| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2021/0056/З |
| Дугаар | 110/ШШ2021/0069 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 110/ШШ2021/0069
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Х.Кы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эх Х.К надаар овоглосон хүү К.Еыг түүний хууль ёсны эцэг нь болох Ш.Даар өөрчлөн бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.К, түүний өмгөөлөгч К.Ержан, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, орчуулагч А.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Каас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч Х.К би 1996 онд Ш.Дтай гэр бүл болж, улмаар 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлснээр бидэнд гэрлэлтийн гэрчилгээ олгон, бид хууль ёсны эхнэр, нөхөр болсон бөгөөд бидний гэрлэлт одоо хүртэл ямар нэг байдлаар дуусгавар болоогүй / салах, нас барах гэх мэт/, бид одоо ч гэсэн хууль ёсны эхнэр, нөхөр юм. Бид гэр бүл болсноос хойш бидний дундаас 1997 онд охин С, 1999 онд охин Б , 2004 онд хүү Е нар төрсөн. Хүү Е одоо 16 нас, 7 сартай. Миний охид болох С, Б нар хуулийн дагуу миний нөхөр Ш.Даар овоглож явдаг.
Харин Е төрж, төрсний гэрчилгээ олгох үед хүү Еыг эх К надаар овоглон улсын бүртгэлд бүртгэн төрсний гэрчилгээ олгосон. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Хүүхэд эцгийн нэрийг авна” 24.4-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхэд эрх бүхий байгууллагын эцэг тогтоосон шийдвэргүй бол эхийн нэрийг авна” гэж тус тус зааснаас үзэхэд, хууль ёсны гэрлэлтийн бүртгэлтэй эцэг, эхээс төрсөн хүүхэд заавал эцгийн нэрээр овоглохоор байх ба хүү Е хууль ёсны гэрлэлтийн бүртгэлтэй эцэг, эхээс төрсөн мөртлөө эх К надаар овоглож явах нь зөрчил байгаагаас гадна хүү Е 16 насанд хүрч цахим үнэмлэх авах эрх үүссэнээр одоогоос эхлэн дээрх зөрчлийг арилган эцэг Ш.Ды нэрээр овоглож цахим үнэмлэх авах хүсэлттэй байгаа юм. Хүү Е эцгийн голомт залгах ганц эрэгтэй хүүхэд тул эцэг Ш.Ды нэрээр овоглож явах хүсэлтэй байгаа зүйн хэрэг юм. Бид энэхүү зөрчлийг арилган овог сольж, Еыг эцэг Ш.Даар овоглон бүртгэж өгөхийг хүсэн Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Тухайн үед нөхөр маань архинд орж, архи уугаад гэрээс явчихсан, нөхрийн маань бичиг баримт нь байхгүй болохоор 7 сард төрсөн хүүг 10 сарын үед би өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан. Дараа нь нөхөр маань Казахстан улс руу яваад сураггүй болсон. Одоо хүү маань 18 насанд хүрсэн болохоор өөрийнхөө эцгээрээ овогломоор байна гэж байгаа. Тиймээс хүү Еыг эцэг Ш.Даар овоглож өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ержанаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нотлох баримтаар шинжлэн судлуулсан гэрч М.Розагийн мэдүүлгээс харахад, Х.К хүү Еыг бүртгүүлэх үед нөхөртэй гэдгээ хэлсэн байна. 2004 онд Е төрж, төрсний гэрчилгээ авах үед 1999 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан. 1999 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд төрсний бүртгэлийг бүртгэх журмыг зохицуулж өгсөн. 12.1-д “...хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ”, 12.2.1-д “хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадалгаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадалгаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт”, 12.2.2-д “эцэг, эхийн иргэний үнэмлэх”, 12.2.3-д “эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ” гэж тодорхой заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “хүүхэд эцгийн нэрийг авна” гэж заасан. Албан ёсны гэрлэлтийн гэрчилгээтэй гэр бүлээс төрсөн хүүхэд заавал эцгээрээ овоглож бүртгүүлэх хуулийн зарчим үйлчилж байна. Хариуцагч тал эцэг тогтоолгох тухай асуудлыг ярьж байна. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэж тодорхой заасан. Хууль ёсны гэрлэлтийн бүртгэлтэй гэр бүлээс төрсөн хүүхэд заавал эцгээрээ овоглох зарчим үйлчлэх ёстой. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.3-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд энэ хуулийн 12.2.3-т заасан гэрчилгээг шаардахгүй” гэж заасан. 12.4-д “Хэрэв эцэг, эх нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол иргэний бүртгэлийн ажилтан гэрт нь буюу өөр газар очиж бүртгэж болно” гэж зохицуулж өгсөн. Х.Кы хүүхэд 2004 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Тухайн үед нөхөр нь архинд орж, сураггүй алга болсон учраас эцгээр нь бүртгүүлж чадахгүй, эхийнхээ овгоор бүртгүүлсэн.
Хариуцагч тал тухайн үед эхийн мэдүүлгийг үндэслээд бүртгэл хийсэн гэж тайлбарлаж байна. Хуулиа харахад бичиг баримтын бүрдэл хэсэг дээр мэдүүлгийг үндэслээд бүртгэл хийнэ гэж зохицуулсан зүйл байхгүй. 1999 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д “бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 8.3.2-д “бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх, тайлан мэдээг нэгтгэж гаргах” гэж иргэний бүртгэлийн ажилтны эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Энэ нь Х.Кы үүрэг биш. Тухайн үед бүртгэл хийсэн бүртгэлийн ажилтан М.Розаг гэрчээр асуусан. Тухайн үед үйлчилж байсан хуулиас харахад, бүртгэлийн ажилтан гэрлэлтийн баталгаа, өргөдөл зэрэг баримт бичгийг заавал шаардах ёстой. Хариуцагч байгууллага бүртгэлтэй холбоотой аливаа зөрчлийг арилгуулах, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангуулах үүрэгтэй байгууллага. Гэрлэлт нь дуусгавар болоогүй эцэг, эхийн хүүхэд заавал эцгээрээ овоглоно гэж хуульд заасан. Тухайн үед бүртгэл хуульд нийцүүлэн хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Хуульд заасан шаардлагыг хангаж бүртгэлийн ажилтан бүртгэл хийгээгүй. Хэрэв гэр бүлээ цуцлуулсан бол шүүхийн шийдвэрийг бүртгэлийн ажилтан шаардаж нягтлах ёстой байсан.
2018 онд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12.3.3-д “эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол” гэж зааж өгсөн. Хариуцагч байгууллага эцэг тогтоолгож ирэхийг шаардаж байгаа ба ямар тохиолдолд эцэг тогтоолгох шаардлагатай вэ гэдгийг харах ёстой. Эцэг, эх нь тодорхойгүй хүүхэд эцэг тогтоолгоно уу гэхээс албан ёсны гэр бүлээс төрсөн, гэрлэлтийн гэрчилгээтэй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоож ирүүл гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Энэ асуудлаас болж хүүхдийн эрх нь зөрчигдөж байна. Ш.Д хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байгаа. Е эрэгтэй хүүхэд учраас ургийн бичигт Х.Каар овоглож явах нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байгаа асуудал. К.Е насанд хүрсэн хүүхэд учраас төрсөн эцэг Ш.Даар овоглохыг хүсэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:
Иргэн Х.Кы тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад холбогдуулан “Овог нэр өөрчлөн бүртгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзээд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор төрсний бүртгэлд бүртгүүлэх ёстой билээ. Ингэхдээ эцэг, эх өргөдөл гаргах бөгөөд үүнд иргэний үнэмлэх, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа, эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг тус тус хавсаргасан байх шаардлага тавигддаг.
Харин 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээ шаардахгүй бөгөөд холбогдох хууль болон иргэний улсын бүртгэл хөтлөх журмын дагуу иргэн Х.К болон Ш.Д нар нь 2004 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Еыг иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхдээ гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхэд гэж мэдүүлснээр улсын бүртгэгч М.Роза /хуучнаар иргэний бүртгэл мэдээллийн ажилтан/ шинээр төрсөн хүүхдийг эхээр нь овоглон бүртгэсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч тал хүүхдээ эхээр нь овоглосон бүртгүүлснээс хойш 17 жилийн дараа мэдэн будилж улсын бүртгэлийн байгууллагыг алдаа гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна. Өөрөөр хэлбэл Х.К, Ш.Д нар тухайн үед худал мэдүүлж, бүртгэл хийлгүүлсэн бол өөрсдөө буруутай байна. 2018 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар тодорхой шалтгаанаар хүний овог, эцэг /эх/-ийн нэрийг өөрчлөхөөр хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч тал хуулийн уг зохицуулалтаас өөр шалтгаанаар буюу Еын овог, эцгийн нэрийг өөрчлөх, мөн төрсний гэрчилгээ хүчингүй болгуулах, эцгээр нь овоглон бүртгэн шинээр төрсний гэрчилгээ олгохыг хүсч байна. Зүй нь Еын хувьд хуулийн 10 дугаар зүйлд зааснаар эцэг, эх тогтоосны бүртгэл хийлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, 2004 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Еын хувьд эцэг тогтоолгох атал овог нэр өөрчилсний бүртгэл хийх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн Х.К нь өөрийн хүүхдийн төрсөн эцэг мөн болохыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу тогтоолгож ирсэн тохиолдолд Иргэний улсын бүртгэлд бүртгэж хүүхдийн эцгийн нэрийг өөрчилж бүртгэж өгөх боломжтой
Иргэн Х.Кы өмгөөлөгч нь манай байгууллагад хүсэлт гаргаад овог нэр өөрчлөн бүртгэж өгнө үү гэж хандаж байсан. Бид тэрний дагуу судалж үзээд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж өгсөн тохиолдолд Ш.Ды нэр дээр бүртгэх боломжтой гэдгээ хэлсэн. Хэрэв нотлох баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхээс эцэг тогтоолгож ирүүл гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч өөрийн хүүхдийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож ирсэн тохиолдолд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж ирсэн тохиолдолд бүртгэж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь 2004 онд төрсөн 17 настай хүү Х.Еыг төлөөлж “Эх Х.К надаар овоглосон хүү К.Еыг түүний хууль ёсны эцэг нь болох Ш.Даар өөрчлөн бүртгэхийг даалгах “ шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “Эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаална” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.К нь тус шүүхэд 2004 онд төрсөн хүү Еын овгийг түүний эцэг Ш.Даар өөрчлөн бүртгэхийг даалгах шаардлагын үндэслэлээ ”...нөхөр Ш.Дтай 1996 онд гэр бүл болж 3 хүүхэд төрүүлсэн, эхний 2 хүүхэд эцгийн нэрээр овоглосон, хүү Е төрөх үед нөхөр архинд орж, гэрээс явсан, түүний бичиг баримт нь байхгүй байсан тул өөрийн нэрээр овоглуулахаар бүртгүүлсэн. Хүү маань одоо эцгийн нэрээр овоглохыг хүсэж байгаа ба нөхөр маань Казахстан улс руу яваад сураггүй алга болсон” гэж тодорхойлжээ.
Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа “...хүүхэд төрөх үед анхнаасаа эх Х.К нь өөрийн нэрээр овоглохоор бүртгүүлсэн байсан, одоо 17 жилийн дараа эцгээр нь бүртгүүлэхийг хүсэж байгаа нь хууль бус, эцгийг Ш.Д гэж тогтоолгож ирсэн тохиолдолд бүртгэхээс татгалзахгүй, 2018 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан овог өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Х.К нь Ш.Дтай 1997 онд гэр бүл болж, гэрлэсэн байдлаа 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн нь, 1997 оны 03 дугаар сарын 27-ны өдөр охин С, 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Б нар нь тус тус төрж, эцгийн нэрээр овоглон бүртгүүлсэн нь, 2004 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү Е төрж, эхийн нэрээр овоглон бүртгүүлсэн нь, гэрлэгсдийн гэрлэлт дуусгавар болсон гэх бүртгэл бүргэгдээгүй нь, Ш.Дд 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үндэсний гадаад паспорт олгогдсон нь, БЮ67010615 регистрийн дугаартай Ш.Ды тухай бүртгэл хүн ам, өрхийн мэдээллийн санд байхгүй зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэрлэгсдийн бүртгэлийн 218301001794 дугаартай лавлагаа[1], төрсний 218301001793, 218301001792, 218301001790 дугаартай лавлагаа[2], төрснийг бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар[3], төрсний бүргэлийн ХААТР маягтууд[4], үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа[5], Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 119 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч талаас “... К.Еийг төрсөн үед эх нь гэрлэлтийн талаар үнэн зөв мэдээлээгүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн гэж мэдүүлсэн тул гэрлэлтийн гэрчилгээг шаардахгүйгээр бүртгэл явагдсан” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Иргэний бүртгэлийн ажилтан нь анхнаасаа К.Еын төрснийг бүртгэхэд 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2, 12.2.3-т заасан бичиг баримтыг шаардаж, үнэн зөв эсэхийг шалган бүртгэлийг зөв хийх ёстой байсан” гэж, тухайн үед төрсний бүртгэлийг үйлдсэн гэрч М.Розагаас “... Бүртгэл хийлгэхээр ирсэн хүмүүсийн өөрийнх нь гар дээр байгаа материалыг үндэслээд бүртгэдэг байсан, ... бүртгэл Х.Кы хүсэлтийн дагуу хийгдсэн, ... миний санаж байгаагаар тухайн үед Х.К нь би нөхрөөсөө салчихсан учраас хүүхдээ өөрийнхөө нэрээр төрсний бүртгэл хийлгэмээр байна гэсэн”[6] гэж тус тус тайлбарласан.
К.Еын төрсний бүртгэл нь 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн бөгөөд төрснийг бүртгэх талаар хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ”, 12.2.1-д “хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт”, 12.2.2-т “эцэг, эхийн иргэний үнэмлэх”, 12.2.3-т “эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ”, 12.8-т “Гэрлэлтийг цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг бүртгэхдээ эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэнэ” гэж, иргэний бүртгэлийн ажилтны эрх, үүргийг 8 дугаар зүйлийн 8.2-т “Иргэний бүртгэлийн ажилтан дараахь эрх эдэлнэ”, 8.2.1-т “бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 8.3-т “Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ”, 8.3.1-т “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах “ гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь хүү К.Еын төрснийг бүртгүүлэх үед гэрлэлтийн байдлаа үнэн зөв мэдээлээгүй, хуулиар шаардсан бичиг баримтаа гүйцэт бүрдүүлж өгөөгүй буруутай боловч бүртгэл хийх эрх бүхий албан тушаалтнаас хуулийн дээрх заалтаар шаардагдах баримт бичгүүдийг гаргуулах эрхээ эдлээгүй, баримт бичгийн бүрдэл гүйцэт эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй, тодруулбал нэхэмжлэгчээс “... нөхрөөсөө салсан” гэж мэдүүлсээр байхад гэрлэлтээ цуцлуулсан талаарх баримт бичгийг шаардахгүйгээр төрсний бүртгэл хийснийг зөвтгөх боломжгүй байна.
2018 онд батлагдсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ”, 12.1.1-т “өргөдөл”, 12.1.2-т “төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг”, 12.3-т “Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг дараах үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргаж болно”,12.3.1-т “эцэг /эх/-ийн үе уламжлагдан ирсэн овгийг буруу тогтоож иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн бол”, 12.3.2-т “гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй гэрлэсэн Монгол Улсын иргэн нөхөр /эхнэр/-ийн овгоор бүртгүүлэх бол”, 12.3.3-т “эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол”, 12.3.4-т “иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн хүү К.Е нь эхээр овоглож байсныг эцгээр овоглохоор өөрчлөх хүсэлттэй[7] байгаагаа илэрхийлсэн, энэ хүсэлт нь хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-т заасан үндэслэлд хамаарч байгаа бөгөөд овог өөрчлөх талаар гаргасан иргэний хүсэлтийг захиргааны байгууллагаас татгалзан шийдвэрлэх үндэслэлийн талаар хуульд тусгайлан заагаагүй тул хариуцагчийн “...эцэг тогтоолгосон тохиолдолд овгийн өөрчлөлтийг бүртгэнэ” гэх үндэслэл нь болон овгийн өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хүү К.Еын овгоо өөрчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигджээ.
Иймээс дээрх үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д заасан “овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний” бүртгэлийг 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэсний дагуу К.Еын овгийг түүний эцэг Ш.Даар өөрчлөн бүртгэхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Кы Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хүү К.Еын овгийг Даар өөрчлөн бүртгэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША