Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/1492/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1504 |
Огноо | 2022-12-02 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч М.Г..............д. нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0297 41885 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржгин овогт М..............яан Г..............д., Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1971 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..........................................................................., урьд
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
- Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлснийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г..............д. нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, “А...............н” эмийн санд хохирогч М.О...............ятай “хугацаа нь дууссан эм худалдсан” гэх асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүний зүүн хацарт алгадах нүүрэн хэсэгт нь цохих зэргээр зодсоны улмаас хохирогч М.О...............ягийн биед тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч М.Г..............д. нь “Наран Ивээлт Хайрхан” ХХК-ийн харьяа “А...............н” эмийн санг Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан овоогийн 2 дугаар автобусны буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг Олон нарны цацраг үйлчилгээний төвд талбай түрээслүүлэн ажиллуулдаг байна. Тэрээр 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эмийн сангийн үйл ажиллагаагаа явуулж байхдаа үйлчлүүлэгчдээ Синекод эм худалдсан байна. Гэтэл тухайн эмийг худалдан авсан үйлчлүүлэгчийн эхнэр М.О...............я нь хугацаа нь дууссан эм худалдан борлуулсан, буцаалт хийнэ гэх асуудлаас хоорондоо маргалдан улмаар түүнийг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар М.Г..............д. нь эрүүл мэндэд нь халдаж биед нь тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч М.О...............ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр С.А...............л Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмийн сангаас “Антигрип” нэртэй эм аваад ир гэсэн чинь өөр шилтэй эм, эмийн санч нь сайн эмч гээд өгөөд явуулсан байхаар нь би 2022 оны 9 дүгээр сарын 04-ний 21 цагийн үед тус эмийг нь аваад эмийн сан дээр явж очсон. Тэгээд би тус эмийн санч дээр явж очоод энэ эм нь буруу эм байна, мөн хугацаа нь дуусаж байгаа эм байна гээд буцаамаар байна гэсэн чинь тус эмийн сангийн залуу над руу дайраад энэ эм хор юм уу, гээд над руу балиар авгай, янхан минь гээд хараагаад байсан. Тэгээд би “та уурлаад яах вэ мөнгөө авмаар байна” гэсэн чинь мөнгөө гаргаж өгөх гэж байснаа надад мөнгөө авсан гээд бич гээд байхаар нь бичих гэсэн чинь зүүн хацар хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгээд намайг цохихоор нь би түлхсэн чинь лангуунаас гарч ирээд надаа мөнгөө өгөхдөө мөнгөө тоол гээд байхаар нь тоолох гэсэн чинь уруул, хамар хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгээд миний уруул хамраас цус гараад байхаар нь өөрийнхөөр нөхрийг дуудсан. ...хэн нэгэнтэй маргалдсан зүйл байхгүй. Г..............д. гэх хүн намайг эм буцаана гэх үед хэл амаар доромжилж зодож цохисон. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
“...Би урд өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн. Харин би хохирлын 100.000 төгрөгийн авсан тул надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12193 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт:...Хамрын нуруу хавдсан, хөх өнгийн цус хуралттай. Баруун талд тэмтрэхэд эмзэглэлтэй, дууд уруул хавдсан, дотор салстад 0.5х0.3см няцарсан шархтай...ДҮГНЭЛТ
1. М.О...............ягийн биед тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч М.Г..............д.ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед М.О...............я гэх эмэгтэй манай эмийн сан дээр орж ирээд “Синекод” эмийн хугацаа дуусаж байна гэхээр нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусна гэж хэлээд мэргэжлийн хяналтын газраар үзүүлэх боломжтой гэж хэлээд бид хоёр тухайн үед үүссэн маргаанаас болж маргалдсан. М.О...............я гэх эмэгтэй миний нүүр хэсэгт алгадах үед би М.О...............я гэх эмэгтэйн уруул, нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Иймд би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...би А...............н эмийн сан ажиллуулдаг. Би сарын 800.000 төгрөгийн цалинтай...” гэж (хавтаст хэргийн 48-49 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Г..............д. нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12193 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Г..............д. нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “эмийн хугацаа дууссан эсэх асуудлаас үүдэлтэй маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн” улмаар хохирогч М.О...............ягийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч М.Г..............д. нь хохирогч М.О...............ягийн биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Г..............д.ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч М.О...............я нь мөрдөн шалгах ажиллагаанд шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч М.Г..............д. нь хохирогчид 100.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Г..............д.ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч М.Г..............д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч М.Г..............д. нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч М.Г..............д. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 117, 118 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 119-120 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 121-122 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 56, 94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 23, 96-98 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 25 дахь тал) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дахь тал), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 101 дэх тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Г..............д., хохирогч М.О...............я нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г..............д. гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хувиараа эмийн сан ажиллуулдаг зэрэг нь тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Г..............д.од торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0297 41885 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт М..............яан Г..............д.ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г..............д.ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г..............д.од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г..............д. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ