| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга:Ц.Нэргүй,
Улсын яллагч: Б.Дөлгөөн,
Шүүгдэгч: Д.П, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Пд холбогдох эрүүгийн 2211 02026 2073 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Д.П, 1958 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Д.П нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Т.Цгийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, МҮОНТ-ийн эсрэг талд байрлах Монос эмийн сангаар үйлчлүүлж байхдаа лангуун дээр гээсэн Xiaomi Poco М-3 гэх загварын 576.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг олж гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь:
Шүүгдэгч Д.Пгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд нэмж мэдүүлэх зүйлгүй..”
Шүүгдэгч Д.Пгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..бм Монос эмийн сангийн салбар болох МҮОНТ-ийн байрны замын эсрэг талд байрлах эмийн сангаар үйлчлүүлж байхдаа эмийн сангийн эм олгодог тавиур дээр нэг гар утас байхаар нь би хэлэхгүйгээр аваад явсан. Би өөрийгөө гар утас олсон гэж бодоод тэр гар утсыг аваад гэрлүүгээ явсан. Намайг эмнэлэгт хэвтсэн байх хойгуур манай хүүхдүүд тэр гар утасны кодыг гаргуулсан байсан бөгөөд манай нөхөр Э.Эрдэнэтөгс нь өөрийнхөө сим картыг хийж ашиглаж байсан..” гэсэн мэдүүлэг, /хх-19-20/
Хохирогч Т.Цгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүүлсэн: “..2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос эмийн сангаар үйлчлүүлээд гарахдаа эмийн сангийн кассны хэсгийн тавиур дээр гаднаас гар утсаа барьж орж ирээд тавиад эмийн сангаар үйлчлүүлчихээд эргээд гарч явахдаа утсаа мартаж гарч явсан. Тэгээд би гар утсаа эмийн санд мартсан тухайгаа санаад өөрийнхөө дугаар луу өөр хүний утсаар залгахад миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан..” гэсэн мэдүүлэг,
Дамно ХХК хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1085 дугаартай дүгнэлтэд: “..Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 576.000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх дүгнэлт /хх-22-23/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-39-42/, шүүгдэгч Д.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.П нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдыг эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Пгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, шүүгдэгч Д.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Т.Цгийн гээсэн Xiaomi Poco М-3 загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.Пг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдыг эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР