Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Пхолбогдох эрүүгийн 2317000000004 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 05-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 55 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дугаар баг, Хувийн байрны ..............тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт П-ийн Б /РД:.................../

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Б нь согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Холбоогийн бүрд гэх газар байрлах Монгол гэр дотор 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бор иштэй 25 см урттай хутгаар түүний өгзөг тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай охин А Говьсүмбэр аймгийн төвөөс баруун тийш 10 км газарт мал маллаж хөдөө нөхөр хүүхдүүддийн хамт амьдардаг юм. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би охин Аынд очиж хүргэн О-аар мотоциклио янзлуулчихаад 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн төвд байх гэр лүүгээ явж байх замд У мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замд таарсан. Тухайн үед У машиндаа Ө /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-тэй хамт явж байсан бөгөөд У надад хандаад машин бариад Чойр хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөрөөд өөрийнхөө мотоциклио хөдөө үлдээгээд Уын унаж явсан машиныг бариад Чойр ороод Хас дэлгүүрийн баруун хойно Ө-ийн гэрт очиж мах буулгасан. Тэгээд Өлзий У 2 дэлгүүр орж Ерөөл, хараа нэртэй 0,5 литрийн савалгаатай 2 шил архи аваад Төмөр замын машин угаалгын гадаа очоод машин дотроо сууж байгаад тэр 2 шил архийг ууж дуусгасан. Тэгээд Ө тэндээсээ харих гээд гэрлүүгээ алхаад явсан. Би тэр архинаас нь уугаагүй. У бид 2 тэндээсээ миний мотоцикль байгаа газар луу хөдөлсөн. Замдаа У надад хандаад танай гэрт хүн байхгүй юм бол манайд очоод хоночих, би өглөө эрт мотоцикль дээр чинь хүргээд өгье гэхээр нь би зөвшөөрөөд Уын гэрлүү явсан. Уын гэрт очоод дэлгүүрээс авсан Ерөөл нэртэй архиа хувааж уусан. Тэгтэл У архиндаа согтоод манай охин А болон намайг та нар муусайн гуйлгачингууд, юмтай байж үзсэн  юм уу гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд У архиндаа согтоод агсан тавиад байхаар нь би гэрээс гартал намайг дагаж гарч ирээд намайг газар унагаад гэртээ чирж оруулаад миний хоолойг боогоод байхаар нь би гэрийн зүүн хананд, эргэнэг дээр байсан бор иштэй хутгыг аваад ханцуйгаараа жийрэглээд барьсан байсан. Тэгтэл У намайг зүүн орон дээрээ дарж унагаад босгохгүй байхаар нь би Ут хандаад би хутгатай шүү, босохгүй бол хатгалаа шүү гэтэл У чам шиг гуйлгачинг алчихад ямар үнэтэй байдаг юм, би төлчихнө гэж хэлэхээр нь би бор иштэй хутгаараа Уын зүүн хонго хэсэгт  нэг удаа хутгаараа хатгачихсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 75-76 хуудас/

 

2. Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Б ах бид 2 тэндээсээ шууд манай хөдөө гэр лүү явсан. Б ах бид 2 замдаа Хараа нэртэй 1 шил архийг ууж дуусгасан. Багцаагаар 19 цагийн үед Б ах бид 2 манай гэрт очсон бөгөөд  манай гэрт хүн байгаагүй. Манай гэрт очоод бид 2 үлдсэн 1 шил Ерөөл нэртэй архийг хувааж уусан. Гэтэл Б ах над руу агсраад би өмнө нь том байсан гэх мэтээр над руу үг хаяад  байхаар нь би бас мөчөөгөө өгөлгүй Быг таныг тээшний хар гэж мэдэх юм байна гэж хэлсэн. Тухайн явдлаас болж бид 2 маргалдаж муудсан. Тэр үед би нилээн согтсон байсан болохоор тэр үед юу болсныг сайн санахгүй байна. Б хаанаас авсныг мэдэхгүй гэхдээ манай гэрт байдаг бор иштэй хутгыг нэг гартаа барьчихсан нөгөө гараараа намайг заамдаад ална шүү гээд хутгаараа над руу чичээд дайраад байсан. Тэгтэл Бын барьсан байсан хутга нь үзүүртээ цус болчихсон байсан. Гэтэл гэнэт л миний зүүн хонгоор халуу дүүгээд нойтон оргиод явчихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-16 хуудас/

3. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ П.Б манай нөхөр байгаа юм. 1969 онд Төв аймагт төрсөн, эхээс 7-уулаа, айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Улсын байгууллагад 18 жил, хөдөө мал дээр 5 жил мал маллсан. Зан байдлын хувьд нийтэч, дуугүй, төлөв даруу, олон таван үггүй, хүнтэй учир зүйгээ амархан олдог, 3 хүүгийн сайн аав байгаа юм. Одоо Хувийн байрны 29 тоотод надтай хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

4. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар дүгнэлтэнд:

Д.Уын биед зүүн өгзгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн 2022.12.10-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 37 хуудас/

5. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар дүгнэлтэнд:

П.Бын биед хүзүүний зүүн талаар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн 2022.12.10-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 42 хуудас/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаартай дүгнэлтэнд:

- ХГҮ-ээр хураан авсан гэх №3 дугаартай бор өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэж байна.

- ХГҮ-ээр хураан авсан гэх №3 гэсэн дугаартай бор өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.

- Бүлгийн харьяалалаар тухайн зүйлийг хооронд нь харьцуулан таарч, тохирч байна гэж тогтоох боломжгүй. ДНХ-ийн шинжилгээгээр тогтооно.

Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /хх-ийн 48-49 хуудас/

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай дүгнэлтэнд:

- ХГҮ-ээр хураан авсан гэх №1 дугаартай бентэнд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

- ХГҮ-ээр хураан авсан гэх №1 гэсэн дугаартай бентэнд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.

- Д.У гэж хаягласан хуруу шилтэй шингэн цус нь нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

- Бүлгийн харьяалалаар тухайн зүйлийг хооронд нь харьцуулан таарч, тохирч байна гэж тогтоох боломжгүй. ДНХ-ийн шинжилгээгээр тогтооно.

Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /хх-ийн 55-56 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 80 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.Б нь согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Холбоогийн бүрд гэх газар байрлах Монгол гэр дотор 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бор иштэй 25 см урттай хутгаар түүний өгзөг тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч П.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бын өгсөн мэдүүлэг, хохирогч Д.У, гэрч Ц.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01, 05 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч П.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч П.Бод Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч П.Б нь хүлээн зөвшөөрсөн байх тул торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн буруутай үйлдлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч П.Быг хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогч Д.У нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн цагаан өнгийн уутанд хийж ХГҮ-4 гэж хаягласан Ерөөл нэртэй 27 см өндөртэй 0,5 литрийн савалгаатай дотроо ямар нэгэн шингэн агууламжгүй архины шил 1 ширхэг, гадуураа цагаан өнгийн уутанд хийж ХГҮ-3 гэж хаягласан 25 см урттай ажлын хэсгийн урь 13,4 см бор өнгийн бариултай бариулын урт 11,6 см ажлын хэсэг дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, гялгар уутанд хийж ХГҮ-1 гэж хаягласан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл шингээж авсан самбай 1 ширхэг, гялгар уутанд хийж ХГҮ-2 гэж хаягласан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл шингээж авсан самбай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бод оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн уутанд хийж ХГҮ-4 гэж хаягласан Ерөөл нэртэй 27 см өндөртэй 0,5 литрийн савалгаатай дотроо ямар нэгэн шингэн агууламжгүй архины шил 1 ширхэг, гадуураа цагаан өнгийн уутанд хийж ХГҮ-3 гэж хаягласан 25 см урттай ажлын хэсгийн урь 13,4 см бор өнгийн бариултай бариулын урт 11,6 см ажлын хэсэг дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, гялгар уутанд хийж ХГҮ-1 гэж хаягласан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл шингээж авсан самбай 1 ширхэг, гялгар уутанд хийж ХГҮ-2 гэж хаягласан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл шингээж авсан самбай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 П.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                     

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ