Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/1495/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1507 |
Огноо | 2022-12-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
хохирогч О.Д.....................р,
шүүгдэгч Л.Б.....................р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01734 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Дандар овогт Л...................вын Б.....................р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “............................................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.Б.....................р нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Д.....................ртай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Л.Б.....................р нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны автобусны эцсийн буудлын орчим байх Баянхайрханы дугаар тоотод байрлуулсан Samsung маркийн SM510 загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээ авахаар Д.Т..........рийн хамт очсон байна. Улмаар Д.Т..........р дээрх тээврийн хэрэгслийг жолоодуулан өөрөө Toyota маркийн Сrown загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянхайрханы 65 дугаар гудамжинд явж байхад түүний урд явсан Samsung маркийн SM510 загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тус гудамжны 23 тоотын цахилгааны утсыг тасалсан байна. Энэ үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 65 дугаар гудамжны 23 тоотод нохойгоо хооллохоор ирсэн О.Д.....................р нь цахилгаан тасарсан асуудлыг мэдсэн даруйдаа тус тоотын урд тал руу давж тухайн замаар явж байсан Toyota маркийн Сrown загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Л.Б.....................ртай уулзан хоорондоо дээрх асуудлаас болж маргалдан улмаар О.Д.....................р нь Л.Б.....................рын биед халдахад тэрээр зөрүүлэн эрүүл мэндэд нь халдсаны улмаас О.Д.....................рын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч О.Д.....................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд...Ц............рын монгол гэр цахилгаангүй болчихоор нь гараад харсан чинь ачааны том машин гудамжинд цахилгааны утсыг нь тасалсан байсан. Тэгээд би тухайн автомашины хойноос явж байсан цагаан өнгийн автомашинтай эрэгтэй хүн дээр очоод манай цахилгааны утсыг тасалчихлаа гэсэн чинь тэр эрэгтэй надад хэлэхдээ би танай эгчтэй уулзсан танай эгч надад юм хэлэхгүй гэр рүүгээ яваад орсон гэж хэлээд машиндаа суугаад хөдлөх гэж байхаар нь би машиныхан хаалгыг татсан чинь тухайн залуу машинаасаа бууж ирээд бид хоёр муудалцсан. Удалгүй тухайн залуу машиндаа буцаж суугаад хөдлөөд явахаар нь би цонхоор нь гараа оруулаад тэр залуугийн нүүр хэсэг рүү гарынхаа алга хэсгээр цохиод өнгөрсөн. Тэгсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд намайг хэл амаар доромжилж над руу дайрч байгаад гэнэт миний нүүр, хамар хэсэг рүү гараа атгаж байгаад удаа дараа цохисон. Мөн намайг унгааж байгаад миний толгой руу өвдөглөөд өшиглөөд байсан. Би сүүлдээ тухайн зулаагаас гэх гуйгаад больсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
- Гэрч Ч.Э............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................... тоот гэртээ байж байсан юм. Өдөр 13 цагийн үед нөхрийн дүү Д.....................р манай гэрт ирээд нохой хооллоно гэж байсан. Манай том охин гэр рүү орж ирэхдээ “машин явж шүргээд тогийн утас тасалчихлаа” гэхээр нь би гэрээс гараад хашааны гадаа очтол нэг том машин гудамж өгсөөд явж байсан. Нэг жийп машинтай залуу зогсож байхаар нь учир явдлаа хэлээд “Тогны утас залгаад өгөөч” гэсэн чинь тоохгүй яваад өгөхөөр нь буцаж гэртээ ороод дүү Д.....................рт хэлсэн чинь “би очиж уулзъя” гээд гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад гэрээс гараад урд талын гудамж руу харсан чинь тухайн тог тасалсан гэх залуу, манай дүү Д.....................р хоёр ноцолдоод, нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Би “хөөе болиоч ээ” гэсэн чинь чамд хамаагүй гээд байсан...миний харснаар нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан. Бас ноцолдоод байсан. Нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13749 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт...Зүүн нүдний дээд доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай, дээд зовхинд 0.5х0.5см хүрэн өнгийн, баруун нүдний доод зовхинд хүрэн өнгийн зулгаралттай.
2022.10.05-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээнд...Хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн зөрүүтэй хугаралтай, хугарлын түвшинд зөөлөн эдэд хаван нэвчдэс ихтэй мөн хийн бөмбөлгүүдтэй. Хамрын таславч зүүн тийш бага зэрэг муруй гэжээ...ДҮГНЭЛТ
1. О.Д.....................рын биед хамар ясны хугарал таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн нүдний дээд зовхи, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч Л.Б.....................рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүргэн ах Т..........рийн хашаанаас өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслийг аваад ахаараа машинаа бариулаад ард нь дагаад явж байсан чинь Т..........р ах маань гудамжинд байсан өлгөөтэй цахилгааны утсыг таслаад хаячихсан юм. Тэгээд мэдээгүй бололтой тэр чигээрээ яваад өгсөн, би ард нь зогсоод тухайн цахилгааны утас тасалсан гэх айлын эгч хүрч ирээд юу болсон талаар ярилцаад бага зэрэг хэрүүл маргаан болж байгаад тухайн эмэгтэй буцаад гэр рүүгээ яваад орчихсон, би араас нь мөнгийг нь өгье эсвэл цахилгаанчнаа дуудчих гэсэн боловч тоогоогүй гэр рүүгээ яваад орчихсон. Тэгээд би том машиныхаа араас дагаад эргээд урд талынх нь гудамжаар явж байсан чинь хашаа даваад нэг залуу гарч ирээд машин дээр ирээд надтай хэрүүл маргаан үүсгээд намайг буугаад ир гээд машинаас буулгаад тухайн залуу хэрүүл маргаан үүсгэж байгаад намайг боогоод, арай гэж салаад би машиндаа суугаад чамтай хэл амаа ололцохгүй юм байна гээд явах гэж байтал миний нүү рүү алгадаад авахаар нь би машинаасаа бууж ирээд дахиж маргалдаж байгаад барьцалдаж ноцолдоод газар унаад, дахиж босож ирээд хашаа налж унаад дээр доороо унаад байсан. Тэгээд ноцолдож байгаад тухай залуу миний хамар цохичихлоо гээд босоод ирсэн...би өөрөө үйлдсэн хэргээ ярьж хэлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б.....................р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13749 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Л.Б.....................р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч О.Д.....................рын хууль бус үйлдлээс шалтгаалан түүний эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Л.Б.....................р нь хохирогч О.Д.....................рын биед халдаж хамар ясны хугарал таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн нүдний дээд зовхи, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Б.....................рыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
- Хохирогч О.Д.....................р нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон төлбөрийн баримт байхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн дахь тал) мэдүүлсэн байх хэдий ч шүүгдэгч Л.Б.....................р нь түүнд сайн дураараа 800.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгаар тогтоогджээ. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Харин хохирогч О.Д.....................р нь хамар ясны хугарал таславчийн муруйлт гэмтлээ эмчлүүлэхээр шүүгдэгч Л.Б.....................ртай харилцан тохиролцсон, гомдолгүй гэх тул хохирогч нь дээрх гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Л.Б.....................рыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Б.....................р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.Б.....................р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25, 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 26, 31 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 32-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Л.Б.....................рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.Б.....................рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01734 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дандар овогт Л...................вын Б.....................рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б.....................рт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б.....................рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б.....................р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ