Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01040

 
 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01275 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК

Хариуцагч: Д.Болд

 

нэхэмжлэл: гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 21,503,317 төгрөг гаргуулах

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн хяналтын журмаар 2020.01.07-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Болд, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ц.Дагвадорж, Д.Болд нар 2018.12.13-нд Төрийн банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс 22,706,700 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18% хүүтэй, 24 сарын хугацаатайгаар сар бүр 1,129,300 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулан авсан. Дагвадорж нь 2019.02.25-ны өдөр нас барсан ба хамтран зээлдэгч Д.Болд нь 2019.05 сард 800,000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт огт хийгээгүй зээлийн гэрээний 2.2.3-г зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019.07.17, 2019.05.14, 2019.08.02-ны өдрүүдэд мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Хамтран зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг сар бүр хугацаанд нь төлнө гэсэн тайлбар гар өргөдөл бичиж өгдөг боловч зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 2.3.1, 2.1.4-г үндэслэн 2019.10.08-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. Д.Болдтой байгуулсан зээлийн гэрээг цуцлах, 2. Д.Болдоос зээлийн үндсэн төлбөр 20,040,626.51 төгрөг, зээлийн хүү 1,462,691.20 төгрөг, нийт 21,503,317.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Зээлийн гэрээнд батлан даагч хэрэгтэй байна гээд намайг дуудсан ба зээлээр авсан мөнгийг миний аав өөрөө хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 142/ШШ2019/01275 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан 130400279131-20190105 тоот зээлийн гэрээг цуцлах, 21,503,317.71 төгрөг гаргуулах тухай Төрийн банкны Орхон салбарын Д.Болдод холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Болд нь гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь ИХ-н 451.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан болно. Д.Болд нь Төрийн Банкнаас эцэг Ц.Дагвадоржийг зээл авахад нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч 2018.12.13-ны өдөр, 2019.03.21-ний өдөр уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгах хүсэлтийг гарган үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 2.3.1-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж. үүрэг хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд Д.Болдын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан тэгэхээр өөрөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иймд. Д.Болд нь гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн зээлдэгч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээ, хариуцагчийн банкинд гаргасан хүсэлт зэргийг ИХШХШТХ-н 40.1., 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, ИХ-н 41.2., 198.1-д заасны дагуу гэрээг тайлбарлаагүй, ИХ-н 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд ...үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ц.Дагвадорж нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг Төрийн Банк ИХ-н 242.1-д заасны дагуу Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо гэрээнд байхгүй. Зээлдэгч Ц.Дагвадорж нь Төрийн банкаар дамжуулан авдаг тэтгэврийн зээлээ барьцаалан гэрээ байгуулсан, тэтгэвэр авагч нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болсон боловч тэтгэвэр авагч буюу зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор буюу талууд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх нөхцөлийг тохиролцоогүйг давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээний нөхцөлийг хэлэлцэлгүй орхигдуулсан байна. 2019.02.25-ны өдөр зээлдэгч Ц.Дагвадорж нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Төрийн банкинд ИХ-н 225.1, 242.1-д зааснаар шаардах эрхтэй. Иймд Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийг зээлийн гэрээний агуулга болон хамтран үүрэг гүйцэтгэх талаарх Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Төрийн банк ХХК 2019.10.08-ны өдөр Д.Болдод холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2018.12.13-ны өдрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 21,503,317 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ зөрчилтэй дүгнэлт хийж, Д.Болдыг ...хамтран зээлдэгч.. гэж үзсэн атлаа түүнд зээлдэгчийн ... үүргийг хүлээлгэх үндэслэлгүй.. гэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.

 

Нэхэмжлэгч нь Д.Болдоос зээлийн үндсэн төлбөр 20,040,626.51 төгрөг, зээлийн хүү 1,462,691.20 төгрөг, нийт 21,503,317.17 төгрөг шаардсан боловч зээл авснаас хойш төлөгдсөн зээлийн хэмжээг тодорхой заагаагүй, тооцоог нэг бүрчлэн гаргаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлтэй холбоотой тооцоог гаргуулж, зээл бусад эх үүсвэрээс төлөгдсөн эсэхийг тодруулсны эцэст /Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/01275 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 265,467 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН