Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 234

 

“Мига эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0154 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Мига эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 859 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мига-Эрин” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0154 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 859 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. “Мига Эрин” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-16915 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл байсан.

“Мига эрин” ХХК-аас Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтэс /хуучнаар/-ийн даргатай 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр АӨҮА-2012/Н02/24 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар талууд тохиролцсон байна.

2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын XV-16915 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэгт буюу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт хамаарах 985.52 га талбайд “Мига эрин” ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч хянан үзэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр МУ-017425 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна.

2.   Үүний дараа “Мига эрин” ХХК нь хайгуулын ХУ-16915 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн үлдсэн хэсэг буюу 18833.09 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан.

Уг өргөдлийг холбогдох материалын хамт хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахад мөн зүйлийн 26.2.3 дахь заалтад заасан хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэхгүй болох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь хайгуулын ХV-16915 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2011 онд хайгуул хийсэн үр дүнгийн тайланг хэлэлцсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ХХ-04-07 дугаартай дүгнэлт, ордын нөөцийг бүртгэсэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 134 дүгээр тушаалыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт ирүүлсэн байсан.

Уг дүгнэлт, тушаалд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт хамаарах 19818 га талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн илрэл, ордын нөөцийн зэрэглэлийг бүртгэсэн байсан бөгөөд харин ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд нүүрсний баялгийг Р зэргээр тооцоолсон байна.

Тухайн хайгуулын талбайд илэрсэн нүүрсний баялгийн Р зэрэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь заалтад заасан "хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх" гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт хамаарах Бор хулан нэртэй 19880 га талбайд “Мига эрин” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

3. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой бөгөөд түүнээс хальсан асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй байдаг.

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон бөгөөд тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн "Ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хучин төгөлдөр байх хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох" нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

Гэтэл Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дүгнэснийг тухайн маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн шиг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй биш, харин нэхэмжлэлийн шаардлага ундэслэлгуй гэж үзэх хангалттай   нөхцөл   байдал   хэргийг   анхан   шатны   шүүхээр   хянан   хэлэлцэхэд тогтоогдсон болно.

Учир нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хуульд заасан нийт хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон бөгөөд ийнхүү дуусгавар болгосныг Кадастрын системд бүртгэсэн нь ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй, хууль ёсны захиргааны акт болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 889 дүгээр шийдвэрийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан асуудал нь тухайн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх нөхцөл хадгалагдах талаар Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлсон үйл баримт үгүйсгэгдэжбайгаагл нотолсон хэрэг болно.

Эдгээр нөхцөл байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэдэг үндэслэлээр анхан шат руу буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4, Түүнчлэн Давж заалдах шатны шүүхийн магадлалд "...шинжээч томилуулах хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргаж, 4 дүгээр сарын 2-ны өдөр томилогдсон шинжээчдийн дүгнэлт 6 дугаар сарын 22, 25-ны өдөр тус тус гарсан ч..."гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгч компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд дүгнэлт гаргахаар томилогдсон шинжээчдийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байгаа бөгөөд анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх үед шүүхээс тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчид шинжээчээс бичүүлж авсан урьдчилсан дүгнэлт болно.

5.  Түүнчлэн давж заалдах шатны шүүх ямар үйл баримтад дүгнэлт өгөхөд шаардлагатай ямар  нотлох баримтыг цуглуулах талаар дүгнэлт хийгээгүй  атал "нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй" гэсэн үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 154 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс маргааныг шийдвэрлэх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Мига-Эрин” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхөөр заажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд нэхэмжлэгчээс “энэхүү хугацаа дуусахаас өмнө 2015 оны 3 дугаар сарын 23-нд шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээч томилуулсан байсан тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эрх зүйн боломжтой байсан” гэж, хариуцагчаас “хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө тайлангаа өгөх үүрэгтэй, хугацаандаа багтааж тайланг ирүүлээгүй” гэж тус тус маргаж байна.

Энэ хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө” гэх хугацааг хэрхэн тайлбарлах, тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө шинжээчийн дүгнэлт гаргуулж, захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй болох, шинжээч хэд хоногийн дотор дүгнэлт гаргах, дүгнэлт хугацаанд гараагүй шалтгаан нөхцөл, үүний үр дагаврыг хэн хариуцах зэргийг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн захиргааны байгууллагаас 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон атлаа уг хугацаанаас 1 хоногийн өмнө буюу 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шинжээч томилсон байгаа нь ойлгомжгүй, ямар үр дагавар үүсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай юм. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх нь маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, холбогдох хуулийг хэргийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх чиг үүрэгтэй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн “нэхэмжлэлийн шаардлага тодорхой байсан” гэх гомдлын тухайд: нэхэмжлэгчийн шүүхэд маргаж буй нэхэмжлэлийн үндэслэл, тодруулбал зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ хэрхэн сэргээлгэх хүсэлтэй байгаа нь тодорхойгүй, захиргааны байгууллагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэртэй маргаагүй атлаа уг тушаалын үндэслэл болсон “ашигт малтмалын нөөцийн зэрэг хуульд заасан шаардлагыг хангахгүй” гэх үйл баримттай холбогдуулан маргаж, шинжээчийн дүгнэлтээр “нөөцийн агууламж ихэссэн” үйл баримттай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаж, мэтгэлцэж байжээ.

Хариуцагчийн тухайд ч нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “нөөцийн хэмжээ үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн төлөх сэргээхэд хүрэлцэхгүй” гэж маргаж байсан тул нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах, хэргийн оролцогчдын маргааны үйл баримт юу болох, нэхэмжлэлийн үндэслэл тус бүрийг зөв тодруулж, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэв. 

Хариуцагчийн “хуульд заасан хугацаа дуусгавар болсон тул системд бүртгэсэн нь хууль ёсны шийдвэр байсан, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаагаад ямар нотлох баримт цуглуулах нь тодорхойгүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас “2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хайгуулын ажлын тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт захиргааны байгууллагад хүргүүлэх байсан” гэж хэрэгт ач холбогдол бүхий хугацааг тодорхойлсон байгаа нь хуульд нийцэх эсэх, улмаар “шинжээчийн дүгнэлт гаргуулахаар захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд хандсан тул нэхэмжлэгчид хамааралгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас хамаарах байхад тусгай зөвшөөрлийн хугацааг бүртгэлийн системд дуусгаж бүртгэх эрхгүй” тухай нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, түүнд холбогдох баримтыг бүрэн цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0154 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ