Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2019/00383

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00372/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар  баг, ****** дугаар гудамжны ****** тоотод оршин суух, Л.Н /регистрийн дугаар: /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, дүгээр баг 00 тоотод оршин суух, Ч.Э /регистрийн дугаар: /-т холбогдох

 

“Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******.миний бие Ч.Этай 2007 онд танилцаж 2008 онд гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтын амьдралын 2007-2011 оны хооронд охин Э.Хтөрсөн. 2009 оны 7 дугаар сарын 02-ноос хойш 2011 он хүртэл хамт амьдарсан боловч 2011 оноос бид хамт амьдрахгүй сүүлийн 8 жил тус тусдаа амьдарч байгаа тул өөрийн охиноо асран хамгаалалтандаа авч, Ч.Э аас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******.миний бие Ч.Э нь 2008 онд Л.Н-тэй гэр бүл батлуулаад 2009 онд охинтой болсон. 2011 оноос хойш хамт амьдраагүй 8 жил болж байгаа учир өөрийн төрсөн охин Ховор-Э-г Н-ийн асрамжид өгч, гэрлэлтийн баталгаа салгуулахад татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийн батлахыг салгаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Ч.Э т холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Гэрлэгчид болох Л.Н, Ч.Э нар нь 2007 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор Дархан-Уул аймгийн Орхон сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин Э.Х төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

       Гэрлэгчид нь тус тусдаа амьдарч байгаа, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчдийн үүргийг хүлээн биелүүлдэггүй, хэн аль нь цаашид гэрлэлт үргэлжлүүлэх хүсэлгүй,  гэрлэлтээ цуцлахыг харилцан хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Х эх Л.Н гийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй ба нэхэмжлэгч Л.Н нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

    

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ч.Э, Л.Н нар нь хүүхэд болох Э.Х-ийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Л.Н, Ч.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Х эх Л.Н гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаан байхгүй ба нэхэмжлэгч Л.Н нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Н д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА