| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2022/0114/э |
| Дугаар | 2022/ШЦТ/115 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/115
2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дугаар 2022/ШЦТ/115 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Х.Э,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Хгийн Эд холбогдох 2228002330138 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Х.Э нь 2021 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Дөрөлж гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох иргэн О.Сгийн баруун гар хэсэгт монгол гэрийн униар нэг удаа цохиж, баруун гарын шуу ясанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Эд холбогдох хэргээс яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд болсон бүх зүйлийг ярьсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.С мэдүүлэгт: Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өөрийн 4 хүүхдийн хамтаар амьдардаг юм. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би Өмнөговь аймгийн Номгон сумын хөдөө амьдардаг Э гэх хүний гэрт очиж ямаа самнаж байсан юмаа. Тэнд би сар гаран ямаа самнахдаа танилцаж ерөнхийдөө харилцаа тогтоосон юм аа. Манай гэрээр ерөнхийдөө орж гардаг болоод надад хэлэхдээ би ганцаараа удаан амьдарсан болохоор хоёулаа хамт хөдөө мал маллаж амьдарна гэж надад хэлэхэд би банкинд өртэй болохоор очиж чадахгүй гэж хэлэхэд Э ханин мөнгийг нь төлнө гэж хэлээд надад банкны зээлийг дарж өгсөн тэгээд би 2022 оны 07 дугаар сард би хөдөө Номгон суманд хамт амьдрахаар очсон хамт байх хугацаанд ямар эхэндээ ямар нэгэн хэрүүл маргаан гарахгүй хэвийн байдаг байсан. Тэгтэл 2022 оны 10 дугаар сард намайг Өмнөговь аймгийн Номгон сумын хөдөө хэсэгт сумаас 40 гаран км зайтай газарт байхдаа миний бие эрх чөлөөнд халдан зодсон тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа эрүүл байсан юм. Хэрүүл маргаан болсон шалгаан нь Эийн суурийн утас руу танихгүй эмэгтэй залгаад байхаар нь би энэ хүн залгаад байна гэж хэлэхэд намайг унтуулж амраасангүй яах гээд байгаа юм гэж уурлаж босч ирээд гэрийн унь сугалж аваад намайг зодож би биеэ хамгаалан гараараа хаахад миний баруун гарын шуу хэсэгт гэмтэл авч одоо хүртэл зовиуртай байдаг. Тэрнээс хойш ерөнхийдөө өдөр болгон шалтгаангүй хардаж хэрүүл маргаан хийн миний бие эрх чөлөөнд халдан зодож байдаг байсан. Надтай хамт байх хугацаандаа бэлгийн харилцаанд орохдоо ёс бус үг хэрэглэдэг мөн зүй бусаар бэлгийн харилцаанд орж, гар хуруугаа бэлэг эрхтэн рүү хийдэг байсан нь одоо эрүүл мэнд нөлөөлж байнга цус гарч байгаа. Хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 03-ны шөнө мөн адил хөдөө утаж байхад Э бэлгийн харилцаанд орох гээд дайраад байхаар нь би тэгэхгүй ээ гэж хэлж хориглоход хүчээр бэлгийн харилцаанд орж тэр үедээ чи миний эхнэр болохоор би хүссэн ээ хийх болно дайрч хүчээр бэлгийн харилцаанд ордог нь сүүлдээ миний эрүүл мэндэд нөлөөлж бие өвдөөд байна эмнэлэгт үзүүлмээр байна гэхээр юугаа үзүүлдэг юм бэ? Гэж хэлээд огт тусламж үйлчилгээ авхуулахгүй байсан болохоор би арга барж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өөрийн 4 хүүхдийн хамтаар хувиараа ажил хөдөлмөр эрхлэн амьдардаг юм. Би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын хөдөө хэсэгт амьдардаг ч иргэн Х.Э гэх хүний гэрт очиж ямаа самнаж өгч байсан юм. Тэнд би сар гаран ямаа самнахдаа танилцаж ерөнхийдөө харилцаж эхэлсэн тэр үеэс эхлэх Х.Э Өмнөговь аймагт байх манай гэрээр орж гардаг болсон юм. Нэг надад Х.Э хэлэхдээ би хөдөө ганцаараа удаан амьдарч байна хоёулаа хамт амьдарч болох уу гэж надад санал тавьсан тэгээд би тэр банкинд зээл төлдөг талаар хэлэхэд Х.Э би банкны мөнгийг чинь төлөөлд хамт хөдөө мал маллан амьдрах уу гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Намайг 2021 оны 07 дугаар сард Өмнөговь аймгийн Номгон суманд дагуулан хөдөө гэрт нь очсон тэр үеэс эхлэн бид хоёр хөдөө хамт амьдарч эхэлсэн. Хамт байх хугацаанд эхэндээ ямар нэгэн хэрүүл маргаан гарахгүй хэвийн байдаг байсан. 2021 оны 10 дугаар сард бид хоёр Номгон сумаас 40 гаран км зайд байхад манай гэрийн суурин утас руу эмэгтэй хүн залгаад мөнгө нэхээд эхэлсэн тэр үед Х.Э унтаж байсан болохоор би сэрээгээд энэ хэн бэ? юун мөнгө нэхээд байгаа юм бэ? Гэж хэрүүл маргаан хийхэд хэвтэж байснаа гэнэт босч ирээд яагаад намайг унтуулж амраахгүй байгаа юм гээд гэрийн унь сугалж аваад цохиход нь гараараа хаатал миний гар сонин болсон одоо болтол сайн эдгэрсэн зүйл байхгүй байна. Тэрнээс хойш ямар нэгэн шалтгаангүй хэрүүл маргаан хийдэг болсон. Тэрнээс хойш 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хамт хөдөө байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг шалтгаангүй хардаж миний нүүрэн хэсэгт 2 удаа алгадаж аваад цохиж байсан. Надтай хамт байх хугацаанд хэрүүл маргаан хийх ёс бус үг хэллэг хэрэглэдэг байсан сүүлдээ миний бие эрүүл мэнд муудаж эмнэлэгт хүртэл үзүүлж байсан. Хамгийн сүүлд намайг 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас Номгон сум руу малаа хамт туугаад явж байхад Х.Э намайг мал ширүүн туулж элдлээ гээд над руу уурлаж миний толгой хэсэгт гараараа 2 удаа цохиж авсан тэгээд би гомдож би хамт явахгүй гэж хэлэхэд гэнэт уурлаж намайг машинд хүчээр суулган намайг явуулахгүй байсан тэгээд би цагдаад дуудлага өгөхөд Х.Э намайг явуулсан маргааш өглөө Өмнөговь аймгийн төвд ирээд цагдаад өргөдөл гаргасан тийм зүйл болсон. Э миний эрүүл мэндийн эмчилгээний зардал гэж надад 2.500.000 төгрөг өгч байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 10-11, 13-14, 17 дахь тал/
Шүүгдэгч Х.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай иргэн О.Стай 2021 оны 05 дугаар сард манай гэрт ямаа самнах гэж ирэхэд нь танилцсан юм. Тэрнээс хойш хэдэн сарын дараа бид хоёр хамтран амьдрахаар манай хөдөө гэрт мал маллан амьдарч эхэлсэн хамт амьдрах хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй. 2021 оны 10 дугаар сард намайг хөдөө гэрт амарч байхад манай гэрийн суурин утсанд нэг эмэгтэй хүн залгах үед намайг хардаж хэрүүл маргаан хийгээд байхаар нь би яагаад намайг амраахгүй байгаа юм бэ? гэж хэлээд гэрт байсан униар баруун гарын шуу хэсэгт нь цохисон тэр үед бид хоёр бариулдаг хүмүүст үзүүлэн бариа хийлгэсэн. Тэрнээс гэр бүлийн хэрүүл маргаан хийхдээ 2022 оны 03, 07 дугаар сард тус тус нүүрэн хэсэгт нэг хоёр удаа алгадсан. Би иргэн О.Сгийн бие эрх чөлөөнд халдсанаа хүлээн зөвшөөрч эрүүл мэндэд нь зарцуулах мөнгө төгрөг бүгдийг нь гаргаж байсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны 358 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Сгийн биед баруун шуу ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсээгүй байна. О.Сгийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. О.Сгийн биед учирсан баруун шуу ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 38-39 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Сгийн биед 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ямар нэг гэмтэл учраагүй байна. О.Сгийн биед 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хийсэн ГССҮТ- ийн КТГ-ийн шинжилгээгээр баруун гарын шуу ясанд хуучин бороолсон хугарал гэмтэл тогтоогдсон нь тухайн хэргээс 30 хоногоос өмнөх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой/уг гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй/ ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 47 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 48 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/
Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжилсан баримт /хавтаст хэргийн 62 дахь тал/
Иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 63 дахь тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 62-65 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/
Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/
Шүүгдэгч Х.Эийн хүсэлт “Х овогтой Э би 2022.07.03-ны өдөр гэр бүлийн харьцаатай О.Сгийн бие эрх чөлөөнд халдсанаа хүлээн зөвшөөрч өөрийн буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Миний гэм буруутай үйлдлийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. /хавтаст хэргийн 74 дэх тал/
Хохирогч О.Сгийн хүсэлт “О.С миний бие нь 2022.07.03-нд Х.Этэй гэр бүлийн маргаанаас болж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хамтран амьдрагч Х.Э нь миний биед учирсан гэмтэл хохирлыг бүрэн барагдуулсан эмчилгээний зардал болох 2 сая төгрөгийг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж өгнө үү гэжээ. /хавтаст хэргийн 75 дахь тал/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 77 дахь тал/
Прокурорын санал /хавтаст хэргийн 78 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Эийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Х.Эийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 74 дэх тал/ гаргаж 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 77 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Х.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Э нь 2021 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Дөрөлж гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох иргэн О.Сгийн баруун гар хэсэгт монгол гэрийн униар нэг удаа цохиж, баруун гарын шуу ясанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 13-14, 17 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны 21 дугаартай шинжээчийн “О.Сгийн биед 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ямар нэг гэмтэл учраагүй байна. О.Сгийн биед 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хийсэн ГССҮТ- ийн КТГ-ын шинжилгээгээр баруун гарын шуу ясанд хуучин бороолсон хугарал гэмтэл тогтоогдсон нь тухайн хэргээс 30 хоногоос өмнөх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой/уг гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй/ ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, шүүгдэгч Х.Эийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Эийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Х овогтой Э би 2022.07.03-ны өдөр гэр бүлийн харьцаатай О.Сгийн бие эрх чөлөөнд халдсанаа хүлээн зөвшөөрч өөрийн буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Миний гэм буруутай үйлдлийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх хүсэлт /хавтаст хэргийн 74 дэх тал/-ээр шүүгдэгч Х.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Э нь Прокуророос санал болгосон 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч О.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Х.Э эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн тайлбар мэдүүлэг, хүсэлтүүд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Эийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Х.Э танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Х.Э хохирогч О.Сгийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Э нь хувийн байдлын хувьд зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүгдэгч Х.Эд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Эийн малын ашиг шимээрээ амьдардаг, тогтмол орлого байхгүй зэрэг цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Э нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Хгийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Эд 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э шүүхээс оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Э хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Сд эмчилгээний зардалд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ