Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 147

 

    2019 оны 05 сарын 15 өдөр

    Дугаар 104/ШШ2019/00147

                 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* *******,*******од оршин суух, ******* Л.Б  /РД:**********/,

 

Хариуцагч: Налайх дүүргийн *******,*******од оршин суух, ******* Б.Т /РД:**********/-д холбогдуулан

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох 33.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.*******, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, өмгөөлөгч Ж.******* нар тайлбарлахдаа: Б.Ттэй 2013 онд танилцаж, 2014 оны 8 дугаар сард түүнээс жирэмсэн болсон тул хамтран амьдарсан. Харин Б.Т 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсан. Б.Т намайг жирэмсэн байхаас эхлэн гар хүрэх болсон. Бидний дундаас 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Т.Энххүслэн, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Т.Энхжин нар төрсөн.

Б.Т байнга архи ууж хүүхдүүдээ айлгах болсон. Би хоёр хүүхдээ өнчрүүлээд яахав гэж бодоод тэвчиж байсан. Гэвч хардаж, зодох нь ихсэж миний утсыг чагнаж, янз бүрээр хэлж, ажил дээр худал ярьж, нэр хүндийг маань гутаах болсон. Би түүнийг хуурч байсан удаа байхгүй.

Бид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш тус тусдаа амьдарч байна. Б.Т энэ хугацаанд хүүхдүүддээ анхаарал халамж тавиагүй. 2018 оны 12 дугаар сард Б.Т согтуу гэрийн цонх хагалж орж ирээд намайг зодон, хүний нөүтбүк эвдэн, ажлын баримт бичгийг урж хаясан. Би энэ талаар цагдаад гомдол гаргасан ч түүнийг тушаал дэвшиж байгааг бодоод өргөдлөө татаж авсан. Шүүхээс биднийг эвлэрүүлэх арга хэмжээ авсны дагуу сэтгэл зүйчтэй уулзаж хэсэг хугацаанд хамт амьдарсан боловч Б.Тийн зан харьцаа өөрчлөгдөөгүй. Иймд цаашид хамт амьдран эвлэрэх боломжгүй болсон тул хамтын амьдралтай байсныг тогтоолгож, Б.Тээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдүүдээ тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна.

Мөн  Б.Тийн нэр дээр бүртгэлтэй *******,******* орон сууцыг худалдан авч амьдарч байсан ба би урьдчилгаанд 12.000.000 төгрөг, орон сууцны зээлийн эргэн төлөлтөөс 21.500.000 төгрөг нийт 33.500.000 төгрөг төлсөн тул уг мөнгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Б.Т шүүх хуралдааны шатанд *******,******* орон сууцыг худалдан авахад төлсөн урьдчилгаа 20.165.500 төгрөгийн 50 хувь болох 10.082.750 төгрөг, 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртлэх хугацаанд орон сууцны зээлээс төлсөн 32.357.642 төгрөгийн 50 хувь 16.178.821 төгрөг төлсөнийг зөвшөөрсөн тул би нэхэмжлэлийн шаардлагаа 26.261.571 төгрөг болгон багасгаж байна.

Харин хариуцагч Б.Т 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлалтай байрнаас тухайн үеийн ханшаар м.кв харгалзахгүйгээр, 2 өрөө орон сууц авч өгөх, хэрэв 2 өрөө орон сууцыг авч өгөөгүй тохиолдолд 26.261.571 төгрөгийг төлнө гэсэн.

Иймд бид эд хөрөнгийн хувьд дээрх нөхцлөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 онд Судан улс руу алба хашихаар явахдаа эхнэр Л.Бтай танилцаж, 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хамтран амьдарсан. Л.Б жирэмсэн болсон тул өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсан. Бидний дундаас 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Т.Энххүслэн, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Т.Энхжин нар төрсөн. Би эхнэртээ гар хүрч байсан нь үнэн. Миний зан ааш өөрчлөгдөх, сэтгэл зүйн өөрчлөлтөнд орсон шалтгаан нь энхийг сахиулах ажиллагаанд олон удаа явсантай холбоотой. Би 2015 онд иргэний дайн болж байгаа Судан улс руу явсан. Би тухайн үед гадагшаа гарч орчуулагч хийдэг байсан болохоор өдөр бүр үхсэн хүний хүүр хардаг байсан. Мөн 600 гаруй хүүр сүм рүү зөөж оршуулж байсан. Миний хань энэ ажиллагаанд хамт яваад ирсэн болохоор мэдэж байгаа байх.

Би явж ирэх болгондоо эмчилгээ хийлгэдэг байсан. Би урд нь сэтгэл зүйчид удаа дараа хандаж өөрийн саналаар сургалтанд суусан. Бид хамтдаа явж өөрсдийгөө өөрчлөх ёстой гэж бодсон. Харин Л.Б дургүйцдаг байсан. Иймд бие биеэ ойлгохгүй маргаан улам даамжирсан.

Гэхдээ эхнэрийгээ зодсон нь миний буруу учир олон удаа уучлалт гуйсан. Сүүлд шүүхээс бидний эвлэрүүлэх арга хэмжээ авсан. Энэ хугацаанд бид сэтгэл зүйчтэй уулзаж зөвөлгөө авсан. Бид шүүх хуралдааны өмнө маргаж, би архи уусан нь үнэн. Гэхдээ түүнд гар хүрээгүй. Гэрээсээ гарч машиндаа хоносон. Гэтэл Л.Б уурлаж сална гэж байна. Үнэхээр шийдсэн бол би хувцасаа аваад явна. Харин хүүхдүүдтэйгээ уулзах эрхээр шүүх хангаж өгөхийг хүсч байна.

Харин дундын эд хөрөнгийн хувьд би 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10-92УНП улсын дугаартай “Приус” маркын автомашинаа 7.000.000 төгрөгөөр зарсан. Мөн Судан улсад алба хааж ирээд 18.000.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Капитал банк” ХХК-ийн дансанд байршуулсан. Уг мөнгөө 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр аваад 21.600.000 төгрөгийг “Улаанбаатар банк” ХХК-д байршуулж, *******,******* орон сууцыг худалдан авахаар эх Б.Дэлгэрцэцэгийн хамт Улаанбаатар хотын банкаас 47.000.000 төгрөгийн ипотекийн зээлийг 96 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй авсан. 

Уг орон сууцыг худалдаж авахад урьдчилгаанд 20.165.500 төгрөг, 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хугацаанд орон сууцны зээлээс 32.357.642 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр 27.000.000 төгрөг байгаа. Иймд урьдчилгаа болон зээлээс төлсөн мөнгөний тал 26.261.571 төгрөгийг Л.Бд өгөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ би уг мөнгийг Л.Бд шууд бэлэн өгч чадахгүй. Уг байр банкны нэр дээр байгаа учир зарах боломжгүй. Миний цалингаас бага багаар авбал юм болохгүй. Харин би орон сууцны зээлээ төлж дуусаад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт м.кв харгалзахгүйгээр, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.Б болон хүүхдүүддээ авч өгөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Л.Б орон сууц авч хүрэхгүй мөнгө авч байхаар орон сууц авахуулбал хоёр хүүхэд маань гэртэй болох байх гэж бодож байна. Харин чадаагүй тохиолдолд 26.261.571 төгрөгийг Л.Бд төлнө.

Нэхэмжлэгч Л.Б миний саналыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул баталж өгнө үү.

Мөн бид хамтын амьдралтай байсан нь үнэн. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Гэхдээ 2022 онд нэг мөр төлмөөр байна. Учир нь би орон сууцны зээлээ төлөөд мөнгө үлддэггүйг Л.Б мэдэж байгаа гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Б.Тт холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 33.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Б.Ттэй 2014 оны 9 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хамт амьдрах болсон үйл явдлаа эрх олгосон баримт бичгээр батлах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Л.Б хариуцагч Б.Т нар 2013 онд танилцаж, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хамтран амьдрах хугацаанд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Т.Энххүслэн, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Т.Энхжин нар төрж, эцэг Б.Тийн нэрийг Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасны дагуу авч овоглосон, одоо хүүхдүүд эх Л.Бгийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн 1116003258, 1116610250 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт болон зохигчдын тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-8-11/

 

Иймд нэхэмжлэгч Л.Б  хариуцагч Б.Т нарыг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

 

 Мөн зохигчид хүүхдийг тэжээн тэтгэх тэтгэлэгийн хэмжээ, төрөл, хугацааны талаар тохиролцон эвлэрэх эрх нээлттэй ч нэхэмжлэгч Л.Б хариуцагч Б.Тийн “...хүүхдийн тэтгэлэгийг 2022 онд бөөнд нь төлөх” саналыг зөвшөөрөөгүй ба тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлэх шаардлага гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Тээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Т.Энххүслэн, охин Т.Энхжин нарыг тус бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагч Б.Т цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болно.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хүү Т.Энххүслэн, охин Т.Энхжин нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б.Т зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Хариуцагч Б.Т хүү Т.Энххүслэн, охин Т.Энхжин нар эцэг тул бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдааны шатанд дундын эд хөрөнгөөс ногдох 33.500.000 төгрөгийн нэхэмжлэлээ 26.261.571 төгрөг болгон багасгаж, хариуцагч Б.Ттэй эвлэрсэн эвлэрлийн гэрээгээр “хариуцагч Б.Т 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах байрнаас тухайн үеийн ханшаар 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.Бд авч өгөх, хэрэв 2 өрөө орон сууцыг авч өгөөгүй тохиолдолд 26.261.571 төгрөгийг нэхэмжлэгч Л.Бд өгөх”-өөр тохиролцсон.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд сайн дурын үндсэн дээр эвлэрэх эрхтэй.

 

Иймд шүүх зохигчдын дээрх эвлэрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар баталж шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байна гэж үзлээ.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар эвлэрч байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.******* шүүх хуралдааны шатанд гаргасан “...гэрчээр Ч.Одгэрэлийг асуулгах”, хариуцагч Б.Т “...гэрчээс асуулгах Ч.Одгэрэлийн дансны гүйлгээний хуулгыг баримтаар гаргуулах” хүсэлтээс тус тус татгалзсан болно.

 

Мөн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2018/01398 дугаартай захирамжаар хариуцагч Б.Тийн өмчлөлийн *******,******* орон сууцыг битүүмжилсэн арга хэмжээ нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж, зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Тээс хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож төлсөн 66.300 төгрөг, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 26.261.571 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал 144.629 төгрөг нийт 281.129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118., 119., 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар нэхэмжлэгч ******* Л.Б  хариуцагч ******* Б.Т нар 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т.Энххүслэн, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Т.Энхжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү Т.Энххүслэн, охин Т.Энхжин нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Тээс сар бүр тэтгэлэг гаргуулж, тус бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.Т цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

4.Хариуцагч Б.Т бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг заасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч Б.Т 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах байрнаас тухайн үеийн ханшаар 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.Бд  авч өгөх, хэрэв 2 өрөө орон сууцыг авч өгөөгүй тохиолдолд 26.261.571 төгрөгийг нэхэмжлэгч Л.Бд  төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2018/01398 дугаартай захирамжаар хариуцагч Б.Тийн өмчлөлийн *******,******* орон сууцыг битүүмжилсэн арга хэмжээ нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.950 /дөрвөн зуун жаран зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тээс 281.129 /хоёр зуун наян нэгэн мянга нэг зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            З.ТҮВШИНТӨГС