Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0385

 

Иргэн Э.Зоригтын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Э.Зоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баялагцэнгэл, Б.Булгантамир нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 418 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулууны гаргасан давж заалдах гомдлоор иргэн Э.Зоригтын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Э.Зоригт 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хороог төлөөлж, хорооны дарга Ё.Гэрэлчулуун 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Бие даан нэрээ дэвшүүлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг Нийслэлийн Сонгуулийн хороонд ирүүлэх ёстой.

Э.Зоригтын ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн тухайн хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгахад нэр дэвшигчийн намтрыг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны Маягт батлах тухай 13 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан Аймаг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийн намтар-ыг маягтын дагуу ирүүлээгүй.

Сонгуулийн тухайн хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороогоор Э.Зоригтын бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн нягтлан шалгуулсан.

Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр бичгээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшүүлэгч Э.Зоригтын цуглуулсан сонгогчдын гарын үсгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгасан дүнгээр нийт 584 хүний нэр бичигдсэн боловч гарын үсэг огт зураагүй 6, өөр хүний өмнөөс гарын үсэг зурсан 4, зөрчилтэй буюу өөр дүүрэг, орон нутгийн хаягтай 118, сар, өдөр тэмдэглээгүй 19, регистрийн дугаар бичигдээгүй 1, нэрнээс өөр ямар ч мэдээлэл байхгүй 1, сар өдөр буруу тэмдэглэсэн 1 гэж дүгнэсэн.

Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан шаардлагыг хангасан иргэн нь орон нутгийн хурлын сонгуулийн 1 тойрогт нэрээ дэвшүүлж сонгогчдын гарын үсэг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны маягт батлах тухай 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар батлагдсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн дугаар, тойрог, бие даан нэр дэвшүүлэгчийн эцэг, эхийн нэр, дэмжигч сонгогчдын бүртгэлийн маягтаар сонгогчийн эцэг, эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин сугаа хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаар гэсэн мэдээллийг тодорхой тусгасан байхыг шаардсан.

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байна гэж үзэн Нийслэлийн Сонгуулийн хороо 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 27 дугаар тогтоолыг гаргасан:

-Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.5-д заасан баримт бичиг дутуу;

-Бие даан нэр дэвшигчийн сонгогчийн гарын үсгийг цуглуулахдаа Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр албан бичгээр ирүүлсэн дүнгээр дээр дурдагдсан зөрчлийг гаргасан.

Нийслэлийн Сонгуулийн хорооны нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн нийтэд мэдээлсний дагуу нэр бүхий бие даан нэр дэвшигчдээс гомдол гаргасныг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлын Төрийн байгууллагын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо Сонгуулийн ерөнхий хороонд хандаж зөвлөмж авахыг хүссэн.

Мөн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж баталсан Улсын Их Хурлын хуралдааны тэмдэглэлтэй танилцсан. Эдгээр ажиллагааны үр дүнд бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчдын бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь ...хуульд заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан үндэслэл болохгүй гэсэн Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасан журмыг баримтлан бүх бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан сонгогчдын гарын үсгийг дахин нягтлан шалгахаар шийдвэрлэсэн.

Ингээд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн сонгогчдын гарын үсэг цуглуулсан баримт бичгийг дүүргийн сонгуулийн хороодоор нягтлан шалгуулсан.

Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар албан бичгээр ирүүлсэн дүнгээр Э.Зоригтын цуглуулсан сонгогчдын гарын үсгийг нягтлахад дараах зөрчил гарсан:

- Тойргийн бус сонгогчоор гарын үсэг зуруулсан 158;

- Гарын үсэг хуурамчаар зурсан /огт зураагүй/ 14;

- Оршин суугаа хаягаа бичээгүй 10;

- Он, сар бичээгүй 10;

- Сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан 4;

- Мэдээлэл дутуу /давхардсан тоогоор/ 375 байгаа.

Мэдээлэл дутуу давхардсан тоогоор 375 дотор эцэг эхийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 287, регистрийн дугаар дутуу, эсхүл буруу бичсэн 43, хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу бичсэн 45 байна.

Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны ирүүлсэн сонгогчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг дахин шалгасан дүнгээр зөрчилгүй гарын үсгийн тоо 74 буюу Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т Нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг цуглуулсан байх шаардлагыг хангахгүй байсан тул Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 27 дугаар тогтоолыг дахин хянаад хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 418 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 156 дугаар зүйлийн 156.2, 156.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Зоригтын нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Дөрөв. Хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун дээрх шийдвэрийг зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон маргаан бүхий актыг хууль бус болохыг нь тогтоогоогүй байж хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хууль болон бусад ямар хууль тогтоомж зөрчсөн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “..” гэж дүгнэн Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 156 дугаар зүйлийн 156.2, 156.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хуулийг буруу, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасны дагуу хуульд заасан шаардлагыг хангасан иргэн орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлэхээр заасан бөгөөд нэрээ дэвшүүлэх ажиллагааг уг хуулийн 154.2-т заасан хугацаанд явуулж сонгогчийн гарын үсгийг цуглуулахаар зохицуулсан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2 удаагийн нягтлан шалгасан дүн, шүүхэд улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар нэг тойрогт хамаарахгүй сонгогчдын гарын үсэг цуглуулсан байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасны дагуу Э.Зоригт нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлээгүй буюу Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-ийн “ё”-д заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, Тавин есдүгээр зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасан.

Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “Орон нутгийн хурлын сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн” гэж заасан нь тухайн орон нутгийн иргэд төлөөлөгчөө сонгон орон нутгийн асуудлыг шийдвэрлэх Хурлыг байгуулахаар зохицуулсан.

 Үүнээс үзвэл тухайн тойрогт хамаарахгүй бусад дүүрэг, аймгийн сонгогчдын гарын үсэг цуглуулсныг хууль ёсны гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу бие даан нэр дэвшигч нь нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг сонгуулийн төв байгууллагын баталсан маягтын дагуу зуруулсан байхаар зохицуулсан. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг...” ойлгохоор тодорхойлсон. Үүнээс үзвэл тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн иргэн л бие даан нэрээ дэвшүүлэгчийг дэмжиж гарын үсгээ зурсан бол хуулийн дээрх зохицуулалтын дагуу зөрчилгүй гэж үзэх юм.

Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр ирүүлсэн Э.Зоригтын цуглуулсан гарын үсгийн 60 хувийг нягтлан шалгасан дүнгээр /нийт 584 хүн/ гарын үсэг огт зураагүй 6, өөр хүний өмнөөс гарын үсэг зурсан 4, хаягийн зөрчилтэй буюу өөр дүүрэг, орон нутгийн хаягтай 118, сар, өдөр тэмдэглээгүй 19, регистрийн дугаар бичигдээгүй 1, нэрнээс өөр мэдээлэл байхгүй 1, сар, өдөр буруу тэмдэглэсэн 1 байна гэж дүгнэсэн.

Мөн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар албан бичгээр ирүүлсэн дүнгээр Э.Зоригтын цуглуулсан сонгогчдын гарын үсгийг нягтлахад тойргийн бус 158-аас бусад сонгогчийн гарын үсэгт дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:

Гарын үсэг хуурамчаар зурсан /огт зураагүй/ 14,

Оршин суугаа хаягаа бичээгүй 10,

Он, сар бичээгүй 10,

Сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан 4,

Мэдээлэл дутуу /давхардсан тоогоор/ 375.

- Эцэг, эхийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 287,

- Регистрийн дугаар дутуу, эсвэл буруу 43,

- Хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу 45.

 Эдгээр зөрчлийг гаргаснаа нэхэмжлэгч Э.Зоригт шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар мараагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...эдгээр зөрчлийг нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг хязгаарлах хэмжээний зөрчил биш гэж шүүх үзэв” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх зарчим, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 156 дугаар зүйлийн 156.2, 157 дугаар зүйлийн 157.4-т заасныг зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т заасан “нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байх” шаардлага нь зөвхөн тухайн нэр дэвшиж буй тойргийн хамгийн багадаа хуульд заасан тооны сонгогчдын дэмжлэгийг авсан байх хуулийн шаардлага болно.

Уг хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшүүлэгчид тавигдсан 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулах шаардлага нь зөвхөн тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын гарын үсэг байх болохыг тодорхой заасан, энэ нь орон нутгийн сонгуульд төсөөтэй хэрэглэх боломжтой бөгөөд мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “орон нутгийн сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн”, 156 дугаар зүйлийн 156.1-д “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд сонгогчдын гарын үсэг цуглуулах ажиллагаа нь нэхэмжлэгчийн тайлбарласанчилан аль ч тойргийн сонгогч байхаас үл хамаарах бус гагцхүү тухайн орон нутгийн иргэдийн буюу дэвшиж буй тойргийн сонгогчдын саналыг цуглуулах ажиллагаа болохыг баталж байна.   

Гэтэл нэхэмжлэгч Э.Зоригт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 25 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж, 584 сонгогчдын гарын үсгийг цуглуулснаас дүүргийн сонгуулийн хороо эхний удаа түүвэрчилсэн шалгалт хийхэд өөр дүүрэг, орон нутгийн хаягтай 118, дахин нэг бүрчилсэн шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр хороонд бүртгэлгүй 158 иргэдийн гарын үсгийг цуглуулсан болох нь дүүргийн сонгуулийн хорооны баримт бичгийг нягтлан шалгасан 2 удаагийн шалгалтын дүнгийн хуудас, Сүхбаатар дүүргийн бүртгэл, статистикийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн байнгын оршин суух хаягтай 132 иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.  

Тухайлбал, хэрэг хянан шалгах ажиллагааны явцад шүүхээс Сүхбаатар дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс нийт 157 иргэний оршин суугаа хаягийн талаарх бүртгэлийг хүсэхэд 21 иргэний регистрийн дугаар буруу бичигдсэнээс, мөн 4 иргэн шилжин ирсэн газраа бүртгүүлээгүй буюу хаягийн мэдээллийн санд тодорхой хаягийн бүртгэлгүй байсны улмаас тэдгээрт холбогдох лавлагааг гаргах боломжгүй, харин үлдсэн 132 иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолтыг шүүж үзэхэд Б.Цэрэндулам, Н.Гэрэлхүү, Л.Тогоо нарын 3 иргэнээс бусад нь Э.Зоригтын нэр дэвшиж буй тойргийн сонгогчид биш байна.

Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “...сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчдын бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэсэн нь Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчид хамаарах хэдий ч хуулийн энэхүү зохицуулалтыг нэхэмжлэгчийн тухайд төсөөтэй авч хэрэглэхэд дээрх тохиолдлын алинаас ч авч үзсэн тухайн тойргийн бус сонгогчдын гарын үсгийг нийт цуглуулсан гарын үсгээс хасч тооцоход “бие даан нэр дэвшигч 501-ээс доошгүй тооны гарын үсэг цуглуулах” хуулийн шаардлага хангагдахгүй хэмжээнд хүрч байна.

Иймд нэхэмжлэгчийн цуглуулсан 584 сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан “...бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах...” эрхийн хүрээнд нягтлан шалгасны үндсэн дээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 25 дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлсэн Э.Зоригтыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уг хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг үндэслэж бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиар олгогдсон “сонгогдох” эрхийг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тохиолдлыг заасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “...нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахдаа хуулийн 158.1.4.ё-гийн “энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн” гэх заалтыг баримталсан...” гэх бөгөөд энэ хүрээнд дээрх зөрчлийг хамруулах бүрэн үндэслэлтэй.  

Нэгэнт тухайн тойргийн бус сонгогчдоор гарын үсэг зуруулсан иргэдийн тоо нь “бие даан нэр дэвшигч 501-ээс доошгүй тооны гарын үсэг цуглуулах” хуулийн шаардлага хангагдахгүй хэмжээнд хүргэж байгаа учраас бусад сонгуулийн эрхгүй насны, оршин суугаа хаяг, он, сараа бичээгүй, гарын үсэг хуурамчаар зурсан, огт гарын үсэг зураагүй, мэдээлэл дутуу, эцэг, эхийн болон өөрийн нэр дутуу, хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсхүл буруу бичсэн зэрэг зөрчлийн талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.4-ийн ё-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э.Зоригтын гаргасан “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН.

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН