Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Иргэдийн төлөөлөгч Д.Батмөнх

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч Д.Аюур нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Дамдиндоржийн Аюурт холбогдох эрүүгийн 2221000000417 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 оны 05 дугаар сарын 28ы өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг Баянбулаг гэх газарт оршин суух, ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн шүүхийн 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн 76Б дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Шарайд овогт Дамдиндоржийн Аюур /РД: ЖЯ56052876/.

Шүүгдэгч Дамдиндоржийн Аюур нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг “Баянбулаг” гэх газарт орших өөрийн гэртээ бусадтай архидан согтуурч улмаар төрсөн дүү Д.Гөлгөөтэй маргалдан баруун гуяны гадна, дунд хэсэгт нь 1 удаа хутгалж амь насыг нь санаатай хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Аюур шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Янжмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Төрсөн дүү Гөлгөөг жам ёсоороо нас барсан гэж бодоод яваад байсан төрсөн охин З.Бадамцоогоос төрсөн ах Аюур нь төрсөн дүү Гөлгөөгөө алсан гэж сонссон. Тухайн үед нь юу яриад байгаа юм гээд үнэмшээгүй.... Надад ямар ч нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Хоёулаа л миний төрсөн дүү нар нэгэнт л ийм зүйл болсон болохоор одоо яалтай билээ дээ. Нэгийг нь шороонд алдаад нэгийг нь шоронд явуулах маш хэцүү байна” гэжээ. /хх-ийн 22 тал/

 

  Гэрч Ч.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг болж байх үед цэрэгт хамт алба хаасан найз Отгонжаргалын гэрт буюу Дорнод аймаг Цагаан-Овоо сум 1 дүгээр баг “Баянбулаг” гэх газарт очсон. Би гэрт нь очихдоо 0,75 литрийн Чингис нэртэй нэг шил архи, 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво нэг савыг, хоёр хайрцаг тамхи, гурилан боов, чихэр жимс авч очсон. ...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шөнө 02 цагийн орчим баруун гэрт Аюур ах, Гөлгөө ах хоёр чанга чанга яриад хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг бахираад байсан гэхдээ яг юу гэж ярьж байгаа нь ойлгогдоогүй. Тэгэхээр нь Отгонжаргалыг сэрээгээд “танай хоёр чинь зүгээр биз дээ, муудаад байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь Отгонжаргал надад “зүгээрээ наад хоёр чинь ингэж байгаад унтчихдаг юм аа” гэж хэлэхээр нь “за за” гэж бодоод унтаад өгсөн. ... Унтаж байхад Отгонжаргал сэрээгээд хоёулаа “энэ хоёр хүнийг замд оруулаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сэрсэн чинь Гөлгөө ах, Аюур ах, Энхбаяр ах болон өшөө нэг танихгүй ах нар архиа уугаад дуусчихсан байсан. ...Ингээд Отгонжаргал бид хоёр Энхбаяр ахыг хамт ирсэн хүнийх нь хамт Галын голын гүүр хүртэл хүргэж өгөөд буцаад хөдөө гэр лүүгээ ирэхэд шөнийн 03 цаг 30 юм уу 40 минут болж байсан. Машинаас буугаад Отгонжаргал бид хоёр баруун гэр лүү орсон. Баруун гэрт ороход гэрэл нь асаалттай Аюур ах баруун орон дээрээ ... уур нь хүрсэн байдалтай сэрүүн сууж байсан.  Энэ үед Отгонжаргал гэрээсээ утсаа аваад гарах гэхэд би бас эргээд гэрээс гараад гэрийн үүдэнд зогсож байсан юм хаалга нь жаахан нээлттэй байсан. Гэтэл Аюур ах хүү Отгонжаргалдаа хэлж байгаа яриа нь надад сонсогдсон. Агсарсан байдалтай намайг цохисон, ер нь бол би хүнд зодуулдаг хүн бишээ гэж хэлж байсан. Тэгэхэд нь Отгонжаргал “та одоо унт л даа, ямар ядаргаатай юм бэ” гэж хэлээд гэрээс гараад ирсэн. Ингээд би Отгонжаргалын хамт зүүн гэр лүү орох гээд асаагуурын гэрэл дусаагаад харсан чинь зүүн гэрийн үүдэнд Гөлгөө ах газарт суучихсан, хөлөө хойшоо жийчихсэн бие нь сулбагар, доошоо харсан байдалтай, хөл нүцгэн сууж байсан. ... Отгонжаргал Гөлгөө ах дээр очоод суганаас нь дээшээ өргөж босгох гэхэд бие нь сулбагар, хөдлөхгүй, хариу үйлдэл байхгүй байхаар нь Отгонжаргал “хөөе Гөлгөө ах босооч ээ, Гөлгөө ахаа” гээд дуудсан чинь хариу үйлдэл хийхгээгүй бөгөөд нүдийг нь харсан чинь харц нь тогтчихсон, амьсгалахгүй байна ш дээ гэж надад хэлсэн. Улмаар Отгонжаргал шууд баруун гэр лүүгээ гүйгээд орчихсон. ... Отгонжаргал аав Аюуртаа хандаж “Гөлгөө яасан юм бэ, амьсаглахгүй байна ш дээ, харц нь тогтчихсон байна” гэхэд Аюур ах “яасан би дүүгээ алчихсан байна уу, хаана нь хатгасан байна, би хүн ална уу гэхээс хүнд алуулдаг хүн биш, би дүүгээ алчихсан юм уу, алчихсан юм бол би амиа хорлоно” гээд орноосоо босоод шүүгээнээсээ тулж босоод хутганы шургуулга онгойлгож байсан.  ... Аюур ахыг хэвтүүлэхэд нь би Отгонжаргалд “хутгануудаа нуу, амиа хорлочихвий дээ” гэхэд Отгонжаргал бүх хутгануудаа тэвэрч аваад гараад ирсэн. ...Ингээд хутга, шөвөг зэрэг эд зүйлүүдийг нь гэрийнх нь ард байсан Портер дотор нуусан. Тухайн үед би Отгонжаргалаас “Аюур ах Гөлгөө ахыг алчихсан юм уу” гэж асуусан юм тэгсэн Отгонжаргал надад “аав харин алчихсан юм шиг байнаа, угаасаа энэ хоёроос өөр хүн үлдээгүй юм чинь” гэж хэлсэн...”  гэжээ. /хх-ийн 25-34 тал/

Гэрч А.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гэрт ороход аавтай нэг хүнтэй утсаар яриад байсан. ... 21 цаг өнгөрч байхад аав Аюур, ах Гөлгөө, аавын танил Энхбаяр, Батаа гэх хүмүүс дөрөвүүлээ нийлээд архиа уусан. Энэ үед Энх-Амгалан бид хоёр баруун гэрийн зүүн орон дээр утсаараа оролдоод хэвтэж байсан... утсаараа оролдоод байж байхад Энх-Амгалан ... унтаад өгсөн. Ингээд шөнө 01 цаг 45 минутын орчим ууж байсан архи дууссан. Энхбаяр гээд ах аав Аюурт хандаж “ахаа дүү нь одоо явахгүй бол болохгүй хүний 700 гаруй үхэр харж байгаа, алдчих юм бол энэнээсээ эсэн юм болно, уг нь хоновол хономоор байна,  даанч явахгүй бол болохгүй Отгонжаргал миний дүү хоёр ахыгаа дөхүүлээд өгөх үү” гэж хэлсэн тэгэхээр нь би Энх-Амгаланг сэрээгээд гэрийнхээ гаднаас 02 цагийн орчим урагшаа Галын голын наад талд төв зам руу ордог зам хүргэж өгөхөөр явсан... Гэрт ирэхэд баруун гэрийн гэрэл нь унтраастай байхаар нь аав, ах хоёрыг унтчихсан юм байна гэж бодоод баруун гэр рүү сэмхэн ороод утсаа авах гэсэн чинь манай аав Аюур асаагуурын гэрэл дусгаад “хэн бэ” гэхээр нь би “хүү нь байна” гэсэн чинь “аав гэрлээ асаа” гэж бахирсан улмаар гэрэл асаасан чинь аав ууртайгаар “муусайн нохойн гөлөгнүүд надаар яаж өдөөд байна аа” гэж хэлсэн “би авгыг чинь шаачихсан, одоо авга чинь зүүн гэрийн тэр хавиар байгаа байх, бид хоёр зодолдсон” гэж хэлсэн.  ... Мөн танай авга чинь миний гуяыг ийм болтол цохисон тэгэхээр нь би зөрүүлээд цохисон” гэж хэлсэн. ... би гуяыг нь харсан чинь шалбарчихсан байсан. Би авгыг чинь хутгалчихсан гэхээр нь та яагаад хутгалж байгаа юм бэ гэж асуусан чинь “би одоо удахгүй үхнээ” гэж хэлсэн. Улмаар аавын орны дэрийг нь сөхөж үзэхэд хүрэн өнгийн иштэй хутга, модон бариултай нарийхан шөвөг хоёрыг нь аваад хоолны шүүгээний шургуулганд хийсэн...” гэжээ. /хх-ийн 36-40, 42-45 тал/

Гэрч З.Бадамцоо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 07 цагийн орчим Цагаан-овоо сум 1 дүгээр баг Баянбулаг гэх газарт очсон. Намайг очиход зүүн гэрийн хаалга хаалттай Отгонжаргал найзтайгаа хамт гадаа хоёулаа байсан. Юу болсон бэ гэсэн чинь Отгонжаргал Гөлгөө ах өнгөрчихсөн байна гэж хэлсэн... гэжээ. /хх-ийн 47-49 тал/

Гэрч А.Алтанхуяг мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэгтээ: “...Намайг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шөнө гэртээ унтаж байхад манай төрсөн дүү Отгонжаргал над руу залгасан. Утсаа аваад ярихад авга ах Гөлгөө өнгөрчих шиг боллоо та яаралтай ирэх үү гэж хэлсэн. Би юу болов яасан юм гэж Отгонжаргалаас асуусан чинь харин жаахан архи уусаан гэрийнхээ урд өнгөрсөн гэж хэлээд утас нь сүлжээгүй болчихсон. Ингээд би аймгаас эхнэр Цагаанхүү, эгч Бадамцоо нарын хамт 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг өнгөрч байхад аймгаас гараад Дорнод аймаг Цагаан-Овоо сум 1 дүгээр баг Баянбулаг гэх газарт хөдөө гэр лүүгээ гараад 07 цаг өнгөрч байхад очсон... Би эгч Бадамцоогийн хамт аав Аюуртай уулзах гээд баруун гэр рүү орсон тэгсэн аав гэр дотор галынхаа хажууд сандал дээр өвдөг дээрээ гараа тавиад сууж байсан. ... Аюур гэмшсэн байдалтай “би дүүгээ алчих шиг боллоо” гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Тухайн үед тийм юм сонсчихсон болохоор шоконд ороод аав Аюуртай ярилцаагүй шууд гэрээс гарсан...” гэжээ. /хх-ийн 51-52 тал/

 

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 11 дүгээр сарын 11ий өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаач Д.Гөлгөөгийн биед баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, артерийн судасны бүрэн бус тасрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт, баруун шуу, баруун, зүүн гуянд шарх бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх шарх, артерийн судасны бүрэн бус тасрал гэмтэл нь ир үзүүр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Дээрх баруун артерийн судас гэмтээсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Химийн шинжилгээгээр цусанд 2,2 промилли, шээсэнд 2,5 промилли спиртийн агууламж илэрсэн байна.

5. Талийгаач Д.Гөлгөө нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач Д.Гөлгөө нь гуравдугаар бүлгийн цустай байжээ.

7. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

8. Талийгаач Д.Гөлгөө нь баруун гуяны арьтерийн судасыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 75-78 тал/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Дамдиндорж овогтой Аюур нь одоо сэтгэцийн хувьд эрүүл байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан байна.

2. Д.Аюур нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Д.Аюур нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаггүй ба холбогдох өвчний түүх үгүй байна.

4. Д.Аюур нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-ийн 107-108 тал/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-17 тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 тал/

- Д.Аюурын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 141-143 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн: Хүрэн болон шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, бор бариултай шөвөг 1 ширхэг, хөшиг 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Шарайд овогт Дамдиндоржийн Аюур нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг “Баянбулаг” гэх газарт өөрийн гэртээ бусадтай архидан согтуурч улмаар төрсөн дүү Д.Гөлгөөтэй маргалдан баруун гуяны гадна, дунд хэсэгт нь 1 удаа хутгалж амь насыг нь санаатай хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Янжмаа, гэрч Ч.Энх-Амгалан, А.Отгонжаргал, З.Бадамцоо, А.Алтанхуяг, Б.Энхбаяр, П.Төмөрбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 111 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын архидан согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлсөн ба шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг санаатайгаар хохироосон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Д.Аюур нь хохирогч Д.Гөлгөөтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан амь хохирогчийн хөлөн тус газарт нэг удаа хутгалсан ба хүний амь нас хохирч болох нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.

            Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа буюу хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Батмөнх нь “Д.Аюурыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байна.  

            Иймд шүүгдэгч Д.Аюурыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Аюурыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Аюурт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Д.Аюурт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, түүний эрүүл мэндийн байдлын хувьд “баруун уушгины доод дэлбэнгийн хорт хавдар, уушгины артерийн тромбоэмфоли “сТ3NхМХ” /ӨОУ код С34.3/ гэх оноштой, өндөр настны тэтгэвэрт /67 настай/ байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аюурын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас Д.Гөлгөөгийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Янжмаад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн болон шаргал өнгийн бариултай хутга тус бүр 1 ширхэг, бор бариултай шөвөг 1 ширхэг, хөшиг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Аюурын ЖЯ56052876 тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт Дамдиндоржийн Аюурыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аюурыг 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аюурт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аюурын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн болон шаргал өнгийн бариултай хутга тус бүр 1 ширхэг, бор бариултай шөвөг 1 ширхэг, хөшиг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Аюурын ЖЯ56052876 тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Аюурт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                             П.ПАГМА

                                                                 Г.НАМУУНТУЯА