Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 23

 

 

              Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

             татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би иргэн П.Д-ийн “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 12 дугаартай “захирамж хүчингүй болгох тухай” тогтоолыг биелүүлэхгүй байгаа Наранбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож биелүүлэхийг даалгуулах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 02 сарын 2-нд миний гомдлын хариуг надад ирүүлсэн. Улмаар би сумын засаг дарга С.Д-той 2 удаа уулзаж ажилдаа эргэж ормоор байна гэдгээ хэлсэн. Гэтэл засаг дарга С.Д нь 2021 оны 02 сарын 16-ны өдрийн 58 дугаар албан бичгээр “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна” гэдэг хариуг надад өгсөн. Төрийн албаны зөвлөл нь Наранбулаг сумын Засаг даргын 2020 оны 10 сарын 23-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон журам зөрчсөн байна гэдгийг тогтоогоод хүчингүй болгосон байхад энэхүү шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж байгаа нь хууль бус байна. Наранбулаг сумын Засаг дарга миний хөдөлмөрлөх эрхийг удаа дараа зөрчиж байгаад маш их гомдолтой байна.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Захирамж хүчингүй болгох” тухай тогтоолыг биелүүлэхгүй байгаа Наранбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, биелүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.Д 2021 оны 07 сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие тус шүүхэд Наранбулаг сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Захирамж хүчингүй болгох” тухай тогтоолыг биелүүлэхгүй байгаа Наранбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, биелүүлэхийг даалгуулахаар өөрчилсөн. Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга нь 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар намайг ажилд эгүүлэн томилсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч П.Д нь “Наранбулаг сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 12 дугаартай “захирамж хүчингүй болгох тухай” тогтоолыг биелүүлэхгүй байгаа Наранбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож биелүүлэхийг даалгуулахаар өөрчилсөн байна.

Хариуцагч 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.Д-ийг урьд эрхэлж байсан Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсанаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байна. 

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн П.Д-ийн “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 12 дугаартай “захирамж хүчингүй болгох тухай” тогтоолыг биелүүлэхгүй байгаа Наранбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож биелүүлэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ОЮУНГЭРЭЛ