Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И овогт Ж-н О-д холбогдох эрүүгийн 2317000000005 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 04-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Петротрак ХХК-д автын засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, Г-ны 11-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И овогт Ж-н О /РД: /,

                                                                   Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд иргэн Т.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж баруун нүдний дээд зовхинд шарх, зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000005 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.О-д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын шинэ жил болоод нэг 0.75 граммын Болор нэртэй архийг ширээнийхэнтэйгээ хамт уусан. Тухайн үед өөрийгөө хянах чадвартай байсан. Хохирогч Ц манай найзыг хэл амаар доромжилсон. Тэгээд халтираад унахаар нь нүүр рүү нь өшиглөсөн. Гэмшиж байна гэв.

2. Шүүгдэгч Ж.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би болсон явдлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Тухайн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би 1995 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. Эхээсээ 6-лаа. Айлын хамгийн бага хүүхэд. Бага насаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 2003 онд 8 настайдаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд элсэн орж 2011 онд төгсөөд тухайн жилдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын МСҮТ-д сантехникч гагнуурчин мэргэжлээр суралцаж 2013 онд төгссөн. Тэгээд 2015 онд Говьсүмбэр аймагт байх Элчитсансар ХХК-д гагнуурчингаар ажилд ороод 2019 он хүртэл ажиллаж байгаад 2019 оноос Төмөр замд ажиллах болсон. 2022 оноос одоог хүртэл Бебен Трак ХХК-д засварчинаар ажиллаж байна. Цэргийн алба хаагаагүй. Тусгай дунд боловсролтой. Одоо Сүмбэр сум 3 дугаар баг Хүхээгийн 11-15 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

3. Хохирогч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн танил дүү А-гийн хамт 1 дүгээр байрны 5 дугаар орцны гадаа машин дотор сууж байсан юм. Тухайн үед А бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ба хонхороос дээшээ явж буудалд хонох гээд машинаа А-гийн дүүгээр бариулахаар дуудчихаад хүлээж байсан. Тэгээд А-гийн дүү гэрээсээ гарч ирэхгүй удаад байхаар нь А дүүгийнхээ гэр лүү орсон. Гэтэл А буцаж гарч ирэхгүй удаад байхаар нь би бас араас нь 5 дугаар орц руу орсон. Тухайн үед А 1 давхарт шатан талын хаалга тогшоод байж байсан ба хаанаас гарч ирснийг мэдэхгүй нэг эмэгтэй нэг эрэгтэй хоёр 1 давхарын шатан дээр зогсчихсон эмэгтэй нь А руу уурлаад орилоод байсан. Яг юу гэж орилж байсныг санахгүй байна. Тэр эмэгтэйн хажууд байсан залуу нөгөө эмэгтэйг болиулах гээд дээшээ 2 давхар луу явах шиг болсон. Тэгэхээр нь би А-д хандан яаваа хурдлаач гэж хэлээд орцноос гарсан. Тэгээд би архи уучихсан байсан болохоор тэрхэн зуур огт санахгүй байна. Нэг мэдэхэд орц руу ороход эмэгтэйгээ дээшээ аваад гарсан залуу намайг орцны гадаа доошоо тонгойж байхад хөлөөрөө миний баруун нүдний орчимд өшиглөсөн. Тэгээд би гэнэт ухаан ороод цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

4. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 00 цагийн үед би Хонхороос дээшээ Төмөр замын буудалд өөрийн найз Э-р хүргүүлэхээр 1 дүгээр байрны 5 дугаар орцны гадаа машинтай хүлээж байсан. Тухайн үед би Ц ахтай цуг байсан ба машин дотор байхад нэг эмэгтэй хүрч ирээд Г ах мөн үү гэхэд би тоглоод тийм байна, хаашаа явах юм, хүргүүлэх юм уу гэж асуухад нөгөө эмэгтэй намайг хоргоолоо гэж уурлаад 1 дүгээр байрны 5 дугаар орц руу яваад орчихсон. Тэгээд нөгөө эмэгтэй нэг залууг дагуулаад гараад ирсэн бөгөөд тухайн үед Э гарч ирэхгүй удаад байхаар нь би гэр лүү буюу 5 дугаар орцны 1 давхар 68 тоот руу орох гэж байгаад яг таарсан. Тэгээд би Э-н гэрийнх нь хаалгыг тогшиж байтал нөгөө эмэгтэй над руу уурлаад намайг өдөж хоргоосон гээд дайраад байсан. Тухайн эмэгтэйтэй хамт байсан залуу хориод оръё гэж хэлж байсан. Гэтэл гаднаас Ц ах орцонд орж ирсэн ба нөгөө эмэгтэй Ц ах руу чи бол амжихгүй шүү гэх мэтээр хэлээд нүүр лүү 2-3 удаа алгадсан. Тэгээд Ц ах орцноос гараад явсан. Гэтэл араас нь нөгөө эмэгтэй хамт байсан залуугаа аваад хамт гарсан. Э хаалгаа нээхгүй байхаар нь би бас орцноос гараад очтол Ц-г нөгөө залуу газар унагаачихсан Ц ахын хөмсөг нь сэтэрчихсэн байсан. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл нөгөө залуу намайг мөн адил хавирч унагаасан. Тухайн үед Ц ах цагдаа дуудсан байна лээ. Тэгээд цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

5. Гэрч Х.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 12 дугаар сарны 23-ны өдөр манай ажлын газрын шинэ жилийн үйл ажиллагаа Халуун тогоо гэх газар 21 цагт эхлэж 01 цагийн үед дууссан. Тухайн үед О гар утас, бичиг баримтаа надад хадгалуулсан байсан. Тэгээд шинэ жил дуусаад би хүргэн ах Б.Г ахтай хамт 01 цагийн үед гэрийнхээ гадаа машинаар хүргүүлж ирээд гэртээ орсон. Г ах манай байгууллагын Улаанбаатар дахь салбарт ажилладаг бөгөөд манай шинэ жилд цуг орсон юм. Г ах гэрт орж ирээд буцаад гараад явсан. Тэгээд би Г ахыг хайж олох санаатай гэрээс гарсан. Тэгээд байрны гадаа нэг машин зогсож байхаар нь Г ахыг тэнд байж магадгүй гэж бодоод тухайн машины хажууд очоод Г ах байна уу гэж асуутал машин дотроос Ц нэг танихгүй залуугийн хамт гарч ирээд манай машинд суучих гээд миний куртекнээс татаж чангаагаад байсан. Тэгээд би гэрийнхээ орц руу буюу 1 дүгээр байрны 5 дугаар орц руу ортол Ц нөгөө танихгүй залуугийн хамт орц руу ороод ирсэн. Худлаа танихгүй айлын хаалга тогшоод зогсоод байсан. Тэгээд Ц-тэй хамт явж байсан залуу намайг тэнэг янхан минь гараад ир гээд харааж зүхээд надтай хэрүүл хийгээд зогсоод байсан. Гэтэл гэнэт О манай орцны 2 давхраас буугаад ирсэн. Би бодохдоо О надаас бичиг баримтаа авахаар намайг Г ахыг хайгаад гэрээс гарсан үед ирсэн байна гэж бодсон. Тэгээд О намайг өмөөрөөд Ц болон нөгөө танихгүй залуутай маргалдаад тэр 2-г орцноос чирээд аваад гарсан. Тэгэхээр нь би орцны хаалгаар юу болж байгааг хартал тэр хэд зодолдоод нэг нэгийгээ дэвсээд байгаа харагдсан. Тэгэхдээ би хэн нь хэнийгээ дэвсэж байсныг хараагүй. Тэгээд би гэр лүүгээ орсон. Цааш юу болсныг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

6. Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

О нь 1995 оны 03 дугаар сарын 04-нд Говьсүмбэр аймагт төрсөн. 6-лаа, айлын бага хүүхэд байгаа юм. Бага насаа Говьсүмбэр аймагт өнгөрүүлсэн. 10 жилийн сургуулийг Говьсүмбэр аймагт 2003-2011 оны хооронд сурч төгссөн. 10 жилээ төгсөөд Сэлэнгэ аймагт МСҮТ-д элсэн орж гагнуурчин мэргэжлээр 2013 онд сурч төгссөн. Тусгай дунд боловсролтой. О зан байдлын хувьд төлөв даруу, эвч, тусч, найрсаг нөхөрсөг, олон таван үггүй тийм л хүн байгаа юм. Одоо Сүмбэр сумын 3 дугаар баг Хүхээгийн 11-15 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь 3 сартай жирэмсэн. Засварчин ажилтай... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэд:

- Т.Ц-н биед баруун нүдний дээд зовхинд шарх, зовхины цус хуралт, цээжинд зүүн хажуу талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлийн улмаас 2022.12.24-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун нүдний дээд зовхинд шарх, зовхины цус хуралт гэмтлүүд нь нэг дор үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цээжинд зүүн хажуу талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

8. Шүүгдэгч Ж.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,

9. Шүүгдэгч Ж.О-ы Говьсүмбэр аймгийн Прокурорын газар гаргасан хүсэлт /хх-йн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд хохирогч Т.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж баруун нүдний дээд зовхинд шарх, зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ж.О нь хохирогч Т.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн шүүгдэгч Ж.О нь хохирогч Т.-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Ц, гэрч Г.А, Х.Х нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.О нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.О нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Ц гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Ж.О-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ж.О-ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.О-д холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

            Иймд шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Ж.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч И овогт Ж-н О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ