Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З Г овогт Гийн Бд холбогдох эрүүгийн 2217001560110 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, З Г овогт Гийн Б /РД:.../, Д аймгийн Д суманд .... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин ажиллуулдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Т аймгийн Б сумын 3 дугаар баг, Фермийн 2-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 3 сартай жирэмсэн гэх

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь “...” ХХК-ийн Г аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нефть хангамжийн салбарт амраагч операторчноор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу шатахуун борлуулсан мөнгөнөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1 166 342 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 590 303 төгрөг, тос тосолгооны материал борлуулсан мөнгөнөөс 688 300 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр завшиж нийт 2 444 945 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Г аймгийн нефть хангамжийн салбарт 2022 оны 04 сараас 2022 оны 09 сар хүртэл ажилласан. 2 444 945 төгрөгийг би завшсан нь үнэн. Би өмнө нь ингэж хэрэгт холбогдож байгаагүй. Өөрийн эрхгүй энэ мөнгийг авсан. 2 444 945 төгрөгийн хохирлыг машины тосол, тосолгооны мөнгийг зарсан гэж оруулаад, бэлэн мөнгийг аваад, сарын сүүлд тооллого хийх үед тухайн өдрийнхөө орлогыг тосол, тосолгооны мөнгөнд нөхөөд хийдэг. Дараа нь өдрийн орлогын мөнгөө өөрөө нөхөж хийдэг байсан. Энэ мөнгийг авахад надаас өөр хүний оролцоо байхгүй. Хохирлоос төлж барагдуулсан зүйл байхгүй, удахгүй төлж барагдуулна. Аав цалингийн зээл авна, мөн ээж дүүгийн нэр дээр байдаг 2 үхрийг зараад төлнө. Миний хувьд маш их гэмшиж байна. Анхандаа ингэж мөнгө завшиж байна гэж бодоогүй, манай ажлынхан ингэж мөнгө аваад, буцаагаад хийгээд байсан болохоор мөнгө аваад, хэрэглээндээ хэрэглээд, нөхөж мөнгөө хийгээд байсан. Дараа нь төлж чадахгүй ийм байдалд хүрсэн. Миний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа, дахиж ийм алдаа гаргахгүй. Би одоо 3 сартай жирэмсэн. Төв аймгийн эмнэлэгт хянагдаж байгаа. Т эгчийн 1 805 760 төгрөгийг төлнө гэв.

 

2. Хохирогч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Түгээгч Г.Б нь манай ШТС-.. дээр түгээлтийн ажил хийдэг, нефтийн бүтээгдэхүүн, тос тосолгооны материалыг хүлээн авч борлуулдаг. Түгээгч нь ээлжээр ажиллах хугацаандаа ШТС-ын бүх шатахуун, тос тосолгооны материалыг хариуцан ажилладаг ба хөдөлмөрийн гэрээнд тодорхой зааж өгсөн. Түгээгч нар нь ээлжээр ажиллах хугацаандаа борлуулсан орлогын мөнгийг ажлаас буухдаа ШТС дээр байх банкны мөнгөний цүнхэнд хийдэг. Хэрвээ тухайн хүн орой буусан бол борлуулалтын орлогын мөнгийг мөнгөний цүнхэнд хийж лацдаад дараагийн хүндээ хүлээлгэн өгдөг. Дараагийн хүн нь банкны машин ирэхээр тухайн мөнгийг нь хүлээлгэж өгдөг. Манай ШТС дээр өглөө бүр Хаан банкны машин ирж орлого авдаг. Түгээгч Г.Бний ээлжтэй байсан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 222 482.4 төгрөгийн 90,44 литр А-80 автобензин, 2 202 388.8 төгрөгийн 888,6 литр А-92 автобензин, 219 960 төгрөгийн 58,5 литр дизель түлш, 146 400 төгрөгийн 6 ширхэг 21 литр тос тосолгооны материал нийт 2 791 231.2 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан. Үүнээс бэлнээр орж ирсэн 1 166 350 төгрөгийг, түгээгч Тийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр борлуулсан 258 004.8 төгрөгийн 104,88 литр А-80 автобензин, 3 366 327.2 төгрөгийн 1057,33 литр А-92 автобензин, 1 099 048 төгрөгийн 292,3 литр дизель түлш, 720 300 төгрөгийн 8 ширхэг 91 литр тос тосолгооны материал нийт 5 443 680 төгрөгийн бүтээгдэхүүний бэлнээр орж ирсэн 1 805 760 төгрөгийг, Г.Бийн ээлжтэй байсан 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 216 234 төгрөгийн 87,9 литр А-80 автобензин, 2 113 406.4 төгрөгийн 852,18 литр А-92 автобензин, 1 202 899.2 төгрөгийн 316,92 литр дизель түлш, 139 500 төгрөгийн 5 ширхэг 12 литр тос тосолгооны материал нийт 3 672 039.6 төгрөгөөр борлуулснаас бэлнээр орж ирсэн 590 340 төгрөгийг тус тус Г.Б банкны мөнгөнд хийж хүлээлгэж өгөлгүйгээр хувьдаа авсан. Мөн ажиллах хугацаандаа тос тосолгооны материал борлуулснаа тайлагналгүйгээр мөнгийг нь өөртөө авснаар нийт 688 300 төгрөгийн бүтээгдэхүүн дутсан. Г.Бэр манай байгууллагад учирсан 4 250 700 төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлмээр байна. Байгууллагын ажилчид орлогоос хэргэлээд дараа нь буцаагаад хийдэг асуудал байх ёсгүй. Би ийм асуудал гардаг гэдгийг Г.Бийн асуудал сөхөгдөхөд анх мэдсэн. Манай байгууллага Б.Тийн ээлжтэй байсан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн борлуулалтын орлого болох 1 805 760 төгрөгийг нэхэмжилнэ. Угаасаа Б.Т тухайн өдрийн орлогоо дотоод журмын дагуу өөрөө хариуцах үүрэг хүлээдэг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-13, 16-17 хуудас/

 

3. Иргэний нэхэмжлэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр би халуун тогооны хажууд байх Петровис шатахуун түгээх газар 12 цагаар түгээгчийн ажил гүйцэтгэж байхад Б гэх эмэгтэй надаас тухайн өдрийн орлогоос 1 805 760 төгрөгийг мөнгөний хэрэг гарлаа гээд гуйгаад байхаар нь би зээлчихсэн. Одоо манай компаниас тус 1 805 760 төгрөгийг надаас нэхэмжлээд байгаа. Учир нь байгууллагын дотоод журамдаа тухайн өдрийн орлогоо би өөрөө хариуцаж, дараагийн ээлжийн хүндээ бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй. Байгууллагын дотоод журмыг зөрчиж Бд мөнгө өгсөн нь миний буруу. Би 1 850 760 төгрөг Бээс нэхэмжилнэ. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б байрны түрээс төлнө, утасныхаа төлбөрийг төлнө гэж хэлээд надаас мөнгө авсан гэж буруу мэдүүлсэн байна лээ. Одоо бодоод байхад тухайн үед Б өмнөх зээлээ төлнө гэж хэлээд надаас байгууллагын орлого авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/

 

4. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г.Б гэх хүн манай байгууллагад түгээгчээр ажилладаг байхдаа мөнгө дутаасан асуудал гаргасан. Санхүүгийн анхан шатны баримтуудаас харахад Г.Б нь ээлжтэй байсан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн бэлнээр орсон 1 166 350 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн бэлнээр орсон 590 340 төгрөгийг тус тус тушаах ёстой байсныг тушаагаагүй, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн түгээгч Тийн ээлжинд бэлэн орлого 1 805 760 төгрөгийг авч тус тус ашигласан байсан. Мөн тос тосолгооны материалын 688 300 төгрөгийг тушаагаагүй дутаасан. Ингээд нийтдээ 4 250 700 төгрөгийг Г.Б байгууллагын мөнгөнөөс дутаасан. Манай байгууллагын ажилчид 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хурал хийсэн ба уг хурлаар дутсан мөнгийг Г.Б 14 хоногийн хугацаанд төлнө гэж өргөдөл бичсэн. Манай байгууллага сар болгоны эхний өдөр тооллого явуулдаг. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр энэ асуудал илэрсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

 

5. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө Петровисын ШТС-..-т түгээгчийн ээлжийг Г.Бэс авсан. Тухайн өдөр яг хэдэн төгрөгний бүтээгдэхүүн зарсныг би мэдэхгүй байна. Харин тухайн өдөр 20 цагийн үед ээлжээ хааж Нд хүлээлгэн өгөөд бэлэн мөнгийг тооцоход 1 805 760 төгрөгийн орлого орсон байсан. Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн орчим Г.Б эгч би байрны түрээс төлөх гэсэн юм гээд борлуулалтын орлогоос 100 000 төгрөг, түүний дараа 15 цагийн орчим утасны төлбөр төлөх гэсэн юм гээд борлуулалтын орлогоос 45 000 төгрөгийг, тэгээд 20 цагаас хойш ээлж хаасны дараа борлуулалтын орлогоос 1 200 000 төгрөгийг би зээл авахад өмнөх өрөө төлөхгүй бол болохгүй юм байна гэж хэлээд авсан. Нийтдээ надаас 1 345 000 төгрөгийг бэлнээр авсан. Би орой нь үлдэгдэл 460 760 төгрөгийг Нд хүлээлгэн өгсөн. Г.Б надаас гуйгаад байсан болохоор нь итгээд өгсөн. Ер нь манай байгууллагын түгээгч нарын хооронд урд нь ингэж мөнгө өгөөд дараа нь хийдэг асуудал байдаг. Г.Б мөнгө авахдаа тэр өдөртөө л буцаагаад хийчихнэ гэхээр нь би итгээд өгсөн. Би авсан мөнгөө буцаагаад хийсэн байх гэж бодоод ерөөсөө тоогоогүй орхисон. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үлдэгдэл 460 760 төгрөгийг банканд хийгээгүй. Миний орлого дутуу байсан болохоор хийгээгүй. Г.Бэс мөнгөө нэхээд мөнгөө өгчихөөр нь нийлүүлээд 09 дүгээр сарын 05-ны өдрийн орлогыг гүйцээгээд хийнэ гэж бодоод станц дээр байлгаад байсан. Даанч Г.Б мөнгөө өгөхгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

 

6. Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай байгууллагад тос тосолгооны мөнгөнөөс аваад буцаагаад хийчихдэг асуудал байдаг. Ажилчдад гэнэт мөнгө хэрэгтэй болсон үед тосны мөнгийг хэрэглээд буцаагаад нөхөөд хийдэг байсан. Г.Б бас мөнгө төгрөг хэрэг болчихлоо гээд тосны мөнгө аваад сарын сүүлд буцаагаад хийчихдэг байсан. Г.Б миний мэдэхээр 2022 оны 6-8 дугаар саруудын хооронд 100 000-200 000 төгрөг аваад буцаагаад сарын сүүлээр өгдөг байсан. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Н залгаад өнөөдөр тооллого болно. Г.Б ойролцоогоор 1 100 000 орчим төгрөгийн тосны мөнгө аваад буцааж хийгээгүй байна гэхээр нь би Г.Бий эгч болох цуг ажилладаг А руу залгаж болсон явдлын талаар хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Н залгаад тосны мөнгөнөөс Г.Бий авсан мөнгө 1 100 000 төгрөг болж байна. Г.Б, Т эгчид 400 гаруй мянган төгрөгийг үлдээсэн байна. Тэрүүгээр нь тосны мөнгийг зарлагадчихлаа гэсэн. Т ээлжтэй өдөр бэлнээр орсон орлогын мөнгөнөөс Г.Б гуйгаад авсан гэсэн. Тэрнээс нь үлдсэн мөнгө 400 000 төгрөг гэж хэлж байсан. Өмнө нь миний ээлжин дээр орж ирсэн орлогын мөнгөнөөс мөнгө авахдаа эгчийн байрны түрээсийн мөнгө өгөх хэрэгтэй байна, би хот явж ирмээр байна, зардлын мөнгө хэрэгтэй байна, төрсөн өдөрт явна гэх зэргээр хэлдэг байсан. Намайг ажиллаж байхад авсан мөнгөө эргүүлээд өгдөг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/

 

7. “Монголтакс ТМЗ” ХХК-ийн Г аймаг дахь салбарын  шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар дүгнэлт /х.х-ийн 36-38 хуудас/

 

8. Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, борлуулалтын орлогын хуудас, түүнд хавсаргасан баримтууд, нефть барааны хөдөлгөөний тайлан /х.х-ийн 41-42, 43-48, 55-69 хуудас/

 

9. Хөдөлмөрийн гэрээ, Г Нефть хангамжийн салбарын даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт /х.х-ийн 49-54, 75, 76, 77-79 хуудас/

 

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 114 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б нь “НИК” ХХК-ийн Г нефть хангамжийн салбарт амраагч операторчноор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу шатахуун борлуулсан орлогоос 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1 166 342 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 590 303 төгрөг, тос тосолгооны материал борлуулсан орлогоос 688 300 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр завшиж нийт 2 444 945 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бий гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Ш.А, иргэний нэхэмжлэгч Б.Т, гэрч Э.А, А.С нарын мэдүүлэг, “Монголтакс ТМЗ” ХХК-ийн Г аймаг дахь салбарын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч Г.Бд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдлээс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Ш.Батсүх: Шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэх саналыг,

шүүгдэгч О.Б: миний бие нь 3 сартай жирэмсэн учир хорихоос өөр ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Г.Бий анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 3 сартай жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч зэргээр тогтоогдож байгааг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Бийг хорих ялаар шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Г.Б нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдлаа.

 

Гэм хорын нэхэмжлэлийн талаар: Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс нийт 2 444 945 төгрөг завшсан гэж тогтоосон ба “Монголтакс ТМЗ” ХХК-ийн Г аймаг дахь салбарын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг харгалзан үзэж шүүгдэгчээс 2 444 945 төгрөгийг гаргуулж “НИК” ХХК-ны Г нефть хангамжийн салбарт олгохоор шийдвэрлэлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Тийн шүүгдэгч Г.Бэс 1 805 760 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: иргэний нэхэмжлэгч Б.Т нь ээлжинд гарч олсон орлогоос шүүгдэгч Г.Бд 1 805 760 төгрөгийг зээлүүлсэн ба хохирогч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр Б.Т тухайн өдрийн орлогоо дотоод журмын дагуу өөрөө хариуцах үүрэг хүлээдэг болох нь тогтоогдож байна. Мөн прокурор нь яллах дүгнэлтэнд иргэний нэхэмжлэгч Б.Тийн 1 805 760 төгрөгийн гэмт хэргийн хохиролд тооцоогүй байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Б.Тийн 1 805 760 төгрөгийн нэхэмжлэл нь гэм хорын хохиролд хамаарахгүй тул эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хохиролтой хамт шийдвэрлэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З Г овогт Гийн Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бэс 2 444 945 /хоёр сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж “НИК” ХХК-ны Г нефть хангамжийн салбарт олгож, иргэний нэхэмжлэгч Б.Тийн 1 805 760 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БАТТУЛГА