Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0584

 

“Э Т” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, Д.О, Б.С, Х.Э

 

Нэхэмжлэгч: “Э Т” ХК /РД:/

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Н, аудитын менежер С.Н, “Гроуф финанс” ХХК-ийн захирал Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 196/А01504058, 197/А01504058 дугаар  актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0264 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, Д.О, Б.С, Х.Э

Хариуцагч Б.Б, С.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0601/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э Т” ХК-иас Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Н, аудитын менежер С.Н, “Гроуф финанс” ХХК-ийн захирал Б.Б нарт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 196/А01504058, 197/А01504058 дугаар актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. 

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0264 дүгээр шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Э Т” ХК-ийн гаргасан “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 196/А01504058, 197/А01504058 тоот “Төлбөр барагдуулах тухай” актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэл /агуулга/-ээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас үнэлж, дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж дараах хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.2. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэх төлбөрийн актын тухайд, нэхэмжлэгчийн зүгээс компанийн эрх зүйн байдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Компанийн тухай хуулийн дагуу зөв тодорхойлсны үндсэн дээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зуйлийн 15.1-д заасан хориглосон зохицуулалт /диспозиц/-д хамаарах үндэслэлгүй гэж үзсэн.

Энэ хориглосон зохицуулалт “Төсвийн байгууллага”, “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд”-д хамаарахыг /урьдчилсан нөхцөлд/ хуулийн зүйл, хэсэгт маш тодорхой бөгөөд ойлгомжтой, ямар нэгэн хоёрдмол утга агуулгагүйгээр зааж өгсөн. Энэхүү маргаан үүсгэж буй харилцааг шийдвэрлэхэд шаардлагатай хууль тогтоомж нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль бөгөөд хуулийн 13 болон 21 дүгээр зүйлд “Төрийн өмчит хуулийн этгээд”, “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэх нэр томьёог ялгамжтай хуульчилсан тул материаллаг болон процессын хуулийн зарчим болоод хууль, түүний зүйл заалтыг төсөөтэй хэрэглэх боломжгүй. 

“Э Т” ХК нь бодит байдал дээр аль нэг төрийн байгууллагын харьяанд байдаггүй. Цэвэр компанийн бизнесийн зарчмаар, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Гагцхүү төр хувьцаа эзэмшигчийн эрхийг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, хуульд үндэслэх бус “Монгол дахь хамгийн том төрийн өмчит” компани гэх нийтэд түгсэн буруу масс ойлголт, төсөөллөөр хийсвэр дүгнэлтийг хийж, Төрийн хэмнэлтийн хуулийн хориглосон зохицуулалтад хамаарна гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд хангаж шийдвэрлэсэн буюу төрийн Өмчит компани гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй. Хариуцагчид ч төрийн өмчит хуулийн этгээд гэж үзсэн үндэслэлээ хангалттай тайлбарлаж, нотоЛж чадаагүй бөгөөд шүүх хуралдааны асуулт хариултын шатанд “тэгж л ойлгодог” гэхээс өөрөөр тодорхой хариулт өгөөгүй болохыг анхаараагүй.

Нэхэмжлэгч нь үндэсний аудитын газар нь төлбөрийн акт тавих эрхтэй эсэх, Төрийн хэмнэлтийн тухай хууль огт хамааралгүй гэж маргаагүй байхад шаардлагагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Гагцхүү төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй холбоотой хориглолт, хязгаарлалтыг 3.1.4, 5.1, 13.7, 15.4, 19.2, 20.1, 20.2, 20.4-д тодорхой нэрлэн заасан бөгөөд төрийн өмчийн оролцоотой компанид хамааралгүй зүйл заалтаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгаж байна гэж маргасныг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл хууль дахь бичвэр /шууд утгаар ойлгогдох/-ээс дэлгэрүүлж, хуулийн зүйл заалтыг төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

3.3. Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-ын 18.9-д аудитын тайланг ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулахаар, 18.15-д албан шаардлага, төлбөрийн акт нь аудитын тайланг баталгаажуулснаар хүчин төгөлдөр болохоор зохицуулсан. Гэтэл санхүүгийн аудитын тайланг баталгаажуулаагүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул төлбөрийн актыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.

Төлбөрийн акт тогтоож буй зорилгод нийцээгүй. Нэгдсэн бус, өөр өөр хэлбэр, агуулгаар бичигдэж байгаа нь нэхэмжлэгчид ойлгомжгүй байдлыг үүсгэж байх бөгөөд хууль ёсны, үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээтэй.

Анхан шатны шүүх акт үндэслэл бүхий гэж үзэхдээ нэхэмжлэгч нь Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв шалгагдагч этгээд шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, өгөхөөс татгалзсаныг саад учруулсан асуудал нь тусдаа Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх асуудал байхад, Төрийн аудит баримт, материалыг бүрэн шалгаагүй. Гаргасан баримтын хүрээнд буюу 3 компанитай холбогдуулан акт тогтоосон нь үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй.

3.4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн буюу үнийн хөнгөлөлт илүү олгосон гэх төлбөрийн актын тухайд, энэхүү төлбөрийн акттай холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх зөв тодорхойлж чадаагүй. Хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй. Маргаан бүхий акт үндэслэл бүхий гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй.

Үнийн хөнгөлөлт эдлүүлэх нь ямар нэгэн хуулийг зөрчөөгүй, хориглоогүй. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу авсан арга хэмжээг “... 21-р тогтоолд заасан үнийн хөнгөлөлт эдлүүлэх ёсгүй байсан” гэх дүгнэлт хийсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Энэхүү төлбөрийн актын гол асуудал буюу зөрчил гэж үзсэн асуудал нь “Э Т” ХК нь гэрээт олборлогч компани /5 компани/-д ... урьдчилан тооцоолсон хэмжээгээр уулын ажлаа хийгээгүй төлбөрийн зарим хэсгийг мөнгөөр төлсөн тохиролцсон хэмжээнээс багаар нүүрс нийлүүлсэн олборлолтын ажлын гүйцэтгэлд үндэслэн олговол зохих хөнгөлөлт болон олгосон хөнгөлөлтийн зөрүү 9,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт илүү олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн ба энэ тооцоолол тодорхойгүй, баримтгүй байхад акт үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй байна.

3.5. “Э Т” ХК нь ямар нэгэн байдлаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр олборлолтын ажил гүйцэтгэгч 5 компанид ямар ч үнийн хөнгөлөлт эдлүүлээгүй. Эдлүүлэх ч боломжгүй. Гагцхүү нүүрс худалдан авагч БНХАУ-ын компанид хөнгөлөлт эдлүүлсэн болохыг шүүх анхаараагүй. Хариуцагчийн тооцоолол гэх хүснэгт ганц баримтад хөтлөгдөн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Энэхүү төлбөрийн актын хувьд зөрчил болон түүнд ногдуулж буй мөнгөн дүн, түүний тооцоолол тодорхой бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл хариуцагчийн үнийн хөнгөлөлт илүү эдлүүлсэн гэх тооцоолол хүснэгт болох нэгдүгээр хавтаст хэргийн 105 дугаар талд авагдсан нотлох баримтад 2,722,724.75 ам.доллар буюу 9,378,697,673.85 төгрөгийн хөнгөлөлт илүү олгосон гэж үзсэн. Гэтэл энэхүү ам.долларын үнэлгээг хэзээ үеийн ямар үйл явдалд хамаарах ханшаар төгрөгт шилжүүлэн тооцсон талаарх баримт, тооцооллыг шүүхэд ирүүлээгүй. Шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг иш татаагүй атлаа акт үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй.

Үндэсний аудитын газар болон шүүх үүссэн нөхцөл байдлыг бодитоор авч үзэлгүй, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг болоод нүүрс худалдах, худалдан авах гэрээний гол нөхцлийн ялгаа заагийг гаргалгүй хольж хутган, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэлгүйгээр халдсан.

Олборлогч компаниудын хувьд ажил гүйцэтгэх гэрээгээр уулын ажлын төлөвлөгөө, хэрэгжилт нь хэрэгжээд, гүйцэтгэлд нь үндэслэн “Э Т” ХК төлбөр төлөх үүрэг хүлээсэн байхад “Олборлолтын ажлын гүйцэтгэлд” үнийн хөнгөлөлт үзүүлсэн мэтээр, “олговол зохих хөнгөлөлт болон олгосон хөнгөлөлт”-өөс зөрүү тооцож, маш бүдүүлэг алдаа гаргасан. “Олборлолтын ажлын гүйцэтгэл” бол үнийн хөнгөлөлт үзүүлэхтэй ямар ч хамааралгүй, зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа байхад олборлолтын ажлын гүйцэтгэлд хөнгөлөлт эдлүүлсэн, ингэхдээ 2.7 сая ам.доллар буюу 9.3 тэрбум төгрөгийн илүү хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр акт тавигдсаныг хэрхэвч зөвшөөрөхгүй.

3.6. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл нь ерөнхий нягтлан бодогчийн хуулиар хүлээсэн албан үүргийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж, төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй. Албан шаардлага хүргүүлэх, төлбөрийн акт тогтоох хуулийн урьдчилсан нөхцөл нь хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй, нөгөө нь хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөрчсөн байхыг шаардсан.

Гэтэл гүйцэтгэлд үндэслээгүй, илүү хөнгөлөлт эдлүүлсэн гэх үйл баримт нь ямар, хууль тогтоомж, хэм хэмжээний актын хориглосон диспозицийг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгосон зохицуулалтаар төлбөрийн акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй.

“Э Т” ХК нь олборлолтын ажил гүйцэтгэгч 5 компанид ажил гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан ямар ч үнийн хөнгөлөлт үзүүлээгүй гагцхүү олборлогч компаниудын гүйцэтгэсэн ажилд нь тохирох хөлсийг төлөх үүрэг хүлээсэн болохыг анхан шатны шүүх анхаараагүй.

Үндэсний аудитын газар нь гүйцэтгэвэл зохих ажил, гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс зөрүү үүсгэж, төлбөрийн акт тавьсан. Энэ тохиолдолд ямар ч үнийн хөнгөлөлт үзүүлэх болон зөрүү үүсэх нөхцөл бүрдэхгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй. Тухайн зөрчсөн гэх хуулийн зохицуулалт нь ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийн зохицуулалт байхад хориглосон /дизпозиц/-н адилтган үзэж, үндэслэл бүхий гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Иймд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0264 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Э Т” ХК-иас Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Н, аудитын менежер С.Н, “Гроуф финанс” ХХК-ийн захирал Б.Б нарт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 196/А01504058, 197/А01504058 дугаар актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргахдаа, ... төлбөрийн акт тогтоохдоо хууль, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актыг хэрхэн зөрчсөн талаар үндэслэлээ тодорхой тусгалгүйгээр акт тогтоосон нь үндэслэлгүй, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан хориглолт нь төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдэд хамаарахаас төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарахгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд заасан хувь хэмжээгээр хөнгөлөлт үзүүлсэн байхад ямар хууль тогтоомжоор гүйцэтгэлд үндэслэхийг заасан, тэр нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан байна.

4. Анхан шатны шүүх, “Э Т” ХК нь төрийн өмчийн оролцоотой компани болохын хувьдТөрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан хориглосон зохицуулалт хамаарна, үүнийг зөрчсөн үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон хариуцагчийн шийдвэр бодит нөхцөлд тохирсон буюу хуульд нийцсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудит хийх байгууллагын жагсаалт, аудит хийх хэлбэр батлах тухай” А/75 дугаар тушаалаар Төрийн аудитын байгууллагаас 2022-2023 оны санхүүгийн тайлангийн аудит хийх шалгагдагч байгууллагын тоо, аудит хийх хэлбэрийг батлахад, уг тушаалын хавсралт №64-т “Э Т” ХК багтсан байна.

6. Улмаар дээрх тушаалын дагуу “Э Т” ХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж, гэрээт олборлогч компаниуд 2022 оны 1-10 дугаар сарын хооронд урьдчилан тооцоолсон хэмжээгээр уулын ажлаа хийгээгүй, төлбөрийн зарим хэсгийг мөнгөөр төлсөн зэргээс шалтгаалан тохиролцсон хэмжээнээс багаар нүүрс нийлүүлсэн, олборлолтын ажлын гүйцэтгэлд үндэслэн олговол зохих хөнгөлөлт болон олгосон хөнгөлөлтийн зөрүүг тооцоход 2.7 сая ам.долларын хөнгөлөлт илүү олгосон, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 19 харилцагчид 19.450.000 төгрөгийг хэвлэл мэдээллийн зардал олгож, уг хуулийг зөрчсөн гэж үзэж, хариуцагч Үндэсний аудитын газар нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 196/А01504058, 197/А01504058 дугаар актуудыг гаргажээ.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ.” гэж,

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага нь төрийн аудитын байгууллага байна”, 6.3-д “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.3.3-д “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээд үйл ажиллагаандаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж байгаа эсэхэд аудит хийнэ”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж,

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна”, 3.1.4-д “банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан”гэж,

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 1.3-д “Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна ...”, 2.2-т “Төрийн аудитын байгууллагын захиалгаар гэрээний үндсэн дээр аудит хийж аудитын хуулийн этгээдийн аудитор, хянан удирдах ажилтнууд энэ журмыг мөрдөнө” гэж тус тус заажээ.

8. Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч Үндэсний аудитын газрын болон чиг үүргийг гэрээний үндсэн шилжүүлэн авсан аудиторууд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийсэн байх бөгөөд хяналт шалгагдагч этгээд нь хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд төлбөрийг акт тавих эрх хэмжээтэй байна.

9. “Э Т” ХК-ийн дүрмийн 2.1, 2.2, 5.5-д зааснаар, компанийн үйл ажиллагаа болон хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг тодорхойлоход Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль үйлчлэх ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://opendata.burtgel.gov.mn/ вэб сайтад нээлттэй байршуулсан нийтэд илэрхий мэдээлэлд энэ хаалттай хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч гэдэгт “төр, иргэд, хуулийн этгээд” гэж бүртгэн тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгч “Э Т” ХК нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар тус хуулийн үйлчлэлд хамаарах учир 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан хориглолт мөн адил үйлчилнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нөгөөтээгүүр энэ хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хууль, дүрмээр олгосон эрхийн хүрээнд, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ[1]Төрийн хэмнэлтийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл болгосон /хэргийн I хавтасны 99 дэх талд/ зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын дээрх үндэслэлд холбогдуулж гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

 Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг “… Монгол дахь хамгийн том төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компани” хэмээн маргааны үйл баримтад үл хамаарах буюу нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийсэн нь буруу боловч энэ нь давж заалдах гомдолд дурдсан холбогдох үндэслэлээр шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

10. Нэхэмжлэгч “Э Т” ХК нь 2022 онд нийт 94 зар сурталчилгааны гэрээ хийсэн байх бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 19 харилцагчид 19.450.000 төгрөгийн хэвлэл мэдээллийн зардал олгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэн, хариуцагчаас 19.450.000 төгрөгийг Төрийн сан дахь Үндэсний аудитын газрын Аудитын газрын Аудитын шалгалтын орлогын дансанд төвлөрүүлэхийг, эрх бүхий албан тушаалтанд даалгаж, маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 197/А01504058 дугаар акт гаргасныг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

11. “Э Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нүүрсний борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах тухай” 21 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Нүүрсний үнийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааруулан 4-12 хувиар хөнгөлнө. Үүнд: Урьдчилгаа төлбөр 5 сая ам.доллараас 7.5 сая ам.доллар хүртэл төлбөл 4 хувь, урьчилгаа төлбөр 7.5 сая ам.доллараас 10 сая ам.доллар хүртэл төлбөл 5 хувь, урьчилгаа төлбөр 10 сая ам.доллараас 15 сая ам.доллар хүртэл төлбөл 6 хувь, урьчилгаа төлбөр 15 сая ам.доллараас 20 сая ам.доллар хүртэл төлбөр төлбөл 7 хувь, урьчилгаа төлбөр 20 сая ам.доллараас 50 сая ам.доллар хүртэл 8 хувь, урьчилгаа төлбөр 50 сая ам.доллараас 100 сая ам.доллар хүртэл төлбөл 10 хувь, урьдчилгаа төлбөр 100 сая ам.доллар буюу түүнээс дээш төлбөл 12 хувь” гэж тусгасан байна.

12. Хэрэгт авагдсан “Э Т” ХХК нь “S M S” LLC, “M M a E” LLC, “Х а и” ХХК, “TTJVco” LLC, “M M” LLC нартай байгуулсан гэрээнээс үзэхэд нүүрсний үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг сонгохдоо дээрх тогтоолд зааснаар өөрөөр буюу олборлолтын гэрээний үнийн дүнгээр тооцож, тус бүр 2 хувийн зөрүү гарган нийт 9.378.697.673.85 төгрөгийн зөрүүтэйгээр хөнгөлөлтийн үнийг тогтоосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, 20 дугаар зүйлийн 20.2.3-д “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах”, 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэж тус тус заасныг зөрчжээ.

13. Өөрөөр хэлбэл “Э Т” ХК нь дээрх нэр бүхий 5 компанитай гэрээ байгуулж, төлбөрийг төлөхдөө хөнгөлөлтийн үнийн дүнг зөрүүтэй тооцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргасан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай”  196/А01504058 дугаар акт гаргасан нь үндэслэлтэй гэж үзлээ.

14. “Э Т” ХК-д хийсэн санхүүгийн аудитын тайланг баталгаажуулсан Ерөнхий аудиторын тушаалыг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авсангүй.

15. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, Д.О, Б.С, Х.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ