Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1536

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч С.А............т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01966 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бичээч овогт С..........нгийн А............т, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1992 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бунд боловсролтой, мэргэжилгүй, ............................. регистрийн дугаар ......................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А............т нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр рүүгээ харих гээд 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулахын зам дээр машиныхаа хаалгыг онгойлгосонгүй гэх шалтгаанаар хохирогч Ц.Б..........мын эзэмшлийн ................... улсын дугаартай Toyota Prius 41 маркийн авто машины салхины шилийг хагалж буюу хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.А............т нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз охин М...................нтай үл ялих зүйлээс болон хоорондоо маргалдсан байна. Улмаар түүний найз охин М...................н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын орчим, түүнтэй маргалдсандаа уурлан тухайн замаар зорчиж явсан Ц.Б..........мын жолоодон явсан  Toyota Prius 41 маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож суусан байна. Энэ үед С.А............т нь Ц.Б..........мын тээврийн хэрэгсэл дээр ирэн найз охин оо бууж ирэхийг шаардан, Ц.Б..........м нь тээврийн хэрэгслийн салхины шилийг цохисны улмаас салхины шилийг хагалж 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNJ13241598 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн............... Дуудлага хүлээн авсан...2022.10.25, 03:17:24 минут...Дуудлагын утга.............. дугаартай машинд нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал)

-Хохирогч Ц.Б..........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр рүүгээ харих гээд 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулахын зам дээр явж байтал нэг үл таних эмэгтэй зам дээр гарч ирээд амь авраарай гээд миний машинд ороод суусан тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж асуухад тэр эмэгтэй манай нөхөр намайг ална гээд айлгаад байна гэхээр нь би цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгч байх хооронд нэг хар өнгийн Кровн маркийн машин ирээд дотроос нь нэг намхан залуу гарч ирээд надад хандаж “хаалгаа онгойлго” гээд миний машины хаалга цонх зэрэг рүү гараараа цохиод байсан. Дараа нь гартаа нэг зүйл барьсан байх гэж бодож байна. Нэг зүйлээр миний машины урд салхины шилийг хагалсан. Тэгэхээр нь би тайван бай, одоо цагдаа ирнэ, би хөдлөхгүй ээ” гэхэд над руу муу муухай үгээр дайраад байсан...Салхины шил хагарсан...350-550 төгрөгийн хооронд гэж байсан...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

- “Хас-Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №1169 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...Тoyota Prius-41 маркийн...................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн... урд салхины шил...350.000 төгрөг буюу шууд зардал...350.000 төгрөг, шууд бус зардал...30000 төгрөг буюу нийт 380.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч С.А............тын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэл дээрээ гэмшиж байна...” гэж (хавтаст хэргийн 45 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.А............т нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.А............т нь хувийн таарамжгүй сэдэлтээр найз охинтойгоо маргалдаж улмаар түүнийг Ц.Б..........мын тээврийн хэрэгслээс буулгахаар шаардлага тавихдаа, түүний тээврийн хэрэгслийг цонхыг шууд санаатай үйлдлээр хагалсны улмаас бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон хөрөнгө үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогджээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч С.А............тыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.Б...................ямд энэ гэмт хэргийн улмаас 380.000 төгрөгийн хохирол хор уршиг учирснаас шүүгдэгч С.А............т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч С.А............тыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч С.А............т нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.А............т нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 47, 48 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 52-53 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 37, 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал),гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.А............т, хохирогч Ц.Б..........м нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч С.А............тыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.А............тад шүүхээс торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 01966 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бичээч овогт С..........нгийн А............тыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А............тыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А............тад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А............т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ