэгч Л.Д , Д.Д, Л.Д , Р.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 19 дүгээр байрны урд, 39 дүгээр цэцэрлэгийн хойд талд 17 гараашийн 1, 2, 5, 9 тоот гарааш”-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хохиролд 69,326,400 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч тус бүрд 17,331,600 төгрөг олгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжаар Ц.Г-т гараашийн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 19 дүгээр байрны урд 700 м.кв газарт тус бүр 18 м.кв хэмжээтэй гараашууд барьж худалдсан, улмаар гарааш худалдан авсан иргэд болох нэхэмжлэгч Л.Д 1 тоот гарааш, Л.Д 2 тоот гарааш, Д.Д 5 тоот гарааш доор газрыг тус бүр 18 м.кв хэмжээгээр 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн 253 дугаарт бүртгэгдсэн газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус дээрх 2004 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 124 дүгээр захирамжаар үндэслэн эзэмшсэн байна.
3.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу Л.Д , Д.Д, Л.Д , Р.Н нарын нарын иргэн нь нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй гарааш байршуулсан болох нь тогтоогдсон.
3.3. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгахаар шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх “Зөрчил арилгах тухай” А/388 дугаар захирамжийг гаргасан бөгөөд нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан.
3.4. Гарааш арга хэмжээний хүрээнд A/388 дугаар захирамжийг гаргасан бөгөөд баталсан газруудад зөвшөөрөлгүй гараашуудыг буулган тохижилт хийгээд явж байгаа болно. Газрын тухай хуульд эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой бөгөөд нэхэмжлэгч нар хугацаа сунгах хүсэлт гаргаагүй болно. Газрыг Газрын тухай хуульд заасан заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан буюу газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээгүй, газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нарт нөхөн олговор олгох боломжгүй ба “нөхөн олговор олгоно” гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Л.Д, Д.Д, Л.Д, Р.Н нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохиролд нэхэмжлэгч тус бүрд 17,331,600 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
4. Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг тус тус үндэслэн газар чөлөөлөх байршлыг хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтад нэр бүхий нэхэмжлэгч нарын гарааш багтжээ.
5. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: гээд 4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.5. хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 20.2.2.газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.3.5-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд, төрөөс газрын нэгдмэл удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд иргэн, хуулийн этгээдэд газрыг гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд энэ харилцаанд баримталвал зохих дээрх үндсэн нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмшүүлэх, түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох харьяа шатны Засаг даргаас газрыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлэх, албадан чөлөөлөх арга хэмжээ авах зэргээр зөрчлийг арилгах эрх хэмжээтэй байна.
6. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд, анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 700 м.кв газрыг Ц.Г-т гараашийн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан бөгөөд Ц.Гантүшиг нь уг газарт олгосон зориулалтын дагуу автомашины гарааш барьж №1, 2, 5, 9 хаалга дугаарлалт бүхий, тус бүр 6х3 хэмжээтэй гараашийг газрын хамт нэхэмжлэгч Л.Д, Д.Д, Л.Д, Р.Н нарт шилжүүлсэн,
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Л.Д 1 тоот гараашийн, Л.Д 2 тоот гараашийн, Д.Д 5 тоот гараашийн доорх газрыг тус бүр 18 м.кв хэмжээгээр 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн 235 дугаарт бүртгэгдсэн газар эзэмшүүлэх гэрээгээр, Р.Н 9 тоот гараашийн газрыг 18 м.кв хэмжээгээр 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн 253 дугаарт бүртгэгдсэн газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.
7. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалаар, Л.Д, Д.Д, Л.Д, Р.Н нараас Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “/уг маргаан бүхий/ ... газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд, “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 124 дүгээр захирамжийг үндэслэн “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулснаар Чингэлтэй дүүргийн газрын алба болон газар эзэмшигч нэр бүхий 4 иргэний хооронд газар эзэмшихтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй; газрын төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр тухай бүр авч төсөвт төвлөрлүүлж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж акт үйлдэж байснаас үзэхэд газар эзэмших гэрээнээс үүдэн талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн; энэхүү гэрээг /2022 онд/ газар чөлөөлөх мэдэгдэл өгөх хүртэл буюу нэхэмжлэгч нарын гараашийг буулгах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзнэ” гэж дүгнэн, нэр бүхий тэдгээр 4 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
8. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусаагүй буюу газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг жил бүр төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан “...маргаан бүхий газарт байрлаж буй гараашууд нь газар эзэмших эрхгүй...” гэх тайлбар няцаагдах бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
9. Хэдийгээр хариуцагч хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах” зорилгоор холбогдох шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байх боловч бусдын хууль ёсоор эзэмшиж байгаа эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийг хөндөх тохиолдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна”, 43 дугаар зүйлийн 43.2-т “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана” гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатай.
10. Тухайн тохиолдолд хариуцагч дээрх хуулийн зохицуулалтыг биелүүлээгүй төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ажиллагааг хийлгүй газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын тодорхойлсон “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
11. Нэгэнт маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж хууль бус, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд учирсан хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцнэ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нараас тодорхойлсон хохирлын хэмжээний хувьд хариуцагч татгалзлын үндэслэл тодорхойлж маргаагүй болно.
12. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ