| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Г.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөр нь шүүгдэгч Хөмөө овогт Ганбатын Гантөмөрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227002110156 дугаартай, 146/2023/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн **** оны *** дугаар сарын ***-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Хөмөө овогт Ганбатын Гантөмөр /РД:ЙС94032939/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Гантөмөр нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг *** гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр С.Тэгшбаярыг толгой руу нь 1 удаа гараараа цохиж унаган хүзүү хэсэгт нь нэг удаа өшиглөн зодож түүний биед тархи доргилт, хүзүү хоолойд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд өгсөн: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөхөөр хохирогч руу ярьсан боловч надад дансаа өгөөгүй. Би хохирол төлөхөөр мөнгөө бэлдээд аваад ирсэн гэв.
хохирогч ***** мэдүүлэг /хх-ийн 6-7, 26-27 дугаар хуудас/, гэрч ***** мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой **** 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын *** баг *** гэх газарт *** оны ** дугаар сарын **-ны өдөр ***ыг толгой руу нь 1 удаа гараараа цохиж унаган хүзүү хэсэгт нь нэг удаа өшиглөн зодож түүний биед тархи доргилт, хүзүү хоолойд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
хохирогч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би *** оны ** дугаар сарын **-ны өдөр 17 цагийн үед гэртээ байхад манай гэрийн хаалгыг хүн нүдсэн тэгээд хаалга онгойлготол ** гэх залуу миний мотоциклыг хэн энд оруулж ирээд тавьсан юм бэ гээд орилоод байсан. Тэгээд хаалга онгойлгох үед үгийн зөрүүгүй намайг гараараа толгой хэсэг рүү нэг удаа цохиод унагасан, унасан байхад хүзүү рүү өшиглөөд гараад явсан. Тэгээд би цагдаад очиж мэдэгдсэн. Миний толгой руу нэг удаа гараар цохисон хүзүү рүү 1-2 удаа өшиглөх шиг болсон. Надад эмчилгээний зардал болон хохирол мөнгө өгөөгүй. Би гомдолтой байна эмчилгээний зардлаа гаргуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 26-27 дугаар хуудас/,
гэрч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хужирт сум Шивээт *** багт нөхөр ****ийн хамт мотоциклтойгоо явж байгаад манай нөхөр хүнтэй уулзаад ирнэ гээд явсан. Би хүлээгээд ирэхгүй болохоор нь мотоциклоо түрж дээд айлын **** ахын хашааны хаалга онгорхой болохоор нь алга болж магадгүй гэж бодоод хашаанд нь оруулж тавьсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр *** миний мотоциклыг ****ын хашаанд оруулж тавьсан байна. Миний мотоцикл яагаад танай хашаанд байж байгаа юм гэж хэлээд нэг удаа цохичхоод ирлээ гэж хэлсэн. Би алга болчхож магадгүй гэж бодоод түрж оруулаад тавьсан шүү дээ яаж байгаа юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ****ийн 2022 оны 10 дугаар сарын ***-ний өдөр гаргасан “...1. Үзүүлэгч ****ын биед тархи доргилт, хүзүү хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт *******ийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нэг байна. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ***** мотоцикл яагаад танай хашаанд байгаа гэх зүйлээр шалтаглан хохирогч *****ын цээж хэсэгт нэг удаа цохиж унагаад хүзүү хэсэгт нь хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн биед тархи доргилт, хүзүү хоолойд цус хуралт гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байна.
Хохирлын хувьд:
Хохирогч *****т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна гэсэн боловч хохирлын баримт гаргаж ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 03 сарын хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч ****** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөмөө овогт Ганбатын Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөмөө овогт Ганбатын Гантөмөрийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 03 сарын хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА