Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Н.Д  

Шүүгдэгч Б.Б   нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2225005660502 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Б

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б   нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон  аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-17 байрны гадна Д.Х-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б   мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Д.Х “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Х-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/,

2. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №675 дугаартай “...Э.Х-н  биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цагт хугацаанд үүсгэгджээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгтхамаарагдана...” гэх дүгнэлт/хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

3. Хохирогч Д.Х-н “...Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орой 17 цагийн орчим гэртээ бага насны хүүхэд Ц-н   хамт байж байхад миний эхнэрийн төрсөн ахын хүүхэд Б гэдэг залуу ганцаараа согтуу орж ирсэн. Би түүнд яагаад архи уугаад байгаа юм бэ, яагаад согтуу явж байгаа юм бэ гэх мэтийн зүйл хэлсэн чинь үг хүлээж авахгүй бид хоёр маргалдсан. Тэгж байгаад би өөрөө тамхи татах гээд гэрээсээ гарсан. Б намайг дагаад гэрээс гарч бид хоёр манай гэрийн буюу 5-17 дугаар байрны гадна талын сандал дээр суусан. Тэгж байхдаа Б миний зүүн талын шанаа, нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би нүдээ дараад доошоо тонгойсон чинь мөн нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд зугтаагаад явчихсан юм. Энэ хэргийн улмаас миний зүүн талын нүд хөхөрч, нүүр, дух хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

4. Гэрч Д.Т-н  “...Би өөрөө Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар сургуульд багш ажилтай юм. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр багш нарын баярыг тохиолдуулан ажлын газрынхаа хүмүүстэй амралтын газар луу зугаалганд яваад орой 18 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Намайг гэртээ ирсэн чинь манай нөхөр миний төрсөн ах Б-ны  хүү Б  зодуулсан гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан бөгөөд Б  зодуулсан гээд нөхөр Х-н    зүүн талын нүд нь хөхөрч, хавдсан байсан. Тэр өдрийнхөн орой Б манай гэрт ирж Х-тэй   уулзаж уучлалт гуйгаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

5. Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/,

6. 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

7. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

8. Яллагдагч Б.Б-н “...Маргааш өдөр нь би гадуур ажилтай явж байгаад Х  ахтай уулзах гээд үдээс хойш 16-17 цагийн орчим гэрт нь очсон чинь Х  ахын уусан архи нь гүйцэт гараагүй байсан уу, яасан бэ мэдэхгүй, архи үнэртүүлсэн байдалтай байсан. Би түүнтэй уулзаад та өчигдөр яагаад манайхныг доромжлоод агсам согтуу тавиад байгаа юм бэ гэсэн чинь Х  ах би согтсон байна лээ, гэхдээ надад мөнгө байгаа шүү дээ гэж хэлсэн. Урд өдөр нь Х  ах намайг архи аваад өг гээд байсан болохоор нь би түүнд архи аваад өгөх үү гэсэн чинь Х  ах надад чам шиг муу гуйлгачнаар архи авхуулна гэж юу байдаг юм бэ гэж хэлээд бид хоёр муудалцаад Х  ах өөрөө намайг цохих гээд гараа далайхаар нь би түүний нүүрэн тус газарт 2 удаа цохчихоод явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д    дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б   нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-17 байрны гадна 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Х-тэйтаарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Х-н цагдаагийн газарт гаргасан гомдол, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №675 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Х-н “...Б миний зүүн талын шанаа, нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би нүдээ дараад доошоо тонгойсон чинь мөн нүүр лүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Т-н  “...нөхөр Х-н    зүүн талын нүд нь хөхөрч, хавдсан байсан. Тэр өдрийнхөн орой Б манай гэрт ирж Х-тэй   уулзаж уучлалт гуйгаад явсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Б-н “...бид хоёр муудалцаад Х  ах өөрөө намайг цохих гээд гараа далайхаар нь би түүний нүүрэн тус газарт 2 удаа цохьчихоод явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б   нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-17 байрны гадна иргэн Д.Х-тэймаргалдаж, нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Д.Х-н    биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-ны  Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 5  00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А