Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/1496/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1508 |
Огноо | 2022-12-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Д.Б....................г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01950 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хэрээд овогт Д....................Цын Б....................г, Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1989 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 33 насны эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.........................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б....................г нь 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ................. амралтын газрын гэрт хохирогч Ц.Б...................яаг нөхөртэйгөө хардан, уурлаж түүний хоолойноос татаж босгон, үснээс нь зулгааж орноос унагаах, газарт унасан үед нь цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, нүүрэн хэсэгт цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархайн, дагзны хуйх, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, нуруу, зүүн шилбэнд цус хуралт, нуруу, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Д.Б....................г нь 2022 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “.................” амралтын газрын 15 номерын гэрт Ц.Б...................яаг нөхөр Д.М.................ттай хардан, уурлаж түүний эрүүл мэндэд халдаж биед нь зүүн чамархайн, дагзны хуйх, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, нуруу, зүүн шилбэнд цус хуралт, нуруу, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Ц.Б...................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн танил дүү Халиун болон Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сутайн буянт” зах дээр хамт ажилладаг, М.................өө, Б.................аа нарын хамт бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................” амралтын газар 12 цагийн үед очсон юм. Тэгээд бид дөрөв 15 номерын гэр авч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтсон. Тэгээд 21 цагийн үед манай хуурай дүү Халиунаа ажлын залуу Б.................аа нар явсан байсан. Харин би согтсон учраас унтаад үлдсэн бөгөөд надтай хамт М.................өө гэх залуу үлдсэн байсан. Тэгээд тус амралтын газрын монгол гэрийн орон дээр 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25 шилжих шөнө унтаж байсан чинь М.................өө гэх залуугийн эхнэр гэх эмэгтэй 02 цагийн үед ороод ирсэн. Тэгээд орж ирээд тус эмэгтэй нь миний хоолойноос татаж босгоод үснээс зулгааж орноос унагааж баруун талын цээж хэсэгт 2-3 удаа өшиглөөд,зүүн гарын булчин, баруун гарын булчин хэсэгт2-3 удаа өшиглөөд зүүн хөлийн шилбэний хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Миний зүүн шанаа хэсэгт гараараа цохиод байсан. Харин хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Тэгээд М.................өө гэх залуу нь эхнэрээ дагаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
Би хохирлын мөнгө 300.000 төгрөгийг бэлнээр авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)
- Гэрч Д.М.................тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б...................яа бид хоёр үлдсэн байсан би санахгүй байгаа архи их уусан болохоор согтсон байсан. Тэгээд гэнэт унтаад сэрсэн чинь би гэртээ сэрсэн бөгөөд юу болсон талаар санахгүй байгаа юм...Манай эхнэр Б....................г ирсэн талаар санахгүй байна. Харин эхнэр 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр надад тус газар очиж чамайг авсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14764 угаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Зүүн чамархайн хуйханд 6.0х3.0см, дагзны зүүн хэсэгт 2.0х1.0см, дунд дээд хэсэгт 4.5х3.0см, зүүн дээд зовхинд 2.0х1.0см, доод зовхинд 4.0х2.0см, баруун бугалгын гадна дунд хэсэгт 6.0х3.0см, зүүн бугалгын гадна дунд хэсэгт 6.0х5.0см, баруун шууны дотор дунд хэсэгт 3.0х4.0см, зүүн сарвууны ар хэсэгт 6.5х6.0см, нурууны зүүн дээд хэсэгт 2.0х1.0см, зүүн шилбэний гадна дунд хэсэгт 9.0х8.0см, хөхөлбөр өнгийн цус хуралттай, нурууны зүүн дунд хэсэгт 0.3х0.2см, зүүн шилбэний гадна дунд хэсэгт 3.0х0.3см, ягаан өнгийн зулгаралттай, дагз хэсгийн хуйх хавдаж овойсон, үс шингэн, эмзэглэлтэй.
2022.10.26-ны MED TRAUMA эмнэлгийн толгойн КТГ шинжилгээнд: ....зүүн нүдний доод зовхи, шанааны зөөлөн эдэд бага зэргийн хавантай.
2022.10.26-ны Толгойн КТГ гавал ясанд гэмтэлгүй...бусад дайвруудад агууламжгүй, зүүн хацар, зовхины зөөлөн эдэд бага зэлгийн хавантай. Цээжний томограммуудад цээжний хэнхэрцэг үүсгэгч яснууд болох өвчүү, дал, хавирга, эгэм, сээрний нугалмуудад гэмтлийн өөрчлөлтгүй...ДҮГНЭЛТ
1. 2. Ц.Баасанзаяагийн биед зүүн чамархайн, дагзны хуйх, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, нуруу, зүүн шилбэнд цус хуралт, нуруу зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд үүссэн байх боломжтой.
4. Шинэ гэмтлүүд байна.
5. 6. Дээрх гэмтлүүд нь мохоо үйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч Д.Б....................гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө zenly аппликейшн ашиглаж өөрийн нөхрийн гар утасны дугаараар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................. амралтын газар байгаа талаар мэдээд 01 цагийн үед байсан газар нь ганцаараа очсон чинь манай нөхөр тус амралтын газар нэг эмэгтэй хүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байхаар нь тус эмэгтэйг үстэж босгоод нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон чинь газар унасан. Тэгээд газар унахаар нь босгох гэж тус эмэгтэйтэй ноцолдож байх үедээ шилбэ хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Мөн нуруу хэсэгт нь гараараа 1-2 удаа гараараа цохисон юм...Би хувиараа япон машины сэлбэг худалдан борлуулдаг. Би сарын 900.000 төгрөгийн цалинтай...” гэж (хавтаст хэргийн 37-39 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б....................г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14764 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Б....................г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр эр, эмийн хардалтын сэдэлтээр хохирогч Ц.Б...................яагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Д.Б....................г нь хохирогч Ц.Б...................яагийн биед халдаж эрүүл мэндэд нь зүүн чамархайн, дагзны хуйх, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, нуруу, зүүн шилбэнд цус хуралт, нуруу зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б....................гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Б...................яад энэ гэмт хэргийн улмаас 300.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Д.Б....................г дээрх хохирлын төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Б....................гийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Б....................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Д.Б....................г нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Б....................г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 74, 75дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 76-77 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 78-79 дэх тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 45, 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 52-67 дахь тал)зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б....................г, хохирогч Ц.Б...................яа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б....................гийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Б....................гт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01950 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэрээд овогт Д....................Цын Б....................гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б....................гийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б....................гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б....................г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ