Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

хохирогч Э, түүний өмгөөлөгч П.Наранхүү,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Э.Батбаяр /ҮД: 2454/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У  овогт Д-н М-д холбогдох эрүүгийн 2217001290098 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мужаан мэргэжилтэй, “Говийн өгөөж” ХХК-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ө  аймгийн Д  сумын   дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх У овогт Д-н М /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.М нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт, Монгол Улсын барилгын норм ба дүрэм /БНбД 50-02-17/-ийн 4.4, /БНбД 12-04-06/-ийн 5.4, /БНбД 50-02-17/-ийн 4.5, /БНбД 12-03-04/-ийн 6.2.9 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг болох “аж ахуй нэгж, байгууллагын үйлдвэрийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, “...барилгын талбайг MNS 5414:2004-ийн заалтын дагуу хашиж хамгаалан, MNS00112-00:85-ын дагуу сануулах, хориглох тэмдэг тавьж шөнийн цагт дохионы гэрэлтүүлэгтэй байлгана”, “оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад 6.2.2 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцүүлэн хаалт хамгаалалт хийж өгвөл зохино” гэснийг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Э нь улсын дугааргүй цэнхэр өнгийн Хаожей маркийн мотоциклийг жолоодож яваад зөвшөөрөлгүй ухсан шороон далан дээрээс унаж, түүний эрүүл мэндэд баруун шаант ясны дээд 1/3-ийн үе дайрсан, зөрүүтэй, бяцарсан далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001290098 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатант өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2. Хохирогч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа яваад орой 16 цаг өнгөрч байхад ажлаасаа буусан. Манай суманд төмөр замын далан байдаг. Хамгийн өндөрлөг газар учраас мал бүхий иргэд тэр далан дээр гарч малаа дуранддаг байсан. Өндөр газар учраас хэдэн адуугаа харъя гээд л дээшээ өгсөөд гарсан чинь нүх ухчихсан байсан. Тэрийг нь харалгүй орчихсон. Нэг талд нь ковш байсан. Энд ухаж байгаа юм байна гэж бодоод шонгийн модыг нь тойроод эрүүл газраар нь гарлаа гэх бодсон чинь ухчихсан байсан. Тэгээд унасан гэв.

Би эмчилгээ хийлгэж байхдаа энэ хүмүүсээс янз бүрийн мөнгө нэхэж шантаачлаагүй. Өөрийнхөө нөөц бололцоогоор хашаа байшин, машин, мотоцикл, адуу мал зарсан. Эдгээрийг зарахдаа дандаа зах зээлийн үнээс хямдхан зарсан. Жишээ нь 20 гаран сая төгрөгийн хашаа байшинг 9 сая төгрөгөөр зарсан. Мөн 20 000 000 төгрөгийн үнэтэй машиныг 13 000 000 төгрөгөөр зарсан. Нэмэгдэл зардал дээр нь хувь хүмүүсээс сайн гэсэн зүйлүүдийг авсан. Жишээ нь энэ алтан гагнуурыг 300 000 төгрөгөөр авсан. Терафлекс гээд эмний харъяалалтай болсон. Энэ эм үений шингэн нөхдөг гэсэн. Бүтэн жилээр нь уу гэсэн. Чойрын аптекуудад 20 хоног уух нь 270 000 төгрөгний үнэтэй байгаа. Дээр нь миний алдагдсан боломжууд байна. Цалин мөнгөний зөрүү, миний хөл бүрэн нугарахгүй, нөхөн сэргээгдэхгүй байгаа. Хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 100 градус л нуглардаг болсон. Ачаалал даахаа больсон. 200-300 метр газар алхахад оройдоо хавагнаад гишгэж чадахаа байдаг. Би бүтэн 2 сар хүний асаргаанд байсан. Хүнээр бөгсөө арчуулна гэдэг чинь аягүй ичгэвэртэй юм байна лээ. Би өөрөө хоккей, хөл бөмбөг тоглодог, улсын аварга болж байсан. Ингээд хөлгүй болоход надад сэтгэл санааны асар их хохиролтой байсан. Баас шээсээ хүртэл эхнэрээрээ зөөлгөж байсан. Эхнэрээсээ хүртэл ичиж байсан. Гэтэл эдний компаниас Б гэх залуутай л холбоотой байсан. Бие нь яаж байна гэж нэг, хоёр удаа ярьсан. Тэрнээс биш энэ хүмүүсээс мөнгө шантаачлаад байгаа асуудал байхгүй гэв.

3. Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллага Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Тухайн ухаж байсан гэх газраас барилгын сууринд эргэн булалт хийх зорилгоор тухайн газраас техник ашиглан шороон даланг ухаж байсан. Тухайн өдөр 16 цагийн үед манай байгууллагын ковшийн оператор болох У гэх залуу тухайн далангийн гол хэсгийг ухаад сул шороогоо ачаад ирмэг болгосон байх үед мотоциклтэй хүн ирээд осолдчихлоо гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би эмнэлгийн байгууллагад мэдэгдээд очоод үзтэл нэг залуу мотоциклынхоо хажуу талд сууж байсан. Тэгээд эмнэлгийн байгууллага ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар хуудас/,

4. Хохирогч Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 7 цагийн үед ажилдаа явсан. 15 цагийн үед ажлаа тараад өөрийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Хаожей маркийн мотоциклтэй ганцаараа Шивээ-Овоо ХК-ийн уурхай дээрээс Шивээговь сум руу гэр лүүгээ явж байсан юм. Тэгээд 16 цагийн үед Шивээговь сум руу ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах хуучин төмөр замын шороон далан дээр гарч малаа харах зорилгоор гартал тухайн шороон даланг гол хэсэгт нь хүнд мэдэгдэхгүйгээр сэтэлчихсэн байсан учир мотоциклтойгоо осолдсон юм. Тэгээд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед дээрх осол гарсан газар ямар нэгэн анхааруулах тэмдэг байршуулаагүй байсан. Тухайн үед миний баруун талын хөлний шилбэ хэсгээр дагнаж хугарсан. Толгой хэсэг доргиж хөдөлсөн байсан. Одоо шилбэ хэсгийн үеийн хагалгаанд орсон. Хэвтрийн дэглэмтэй байгаа. Би гомдолтой байна. Өөрт учирсан эрүүл мэндэд болон цаашид ажил хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж байгаа тул дээрх асуудлаа нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Миний өөрт учирсан гэмтлийнхээ хүрээнд эмчилгээний зардалд баримтаар 3 300 848 /гурван сая гурван зуун мянга найман зуун дөчин найм/ төгрөг болсон. Одоо эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгаа учир нэмэлтээр зардал гарч байна. Одоогийн байдлаар 20 гаран сая төгрөг зарцуулагдаад байна. Баримт болгон авах боломжгүй зардлууд олон байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас миний хуримтлуулж байсан 1 473 100 /нэг сая дөрвөн зуун далан гурван мянга нэг зуу/ төгрөг, унаа, хоол, хүнс, замын зардал, хувийн эмнэлэг болон эмчээс үйлчилгээ авсан зардал гэх мэт баримт авах боломжгүй гарсан зардлууд олон байна. Миний бие Шивээ-Овоо ХК-ийн операторын ажил эрхэлдэг юм. 2022 оны 08 дугаар сараас эхэлж дээрх үйл явдлаас болж ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болсон учир сар болгоны цалин буюу 4 000 000 /дөрвөн сая/ гаран төгрөг одоог хүртэл авч чадаагүй байна. Мөн жилийн эцсийн үр дүнгийн шагнал цалин буюу 7 000 000 /долоон сая/ гаран төгрөг авч чадахааргүй болсон. Тийм учир дээрх гарсан бүх зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

5. Иргэний хариуцагч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Надад “Говийн өгөөж” ХХК-г төлөөлж иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход татгалзах зүйл байхгүй. “Говийн өгөөж” ХХК-д би менежерийн ажил хийдэг юм. Хохирогч эрэгтэй манай байгууллагаас 16000000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн. Манай байгууллага хавтаст хэрэгт хууль ёсны дагуу бэхжүүлэгдсэн хохиролын хэмжээнд төлөхөд татгалзах зүйлгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

6. Гэрч Ж.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тухайн ухаж байсан гэх газраас барилгын сууринд эргэн булалт хийх зорилгоор тухайн газраас техник ашиглан шороон даланг ухаж байсан. Тухайн өдөр 16 цагт миний бие ковшоор тухайн далангийн гол хэсгийг ухаад сул шороогоо ачиж байтал хойд зүгээс нэг мотоциклтэй хүн ирж байгаад зүүн гар тал руугаа салаад явахаар нь би замаараа салаад явлаа гэж бодоод шороогоо ачих гэж байтал тухайн ухаж байсан далангийн хойд талаас нь мотоциколтойгоо орж ирээд ухаж байсан далан руу осолдсон юм. Би ковшоо унтраагаад буугаад очтол баруун талын хөл нь сул шороонд булагдсан, мотоцикл хажуу талд нь унасан байсан. Тэгэхээр нь би хариуцаж байгаа ажилтан руу нь мотоциклтэй хүн ирээд осолдчихлоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллага ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

7. Гэрч Х.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний бие Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын эрүүл мэндийн төвд 2020 оноос эхэлж эрхлэгчийн ажил эрхэлж байна. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Э нь ирж үзлэгт орсон. Тухайн үед би жижүүртэй байсан. Тухайн үед өдөр манай байгууллагад сургуулийн шороо авч байсан гэх газар хүн осолдсон байна гэх дуудлага ирсний дагуу очиход Э нь хөлөө бариад сууж байсан. Тэгээд үзлэг хийхэд баруун талын хөлийн өвдөгний доод хэсэг нь хугарсан байдалтай байсан учир шууд Улаанбаатар хот руу явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

8. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Говийн өгөөж ХХК манай Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилгад нөхөн дүүргэлтийн ажилд зориулан хуучин төмөр замын далангийн зориулалтаар ашиглаж байсан шороон далан дээрээс шороо авч байсан тул би тухайн үед хяналт тавих гэж очтол цагдаагийн байгууллага ирчихсэн үзлэг хийж байсан. Тухайн болсон асуудлыг тодруулахад мотоциклтэй хүн тухайн ухсан байсан далан дээрээс осолдсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

9. Гэрч П.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт Говийн өгөөж ХХК нь ерөнхий боловсролын сургуулийн барилга барьж байгаа юм. Тухайн үед Говийн өгөөж ХХК-н төлөөлөл надтай ирж уулзаад амаар хүсэлтээ гаргаж байсан. Тэгээд би албан ёсны гэрээ байгуулаад авч болно гэсэн хариу өгсөн. Тухайн үед О.О-тай холбогдож гэрээгээ байгуулах талаар чиглэл өгч байсан. Надтай албан ёсны гэрээ байгуулаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

10. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллага Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Миний бие барилгын даамлаар ажиллаж байна. Тухайн ухаж байсан гэх газраас барилгын сууринд эргэн булалт хийх зорилгоор тухайн газраас техник ашиглан шороон даланг ухаж байсан. Тухайн өдөр Улаанбаатар хотоос Барилга хот байгуулалтын газраас манай барилгын үйл ажиллагаатай танилцаж байсан болохоор би барилгын талбай дээр байсан. 16 цагийн үед над руу шороо авч байсан далан дээрээс мотоциклтой хүн осолдчихлоо гэж хэлсэн. Тухайн осол гарах үед би хажууд нь байгаагүй болохоор болсон асуудлын талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

11. Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би “Говийн-Өгөөж” ХХК-ийн гүйцэтгэх захиралын ажлыг 2016 оноос эхэлж эрхэлж байна. Манай “Говийн-Өгөөж” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 2020 оны 09 дүгээр сард 320 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга барихаар гэрээ байгуулан 2020 оны 10 дугаар сард ирж шугамын ажил гүйцэтгээд корона вирусын халдвараас болж ажил зогсоод 2021 оны 07 дугаар сард ирж сууриа ухаж дуусгаад 2022 оны 04 дүгээр сарын сүүлээс эхэлж үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. “Говийн-Өгөөж” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь Д.М ажиллаж байсан. “Говийн-Өгөөж” ХХК нь барилгын суурийн ухаж гаргасан хөрс нь геологийн дүгнэлтээр овоолттой учир дээрх шороог буцаан хийж болохгүй учир заавал хайрга сайр гэх мэт шороогоор дүүргэх шаардлагатай байсан тул Шивээговь сумын байгаль орчин хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож хуучин ашиглаж байсан төмөр замын далангийн шорооноос авч үйл ажиллагаандаа хэрэглэх талаар зөвшөөрөл авч тухайн далангийн шороог ковшоор ухаж байсан. Тухайн үед манай “Говийн-Өгөөж” ХХК нь дээрх далангаас шороо авч болно гэсэн зөвшөөрөл авах талаар Шивээговь сумын Засаг даргын тамгын газар хүсэлтээ өгчихсөн хариу нь гараагүй байсан. Тэгээд авч болно гээд амаар зөвшөөрөл өгсөн болохоор үйл ажиллагаагаа явуулж байсан. Шороо авч байсан далан дээрээс мотоциклтэй хүн осолдсон талаар би дараа нь мэдсэн. Тухайн үед Өмнөговь аймагт ажиллаж байсан. Талбай дээр ковшийн жолооч Ж.У, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Д.М нар байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12165 дугаартай дүгнэлтэнд:

- О.Э-н биед баруун шаант ясны дээд 1/3-ийн үе дайрсан, зөрүүтэй, бяцарсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ц.Бадрал гэжээ. /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

14. Зам тээврийн ослын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/2022 дугаартай дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

15. Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09-06-010/02 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-67 дугаар хуудас/,

16. Хохирогч О.Э-н өвчний түүх /хх-ийн 71-82 дугаар хуудас/

17. “Говийн Өгөөж” ХХК-ийн бичмэл баримт /хх-ийн 84-100 дугаар хуудас/        

18. Шүүгдэгч Д.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.М нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт, Монгол Улсын барилгын норм ба дүрэм, /БНбД 50-02-17/-ийн 4.4, /БНбД 12-04-06/-ийн 5.4, /БНбД 50-02-17/-ийн 4.5, /БНбД 12-03-04/-ийн 6.2.9 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Э нь улсын дугааргүй цэнхэр өнгийн Хаожей маркийн мотоциклийг жолоодож яваад зөвшөөрөлгүй ухсан шороон далан дээрээс унаж түүний эрүүл мэндэд баруун шаант ясны дээд 1/3-ийн үе дайрсан, зөрүүтэй бяцарсан далд хугарал бүхий  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч О.Э-н өмгөөлөгч П.Наранхүү гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.М нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомж, дүрэм журмыг биелүүлээгүйн улмаас хохирогч О.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Шүүгдэгч Д.М нь мөрдөн байцаалтын шатанд сэтгэл гаргаад хохирогчид хохирол төлбөр төлөөгүй. Шүүхээс тогтоож өгсөн хохиролыг төлнө гэсэн байр суурьтай байсан ба үүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Хохирогч О.Э-н зүгээс шүүгдэгч Д.М-аас 16 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд мөрдөн байцаалтын шатанд 3 372 985 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Өнөөдөр тооцоог нь хийж амжаагүй 1 300 000 төгрөгийн баримт байгаа байх, ажилгүй байсан хугацааны цалин 11 327 015 төгрөг орж байгаа. Эдгээр хохиролыг нэхэмжилж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Э.Батбаяр гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.М-ын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэлтэй маргахгүй. Гагцхүү хохирогч талаас гаргаж өгсөн хохиролын тооцоо баримтууд хууль зүйн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдөр хохирогч Э нь 16 000 000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд баримт гаргаж өгч байгаа бол тооцоогоо хийгээд өгөх ёстой байсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна. Энэ талаарх баримт болох ажилд орсон тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. Дан ганц цалингийн тодорхойлолтоор ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг шийдэж болохгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээд хохиролыг шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.М нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт, Монгол Улсын барилгын норм ба дүрэм /БНбД 50-02-17/-ийн 4.4, /БНбД 12-04-06/-ийн 5.4, /БНбД 50-02-17/-ийн 4.5, /БНбД 12-03-04/-ийн 6.2.9 дахь хэсэгт тус тус заасан заалтуудыг зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг болох “аж ахуй нэгж, байгууллагын үйлдвэрийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, “...барилгын талбайг MNS 5414:2004-ийн заалтын дагуу хашиж хамгаалан, MNS00112-00:85-ын дагуу сануулах, хориглох тэмдэг тавьж шөнийн цагт дохионы гэрэлтүүлэгтэй байлгана”, “оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад 6.2.2 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцүүлэн хаалт хамгаалалт хийж өгвөл зохино” гэснийг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Э нь улсын дугааргүй цэнхэр өнгийн Хаожей маркийн мотоциклийг жолоодож яваад зөвшөөрөлгүй ухсан шороон далан дээрээс унаж, түүний эрүүл мэндэд баруун шаант ясны дээд 1/3-ийн үе дайрсан, зөрүүтэй, бяцарсан далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.М нь хохирогч О.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09-06-010/02 дугаартай дүгнэлтийн 5 дахь хэсэгт “...Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...” гэж заасан ба үүний дагуу мөрдөн байцаалтын шатанд “Говийн Өгөөж” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

 Түүнчлэн шүүгдэгч Д.М нь хохирогч О.Э-н биед баруун шаант ясны дээд 1/3-ийн үе дайрсан, зөрүүтэй, бяцарсан далд хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э, гэрч Ж.У, Х.С, О.О, П.Г, Б.Б, А.Н нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09-06-010/02 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд “Говийн Өгөөж” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн эрсдлийн үнэлгээг хийж, дүгнэлт гарган бодлого боловсруулж ажиллах үүрэгтэй болох нь Говийн Өгөөж ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Д овогтой М-ыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар томилох тухай” тушаал, шүүгдэгч Д.М-ын ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.М-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Э нь шүүгдэгч Д.М-аас 16 000 000 /арван зургаан сая/ төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 3 372 985 /гурван сая гурван зуун далан хоёр мянга есөн зуун наян тав/ төгрөг, 1 085 332 /нэг сая наян таван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг нь баримтаар тогтоогдсон байна. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Маар дамжуулан иргэний хариуцагч “Говийн Өгөөж” ХХК нь хохирогч Э-д 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг төлжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.М-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Говийн Өгөөж” ХХК-иас 958 317 /есөн зуун тавин найман мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Э-д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Э нь ажилгүй байсан хугацааны цалин болох 11 541 683 /арван нэгэн сая таван зуун дөчин нэгэн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт болох ажилд орсон тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Мөн шүүх хуралдаан дээр хохирогчоос 5 ханатай гэрийг Б овогтой Э-т худалдсан, 66 метр квадрат 1200 метр квадрат газрын хамт В овогтой Д-д худалдсан, Бонго-3 маркийн 75-37 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг Ү овогтой Б-д худалдсан гэх тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заасан. Гэтэл хохирогч Э нь дээрх эд хөрөнгийг хэрхэн борлуулсан талаарх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, эд хөрөнгө худалдсан бол мөнгөн гүйлгээ хийсэн төлбөрийн баримтыг ирүүлээгүй, тухайн эд хөрөнгө борлуулсан гэх орлогыг юунд зарцуулсан нь тодорхойгүй байх тул шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Э нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу “Говийн Өгөөж” ХХК-иас жич нэхэмжлэх эрхтэй болно.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч О.Э-н өмгөөлөгч П.Наранхүү эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “сая шүүгдэгч Д.М нь хохирогч Э-д хохирол төлбөр гэж 3 500 000 төгрөг төлснийг хохирол төлсөн гэж үзэхгүй. Хохирогч Э нь эрүүл мэндээрээ удаан хугацаагаар хохирсон, цалингаа бүрэн авч чадаагүй зэрэг байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгч Д.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Э.Батбаяр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Мыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Хэдийгээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Говийн Өгөөж” ХХК-иас хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Д.М нь шүүх хуралдааны явцад 3 500 000 төгрөгийг төлсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Э.Батбаяр нь “шүүгдэгч Д.М-д оногдуулах торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заажээ. Уг заалтад заасан “...шийдвэрт өөрөөр заагаагүй бол...”            гэдэг нь шүүх шийтгэх тогтоолдоо торгох ялыг 90 хоногоос дээш хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон бол уг хугацааны дотор торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай ойлголт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд торгох ял оногдуулсан шийдвэрийг 90 хоногийн дотор биелүүлэхээр доод хугацааг нь тогтоож өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Д-н М-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч “Говийн-Өгөөж” ХХК-иас 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогч Эд төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Говийн Өгөөж” ХХК-иас 958 317 /есөн зуун тавин найман мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Э-д олгосугай.

 7. Хохирогч Э-с нэхэмжилсэн 11 541 683 /арван нэгэн сая таван зуун дөчин нэгэн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.

   8. Хохирогч Э нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч “Говийн Өгөөж” ХХК-иас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ