Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр                                Дугаар 2022/ШЦТ/95                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Мөнхбат, Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Ц.А,

Иргэдийн төлөөлөгч Г.Ө,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Цгийн Ат холбогдох 2228000850098 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ц.А согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн Цохион усны 1314 тоотод байх гэртээ хамт амьдардаг өөрийн эмээ болох 87 настай Ч.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь тархины баруун чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа бүхий, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Иргэн Ц.А нь архидан согтуурсан үедээ өөрийн эмээ Ч.Цийн биед гэмтэл учруулсан гэж үзэж байгаа тул гэм буруутай, хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна гэв.

Хохирогч Ч.Цийн мэдүүлэгт: Тэр үед А хил явчхаад ирлээ гээд нэлээн согтуу өдөр орж ирсэн тэгээд нэг хүнтэй хамт байж байснаа тэр хүнтэйгээ маргалдаад байх шиг байсан тэгээд тэр хүн нь яваад өгсөн А бас гараад явсан тэгээд гэртээ байж байхад А орой орж ирсэн тэгээд юу болсныг санахгүй байна...Тэгээд би согтуу архи уулаа гэж хэлсэн чинь тэрнээс болж намайг зодсон өмнө нь бас намайг зодож байсан.А их догшин ширүүн зантай өмнө нь намайг орон дээрээс түлхэж унагаагаад зодоод баривчилгаанд явж байсан тэрнээс болоод намайг янхан гичий гэж хэлж байсан архи уухаараа ааш, зан  нь их догшин болж ална шүү гээд заналхийлдэг байсан би олон жил чи намайг доромжилж байна би өргөдөл өгнө шүү гэхээр бич чаддагийн бол гэдэг байсан тэгээд би цагдаад нэг удаа өгч баривчилгаанд явуулж байсан...баривчилгаанд явуулж байсан болохоор надад уурлаад өс санаад байдаг юм шиг байгаа юм гэжээ. /хавтаст хэргийн 19, 21, 23 дахь тал/

Гэрч Б.Цгийн мэдүүлэгт: Манай хүүхэд 1987 онд төрсөн Улаанбаатар хотод 105 дугаар сургуулийг 2003 онд төгссөн тэгээд Монгол, Солонгосын техникийн сургуульд ороод хэдэн сар сураад сургуулиа хаяад 2005 онд намайг дагаж Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ирээд одоог хүртэл энд суурьшиж байгаа ерөнхийдөө ажил төрөл хийж үзээгүй архи дарс их уух дуртай угаасаа уугаад байсан хүүхэд байгаа юм. Ааас өөр манай ээжид гар хүрэх хүн байхгүй ээ тэр өдөр угаасаа архи уусан байсан архи уухаараа угаасаа тийм овилгогүй зантай тэр өндөр настай хөгшин хүнд өөр гар хүрэх хүн байхгүй. ...Манай ээжийг манай хүүхэд Ааас өөр зодох хүн байхгүй өөр хүн зодсон бол тэрүүгээр нэг хүн амьтан руу утасдаж хэлээд хэн зодов гээд цагдаа эмнэлгээр явах ёстой. Тэгэхэд тийм юм болоогүй тэхээр А архи уусан үедээ л зодсон энэ өндөр настай хүнийг өөр зодох хүн байхгүй. Одоохондоо өмнөхөө бодуул гайгүй болсон ойр зуурын юм ярьж хэлээд байгаа гэхдээ л хүний гарт орсон Улаанбаатар хотод тархины маш хүнд хагалгаанд орж тархинд хурсан цусаа авхуулсан Аыг намайг гүйцээчихгүй хүний гарт орууллаа хэзээ ирээд дахиж зодох бол гэсэн айдастай байгаа зарим юм аа мартаж санаад их хэцүү л байна гэжээ. /хавтаст хэргийн 30-31, 33 дахь тал/

Гэрч Д.Жгийн мэдүүлэгт: 2022 оны 02 сарын 22-ны өдрийн өглөөний 06 цагийн орчимд намайг унтаж байхад хажуу айлын А нь орж ирээд ирээд хөнжилнөөс татаж сэрээсэн би сэрээд юун босох гэж хэлсэн би тухайн үед нойрмог байсан болохоороо сайн сонсоогүй А нь тухайн үед хөгшин ууртай байна, дугарахгүй буруу хараад хэвтсэн байна гэж хэлээд буцаад гараад явчихсан. Би буцаж унтаад 09 цаг өнгөрч байхад босчихсон байхад А орж ирээд бас дахин хөгшин ууртай юм асуухаар дугарахгүй байна тийшээ ороод хэрэггүй Буяа гэх айлынд хүргээд өг гэхээр нь би танай картаар ус авъя гэхэд гэр рүүгээ буцаж яваад усны карт авч ирж өгөөд энэ картаар ус ав намайг дөхүүлээд өг гэхээр нь би мотоцикльтой Буяа гэх айлын гадаа буулгачихаад худгаас ус аваад Дэлгэрцэцэг гэх айлд очиж цай уугаад буцаад гэртээ ирсэн. Манай хүү Азбаяр айлд хоночхоод /Гэрлээ гэдэг айлд/ гэртээ ирсэн. Би эгчтэйгээ уулзчихаад буцаж гэртээ ирэхэд манай гэрт хоносон Ирмэд гэх залуу хөгшний гэрт орсон хөгшин хөдлөхгүй чигээрээ хэвтэж байна гэж хэлэхэд нь би гайхаад гэрт нь ороход хөгшин гэрийнхээ баруун талын орон дээр буруу хараад хэвтсэн байсан би Ц гээд нэрээр хөгшнийг дуудахад хөдөлж байгаа бололтой дугарахгүй байхаар нь айгаад эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед А мэдсээр байж яагаад дууддаггүй юм бол гэж бодоод хажуу хашааны хүний утсаар залгуулж эмнэлэг дуудсан. Дуудлага өгснөөс хойш 10 гаруй минутын дараа эмнэлэг ирж хөгшнийг авч явсан. Намайг гэр рүү нь орж үзэхэд толгойныхоо зүүн чамархай хэсэгт цус болчихсон байсан тэгээд би сандраад гэрээс нь гараад эмнэлэг, цагаад мэдэгдсэн. Өглөө нь А эмгэний толгойных нь хажууд цус болчихсон, нүд нь хөхөрсөн байна яасан юм болдоо гээд хэлж байсан тухайн үед нь нээх тоогоогүй орхисон байсан юм гэжээ. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Гэрч Д.Мы мэдүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 21-нд би өглөө босоод гэрээс гарахгүй бай            байгаад 20:00 өнгөрч байхад Даваадоржийн дэлгүүрээс очиж хоёр шил 0,5 литртэй их Монгол гэсэн архи авсан. Тэгээд гэртээ очиж тэр архины нэг шилтэйг нь ганцаараа задалж ууж байгаад шөнийн 00:00 өнгөрөөгөөд унтсан. Тэгээд унтаж босож ирээд 08:00 цаг өнгөрч байхад босоод урьд шөнийн ууж байсан архины үлдэгдэл жоохон архи байсныг уучихаад дээрээс нь үлдэгдэл нэг шил архи байсныг ганцаараа ууж дуусчаад байж байхад Гамбаа гэдэг манай сумын хүн орж ирээд удаагүй байхад 14:00 цагийн үед А манайд орж ирээд унтаад өгсөн. Тэгээд удаагүй байтал цагдаа нар ирээд Аыг аваад явсан гэжээ. /хавтаст хэргийн 38 дахь тал/

Гэрч Ч.Гаваажамцын мэдүүлэгт: 2022.02.21-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад хамаатны дүү Дэлгэрмөнх гэдэг айлд Дарханбаатар бид гурав даалуу тоглосон. Намайг 11 цагийн үед гэрээс гараад явах үед эгч гэртээ ганцаараа үлдсэн. Өглөө намайг гэрээс гараад явахад эгчийн бие эрүүл, ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Би эгчийнхээ гэрээс гараад явган явсаар байгаад дүү Дэлгэрмөнх гэдэг айлд очсон. Дэлгэрмөнх гэдэг айлд очиход гэртээ Дэлгэрмөнх, нэг хүүхэд нь байсан. Дэлгэрмөнх утсаар залгаад Дарханбаатарыг дуудсан тэгээд бид гурав даалуу тоглосон. Би 11 цаг өнгөрөөд Дэлгэрмөнхийн гэрт очсон, тэгээд Дарханбаатарыг хүлээсэн гээд бодохоор бид гурав уулзаад 13 цагаас хойш 18 цаг хүртэл даалуу тоглосон. Дарханбаатар 60 настай, Дэлгэрмөнх 60 настай. Бид нарыг даалуу тоглож сууж байхад гаднаас хүн амьтан ирээгүй, Дэлгэрмөнхийн хүү 22 настай, хэлгүй дүлий юм. 18 цаг гэж тоглоом дуусаад Дэлгэрмөнхийн гэрээс гарч яваад замдаа Пол гэдэг эмгэний гэрт /Колонкын хойно/ нь очоод аяга цай уугаад, хэсэг юм ярьж сууж байгаад гараад гэр рүүгээ явсан. Би гэртээ 18 цаг өнгөрөөд 19 цагийн үед гэртээ очсон байх. Гэртээ очоод гар утас, хувцсаа тайлж гэртээ үлдээчхээд хажуу хөрш Жгийн гэрт орсон чинь А, Ж хоёр 0.5 литрийн Ерөөл архи уугаад дуусч байсан. Надаас Ж архи нэхсэн, би эгчийн гэрт ороод гэрт байсан шар Чингис нэртэй архийг аваад буцаад Жгийн гэрт орсон. Тэгээд нөгөө архиа уух гэж байтал А надаас тамхины мөнгө нэхээд би 5.000 төгрөг өгсөн чинь хамт явна гэхээр нь дагаж яваад Цоглог гэдэг дэлгүүрт очсон. Тэр үед А дэлгүүрээс архи авна гээд, худалдагч эмэгтэй архи өгөхгүй гээд байсан. Тэгээд Цоглог дэлгүүрээс юу ч аваагүй, гарч яваад Баавлаг гэдэг дэлгүүрт очсон. Энэ дэлгүүрээс тамхи авсан байх, би болохоор баавлаг дэлгүүрийн хажууд байх Зоригоо гэдэг айлд түр орчоод гараад ирсэн чинь, А намайг орхичоод яваад өгсөн байсан. Би болохоор Зоригоо гэдэг залуугаар хүргүүлж, Жгийн гэрт очиход А, Ж, эгч гэрээсээ ороод ирсэн сууж байсан. Миний үлдээсэн архийг задлаад хагасыг уучихсан байсан. А нилээд согтчихсон намайг хүргэж өгсөн Зоригоо гэдэг залуу сандал дээр сууж байхад нь өшиглөөд авсан. Тэр үед би гэрт байсан хагас архиа аваад Зоригоотой хамт гэрээс гараад Зоригоогийн гэрт очоод хамт уучихсан. Тэгээд Зоригоогийн гэрээс гараад Мэргэний дэлгүүрт очоод нэг шил архи аваад яаж Буяагийн гэрт очих бэ гэж бодож байтал, машинтай танихгүй хүнээс өвөөгөө Буяагийн гэрт хүргээд өгөөч гэсэн чинь хүргэж өгсөн. Мэргэний дэлгүүрээс архи аваад 20 цаг өнгөрч байхад Буяагийн гэрт очсон. Буяагийн гэрт очиход эхнэртэйгээ хамт байсан. Тэгээд бид хоёр миний авч очсон архийг хувааж уугаад 23 цагийн үед унтсан. Би энэ айлд унтаад 10 цагийн үед босоод сууж байтал гаднаас А орж ирээд эгчийн нүүр ам хачин болчихсон байна, хэн тэгэв гэхээр нь би чи л тэгээ биз өөр тэгнэ гэж хэлсэн. А үгүй шүү дээ гэсэн. Би бол А зодсон гэж хардаж байна гэжээ. /хавтаст хэргийн 42-43 дахь тал/

Гэрч О.Зын мэдүүлэгт: Гаваа ах халамцуу байсан. А нь согтчихсон зодож цохих гээд дайраад байсан. Би тухайн үед эрүүл байсан юм Гаваа ахын өгсөн жоохон архинаас уусан өөр архи хэрэглээгүй гэжээ. /хавтаст хэргийн 45 дахь тал/

Гэрч В.Бийн мэдүүлэгт: 2022.02.22-ний өдөр 14 цаг 30 минутад Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд дуудлага ирээд дуудлагын дагуу би очиход Ч.Ц нь зүүн талын орон дээрээ хөнжил нөмөрсөн цаашаа харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг рүү яаралтай тээвэрлэсэн одоо хүртэл эмчилгээ хийж байна. Өвчтөний хоёр гар цус хуралттай толгой нүүрэнд ил шарх цус хуралт хаван хавдар ихтэй өөр мэдэгдэх ил шарх гэмтэл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 65 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар  сарын 30-ны өдрийн 1525 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Ч.Цийн гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. А өмд гэсэн хөвөн бамбар, А гутал гэсэн хөвөн бамбар дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. А өмд гэсэн хөвөн бамбар, А гутал гэсэн хөвөн бамбар дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Жич: Тогтоолын асуулт хэсэгт Ч.Цэрэнпагамын гэж асуусан нь шинжилгээнд ирүүлсэн цусан дээрх Ц гэсэнтэй тохирохгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 72-73 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Цийн биед тархины баруун чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болзон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ч.Цийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Ч.Цийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 79-80 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67 дахь тал/

Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографын” шинжилгээний хариу /хавтаст хэргийн 86 дахь тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 87-90 дэх тал/

Өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэгсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 91-95 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 96 дахь тал/

 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай “. ” гэх албан бичиг /хавтаст хэргийн 98 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 100-105 дахь тал/

Сэжигтний бүртгэл /хавтаст хэргийн 106-107 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 108 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 109-111 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 112-114 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ц.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Ц.Аын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Аыг согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн Цохион усны 1314 тоотод байх гэртээ хамт амьдардаг өөрийн эмээ болох 87 настай Ч.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь тархины баруун чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа бүхий, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч Ц.Аын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.А нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн Цохион усны 1314 тоотод байх гэртээ, хамт амьдардаг өөрийн эмээ болох 87 настай Ч.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь тархины баруун чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Цийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21, 23 дахь тал/, гэрч Б.Цгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 33 дахь тал/, гэрч Д.Жгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч Д.Мы мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрч Ч.Гаваажамцын мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч О.Зын мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, гэрч В.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай шинжээчийн “ Ч.Цийн биед тархины баруун чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болзон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ч.Цийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Ч.Цийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67 дахь тал/, Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографын” шинжилгээний “ баруун чамархай, зулай хэсгийн тархины эдэд 5.4 *3.1*5.2  см хэмжээтэй +60-+7HU нягтралтай, зөв биш хэлбэртэй гиперденс голомттой. Баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн дор 0.6 см өргөнтэй субдурал цус хуралттай...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86 дахь тал/, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 87-90 дэх тал/, Өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэгсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 91-95 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Ц.А нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь: Хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэх үйлдэл нь хохирогчийг урт удаан хугацаагаар буюу олон удаагийн зүй бус үг, хэллэг, үйлдлээр олон тооны гэмтэл, шарх, зовлон зүдгүүд, шаналал учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн 87 настай эмээ Ч.Цтэй 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэртээ  маргалдан бие эрх чөлөөнд нь халдан зодохдоо олон тооны шарх, гэмтэл үүсгэж, зовлон зүдгүүрт байдлыг бий болгож  хүнд гэмтэл учруулаагүй болох нь шинжээчийн 113 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.   

Улмаар хохирогч Ч.Цийн биеийн байдал эдгэрээгүй, өвдөж байна гэх шалтгааныг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй юм.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд “Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалах эрхтэй” гэжээ.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээд нь тус хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Ч.Цтэй хамт амьдардаг зээ хүү  болох нь гэрч Б.Ц “...2005 оноос хойш миний өргөмөл ээж Атай хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, гэрч Д.Жгийн “...А нь одоо хөгшинтэй хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ , гэрч Э.Хүрэлбаатарын “...А эмээтэйгээ хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн засаг даргын “Тус багийн иргэн Цгийн А нь 1987 онд төрсөн ам бүл 2, эмээ Чимэдийн Цийн хамт Урт баг Цохион усны гэр хорооллын 1314 тоотод сүүлийн 3 жил амьдрагч байгаа нь үнэн болно “ гэх тодорхойлолт / хавтаст хэргийн 98 дугаар тал/, шүүгдэгчийн биеийн байцаалт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд  гэр бүлийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.А нь гэр бүлийн гишүүн болох эмээ Ч.Цийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж үзнэ.  

Мөн хохирогч эмээ болох Ч.Цийг 1935 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн,  87 настай, бие бялдар, эрүүл мэнд, тамир тэнхээний хувьд өөрийгөө хамгаалах, биед нь халдан зодох үйлдэлд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг шүүгдэгч Ц.А мэдсээр байж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ хохирогч Ч.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргаж,  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож тархины баруун чамархай, зулай хэсгийг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа бүхий гэмтэл үүсгэн халдаж хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ц.А гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байсан болох нь хохирогч Ч.Цийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21, 23 дахь тал/, гэрч Б.Цгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 33 дахь тал/, гэрч Д.Жгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч Д.Мы мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрч Ч.Гаваажамцын мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч О.Зын мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэргээр тогтоогдсон ба согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Аын хувийн байдлын тухайд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Ч.Ц нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “ өөрийгөө яая гэж байгаа хүнээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн тул шүүгдэгч Ц.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Ц.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүх хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан, хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Аыг бусдыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 9 жил хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Ц.Аын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ат 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Аын бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэх хувийн байдлыг харгалзан оногдуулсан  7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ц.А бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ц.Ат хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Цгийн Аын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж  яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овгийн Цгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ат  7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Хохирогч Ч.Ц шүүгдэгч Ц.Ааас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.А бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч,  түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                          ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ

 

                                                                                            Б.ВОЛОДЯ