Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48      

 

  

 

 

 

 

 

 

    2023        01           12                                 2023/ШЦТ/48                                                                                       

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч А.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.От холбогдох эрүүгийн “2211 00000 2053” дугаартай, 186/2023/0044/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хххх  тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, А.О,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч А.О нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөт хад” ХХК-ийн салбар “Хэе бро” /Неу Вго/ ресторанд зочинтой харилцах менежерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан рестораны орлогоос нийт 3.976.944 /гурван сая есөн зуун далан зургаан мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг компанид тушаагаагүй завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Цийн:..миний би “Мөнгөт хад” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Манай компани нь одоогоор 4 салбартайгаар рестораны үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний нэг нь Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, 3 дугаар байранд байрлах “Хэе Бро” нэртэй ресторан паб байгаа. Отгонбаяр гэх залуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зочинтой харилцах менежерээр ажилд орсон, ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3.976.944 төгрөгийн орлого дутаасан болох нь салбарын кассын тайлангаар тогтоогдсон. Эхэндээ А.От орлогоо гүйцээгээд тушаа гэж хэлдэг байсан боловч тушаадаггүй байсан. А.О нь үйлчлүүлэгчдээс бэлнээр өгсөн мөнгийг хувьдаа аваад компанийн дансанд тушаагаагүй, мөн байгууллагын дансаар биш өөрийн дансаар мөнгө орлогыг авсан юм шиг байна лээ. Манай рестораны хувьд өдөр бүр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн дүнг нэгтгэн гаргаад орлоготойгоо харьцуулан нягталж үзэхэд зөрүү гарсан байдаг. Тус рестораны хувьд жижиг салбар тул кассын ажилтан байхгүй, зочинтой харилцах менежер Отгонбаяр нь орлогоо авах ажил хийдэг гэх мэдүүлэг./хх-ийн 32 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоол /хх-ийн 56-57 дугаар тал/,  “Мөнгөн Хад” ХХК-ийн гэрчилгээ /ххийн 04 дүгээр тал/, “Мөнгөн Хад” ХХК-ийн А.Оыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ  /хх-ийн 6-12 дугаар тал/, мөнгөний няравын өдрийн тайлан /хх-ийн 13-26 дугаар тал/, шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлуулав.

3.2. Шүүгдэгч А.О: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч А.О нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөт хад” ХХК-ийн салбар “Хэе бро” /Неу Вго/ ресторанд зочинтой харилцах менежерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан рестораны орлогоос нийт 3.976.944 /гурван сая есөн зуун далан зургаан мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг компанид тушаагаагүй завшсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:

           -  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Цийн:..Отгонбаяр гэх залуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зочинтой харилцах менежерээр ажилд орсон, ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3.976.944 төгрөгийн орлого дутаасан болох нь салбарын кассын тайлангаар тогтоогдсон. Эхэндээ А.От орлогоо гүйцээгээд тушаа гэж хэлдэг байсан боловч тушаадаггүй байсан. А.О нь үйлчлүүлэгчдээс бэлнээр өгсөн мөнгийг хувьдаа аваад компанийн дансанд тушаагаагүй, мөн байгууллагын дансаар биш өөрийн дансаар мөнгө орлогыг авсан юм шиг байна лээ. Манай рестораны хувьд өдөр бүр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн дүнг нэгтгэн гаргаад орлоготойгоо харьцуулан нягталж үзэхэд зөрүү гарсан байдаг. Тус рестораны хувьд жижиг салбар тул кассын ажилтан байхгүй, зочинтой харилцах менежер Отгонбаяр нь орлогоо авах ажил хийдэг гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар тал/, “Мөнгөн Хад” ХХК-ийн гэрчилгээ /ххийн 04 дүгээр тал/, “Мөнгөн Хад” ХХК-ийн А.Оыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ  /хх-ийн 6-12 дугаар тал/, мөнгөний няравын өдрийн тайлан /хх-ийн 13-26 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ завшуулсан талаараа тухайн цаг хугацаанд өөрт нь хэлж мэдэгдсэн, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг завшсан талаар  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгийг  завшиж шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож  буй А.Оыг гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Оыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц нь шүүгдэгч А.Отай эвлэрсэн, шүүгдэгч нь “Мөнгөт хад” ХХК-д учруулсан 3.976.944 /гурван сая есөн зуун далан зургаан мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг тус тус баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 / зургаан/ сарын хугацаанд тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт  зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож албадлагын арга хэмжээ авах  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, урьд авсан хувийн батлагаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхийг дурдаж шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч А.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4.Шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт  зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож  түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

6.Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ